Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Н.Ням, 

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн

Шүүгдэгчийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: /

                                                  Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн: Би гэм буруутай, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ***** ...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын **** баг гэртээ байж байгаад малаа харах гээд гэрээсээ 07 цагийн үед гарч **** газар явж байхад ****, өвөө буюу *** 2 халамцуу бонго-3 тээврийн хэрэгсэлтэй ирээд ганц шил архи хувааж ууя гэхээр нь машинд нь суугаад 0,75 литр хэмжээтэй экс архи уусан. ...Машинтай явж байтал **** чи хэдэн малаа уул руу бэлчээж болохгүй гэж хэлээд баруун гараараа миний хамар руу тохойлдон, зүүн гараараа миний нүүр хэсэг рүү жаахан байж байгаад цохиод байсан. Тэгээд Шандын гоцгор гэх газар зогстол манай эхнэр *** ирсэн. Машины хаалгыг онгойлгох гээд таттал дотроосоо цоожтой байсан. Тэгээд **** машинаа асааж цаашаа яваад уртын эх гэх газар очиж зогсох үед толгой эргээд ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь манай эхнэр цагдаа нарын хамт ирсэн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 тал/,

гэрч **** ...Хадам ээж над руу залгаад *** сумын төвд байна гэж хэлээд утсаа тасалчихлаа гэхээр нь би өөдөөс нь машинтайгаа явж байтал сумын төвөөс 3 орчим км зайд Хөтөл ус гэх газарт **** цагаан өнгийн Бонго-3 зогсож байсан. Би явж очоод жолоочийн эсрэг талаар нь орж зогсоод машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг татахад хаалга түгжээтэй онгойхгүй байсан. Тэр үед **** намайг харчихаад хөдлөөд явсан. Тухайн үед жолоочийн суудал дээр ****, хажуу талын суудал дээр ****, манай нөхөр голд нь сууж байгаа харагдсан. Би машиндаа суугаад араас нь дагаж явж байгаад 1 км гаруй зам туулаад дахиад зогссон. Би машинаасаа буугаад жолоочийн талаар очоод хартал *** манай нөхрийг зодож байгаа харагдахаар нь хаалгыг нь таттал мөн л түгжээтэй онгойлгоогүй. **** намайг хараад хөдлөөд явсан. Би шууд сумын төв яваад цагдаа дагуулаад эргээд явтал Уртын эх гэх газарт манай мотоциклийн хажууд ***, ***, манай нөхөр 3 дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан. Манай нөхрийн нүд нь хавдсан, хажуу талын шанаа, хувцас, хамар ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/,

гэрч ***н ...**** ээж нь орж ирээд манай хүүхэд хүнд зодуулчихлаа гадаа машин байгаа бууж чадахгүй байна гэхээр нь манай эмнэлгийн ажилтнууд гарч дамнуурган дээр хэвтүүлж оруулж ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим манай эмнэлэг дээр ирсэн. Яаралтай тусламжийн өрөөнд оруулахад ****н нь огилт, бөөлжилт ихтэй бөөлжилт нь 10-15 минут үргэлжилсэн. Мөн хамраас нь цус гараад тогтохгүй орчны харилцаа суларсан, чихнээс цус гарч хацар шанаа хэсэг цус гарч хатсан. Хамраас нь цус гарч ам эрүү хэсгийг бохирлосон байдалтай байсан. Эмчилгээ хийсэн. Орой 20 цагийн үед сувилагч над руу залгаад энэ хүний биеийн байдал дордоод гээд байна гэсэн. Үзэхэд царай нь цонхийсон, гар хөл нь хөрсөн замбараагүй хөдөлгөөн ихтэй болсон байсан. Тэр үед амин үзүүлэлтүүд нь тогтворжихгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчтэй холбоо барьж зөвлөгөө авч эмчилгээ хийсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 тал/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч **** 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ...1. **** биед баруун нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, доод урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн *******-41 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 4-6 тал/ зэрэг болно.

                                            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд ***** үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч **** ...Машинтай явж байтал ***** чи хэдэн малаа уул руу бэлчээж болохгүй гэж хэлээд баруун гараараа миний хамар руу тохойлдон, зүүн гараараа миний нүүр хэсэг рүү жаахан байж байгаад цохиод байсан. Тэгээд Шандын гоцгор гэх газар зогстол манай эхнэр **** ирсэн. Машины хаалгыг онгойлгох гээд таттал дотроосоо цоожтой байсан. Тэгээд **** машинаа асааж цаашаа яваад уртын эх гэх газар очиж зогсох үед толгой эргээд ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь манай эхнэр цагдаа нарын хамт ирсэн байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 тал/, гэрч ***** ...Би машинаасаа буугаад жолоочийн талаар очоод хартал **** манай нөхрийг зодож байгаа харагдахаар нь хаалгыг нь таттал мөн л түгжээтэй онгойлгоогүй. **** намайг хараад хөдлөөд явсан. Би шууд сумын төв яваад цагдаа дагуулаад эргээд явтал Уртын эх гэх газарт манай мотоциклийн хажууд ****, ****, манай нөхөр 3 дундаа 1 шил архи тавьчихсан сууж байсан. Манай нөхрийн нүд нь хавдсан, хажуу талын шанаа, хувцас, хамар ам нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/, гэрч **** ...**** ээж нь орж ирээд манай хүүхэд хүнд зодуулчихлаа гадаа машин байгаа бууж чадахгүй байна гэхээр нь манай эмнэлгийн ажилтнууд гарч дамнуурган дээр хэвтүүлж оруулж ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутын орчим манай эмнэлэг дээр ирсэн. Яаралтай тусламжийн өрөөнд оруулахад **** нь огилт, бөөлжилт ихтэй бөөлжилт нь 10-15 минут үргэлжилсэн. Мөн хамраас нь цус гараад тогтохгүй орчны харилцаа суларсан, чихнээс цус гарч хацар шанаа хэсэг цус гарч хатсан. Хамраас нь цус гарч ам эрүү хэсгийг бохирлосон байдалтай байсан. Эмчилгээ хийсэн. Орой 20 цагийн үед сувилагч над руу залгаад энэ хүний биеийн байдал дордоод гээд байна гэсэн. Үзэхэд царай нь цонхийсон, гар хөл нь хөрсөн замбараагүй хөдөлгөөн ихтэй болсон байсан. Тэр үед амин үзүүлэлтүүд нь тогтворжихгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн эмчтэй холбоо барьж зөвлөгөө авч эмчилгээ хийсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 тал/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд **** үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

Иймд шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

                                                Хохирлын хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардалын баримтууд /хавтаст хэргийн 50-52 тал/-ыг үндэслэн 3,369,779 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч **** нь эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, сахиураар эхнэр нь хамт байсан, Улаанбаатар хотод Интермэд эмнэлэгт үзүүлсэн болон бусад баримтуудыг үндэслэн зайлшгүй гарсан зардлууд байна гэж нотлох баримтаар үнэлсэн. Эмнэлэгт хэвтсэн болон эмнэлэгт үзүүлж явсан хугацаанд малаа **** 2 сая төгрөгийн хөлс өгч харуулсан нь тогтоогдож байна. Харин өмгөөлөгчийн хөлс 630,000 төгрөг нэхэмжилсэн нь зайлшгүй гарах эмчилгээний зардалд хамаарахгүй тул хохиролд тооцоогүй болно.

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **** хохирол 3,369,779 төгрөгийг хохирогч **** төлснийг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

                                               Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ****** хохирол 3,369,779 төгрөгийг хохирогч ***** төлснийг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА