Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/00372

 

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/00372

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг. КБ ХХК /26/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, И овогт Х.С /ЖЮ/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 144,646,678 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М , Г.Т , хариуцагчийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.С нь манай банктай 2018.01.03-ны өдөр 3012-2018/01 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 109.200.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Х.С ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 давхарт, D-1/A тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 6.486.373,78 төгрөг, үндсэн хүү 9.162.656,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.869,62 төгрөг нийт 15.752.900 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч Х.С зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу тус банк нь удаа дараа зөрчлийг арилгаад харилцан тохиролцож, хуваарийн дагуу үүргийг биелүүлэхийг шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй.

Банкны зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй учир бид гэрээг нэг талын санаачилгаар нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019.12.18-ны өдрөөр цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Х.С нь 2019.12.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 102.713.626 төгрөг, зээлийн хүү 39.728.153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.204.899 төгрөг, нийт 144.646.678 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Х.С ээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 144,646,678 төгрөгийг гаргуулж өгнө үү, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.С 2019.12.18-ны өдөр 109,200,000 төгрөгийн зээл авч, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Зээлээ аваад удаагүй байхдаа Х.С нь зээлээ төлөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, энэ талаар талууд уулзалдаж байсан. Тийм учраас КБ ХХК нь 2019.05.01-ний өдөр тус шүүхэд хандаж Х.С эд холбогдуулж зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж гэрээний үүрэгт 127.576.139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Харин товлогдсон хуралд нэхэмжлэгч талаас ирээгүй учир шүүх нэхэмжлэлийг буцаасан, энэ захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Иймд бид 2019.05.01-ний өдрөөр гэрээг цуцласан гэж үзэж, энэ хүртэлх зээл, хүүг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч нь 2019.12.18-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй байна.

Харин манай гаргасан тооцооллоор үндсэн зээлд 102.713.626 төгрөг, хуримтлагдсан хүү 23.955.530 төгрөг, нийт 126.669.157 төгрөг төлөх ёстой байна. КБ ХХК-тай байгуулсан жилийн 24 хувийн хүүг өндөр гэж үзэж байна. Нийтэд илэрхий үйл баримтаас харахад жилийн 3 хувийн хүү огож байхад Х.С эд 24 хувийн хүүг төлөх үндэслэлгүй байгаа юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг. Одоо хуримтлагдаад байгаа 23.955.530 төгрөгний хүүг 50 хувиар бууруулж 11.977.765 төгрөг болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал нь гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцож авсан байдаг. Тэгэхээр энэ нэмэгдүүлсэн хүү хүчингүй болох ёстой. Гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалсан тохиолдол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх байхгүй. Нэмэгдүүлсэн хүүг талуудыг хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш тооцно гэж үзэж байгаа. Тийм учраас нэмэгдүүлсэн хүүний 2,204,899 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд зээл, хүүд нийтдээ 114.691.391 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсэг буюу 29.879.732 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахын хувьд тусгайлан хэлээд байх зүйл алга аа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч Х.С эд холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 144,646,678 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Х.С нь зээлийн гэрээний дагуу төлөлт хийж байгаад, удалгүй график зөрчин үүргээ биелүүлэхгүй болсон бөгөөд, банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, уулзаж байсан, тэрээр зээл төлөх боломжгүй талаар мэдэгдсэн, тийм учраас банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, 2019.12.18-ны өдрөөр тооцон, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байх бөгөөд зээлийн гэрээг 2019.05.01-ний өдрөөр цуцлагдсан гэж үзэж байгаа, анх нэхэмжлэгч нь энэ өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг буцаасан, гэтэл нэхэмжлэгч 2019.12.18-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь үндэслэлгүй, зээлийн хүү хэт өндөр байгаа учир Иргэний хуулийн 282.2-т зааснаар багасгаж, 50%-иар тооцох боломжтой, нэмэгдүүлсэн хүү нь гэрээ дуусгавар болсны дараа тооцогдох ёстой, гэрээ цуцлагдсан учир нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй, бид 114,691,391 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа гэж мэтгэлцсэн.

 

Х.С нь КБ ХХК-тай 2018.01.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 109,200,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24%-ийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан байх бөгөөд, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 дугаар давхар, D-1/A тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 2018.01.03-ны өдөр хариуцагч Х.С эд 109,200,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Х.С нь 2018 оны 05 сарыг дуустал үндсэн зээлд 6,486,373 төгрөг, хүүд 9,162,656 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 103,869 төгрөг, нийт 15,752,900 төгрөгийг төлсөн байх бөгөөд уг хугацаанаас хойш зээлийн төлөлтийг хийгээгүй байна.

 

Харин нэхэмжлэгч КБ ХХК нь зээлийг төлүүлэх талаар хариуцагч Х.С ээс удаа дараа шаардсан, түүнд 2018 оны 08 сард, 2019 оны 01 сард тус тус зээлээ төлөхийг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн, зохигчид 2019.04.25-ны өдөр уулзалт хийсэн байх бөгөөд уг уулзалтаар хариуцагч Х.С нь зээл төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг хүсчээ.

 

Түүнчлэн хариуцагч Х.С нь 2019.04.29-ний өдөр нэхэмжлэгч КБ ХХК-нд хандаж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрснээ илэрхийлж, гэрээний үүргийг шаардан шүүхэд хандах, зээлийн хүүг зогсоолгохыг хүссэн хүсэлт гаргасан, үүний дагуу нэхэмжлэгч КБ ХХК нь 2019.05.01-ний өдөр хариуцагчаас зээл, хүүд нийт 127,576,139 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019.09.10-ны өдрийн 7141 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлийг буцаасан байна.

 

Дээрх үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл хүссэн тухай хариуцагч Х.С ийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, хариуцагч Х.С ийн 2019.04.29-ний өдрийн хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Капитрон банкны 2018, 2019 оны мэдэгдлүүд, 2019.04.25-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2019.05.01-ний өдрийн нэхэмжлэл, тус шүүхийн 2019.09.10-ны өдрийн 7141 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.С нь зээл төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т тус тус зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлээгүй, харин ч зээл төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж байсан, нэхэмжлэгч КБ ХХК-иас зээл төлөх боломжийг олгон нэмэлт хугацаа тогтоосон байх боловч хариуцагч нь зээл төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй байна.

Тиймээс нэхэмжлэгч КБ ХХК нь 2019.05.01-ний өдөр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.5, 10 дугаар зүйлийн 10.2.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2019.05.01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй, 30 дугаар зүйлийн 1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 153.4-т барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна,

158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана,

174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч КБ ХХК-нд зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.6, барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 26 дугаар зүйлд зааснаар зээлийн төлбөрийг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч Х.С нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 144,646,678 төгрөгийг, нэхэмжлэл гаргасан 2019.12.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 102,713,626 төгрөг, зээлийн хүү 39,728,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,204,899 төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзэж, гэрээ цуцлагдсан 2019.05.01-ний байдлаар тооцвол:

-       үндсэн зээлийн үлдэгдэл 109,200,000 төгрөг,

-       зээлийн хүүг зээлийн төлөлт зогссон 2018.06.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэл 11 сар, 24,024,000 төгрөг /109,200,000 * жилийн 24% : 12 сар = 1 сарын хүү 2% = 2,184,000 * 11 сар/,

нийт 133,224,000 төгрөг болов. /109,200,000+24,024,000/

 

Харин шүүх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 4.10-т заасан нэмэгдүүлсэн хүү жилийн 4.3% байна, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үеэс эхлэн үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

 

Учир нь нэмэгдүүлсэн хүү нь хууль зүйн агуулгаараа зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын шинжтэй, нэг удаа төлөх ойлголт болно.

 

Тиймээс дээрх зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд, харин зээлийн гэрээний хугацаанд харуицагч Х.С ээс нэмэгдүүлсэн хүүд төлсөн 103,869 төгрөгийг зээл, хүүний 133,224,000 төгрөгөөс хасч, хариуцагч Х.С ийн төлөх зээл, хүүний үлдэгдэлийг 133,120,131 төгрөг гэж тооцлоо.

 

Энэхүү зээлийн харилцаанд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийн тусгайлсан зохицуулалт хамаарах бөгөөд, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалт хамаарахгүй, уг зохицуулалтаар хүүгийн хэмжээг 50%-иар бууруулах боломжгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Х.С ээс зээл, хүүд нийт 133,120,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,450,992 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Х.С нь зээлийн гэрээний дагуу 133,120,131 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 дугаар давхар, D-1/A тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Х.С ээс 133,120,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,450,992 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.С нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч КБ ХХК-ийн барьцаанд байгаа, түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москва гудамжны 51/7 дугаар байрны 2 дугаар давхар, D-1/A тоотод байрлах 60 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч КБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 951,383 /881,183+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.С ээс 893,751 /823,551+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА