Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч О.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хатигин овогт Оюунцэцэгийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201601000172 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт, Улаанбаатар хот  Сүхбаатар дүүрэг 13-р хороо, Рашаантын 6-331 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн Ард Аюушийн 25-231 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан Хатигин овогт Оюунцэцэгийн Тэмүүжин /РД: УЮ89033019/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч О.Тэмүүжин нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж ялтай байхдаа 2016 оны 5 дугаар сарын 15-нд хугацаа дуусч суллагдан, улмаар ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтад багтсан “Каннабис”/дельта 9 тетрагидроканнабинол/ гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал 20 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-231 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тэмүүжин мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сард ажил дээрээ хөлөө түлсэн тул чөлөө өгсөн. Тэгээд 9 дүгээр сарын 08-ны өдөр гадуур гараад орой гэртээ харих төлөвлөгөөтэй байсан. Тэгээд Жаргалант сум руу яваад өвс түүдэг газраа очоод олоогүй. Тэгээд замын хажуу талд хайгаад байсан нэг бут өвс байхаар нь хатсан хэсгээс нь авсан. Тэгээд Ариунболдын гэрт очоод хувцасаа аваад гарсан. Замдаа Мөнхбаяр гэж таньдаг дүүтэй таараад пиво хувааж уусан. Тэгээд тэр дүү дээ нөгөө өвсөө сонирхуулаад татаж үзүүлсэн. Тэр тамхи их өмхий үнэртэй байсан. Тэгтэл Мөнхбаяр та одоо боль гэж хэлсэн. Тэгээд гэр лүүгээ явсан ба замдаа нөгөө өвсөө хаях гэж байгаад мартаад гэртээ очсон байсан. Гэрт очиход ээж уурлаад гэрт оруулахгүй байсан. Шөнө 4 цагийн үед даараад гэртээ орж унтаж байтал цагдаа нар ирж үүргэвч онгойлгоход дотор нь нөгөө өвс байсан тул намайг саатуулсан” гэв.

             

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...Тэмүүжинг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамгийн анх би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч байж бариулж байсан. Хар тамхи татаад байсан учир энэ асуудал нь Эрүүгийн цагдаагийн газарт шилжин ирээд Тэмүүжин цагдан хоригдож, хэрэг нь шүүхээр ороод 6 сарын баривчлах ял аваад 2016 оны 5 дугаар сард хугацаа нь дуусаад гарч ирсэн. Шоронгоос гараад ирэхэд нь би хөөцөлдөж байгаад Төрийн банкинд хамгаалагчаар ажилд оруулж өгсөн боловч 45 хоног яваад л би ийм ажил хийхгүй, хүн хараад зүгээр зогсож байж чадахгүй гээд ажлаасаа гарчихсан. Гэрт зүгээр сууж байхаар ажил хийгээч гэхээр зүгээр сууж байгаад мөнгө олдог арга байдаг шүү дээ гэж хэлэхээр нь яаж зүгээр байж мөнгө олдог юм бол, нөгөө өвсөө түүж зардаг юм биш байгаа гэж бодсон. Би л энэ хүүхдийг тэжээж, хувцас гутал, идэх уух юмыг нь бэлдэж өгч байна. Ингээд 8 дугаар сараас эхлээд нөгөө өвс гэж хар тамхиа татаад, манарч эхэлсэн. Уг нь бол анх 5 дугаар сард шоронгоос гарч ирэхдээ царай зүс орчихсон, нүүрээр нь гардаг юм арилаад нүд нь гэрэлтээд овоо хүн шиг болчихсон ирсэн. …Нэг өдөр би гэртээ ороод иртэл намайг ч танихгүй шахам, нүд нь гөлийгөөд сууж байхаар нь чи одоо буцаад юмаа хэрэглээд байгаа юм уу болиоч гэхэд чамд хамаагүй гээд өөдөөс хэрэлдсэн. 8 дугаар сарын 18-ны өдөр бид 2 хоорондоо хэрэлдээд надад бүр гар хүрч, миний гарыг мушгисан. …Үүнээс хойш хэд хоног гэртээ ирэхгүй байж байгаад баригдахаасаа 4-5 хоногийн өмнө нэг ирэхээр нь би чамайг цагдаад барьж өгнө, өргөдөл өгчихсөн шүү, битгий ирж бай гэхэд бас гараад зугтаасан. Ингээд 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн үед хаалга онгойлгоод ороод ирэхээр нь босоод хартал нүд нь эвгүй, ширүүн харцтай болсон, муухай үнэртүүлээд, харваас манарсан, мансуурсан шинжтэй байхаар нь чи ямар учиртай хүн бэ, харанхуй шөнөөр элэг барьж байгаа юм шиг гэтэж орж ирээд дээрээс нь нөгөө юмаа хэрэглэчихсэн байна, би чамайг цагдаад барьж өглөө шүү гэхэд орон дээр хэвтээд өгсөн. Би 00 орж бие засах гэж гараад утсаараа Баянгол дүүргийн цагдаа руу яриад дуудлага өгч бариулсан. Цагдаа нарыг ирэхэд Тэмүүжингийн үүргэвчнээс ууттай өвс гарч ирсэн... Энэ нөхрийг шоронд нь явуулмаар байна. Ерөөсөө үгэнд орохгүй, намайг хүн гэж үзэхгүй, муухай ааш гаргаад, сүүлдээ гар хүрдэг болж байна...” гэжээ. /хх 17, 18 хуудас/

           

            Гэрч М.Ариунболд мэдүүлэхдээ: “...Би Тэмүүжингийн багын танил нь. …Тэмүүжингийн ээж нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст бичээч хийдэг байсан, нилээн ширүүн ааштай, дэг журамтай, хатуу зарчимч эмэгтэй байдаг.

            …Тэмүүжин ээжтэйгээ дандаа хэрэлдээд, таарахгүй байна, муудалцлаа, гэрээс хөөлөө гээд л явж байдаг, юунаас болоод тэгээд байдгийг нь мэдэхгүй юм. Тэмүүжин энэ хэрэгт холбогдохоос 1 жилийн өмнө мөн өвсний хэргээр ял шийтгэгдсэн. Шоронгоос гарч ирээд их л засарсан, томоожсон, мансууруулах бодис огт хэрэглэхгүй гэж хэлж байсан. …2016 оны 9 дүгээр сарын 08 ны өдөр шиг санагдаж байна, баригдахаасаа өмнөхөн …намайг сонирхож үзэх үү гээд өвсөө гаргаад ирэхээр нь за за би ч болих уу даа гээд хэрэглээгүй. Тэгээд би Тэмүүжингээс чи энэ өвсөө хаанаас олж аваад байдаг юм бэ гэхэд би өнөөдөр түүгээд ирлээ. Гэхдээ би хэрэглэхгүй байя гэж бодож байсан боловч нэг удаа ямар байх нь уу үзье гэж бодлоо гэж хэлсэн. Тэмүүжин 2012 оноос хойш л өвсний тухай үе үе яриад амнаас нь ийм яриа гарах гээд байдаг болчихсон байсан. Би Тэмүүжинг өвс хэрэглээд байгаа юм биш биз дээ дэмий зүйл шүү, больсон нь дээр гэхэд тийм ээ би мэдэж байгаа, ойлгосон, ухаарсан гэж л хэлдэг байсан. Ингээд тэр өдөр надаас салаад Мөөгий гээд 10-р хороололд байдаг хуурай дүүтэйгээ уулзана гээд орой цагийг нь нарийн санахгүй байна манай гэрээс гараад явсан. Гэтэл маргааш байна уу нөгөөдөр нь цагдаа нарт баригдаад хоригдсон гэж сонссон...” гэжээ. /хх 19-20 хуудас/

 

            Гэрч С.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...Би одоогоос 1 жил орчмын өмнө Тэмүүжин ахтай дуу бичлэгийн ажлаар явж байгаад танилцаж байсан. Монтана гэж хүмүүс дууддаг, ая зохиодог, дажгүй ах шиг байдаг. Хамгийн сүүлд 2016 оны 9 сарын эхээр уулзаж, ойр зуурын юм яриад, том пиво хувааж уугаад салсан. Өөрийнх нь ярианаас өвс хэрэглэдэг юмуу гэж таамаглаж байсан. Миний хажууд 1 удаа хэрэглэж байсан нь хамгийн сүүлд уулзсан өдөр. Намайг сонирхох уу гэхээр нь би үгүй гээд татгалзсан. Учир нь их муухай үнэртэй, дотор муухайрмаар санагдсан. Монтана ахыг хэнтэй, хаанаас олж аваад хэрэглэдгийг мэдэхгүй байна. Уг нь надад хэлж байснаар сүүлд шоронгоос гарч ирээд их юм ойлгосон, эхнэр, хүүхдээ олж нийлээд амьдралаа бодож дахиж өвс хэрэглэхгүй гэж байсан. Харин хамгийн сүүлд надтай уулзахдаа татсан өвсөө өөрөө түүж ирсэн, хаядаг юм билүү гэж байсан...” гэжээ. /хх 21 хуудас/    

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 7961 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн “иргэн О.Тэмүүжингийн 70 грамм шээсэнд хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн эсэх талаарх Mulmi drug screen test cup гэсэн бичигтэй тестээр шалгаж үзэхэд ногоон өнгө эхний зураас тод хоёр дох нь бүдэг, улбар шар өнгө эхний зураас тод хоёр дахь зураас нь бүдэг, хөх өнгө нь хоёр зураас хоёулаа тод, ягаан өнгө хоёр зураас хоёулаа тод, цэнхэр өнгө нэг зураас тод цагаан өнгө хоосон зураас тус тус тестний шалгах хэсэгт илэрснийг тэмдэглэлд оруулав” гэж хаягласан хуванцар савтай шээс нь асгарсан байдалтай 30 мл байсан ба шинжилгээнд тэнцэхгүй. .2 Шинжилгээнд ирүүлсэн “Дээж №1 2 грамм” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 2,2485 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилээнд ирүүлсэн “Дээж №1 2 грамм” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. 4. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх 26-27 хуудас/

                         Шинжээчийн 7961 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 28 хуудас/

                         Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 12 хуудас/

             Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13 хуудас/        

            Шүүгдэгч О.Тэмүүжингийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 31-33 хуудас/

            Шүүгдэгч О.Тэмүүжингийн   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54, 71 хуудас/

            Шүүгдэгч О.Тэмүүжингийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 хуудас/

            Банкны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 80 хуудас/

                        Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээний талаархи тайлбар” /хх 114-117 хуудас/

            Шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-61, 62-64 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

                        Шүүгдэгч О.Тэмүүжин нь ялтай байдал дуусаагүй байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтад багтсан “Каннабис”/дельта 9 тетрагидроканнабинол/ гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал 20 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-231 тоот гэртээ хадгалсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч  Ц.Оюунцэцэг /хх 17,18/, М.Ариунболд /хх 19-20/, гэрч С.Мөнхбаяр /хх 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 7961  дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27, 28/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 12/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13/, шүүгдэгч О.Тэмүүжингийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 31-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54, 71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх  55/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээний талаархи тайлбар” /хх 114-117/, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх 142-143/, шийтгэх тогтоол /хх 58-61, 62-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

            Иймд шүүгдэгч О.Тэмүүжинг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий өвсийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

            Шүүгдэгч О.Тэмүүжинг ялтай байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 19 грамм жинтэй “Каннабис” өвсийг устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох, бусдад төлөх төлбөргүй, зэргийг тус тус дурдлаа.    

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч О.Тэмүүжин нь Каннабинойдын шалтгаант хараат байдлын хам шинжтэй эмгэгтэй байх тул эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч уг дүгнэлтэд “О.Тэмүүжинд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатигин овгийн Оюунцэцэгийн Тэмүүжин нь ялтай байхдаа мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Хатигин овгийн Оюунцэцэгийн Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Тэмүүжинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч О.Тэмүүжингийн цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 грамм жинтэй “Каннабис” өвсийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Тэмүүжингийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч О.Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ