Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0089

 

 

 

 

 

 

 

     2022         02          14                                    128/ШШ2022/0089

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:**/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б, 

Хариуцагч: П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг,

Хариуцагч: Улсын гуравдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  С.О,

Хариуцагч: Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч: Л.Н,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ц.Ө нарын хоорондын захиалагч /хариуцагч/-ийн 2019 оны тендерийн баримт бичгийн зарим хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, өрсөлдөөнийг хязгаарласан маргааныг шийдвэрлэсэн албан бичгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Ө.Б /цахимаар/, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Захиалагчийн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё) “...TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэж заасныг, Захиалагчийн тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-н “хамтран ажиллах гэрээ ирүүлнэ” гэж заасныг, “шаардлагатай тохиолдолд гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэж заасныг, Захиалагчийн тендерийн баримт бичгийн Багц 1 ба Багц 2-ын техникийн тодорхойлолтын “... эмийн бүрхүүлтэй, 2-3 дугаар эгнээний стент байх гэж” заасныг, Захиалагчийн тендерийн баримт бичгийн Багц 1-ийн техникийн тодорхойлолтын “... 36 мм эсвэл 37 мм сонголттой” гэж заасныг, Багц 2-ын техникийн тодорхойлолтын “... 48 мм сонголттой” гэж заасныг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/305 дугаар шийдвэрийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”-аар анх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр маргасан байдаг.

2. Дээрх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1713 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Энэхүү хүлээн авахаас татгалзсан захирамжийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянаж, 0215 дугаар шүүхийн тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2019/1713 дугаар захирамжийн Захирамжлах нь хэсгийн нэг дэх заалтын “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/305 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” гэснийг хасаж, захирамжийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Ингэснээр тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2515 дугаар шүүгчийн захирамжаар “...Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/305 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” “С” ХХК-ийн нэхэмжлэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хэргийн харьяаллын талаар шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсаныг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 168 дугаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдох “Захиалагчийн 2019 оны тендерийн баримт бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон ба энэ хэсгийн 2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэл үгүйсгэгдсэн байна.

 6. Нэхэмжлэгч “С” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авснаар Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороо хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон, улмаар хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны эрх, үйл ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэлээр түүний эрх, үүргийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа эрх залгамжлалаар хэрэгжүүлэх болсон байна.

7. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байсан. Тухайлбал, Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсныг тэмдэглэж байна.

8. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэж тодруулахдаа:

8.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(а)-д “хамтран ажиллах гэрээ” буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ шаардсан хэсгийг,

8.2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(а)-д “Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсний “гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсэн хэсгийг,

8.3.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1(ё)-д “олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ. Эмнэлгийн  хэрэгслийг нийлүүлэх улс, үйлдвэрлэгчийг тодорхой заана” гэсний “CE,TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэж шаардсан хэсгийг,

8.4. Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан “ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна” гэсэн хэсгийг,

8.5. Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “2-3 дугаар эгнээний стент байх” гэсэн хэсгийг,

8.6. Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох.

8.7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/305 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулсан, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжин оролцсон, шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

9. Нэхэмжлэгч нь энэ хэсгийн 8.1-ээс 8.6-д дурдан заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа:

9.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан “Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ” гэж заасан байтал захиалагч нь дээрх заалтаас давж хуулиар олгогдоогүй эрхийг тендерийн бичиг баримтаар өөртөө олгосон.

            9.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ” гэж заасан, хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан , мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 болон 14.1.6-д “гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн мэргэжлийн алдаа гаргасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521 .1-т заасан эрх бүхий улсын байцаагч шүүх тогтооно” гэж заасан байтал захиалагч нь дээрх заалтаас давж хуулиар олгогдоогүй эрхийг тендерийн бичиг баримтаар өөртөө олгосон улмаар 2017 онд гадаад улс уруу Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн талаар гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж төрийн үйлчилгээний байгууллагын нэрийн өмнөөс өөрийн хувийн э майл хаяг ашиглан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

            9.3. CE, TUV гэж стандарт буюу тийм олон улсын стандарт байхгүй.

            9.4. ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4.2-т заасан шаардлагад хамаарахгүй. Учир нь CE стандарт гэж байхгүй хамгийн гол нь эм эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй (SRA) гэдэг нь Америкийн нэгдсэн улсын FDA (Food and Drug Administration), Европын холбооны улсын EMA (European Medicines Agency) EFTA (European Free Trade Associantion) Япон улсын MHLW/PMDA (Ministry of health Labour, Welfare) байгууллагуудын гэрчилгээтэй байхыг хэлдэг. CE стандарт гэж юм гаргаж ирээд эдгээр байгууллагын гэрчилгээтэй харьцуулах нь огт утгагүй.

            9.5. Гадаадын үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэдэг эмтэй стентийн техникийн тодорхойлолтод “2-3 дугаар эгнээний стент” гэсэн үзүүлэлт байхгүй өөрөөр хэлбэл, үндэсний болон Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслээгүй учир техникийн тодорхойлолт бэлтгэх шаардлага хангаагүй.

            9.6. Тендерийн баримт бичгийн Багц-2-т заасан “Эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэж заасан нь тухайн багцын зөвхөн “Ч” ХХК-д өгөх, олон зуун сая төгрөгийн зөрүүг гаргах зорилготой гадаадын үйлдвэрлэгч болгон үйлдвэрлэдэггүй заавал авах шаардлагагүй шаардлагатай тохиолдолд бусдын размерийг хооронд нь холбож оруулах боломжтой эмчийн маш өндөр ур чадвар шаарддаг эмч зоригловол туршиж үзэж болох хэмжээс юм.

            9.7. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянаад ямар ч үндэслэлгүй тэмээ гэхэд ямаа гэсэн хариу өгсөн.

            Захиалагч нь тендерийн баримт бичгийг зөвхөн нэг компанид зориулж бэлтгэн өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргаснаас манай компани тендерт шударгаар өрсөлдөх боломжгүй болж хохирч байна. Шүүх тендерийн баримт бичгийг хууль, холбогдох журмыг зөрчсөн байна гэж тогтоосон нөхцөлд захиалагч тендерийн баримт бичгийг цаашид хууль журамд нийцүүлэн бэлтгэж, өрсөлдөх тэгш боломжоор хангаснаар манай компани тендерт шударгаар өрсөлдөх боломжтой болох юм...” гэжээ.

10. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарласан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нээгдэх “Өндөр өртөгтэй мэс заслын хэрэгсэл” ШУГТЭ 2019/01001 дугаартай “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендер” УГТЭ201902 дугаартай өөрөөр хэлбэл, хоёр янзаар нэрлэгдсэн, хоёр өөрөөр дугаарлагдсан цахим тендерийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 32 дугаар багцуудад оролцохоор тендерийн материалыг худалдан авч оролцсон ба улмаар захиалагч нь тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ өрсөлдөх тэгш боломжгүй, тодорхой нэг компанийг дэмжсэн, тодорхой компанид зориулсан өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасныг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч мөн захиалагчийн тендерийн баримт бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

11.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(а)-д хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ шаардсан хэсгийг яагаад хууль бус гэж үзсэн бэ? гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7- зааснаар тендерт оролцогч нь гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ гэж заасан байхад гэрээг явуулсан. Гэрээг хуйвалдсан компаниуддаа задруулсан. Тендерийн баримт бичгээрээ хууль зөрчсөн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт яг энэ үндэслэлээр гомдол гаргахад өгсөн хариу нь ойлгомжгүй байсан. Тэмээ гэхээр ямаа гэж байгаа мэт хариу өгсөн. Аль шаардлагад ямар хариу өгч байгаа нь тодорхой бус.

11.2. Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсний гадаадын харилцагчдаас тодруулга авна гэсэн нь хууль бус байсан болох тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ” гэж заасан байдаг. Тендерт оролцогч үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчдоос шаардаж болно” гэж заасан болохоос өмнө нь гадаад улс уруу захиа бич гэсэн зохицуулалт биш. Гадаадын харилцаа гэдэг нь маш нарийн зохицуулалттай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6-д гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч, шүүх тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах, хяналт зохицуулалтын байгууллага нь шалгаж зөрчилтэй бол тендерээс хасдаг. Эм эмнэлгийн хэрэгслийг оруулж ирэхдээ Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авна. Тухай бүр оруулж ирэхдээ лиценз авна. Лицензийг Эрүүл мэндийн яам, хилийн мэргэжлийн хяналтын алба, хил гааль, мэргэжлийн тухайн эмнэлгийн байгууллага зэрэг олон байгууллага хянадаг. Эдгээр байгууллагын хяналт шалгалтыг үл тоосон. Тендерт оролцож байгаа компаниуд тусгай зөвшөөрөл авна, гэрээ байгуулна. Чанарын сертификат зэргийг бүрдүүлж өгсний дараа н.Төмөр-Очир гэх хүн хувийн мэйл хаягаар гадаад улс уруу гуравдугаар төв эмнэлгийн дарга байна гэж захиа бичсэн байсан. Би гадаад худалдаа хангамжийн байгууллагад 10 жил ажилласан учраас гадаад харилцааны хувьд туршлага бий. Монгол Улсын компаниуд худал хуурмаг зүйл хийдэг учраас мэдээллээ өг гэж захиа бичсэн байсан. Гадаад харилцааны ямар ч мэдлэг боловсрол байхгүй эмнэлгийн дарга Монгол Улсыг гутааж байна. Шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна гэж заалт оруулж үүнийгээ үндэслэн захиа бичиж байна. “Ч”  ХХК-ийг шалгаруулахын тулд ийм зүйл хийсэн. Компанийн бүрдүүлж өгсөн баримт бичиг буруутай гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. Яагаад шалгуулахгүйгээр захиа бичээд байгаа нь гутамшигтай байна. 2017 оноос хойш захиа бичиж байна. Биднийг гомдол гаргаснаас хойш больсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ингэж болох мэтээр хариу өгсөн нь хуульд нийцээгүй.

11.3. Олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэсний CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ гэж шаардсан хэсгийг гэдэгт, ISO чанарын стандарт байдаг.  СЕ, TUV гэж олон улсын стандарт байхгүй. Европын холбооны гэрчилгээ юм. Гэтэл дэлхийд байхгүй ийм стандарт нэхээд байна. Стандарт гэрчилгээ хоёрыг ялгахгүй байна.

11.4. Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр тодруулгын 5-д заасан ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэгт, нэгдүгээрт, CE стандарт гэж байхгүй, хоёрдугаарт, бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Сангийн яамнаас баталсан журам нь хоёр янз. Эм эмнэлгийн хэрэгслийг худалдан авах тендерийн баримт бичгийн журам өөр. Үүнд ганцхан 35.4.2 гэсэн заалт байдаг.  Эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй бол өндөр оноо өгнө гэж заасан. Эдгээр нь ямар байгууллагууд байдаг вэ? гэхээр Америкийн Нэгдсэн Улсын FDA, Европын холбооны EMA зэрэг юм. CE стандартын шаардлага хангасан байх нь ISO чанарын шаардлагатай адил гэж үзэж байгаа юм. Ингээд 2017, 2018 оны тендерийг луйвардсан, ингэснээрээ Сангийн яамнаас гаргасан журмын эсрэг үйлдэл хийж байна.

11.5. Тендерийн баримт бичгийн багц 1, багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “2-3 дугаар эгнээний стент” байх гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэгт: Эмтэй стентийг гадаад улсын компани л үйлдвэрлэдэг. 2-3 дугаар эгнээний стент гэсэн үзүүлэлт байхгүй. Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн болон олон улсын стандартад тендерийн хуулиар өөрийн улсын болон гадаад улсын техникийн тодорхойлолтыг үндэслэж техникийн тодорхойлолтыг боловсруулахаар заасан. Техникийн тодорхойлолтыг шинжлэх ухааны бус хар ярианы үгээр тендерийн тодорхойлолтоо боловсруулсан.

11.6. Тендерийн баримт бичгийн багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэгт: 2017-2019 онуудад 48 мм гэдэг уртын хэмжээгээр “Ч”  ХХК тендерт шалгарсан. 2018 оны тендерт “М” ХХК, 2019 оны тендерт “С” ХХК багц 2-т шалгарсан боловч цөөн тооны ширхгээр худалдан авч үлдсэнийг нь “Ч”  ХХК-аас авсан байдаг. Нэг бүрийн үнэ нь өөр. Манай компани 2019 онд гомдол гаргаснаас хойш 48 мм гэдэг уртын хэмжээг тендерийн баримт бичигт тусгахгүй болсон. Х.Б  эмч 48 мм урттай стентийг 2,3 удаа туршиж үзсэн. Эрсдэлтэй учраас дахин ашиглаагүй. Бусад эмч нар ашигладаггүй, мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Тендер шалгаруулагчид 48 мм урттай стентийг авах шаардлагагүй байсан. Энэ размерийн стент  хэрэгтэй гэж эмч нар захиалаагүй.

11.7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/305 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухайд. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эдгээр асуудлуудыг зөв гэдэг хариу өгсөн. Тендер 2 үе шаттай байдаг. Нэгдүгээрт тендерийн баримт бичиг, баримт бичиг үнэн зөв байх ёстой. Тендерийн журамд нийцүүлэн тендерт оролцогчид бичиг баримтаа өгдөг.

Тендерийн баримт бичигт маргаан үүссэн бол цааш үргэлжлэх ёсгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ маргаантай тендерийг зогсоогоогүй учраас үргэлжилсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана. Шүүх тендерийг зогсоох боломжтой. Тендерийг зогсоогоогүй бол тендер үргэлжилж Сангийн яамны хяналтын шат уруу шилжинэ. Ийм учраас хүчингүй болгох бус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болж хувирдаг. Тендер шударга явагдах гол зүйл нь тендерийн баримт бичиг юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана гэдэг хуулийн заалт байгаа боловч түүнийг шийдвэрлэх шүүх байхгүй байна. Иргэний шүүх, захиргааны шүүх хүлээж аваагүй. Ингээд харьяалал тогтоолгож өнөөдөр шийдвэрлүүлэх гэж байна. Тендер шударга явагддаггүй. Шүүхийн шийдвэр л үнэн зөвийг тогтооно гэж иргэд итгэдэг. Тендерийн маргаан үүсгэсний төлөө дараа жил нь тендерээс хасагддаг. 2017-2021 онуудад тендерт оролцоход 2019 онд л шалгарсан. Бусад онуудад хасагдсан. Ганцхан хувийн компанийн асуудал яригдаагүй. Эдгээрийн цаана үнийн зөрүү, чанаргүй бараа, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал байна. Зүрхэнд нь юу хийж байгааг тэдгээр өвчтөнүүд мэдэхгүй. 2017 оноос хойш хууль бус үг өгүүлбэр байна гэж хэлэхэд засварлаж байгаа хэдий ч одоог хүртэл засахгүй заалтууд байна. Бүгдийг хууль журамд нийцүүлбэл бид маргалдахгүй. Тендерийн баримт бичигтэй холбоотойгоор бусад эмнэлэгтэй маргалддаггүй. Учир нь тодруулгаар засварлачихдаг. Эмч нарын саналыг авч баримт бичгээ боловсруулбал зөв байдаг.  Гэтэл Улсын гуравдугаар төв эмнэлэг төсөв ихтэй том байгууллага боловч эмч нарын саналыг аваад баримт бичигтэй тусгадаггүй... гэв.

12. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “....2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авах ажиллагааны үнэлгээний хороог зохион байгуулах тухай 25 дугаар тушаал баталсан. Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартайгаар эхний хурлаа хийсэн. Шийдвэрээ эмнэлгийн даргаар баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалтаа зарласан. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг үндэслэж боловсруулсан. Тендерийн баримт бичгийг хэн нэгэн, эсхүл эмнэлгийн дарга боловсруулдаггүй юм. Тухайн тасаг нэгжийн хурлаар хэлэлцэж өмнөх онтой нь харьцуулдаг. Хэдийг хэрэглэсэн байна, хэдийг авах шаардлагатай байна гэдгийг нарийвчлан судалж ирүүлсэн саналын дагуу тендерийн баримт бичгийг хуульд заасны дагуу боловсруулдаг. Аль нэг компанид зориулж тендерийн баримт бичгийг боловсруулдаггүй гэдгийг удаа дараа тайлбарлаж байна. Тухайн эмнэлэг улсын хэмжээний эмнэлэг учраас ямар хүн ямар хэмжээтэй стент тавиулж байгаа нь ойлгомжгүй байдаг. Огт хэрэглэгддэггүй стентийг хийсэн мэтээр ярьж байгаа нь эмнэлгийн нэр хүндэд халдаж байна. 48 мм урттай стентийг огт хэрэглэдэггүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярих боловч 2019 онд 2 удаа хэрэглэсэн. Холбогдох өвчтөний түүх, эрүүл мэндийн даатгалын газар уруу явуулсан баримт бичиг зэргээр нотлогдож байна. 2017 оноос хойш нэхэмжлэл гаргаж байна. Эдгээр нэхэмжлэл нь шийдвэрлэгдэхгүй үргэлжилж байгаа нь өөрт нь ямар ашигтай болох нь ойлгомжгүй байна.  Бичгээр тодорхой тайлбар хүргүүлсэн учраас шүүх харгалзан үзэх байхаа...” гэв.

13. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын гуравдугаар төв эмнэлэг жилд олон хагалгаа хийдэг. Жил бүр тендер зохион байгуулдаг. Тендерт оролцож буй компаниуд хуурамч баримт бүрдүүлж өгдөг. Эдгээр нөхцөл байдлуудтай уялдуулан захиалагч хүсвэл гэрээг шаардан тодруулах эрх нь байгаа. “С” ХХК-ийн шударгаар өрсөлдөх нөхцөл байдлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-т захиалагч “энэ зүйлийн 14.7-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхыг үнэлэхэд харгалзан үзнэ” гэж заасан байдаг.  Бичгээр ирүүлэхийг шаардахаас гадна үнэлэхдээ харгалзан үзнэ гэж маш тодорхой заасан байна. Тендерийн баримт бичгийг ирүүлсэн оролцогчийн мэдээллийг тодруулах үүднээс харилцагч байгууллагаас нь хамтран ажилладаг уу?  албан ёсны төлөөлөгч мөн үү? гэдгийг тодруулж  байгаа нь яагаад оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл болж байгаа болохыг ойлгохгүй байна.

Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т “Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ” гэж заасан нь огт хамаарахгүй зохицуулалтыг хамаатай мэт ярьж байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн тайлбарлаж байна. Энэ нь худал мэдээлэл ирүүлсэн, шүүхээс тогтоогдсон учраас тендерт оролцуулахгүй гэдэг агуулга огт байхгүй. Энэ тайлбар нь үндэслэлгүй. Олон улсын стандарт биш, гэрчилгээ гэж, тухайн үед тендерт оролцож байгаа оролцогчдын шударгаар өрсөлдөх нөхцөл байдлыг хязгаарлаж байна гэж тайлбарлаж байна. Энэ ганцхан “С” ХХК-д тавигдсан шаардлага биш. Нийт тендерт оролцохыг хүсэж байгаа нийт оролцогч нарт хамааралтай. Мөн захиалагч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг авахын тулд тендерийн баримт бичгээр тодорхойлж байгаа зүйл юм. “С” ХХК-ийн хүссэн үзүүлэлтийг стандартад тусгавал энэ нь эсрэгээрээ шударга өрсөлдөөнийг хязгаарласан болж хувирна. Стандартад нийцүүлэн тендерийн баримт бичгээ боловсруулах  бүрэн эрх нь захиалагчид бий. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2-т “үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг” гэсэн зохицуулалт байгаа. “С” ХХК-ийн шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарлаж оролцуулахгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.2-т “үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг” гэдэгт хамаарна. Тендерийн баримттай холбоотой тодруулга хүсэх үе шат нь тендер нээхээс өмнө гэж хязгаарлаж байгаа хуулийн агуулга нь энэ юм. Тодруулахгүйгээр тендерт оролцсоны дараа нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 2-3 дугаар эгнээний эмтэй стент гэж байхгүй. “Ч”  ХХК-д зориулсан тодорхойлолт гэж тайлбарладаг. Улсын гуравдугаар төв эмнэлэг 2-3 дугаар эгнээний эмтэй стентийг байхгүй гэж хүний амь насыг золиослох эрхгүй. Тодорхой тохиолдлуудад хэрэглэсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Эмтэй стентийн тодорхойлолтод стентийн диамемтр, уртын хэмжээ, үндсэн бүтэц ханын зузаан зэргийг тодорхой зааснаас гадна эмийн бүрхүүл нь 2-3 дугаар эгнээний стент байх гэж заасан. Эмтэй стентийн үндсэн бүтэц нь ган, платинум хром гэдэг материалаар хийгдсэнээс хамаарч 1, 2 ,3 дугаар эгнээний стент гэж ангилдаг. Нэгдүгээр эгнээний ган бүтэцтэй эгнээг ашиглахаа больсон. Одоо дэлхий нийтэд 2, 3 дугаар эгнээний стент хэрэглэж байгаа бөгөөд гадуураа уусдаг, уусдаггүй зэргээр ялгаатай гэж захиалагч мэргэжлийн үүднээс тайлбарласан талаар хариу тайлбарт дэлгэрэнгүй тайлбарласан. Дэлхийн зах зээлд хэрэглэгдэж байгаа эмнэлгийн нөхцөл байдал зэргийг харгалзан захиалагч өөрийн хэрэгцээнд авахыг хүссэн барааг тендерийн тодорхойлолтод тодорхой заасан байгаа. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1 (ё)-д заасан TUV тухайн бүтээгдэхүүнийг хүнд хэрэглэхэд аюулгүй байгаль экологид сөрөг нөлөөгүй болохыг нь үнэлдэг үнэлгээний байгууллагын товчилсон нэр буюу чанарын тэмдэг болно гэж заасан. Стандарт гэж бид тайлбарлаагүй. ISO, CE гэдэг нь чанарын тэмдэг, стандарт. Үүнээс хамаарч аль нэг улсын, аль нэг үйлдвэрлэгчид давуу байдал олгосон зүйл биш, нийтэд илэрхий чанарын тэмдэг, стандарт юм. Америкийн Нэгдсэн Улсын FDA, Япон Улсын JFDA гэж заагаагүй. Энэ бол ялгаатай. Хэрэв ингэж үйлдвэрлэгчийг заасан бол “С” ХХК гомдлоо гаргах эрх нь нээлттэй юм. Эдгээрийн ялгаа заагийг зөв тодорхойлж ойлгох шаардлагатай.

Нэхэмжлэлийн шаардлагын 1-ээс 6-д заасан зүйлээр тодорхойлж байгаа тендерийн баримт бичигтэй холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хүртэл ингэж дүгнэсэн байна. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 1713 захирамж байгаа, энэ захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0215 дугаар тогтоол байгаа. Захирамж, тогтоол хоёроор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 54.1.6-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тогтоолд эцсийн шийдвэр байна гэж дурдсан. Үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах ганцхан боломж байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд шинээр илэрсэн баримт байхгүй. Тогтоол хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр хэвээр байгаа учраас шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Ийнхүү 3 шатны шүүхээс үзэж байгаа дүгнэлтийн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 5.1.19-т заасан хууль зүйн ойлголтоор тендерийн баримт бичиг, тендерийн тодорхойлолт нь захиргааны акт биш, гадагш чиглэсэн баримт ч биш гэдэг нь маш тодорхой байна. Энэ тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх вэ? гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6-т заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилж өгсөн. Иймд шүүхийн шийдвэрүүдийг харгалзан Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

14. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд барааны тэмдэг, үйлдвэрлэгчийг заагаагүй байсан. Стандарт гэж хэм хэмжээ тогтоосон зүйлийг хэлнэ. CE, TUV гэсэн тэмдэглэгээ нь олон улсад мөрдөгддөг. Чанарын шаардлагыг хангасан бараанд олгогддог тэмдэглэгээ, сертификат  гэж ойлгож байгаа. Тэгэхээр өрсөлдөөнийг хязгаарласан тэмдэглэгээ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Стентийн хэмжээг зааж өгснөөр өрсөлдөөнийг хязгаарласан гэж тайлбарлаж байна. Олон төрлийн стент үйлдвэрлэгддэг гэдэг нь Сонгодо эмнэлгийн эмчийн харьцуулсан судалгаа болон холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. “Ч”  ХХК-ийн оруулж ирдэг эмтэй стент нь зөвхөн энэ хэмжээтэй гэж байна гэсэн ойлголт байхгүй. Маш олон сонголттойгоор тендерийн өгөгдлийн хүснэгтэд оруулсан учраас өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй байна. Өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан талаар нарийвчлан тодорхойлж чадахгүй байгаа учраас нэмж тайлбар хэлэх боломжгүй байна.

Манай байгууллага яагаад тендерийн баримт бичиг хянадаг вэ? гэхээр өрсөлдөөний байгууллага гэдэг утгаар тухайн аж ахуй эрхлэгч компаниудыг зах зээл дээр шударга өрсөлдөх боломжийг хангах, шударга бус өрсөлдөөнийг хянах, таслан зогсоох чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд тендерийн баримт бичгийг хянадаг. Тендерийн баримт бичиг нь тухайн зах зээлд өрсөлдөх компанийг шударгаар өрсөлдөх боломжоор хангаж байгаа юм. Энэ үүргийг бидэнд хэмжээ хязгаартайгаар хуулиар олгосон. 48 мм уртын хэмжээтэй стентийг улсын 1,2,3 дугаар төв эмнэлгийн холбогдох эмч нараас холбогдох тайлбарыг авах боломжгүй.  Эмтэй стентийн уртын хэмжээ нь 10, 11, 13, 15,  38, 48 зэрэг маш олон сонголттой байгаа учраас тендерт оролцож байгаа компаниудад хэн алинд нь өрсөлдөх боломж бий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн хязгаарласан гэж үзэхгүй. 1 дүгээр эгнээний 48 мм урттай стент гэж заасан бол өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэн шийдвэр гаргах боломжтой. Гэтэл гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг шаарддаг эсэхийг нарийн судлах боломжгүй. Гэрээг шаардсанаар өрсөлдөөнийг ингэж хязгаарлана гэсэн үндэслэлтэй бол холбогдох шийдвэрийг гаргах боломжтой байсан. Гэтэл тодорхой үндэслэл байхгүй байхад өрсөлдөөнийг хязгаарласан гэж шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэгэн компани, үйлдвэрийн үйлдвэрлэдэг стент, бараа бүтээгдэхүүнийг тендерийн баримт бичигт тусгасан уу гэдгийг хянах боломжтой. Түүний дагуу хянасан зөрчил илрээгүй. CE, TUV зэргийг олон улсад мөрдөгддөг стандарт гэж үзэж байгаа. Монгол Улсад МNS, олон улсад ISO гэж ашиглагддаг. Европын холбооны улсууд  CE, TUV гэсэн барааны тэмдэг ашигладаг. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүнд олгогддог. Уг тендерийн баримт бичигт тусгагдсанаар өрсөлдөөнийг хязгаарлаагүй байна гэж үзэж байгаа. Манай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэгч "С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

15. Шүүх, нэхэмжлэгч “С” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг  үндэслэлгүй байна хэмээн үзлээ.

16. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгээс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарласан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт нээгдэх “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах УГТЭ201902 дугаар нээлттэй тендерийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 32 зэрэг багцад оролцохоор тендерийн бичиг баримт худалдан авсан, улмаар 1, 6, 8 дугаар багцуудад шалгарч 1,024,700,000.00 төгрөгийн “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээ”-г 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан, мөн дахин нээлттэй тендерийн 4 дүгээр багцад шалгарч 95,625,000.00 төгрөгийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

17. Нэхэмжлэгч “С” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/28 дугаар албан бичгээр тендерийн 1 болон 2 дугаар багцад хамаарах тодорхой асуудлаар болон тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /цаашид ТОӨЗ гэх/-ны 8.1, 12.1 ё, 35.4.2-д заасан зэрэг нийт 9 тодорхой асуудлаар тендерийн тодруулга /тодруулгад эмийн бүрхүүлтэй 2-3 эгнээний стентийн тухай мэдээлэл бүхий олон улс, орны эмч мэргэжилтнүүдийн хамтран судалсан судалгааны тайлан, эмнэл зүйн судалгааны үр дүн зэрэг 23 хуудас материал хавсаргасан/ хүсэж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороонд хандсан, уг тодруулгын хариуг тендерийн баримт бичгийн 8.1-д “захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас /ТШӨХ-ээр ажлын 5 хоног/ өмнө хүлээн авсан хүсэлтэд хариу өгнө... тендерт оролцогчдод бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар тодруулга авах хүсэлтэд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлсэн. Энэ тохиолдолд тендерийн баримт бичгийн 8.2-д зааснаар тодруулгын үр дүнгээр захиалагч уг баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулаагүй.

18. Нэхэмжлэгчээс захиалагч нь тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ өрсөлдөх тэгш боломж олгоогүй, тодорхой нэг компанийг дэмжсэн, тодорхой компанид зориулсан, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Гомдолдоо Тендерийн үнэлгээний хороонд хандсан тодруулга, тодруулгадаа хавсаргасан баримтууд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, тендерт оролцогчдод хүргүүлсэн тодруулгын хариу, захиалагчийн техникийн тодорхойлолт, цахим тендерийн урилга, цахим тендерийн төлбөрийн баталгаажуулалт хийгдсэн тухай баримт бүхий нийт 36 хуудас материал хавсаргаж, гомдол нь “...ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1а, 12.1ё, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4.2-д заасан тодорхой асуудлаар мөн багц 1, 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ “эмийн бүрхүүлтэй” гэж ерөнхий заасан, тодруулга хүсэхэд тодорхой хариу өгөхөөс зайлсхийсэн, тухайн багцад “эмтэй стентийн уртын хэмжээг 48 мм” гэсэн нь хэрэглээнд байхгүй, тодорхой нэг компанийг уг тендерт шалгаруулах зорилготой, мэс засалд хэрэглээгүй ...” зэрэг агуулгатай байсан.

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж хуульчилжээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуулийн 55.1. “тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн...” гэдгийг шүүх тайлбарлан шийдвэрлэхдээ, захиалагч талд илүү хориглосон зохицуулалт болохыг дурдаж, тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6. “...“тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно”, 5.1.6.а “дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.б “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж заасан байгаа нь захиалагч /хариуцагч/-ийг тендерт оролцогч гэж ойлгохгүйг шууд хуульчилсан, энэ утгаараа мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2. “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйл баримт захиалагч буюу хариуцагч Улсын гуравдугаар эмнэлгийн тухайд тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлээр маргаагүй тул хуулийн энэ зохицуулалттай холбоотой дүгнэлтийг шүүх өгсөнгүй.

20. Харин  дээрх хуулийн 55.1. “... болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ...гаргана”, 55.2. “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1. “гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу тендерт оролцогч “С” ХХК-аас гаргасан нэхэмжлэл гэж үзэж, шүүх хүлээн авсныг дурдаад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. “...тендерийн нээлт хийхээс 10-аас доошгүй өдрийн өмнө” гэх хуулийн хугацааг нарийвчлан заасан байгааг нэхэмжлэгч нь анхаараагүй, өөрөөр хэлбэл, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт нээгдэх “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах УГТЭ201902 дугаар нээлттэй тендерт хамаарах гомдлыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах байсан, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч  /гомдол гаргагч/ нь энэ хугацааг мөрдөөгүй болох нь тогтоогдож байна.

21. Гэвч нэхэмжлэгчийн энэ шийдвэрийн 17-д заасан гомдлыг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авч, тус газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 1/198 дугаар албан бичгээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг тендер шалгаруулалтын материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлж, уг тендер шалгаруулалттай холбогдох баримт материал, холбогдох тайлбар тодруулгыг гарган 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэх”-ийг шаардсанаар, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар албан бичгээр УГТЭ201902 тендерийн баримт бичиг, тус эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооноос тайлбар бүхий холбогдох баримтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

22. Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7. “захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ” гэснээр зөвхөн “гэрээний талаарх мэдээлэл”-ийг авах байтал “гэрээ”-г бүхэлд нь шаардсан нь хуулиас давсан, нөгөө талаас энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 11.6-д заасан үндэслэлийг тайлбарлан мэтгэлцсэн бол хариуцагч нь маргаан бүхий шийдвэрээрээ шийдвэрлэхдээ “хэрэв Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ гэх/-д шаардсан бол тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл тендерт санал болгох тохиолдолд уг эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлэгт заасан маягтыг ашиглан ирүүлнэ” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасантай нийцэж байна гэж үзжээ.

23. Шүүх дүгнэхдээ, хууль тогтоогчоос буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. “...“тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор нэр томьёоны утга хуульчлагдаж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж заасан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх”-ээр заасан, энэ заалтыг хэрэгжүүлж, Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг” батлагдсанаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байх ба маргаан бүхий энэ тохиолдолд “тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт”-ыг зааварчлахдаа дээр дурдсан журмын хүрээнд тендерийн баримт бичгийг боловсруулсан, ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1(а) “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: шаардлагатай. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг маягт №ТМ-ийн дагуу ирүүлнэ” гэсэн нь хуульд заасны дагуу батлагдсан журамд зааснаар бэлтгэсэн хууль зөрчөөгүй, зориудаар аль нэгэн этгээдэд давуу байдал олгохоор өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал байхгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэв. Нэхэмжлэгчийн “гэрээг хуйвалдсан компаниуддаа өгсөн” гэх тайлбарыг хариуцагчийн захиргааны үйл ажиллагаагаар хэлбэржсэн маргаан бүхий актын хүрээнд хянах боломжгүй, өөр бусад байдлаар маргах, гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

24. Дээр дурдсан буюу 23-д заасан үндэслэлээр ТШӨХ-ийн ТОӨЗ 18.1(а) “шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэж заасан нь, тэр дундаа “гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэж заасан нь өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэнгүй. Харин захиалагч нь хэрхэн, яаж хэрэгжүүлсэн нь маргааны зүйлд хамаарахгүй юм.

25. Тендерийн баримт бичгийн В.Тендер бэлтгэх. 12.Тендерийн иж бүрдэл. 12.1. Тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ. (ё) ТШӨХ-д шаардсан ТОӨЗ-ны дагуу ирүүлэх бусад материал гэснээр ТОӨЗ 12.1 (ё)-д “Олон улсын чанарын ISO, CE, TUV зэрэг стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ. Эмнэлгийн  хэрэгслийг нийлүүлэх улс, үйлдвэрлэгчийг тодорхой заана” хэмээн захиалагчаас баталжээ.

26. Нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ээс “ISO, CE стандартын аль нэг нь байхад шаардлага хангасан байна гэх нь бүтээгдэхүүний чанарын Америкийн Нэгдсэн Улсын FDA (Food and Drug Administration) Япон Улсын JFDA байгууллагуудын гэрчилгээтэй байхыг хязгаарласан, мөн ISO, CE стандартын аль нэг нь байна гэснээрээ CE стандартын шаардлага хангаагүй компанийг тендерт шалгаруулах зорилготой, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4.2-т заасан “Эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй (SRA) гэдгээр 5,0 оноо өгөх зорилготой” гэж гомдлын үндэслэлээ гаргасныг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас маргаан бүхий шийдвэрээрээ “захиалагчаас тайлбар авсан..., тендерт оролцогчийн тодруулгад залруулга хүргүүлсэн..., ийнхүү шаардсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэнд нийцэж байна...” хэмээн хариу өгснийг,

27. Шүүх, Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 11/185 дугаар албан бичгээр: “CE-/Conformite, Europeenne/ тэмдэглэгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн Европын холбооноос гаргасан баримт бичгээр тогтоосон аюулгүй байдлын шаардлагад нийцэж буйг илэрхийлсэн тэмдэг, TUV нь Герман улсад төвтэй, бүтээгдэхүүний сорилт, туршилт, баталгаажуулалт, аудит, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тохирлын үнэлгээний байгууллага болно” гэж,

Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 6-1/6657 дугаар албан бичгээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг захиалагчаас авах хүсэлтийг гаргах эрхтэй. Энэхүү хүсэлтийн дагуу захиалагчаас гаргаж буй тодруулга, нэмэлт мэдээлэл нь тендерийн баримт бичгийн ойлгомжгүй байгаа асуудлыг тодруулах, тендерт оролцогчдод нэмэлт мэдээлэл өгөх зорилготой ба тендерийн баримт бичгийн утга агуулга, түүнд тавигдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүй” гэж тус тус нотлох баримтаар ирүүлснийг хариуцагчийн хариу тайлбар, хэргийн бусад оролцогчдын тайлбар зэрэгтэй харьцуулан “өрсөлдөөнийг хязгаарлаагүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж үзлээ.

28. Түүнчлэн Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35.4. “Чанарын үнэлгээг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ” гээд 35.4.2. “Эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий байгууллагын гэрчилгээтэй бол (SRA) Тухайн багцын: 0≤ 50 %-0 оноо,  50≤60 %-1 оноо, 60≤70 %-2 оноо, 70≤80 %-3 оноо, 80≤ 90 %-4 оноо, 90 ≤100 %-5 оноо гэж заасан байх ба энэхүү заалтыг захиалагч нь тендерийн баримт бичгээ боловсруулахдаа тэр чигт нь ишилснийг шууд буруутгах үндэслэлгүй, энэ талаар “тус үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг захиалагч өөрчлөх боломжгүй, энэ асуудлаар Сангийн яаманд хандах нь зүйтэй” гэх хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын маргаан бүхий шийдвэрээр өгсөн хариу үндэслэлтэй байна.

29. Нэхэмжлэгч нь “...тендерийн баримт бичгийн багц 1, багц 2-т заасан эмтэй стент гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ “эмийн бүрхүүлтэй” гэж ерөнхий заасан тодруулга хүсэхэд тодорхой хариу өгөхөөс зайлсхийж байгаа нь өмнөх жилүүдийнх шиг АНУ болон Европт хэрэглэх зөвшөөрөл олгохоо байсан “sirolimus” эмийн бүрхүүлтэй стент санал болгосон тодорхой нэртэй компанийг шалгаруулах зорилготой...” гэх гомдлыг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “...захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ хуулиар хориглосон буюу хязгаарласан байдлаар эмтэй стентийн нэр, төрөл, үйлдвэрлэгч зэрэг тухайлсан шаардлага тавиагүй, тухайн барааны зориулалтад үндэслэж бэлтгэсэн нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжгүй, тендерийн баримт бичгийн багц 1, багц 2-т заасан техникийн тодорхойлолтод заасан уртын хэмжээнүүд нь эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг бүх л компаниудын нийлүүлэх боломжтой хэмжээснүүд бөгөөд сонголттойгоор оруулсан нь өрсөлдөх боломжийг олгосон...” гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэж байна.

30. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19. “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” гэж хуульчилсны дагуу захиалагчаас тендерийн баримт бичгийг боловсруулахдаа “1 ба 2 дугаар багцад орсон эмтэй стентийн техникийн тодорхойлолтод стентийн диаметр, уртын хэмжээ, стентийн үндсэн бүтэц, стентийн ханын зузаан зэргийг тодорхой заасан, эмтэй стент үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг стентүүдийн уртын хэмжээсний бүх сонголтыг оруулж” гэж үзсэн нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1. “тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж заасанд нийцсэн, мөн хуулийн 11.1.3. “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэж  заасныг зөрчөөгүй байна.

31. Нэхэмжлэгч нь тендерт оролцогчийн хувьд “нэг компанид зориулсан”, “өрсөлдөөнийг хязгаарласан” гэх агуулгаар гомдол гаргасныг шүүх дээрх хуульд заасныг зөрчсөн буюу хуульд заасан агуулгаар гомдол гаргаагүй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай, үүгээрээ хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын маргаан бүхий шийдвэр болох мөн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчийн “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим” зөрчигдөөгүй гэх шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж нэгтгэн дүгнэлээ.

32. Шүүхийн зүгээс анх үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү дүгнэснээрээ сүүлд үүссэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар харьяалал тогтоон тухайн хэрэгт нэмэгдсэн нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Шүүхийг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж зохицуулсны дагуу шийдвэрлэсэн, үүгээрээ хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгчийн маргаан бүхий асуудлаар урьд гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэх үндэслэлийг үгүйсгэж,

33. Харин “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор тодорхойлох хэсгийн 8 дахь хэсгийн 8.1-ээс 8.6-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3. “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

34. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж зааснаар тендерийг зохион байгуулах тухай бүр тухайн тендерт тохирсон тендерийн баримт бичгийг захиалагчаас баталдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргасан “Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах УГТЭ201902 дугаар нээлттэй тендер” зохион байгуулагдаж хэрэгжиж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч уг тендерийн баримт бичгийг худалдан авч, зарим нэг багцад шалгарсан үйл баримт нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлтэй агуулгын хувьд зөрчилтэй, хууль бус байсан болохыг тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ тендерийн тухайд нэхэмжлэгч “С” ХХК-д үүсэхгүй байна.

35. Нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэсний дагуу шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 55 дугаар зүйлийн 55.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “хамтран ажиллах гэрээ буюу гадаадын үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ” шаардсан хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1(а)-д “шаардлагатай тохиолдолд дотоод болон гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсний “гадаадын харилцагчдаас тодруулга авна” гэсэн хэсгийг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д “олон улсын чанарын ISO, CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэсний “CE, TUV стандартыг хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ ирүүлнэ” гэж шаардсан хэсгийг, Захиалагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №101 дугаар тодруулгын 5-д заасан “ISO, CE стандартын шаардлага хангасан байх нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 35.4.2-д заасан шаардлагад хамаарна” гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 1, Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “2-3 дугаар эгнээний стент байх” гэсэн хэсгийг, Тендерийн баримт бичгийн Багц 2-т заасан “эмтэй стент” гэсэн эмнэлгийн хэрэгслийн техникийн тодорхойлолт хэсэг дэх “стентийн уртын хэмжээ 48 мм сонголттой” гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тендерийн баримт бичгийг хянасан тухай” 1/305 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН