| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0094/З |
| Дугаар | 221/МА20250690 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА20250690
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Нэхэмжлэгч: Г.Х
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаал, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай ажлыг тус тус зохион байгуулах тухай” А/577 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 128/2025/0094/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа:
1.1. Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад тус тус холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаал, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг хүчингүй болгх тухай ажлыг тус тус зохион байгуулах тухай” А/577 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 30 дугаар зүйлийн 30.5-д тус тус заасныг баримтлан Г.Хгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудаас Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5 дахь хэсэгт “Гэтэл хариуцагчаас Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй талаар маргаан бүхий актад дурдаагүй, шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, хуульд үндэслээгүй байна” гэжээ.
3.2. Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Хот байгуулалтын баримт бичиг нь дараахь зүйлээс бүрдэнэ" гээд 11.1.4-т "хот, тосгоны хөгжлийн ерөнхий телевлегее", 11.1.9-д "хот, суурин газрыг дахин хегжүүлэх төсөл", 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт "Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө" гээд 12.6.1-д "гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх” гэсний дагуу нэхэмжлэгчийн газар Сэлбэ дэд төвийн барилгажилтын төслийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах зорилгоор барилгын зориулалтыг өөрчлүүлэх шаардлагатай гэж үзэж үйлчилгээтэй орон сууцны барилгын бичиг баримтыг цуцалж шийдвэрлэсэн.
Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасан "цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол" заалтыг баримтлан А/577 дугаар захирамжид зааснаар хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Маргаан бүхий Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй тухайд:
4.1.1. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/577 дугаар захирамжийг үндэслэн Сэлбэ дэд төвийн хил зааг доторх газар дээр олгогдсон 11 хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зэргийг тус тус цуцлахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын хавсралтаар нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн 14-р хороонд байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай газрын төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг тус тус цуцалсан хуулийн хэм хэмжээнүүд нь барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах эрх хэмжээг шууд агуулсан зохицуулалтууд биш болно.
Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т "хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй", 27.3.2-т "зураг төсөлд магадлал хийгдээгүй", 27.3.3-т "энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон" гэж тус тус зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заажээ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газартаа төсөл хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллагаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, барилгын загвар зураг болон түүнд холбогдох техник нөхцөлүүдийг авсан бөгөөд тухайн тохиолдолд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Сэлбэ дэд төв" орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах барилгажилтын төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь барилгажих талбайд 9 хүртэлх давхар бүхий орчны тохижилттой, үйлчилгээтэй орон сууц, худалдаа үйлчилгээний барилга, сургууль цэцэрлэг нийгмийн үйлчилгээний барилгажилттай байхаар төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй барилгын төсөлтэй нийцэхээр байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь орон сууцны барилгын төслийн ажлын хүрээнд зоорьтой, 1-2 давхар үйлчилгээ, цэцэрлэг бүхий 9 давхар хүртэлх орон сууцны барилга барихаар төлөвлөсөн байх тул Барилгын тухай хуулийн 27.3.1-д заасан хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс тухайн асуудалд "Үндэслэх" хэсгийн 2.4 дэх хэсэгт "Гэтэл хариуцагчаас Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан "хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй" гэж маргаж буй хэдий ч тухайлан ямар баримт бичигт заасан шаардлага хангаагүй талаар маргаан бүхий актад дурдаагүй, шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, хуульд үндэслээгүй байна" гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэсний 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж зааснаас үзвэл, захиргааны байгууллагаас захиргааны актыг бичгээр гаргахдаа актын хууль зүйн үндэслэл хэсэгт захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлийг заах шаардлагатай байна.
Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах хууль зүйн үндэслэл болох Барилгын тухай хуулийг үндэслээгүй бөгөөд хуульд заасан цуцлах, хүчингүй болгох үндэслэл бий болоогүй байхад ийнхүү нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалсан нь хуульд үндэслэх зарчим нийцэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс "Үндэслэх" хэсгийн 2.8 дахь хэсэгт "Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа гагцхүү хуульд үндэслэх ёстой атал, зохион байгуулалтын шинжтэй Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн, мөн цуцлах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй нь хуульд нийцэхгүй байна" гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
4.1.2. Хуулиар хариуцагчид маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх хэмжээ олгогдоогүй тухайд:
Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-т "Энэ хуулийн 27.1.2- т заасан байгууллага ... архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно" гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2-т "энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж заасан. Эндээс үзвэл, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах, хүчингүй болгох эрхтэй байна. Харин Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хуулиар барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй буюу хариуцагч нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд тус тус нийцэхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.3-т "Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэж зааснаас үзвэл, захиргааны байгууллагаас захиргааны актыг бичгээр гаргахдаа актын хууль зүйн үндэслэл хэсэгт захиргааны актыг гаргах эрх олгосон хууль зүйл, заалтыг тодорхой заасан байх шаардлагатай.
Энэ талаар анхан шатны шүүхээс "Үндэслэх" хэсгийн 2.8 дахь хэсэгт "Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа гагцхүү хуульд үндэслэх ёстой атал, зохион байгуулалтын шинжтэй Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн, мөн цуцлах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй нь хуульд нийцэхгүй байна" гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн болно.
4.1.3. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна", 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж тус тус зааснаар хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон болно.
4.2. Гомдолд "... тушаалыг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/577 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт гэснийг үндэслэн боловсруулсан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж үзэж байна" гэсэн нь үндэслэлгүй тухайд:
4.2.1. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/577 дугаар захирамжийг үндэслэсэн нь барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй бөгөөд хариуцагчид хуулиар хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй байхад шийдвэрлэсэн нь хууль бус болно. Мөн тус захирамж нь Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Сэлбэ дэд төвийн төсөл"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан байна. Энэхүү төсөл бидний хэрэгжүүлж буй 9 хүртэлх давхар орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төвийн төсөлтэй нийцнэ гэж үзэж байна.
Тодруулбал, “Сэлбэ дэд төв" орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах барилгажилтын төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс харвал, барилгажих талбайд 9 хүртэлх давхар бүхий орчны тохижилттой, үйлчилгээтэй орон сууц, худалдаа үйлчилгээний барилга, сургууль цэцэрлэг нийгмийн үйлчилгээний барилгажилттай байхаар төлөвлөсөн нь манай хэрэгжүүлж буй барилгын төсөлдөө яг цав нийцэж байгаа тул тус хоёр төслийг нэгтгэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад хуульд заасан үндэслэл бий болоогүй атал ийнхүү шийдвэр гаргаж буй нь хуульд үл нийцнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь барилгын төслөө хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан авч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын загвар зургийг тус тус батлуулан авсан. Үүний дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "Сэлбэ дэд төв төсөл" нь батлагдсан байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах учиртай. Энэ талаар анхан шатны шүүхээс "Үндэслэх" хэсгийн 2.6 дахь хэсэгт “Мөн цуцлах үндэслэл болсон гэх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамж, түүний хувийн хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/878 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлуулсан "Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах барилгажилтын төсөл" зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь дээрх захирамж, тогтоолуудаас өмнө 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна" гэж мөн 2.7 дахь хэсэгт “Энэ тохиолдолд итгэл хамгаалах зарчим зайлшгүй үйлчлэх ёстой бөгөөд сүүлд гарсан эрх зүйн актуудыг үндэслэж нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан нь хуульд нийцэхгүй" гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн болно.
4.2.2. Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1-д заасныг баримтлан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд:
Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно" гэсэн нь захиргааны актыг цуцлах ерөнхий зохицуулалт тул уг хуулийн 49.3, 49.4-т заасан нарийвчилсан зохицуулалтын аль нь хамаарч байгааг мөн дурдах ёстой. Гэтэл хариуцагчийн хувьд маргаан бүхий актад хууль зүйн болоод бодит байдлын хувьд ямар үндэслэлээр цуцалж байгаагаа дурдаагүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 49.3, 49.4 дэх заалтын алийг ч баримтлаагүй. Учир нь нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь хууль болоод холбогдох журмын дагуу авсан хууль ёсны зөвшөөрөл бөгөөд ямар ч байдлаар буюу хууль зүйн болоод бодит байдлын хувьд цуцлах үндэслэл байхгүй юм.
Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хуулиар барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцлах эрх хэмжээ олгогдоогүй мөн хуульд заасан хүчингүй болгох үндэслэл бий болоогүй бөгөөд захиргааны актад хууль зүйн үндэслэлийг заагаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны байх шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Х-ээс анх Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилгын үе шатны зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах тухай” А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч Г.Х нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын 18643315208919, 18643315212942, 18613315193916, 18643315189922 дугаартай газартаа үйлчилгээний орон сууц барихаар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр МЗХ2023/01-013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр загвар зургийг тус тус батлуулсан боловч нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамжаар Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг тус тус цуцалжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийвэл:
4.1. Хариуцагчаас “нэхэмжлэгчийн газар Сэлбэ дэд төвийн барилгажилтын төслийн төлөвлөлтөөр Худалдаа, үйлчилгээний бүсэд хамаарч байх тул Хот байгуулалтын тухай хуульд зааснаар орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршлын уялдаа холбоог хангах зорилгоор барилгын бичиг баримтыг цуцалж шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:
4.1.1.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27.”"загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг;” 30 дугаар зүйлийн 30.5.”Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж заасныг нэхэмжлэгчийн хувьд зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.1.2.Түүнчлэн хариуцагчаас Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дүгээр тушаалыг гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт "Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийн трасст өртсөн хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, Загвар зураг батлах, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосныг үндэслэн гаргасан нь хуульд нийцсэн гэжээ.
4.1.3.Харин Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хот байгуулалтын баримт бичиг" гэж нутаг дэвсгэр, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг, түүний суурь судалгааг" ойлгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын загвар зургийг тус тус батлуулсан.
4.1.4. Маргаан бүхий актад дурдсан "Сэлбэ дэд төв төсөл" нь үүний дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 2.6 дахь хэсэгт “... Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамж, түүний хувийн хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/878 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлуулсан "Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах барилгажилтын төсөл" зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь дээрх захирамж, тогтоолуудаас өмнө 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна" гэж мөн 2.7 дахь хэсэгт “Энэ тохиолдолд итгэл хамгаалах зарчим зайлшгүй үйлчлэх ёстой бөгөөд сүүлд гарсан эрх зүйн актуудыг үндэслэж нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан нь хуульд нийцэхгүй" гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
4.1.5.Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 49.3.1 дэх заалтад нийцсэн гэж тайлбарлах боловч уг харилцааг нарийвчилсан зохицуулалтын буюу Барилгын тухай хуулийн зохицуулалтад хэрхэн хамаарч байгааг заагаагүй.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
4.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд.
4.2.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/577 дугаар захирамжаар Сэлбэ дэд төвийн хил, зааг доторх газар дээр олгосон хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг холбогдох этгээдүүдэд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
4.2.2.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд 35.1.3.барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
4.2.3. Үүнээс үзэхэд нийслэлийн Засаг дарга нь хүн, хуулийн этгээдийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд уг эрхийг хэрэгжүүлэхийг холбогдох этгээдүүдэд үүрэг болгож шийдвэрлэх боломжтой.
4.2.4. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын А/577 дугаар захирамж нь Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжих зорилтын хүрээнд иргэд, олон нийтэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Сэлбэ дэд төвийн төсөл"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан бөгөөд уг захирамж нэхэмжлэгчид нэрлэн зааж чиглээгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол уг захирамжаар шууд зөрчигдөөгүй. Харин нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх шатанд маргаан бүхий Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын гаргасан А/91 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН