Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

2023       09          06                                        2023/ШЦТ/160

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогч: П.О,

Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Сгийн Цд холбогдох эрүүгийн 2335000960205 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн ......... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Тоосгон-Уул” ХХК-д ам хаагч ажилтай,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Сгийн Ц /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ог байнга буюу Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ог Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус зодсон болох нь:

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

Хохирогч П.Огийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт нөхөр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар би нөхөртэйгөө 13 дахь жилдээ хамт амьдарч албан ёсны гэр бүл болсон бөгөөд бид хоорондоо маргалдаж, муудалцаж үзээгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сард анх маргалдаж, хоорондоо муудаж эхэлсэн. Тухайн үед яагаад юунаас болж маргасан гэхээр бид орой орондоо ороод унтаж байтал нөхрийн гар утсанд мессеж ирсэн. Тухайн үед нөхөр Сагил сумын 40 гарсан хүүхэнтэй явалддаг, гэр бүлээс гадуур холбоо харилцаатай байсныг би мэдээд тэр үед шүүх, цагдаагаар явах гэтэл нөхөр дахин тэр хүүхэнтэй холбогдохгүй, одоо чимээгүй орхиод өгөөч гэж гуйсан болохоор би чимээгүй өнгөрсөн юм. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бид Сагил суманд гэр бүлийн найз болох Д.Бийн гэрт шинэ он гаргаж байгаад архи дарс ууснаас болж бидний хооронд маргаан үүсэж, хэрэлдсэн. Ингээд нөхөр намайг сууж байтал санаандгүй байтал архины шилээр хамар тус хэсэгт нэг удаа цохичихсон. Тухайн үед би ямар нэгэн цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй, чимээгүй өнгөрсөн. Дахин 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи ууж согтуу гэрт орж ирээд намайг хаана хэнтэй яваад байгаа гэж хэлээд хардсан. Ингээд бидний хооронд хэрүүл маргаан үүсгэж, мөн адил над руу түлээний мод шидэж, тухайн мод нь хөлний шилбэнд онож миний биед халдсан, тухайн үед цагдаад мөн адил өгөөгүй, шалгуулаагүй, дахин 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр согтуу ирээд намайг хэл амаар доромжилж, аяга шидээд тухайн аяга нь намайг оноогүй, зодох гээд байхаар цагдаа дуудаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан, тэр үед миний биед ямар нэгэн байдлаар халдаагүй, дахин 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж ирээд хардаад хэрүүл маргаан үүсгээд толгойн ар хэсэгт, зүүн шанаа хэсэгт гараараа цохиж биед халдсан боловч цагдаад хандаагүй, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр согтуу ирээд намайг хэл амаар доромжилж, гэрт байсан бүх бичиг баримт авч шатаагаад байхаар цагдаа дуудаж, цагдаагийн байгууллагаар шалгуулсан, тэр үед миний биед ямар нэгэн байдлаар халдаагүй. Ер нь бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дандаа намайг хардаж, биед халдах үйлдэл хийж байдаг юм. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2 хүүхдийн хамтаар Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Улмаар манай хашаанд хүргэн С.Цны гэр бүл байдаг бөгөөд би хүргэнийг охин П.Огийн биед халддаг байсан, халддаг гэж огт мэддэггүй байсан. Улмаар 2023 оны 06 дугаар сард чухам хэдний өдөр гэх талаар мэдэхгүй байна. Охин П.О ээжээ гээд орилоод дуудахаар яасан юу болсон юм бол гэж бодоод гэрээс гараад хүргэн С.Цны гэрт ороход хувцас хунараа бөөгнүүлээд тавьчихсан, бүх бичиг баримтаа шатаасан, руу хувцас хунараа хаяж байсан бөгөөд охин уйлж байхаар би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаа нар ирж аваад явсны дараа би сүүлд охиноосоо яагаад юу болоод байгаа талаар асуухад 2022 оны 11 дүгээр сараас хойш дандаа хэрүүл, маргаантай байгаа хааяа хааяа биед нь халдаж байгаа талаар сонссон. Мөн 2022 оны 12 дугаар сард Сагил сум руу айлд шинэ он гаргахаар яваад ирэхдээ хамар нь гэмтчихсэн байдалтай байсан тухайн үед энэ хамар чинь яасын гэхэд хүмүүс зодолдоод дундуур нь орж байгаад санаандгүй цохиулчихсан гэж хэлж байсан боловч би сүүлд бага охин Б надад аав ээжийн хамар руу цохисон гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн юм”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай “Үзүүлэгч П.Огийн биед зүүн хацарт нь цус хуралт, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцралт, зүүн бугалга, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацарт цус хуралт, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн бугалга, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Зүүн хацарт цус хуралт, дагзны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байх тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүгдэгч С.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бид Сагил суманд гэр бүлийн найз болох Д.Бийн гэрт шинэ он гаргаж байгаад бидний ууж байсан архи авчихаад өгөхгүй байхаар тэрнээс болж хоорондоо муудалцаж маргалдаж санаандгүй байдлаар хамар тус хэсэгт нэг удаа цохисон. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мөн адил чухам юунаас болж хэрүүл болсон талаар мэдэхгүй бас л маргалдаад түлээний мод шидэж, хоорондоо хэрүүл маргаан болсон. 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гадуур явж байгаад ирэхэд хаана хэнтэй юу хийгээд яваад байгаа юм гээд хардаснаас болж бидний хооронд хэрүүл маргаан үүссэн. Сүүлийн үед эхнэр архи согтууруулах ундаа их хэрэглэдэг болсон энэ асуудлаас болж байгаа, мөн их харддаг, хаана, юу хийгээд яваад байгаа юм бэ гэх зэргээр харддаг. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч эхнэртэйгээ ойлголцсон. Цаашид энэ асуудлаар бидний дунд маргаан гарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч С.Ц, хохирогч П.О нар нь 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэснийг Увс аймгийн Сагил сумын 2009 оны гэрлэлтийн бүртгэлийн 0001-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.

Шүүгдэгч С.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ог байнга буюу Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архины шилээр хамар тус газарт цохисон, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түлээний мод шидэж, тухайн мод нь хөлний шилбэнд оносон, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр толгойн ар хэсэгт, зүүн шанаа хэсэгт гараараа цохисон үйл баримтууд тогтоогдож байна.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг л хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Шүүгдэгч С.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ог байнга буюу Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архины шилээр хамар тус газарт цохисон, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түлээний мод шидэж, тухайн мод нь хөлний шилбэнд оносон, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр толгойн ар хэсэгт, зүүн шанаа хэсэгт гараараа цохисон 3 удаагийн үйлдэл байнгын шинжийг агуулсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан аливаа үйлдлийг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгох бөгөөд шүүгдэгч С.Ц нь хохирогч П.Ог байнга буюу Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архины шилээр хамар тус газарт цохисон, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түлээний мод шидэж, тухайн мод нь хөлний шилбэнд оносон, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр толгойн ар хэсэгт, зүүн шанаа хэсэгт гараараа цохисон 3 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч С.Цныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч П.О нь мөрдөн байцаалтын шатанд “Миний бие өөрийн нөхөр С.Цд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх тодорхойлолтыг гараар бичиж нотариатчаар гэрчлүүлж хэрэг хавсаргасан (хавтаст хэргийн 126 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч С.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Ог байнга буюу Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр архины шилээр хамар тус газарт цохисон, Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах гэртээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түлээний мод шидэж, тухайн мод нь хөлний шилбэнд оносон, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр толгойн ар хэсэгт, зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.О нь “Гомдол санал байхгүй” гэх тайлбар, мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц нь “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Ц урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч С.Цны хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Оын өгсөн: “С.Ц ах дүү нартаа нэр хүнд сайтай, тусархаг, шулуун зантай, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, ямар нэгэн ширүүн догшин ааш зан гээд байх зүйл байхгүй, хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил гэж байхгүй, урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, өөрөөр ямар нэгэн өвчин зовиур эмчийн хяналтад байдаг зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал), Гэрч Т.Шгийн өгсөн:С.Ц тайван, дөлгөөн ах дүү нартаа нэр хүнд сайтай, тусархаг, хүний эв олж харьцдаг, хүнтэй харьцах харьцаа сайтай, шулуун зантай, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, ямар нэгэн ширүүн догшин ааш зан гээд байх зүйл байхгүй, хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил гэж байхгүй, урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, өөрөөр ямар нэгэн өвчин зовиур эмчийн хяналтад байдаг зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн тул согтууруулах ундаа хэрэглэх зан үйлийг нь засах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Цнь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Сгийн Цоыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Цд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ц нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч С.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ