Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1171

 

 

 

 

 

 

 2023         09          08                                       2023/ШЦТ/1171

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч М.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******д холбогдох 2306 00000 2594 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын механик мэргэжилтэй, “ТТСТ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, Сургуулийн 4 дүгээр баг, 12 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Мгийн Т/РД:/.

Хэргийн товч агуулга:     

М.Тнь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санан дурсахуй” баарны гадаа хохирогч М.Одхүүтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, дээд уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Төгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Тнь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санан дурсахуй” баарны гадаа хохирогч М.Одхүүтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, дээд уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Одхүүгийн өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санан дурсахуй” баарнаас дүү Алтан-Өлзий, Эрдэнэ-Очир нарын хамт гарч яваад “Баясах трейд” дэлгүүрийн гадаа зогсож байсан 25 орчим насны 2 эрэгтэй байхаар нь тамхи асуухад ямар нэг шалтгаангүйгээр намайг цохиж нэг мэдэхэд цус болж би балмагдсан байдалтай зогсож байсан. Би тухайн хүнийг танихгүй, урьд харж байгаагүй. Намайг цохисон эрэгтэй нь 25 орчим насны170 орчим өндөртэй, цэнхэр ноосон цахилгаантай цамц, саарал өнгийн даавуун өмссөн байсан. Тухайн үед зодуулснаас болж миний хамар хугарч, дээд уруулын доод хэсэгт сэтэрч 5 оёдол тавиулсан, үүдэн дээд талын 1 шүд хугарсан гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтан-Өлзийн өгсөн: “... Тухайн үед би баарны ариун цэврийн өрөө орчхоод баарны гадаа гарах үед Одхүү ахыг 26 орчим насны эрэгтэй хүн зодсон байсан. Тэгээд би яаж байгаа юм гээд тухайн залууг хөөж гуйх явцад тухайн Одхүү ахыг зодсон эрэгтэй дүү Эрдэнэ-Очрыг цохиж нүдний шилийг нь хагалсан. Тэгээд би тухайн залууг барьж аваад зууралдаад зогсож байхад хамт явж байсан 27 орчим насны 170 орчим см өндөртэй, тарган залуу намайг цохихоор нь би Одхүү ахыг зодсон залуугийн нүүрэн хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тухайн эрэгтэй зөрүүлээд миний нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь тухайн хүмүүс цагдаагаар яах юм бэ учраа ольё гээд бид нар замын нөгөө талд очиж Одхүү ахыг зодсон эрэгтэй дүү Эрдэнэ-Очрын нүдний шилийг хагалсан байсан тул шилний хохирол болох 100.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд тухайн хоёр эрэгтэй Одхүү ахыг эмчлүүлнэ гээд Гэмтлийн эмнэлэг явахаар болж Одхүү ах эхнэрийгээ дуудсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Болороогийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10694 дугаартай:

1. М.Одхүүгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, дээд уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.17-18/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.01-02/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******н яллагдагчаар өгсөн: “... би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх.43/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.50/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.51/,

Хохирол төлсөн тухай баримт /хх.52/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Тнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Одхүү хохиролд 850.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.*******г энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

М.*******н хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. З овгийн Мгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч М.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Тнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.250.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Одхүү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР