Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, А 9-23 тоотод оршин суух, Э.Ш /РД:........../-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д аймгийн Г сумын ...-р баг, Ч гэх газар нутаглах, Л.Э /РД:........../-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ш, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Этэй 2014 оны 8 сард гэр бүл болоод 2015 онд охин Э.Быг төрүүлсэн. Л.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүнд зарагдаж олсон мөнгөөрөө архи ууж, агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2016 оны 4 сард би гэрээ аймгийн төв рүү нүүлгэж бид тусдаа амьдрахаар болсон. Тусдаа амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд миний охин Э.Быг өөрийн асрамжид үлдээж, эцэг Л.Эгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Шийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би сумандаа эхийнхээ хамт амьдардаг. Би 3 жилийн өмнө эхнэрээсээ салж тусдаа амьдарсан бөгөөд одоо хүүхдийн мөнгө төлөх болоод байна. Миний хувьд тоолуулсан малгүй, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа орлогын эх үүсвэртэй болсны дараа хүүхэддээ тусад нь дэвтэр нээж мөнгийг хийж байх саналтай байна гэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ш нь хариуцагч Л.Эгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Э.Ш, Л.Э нар нь гэр бүлийн харилцаатай хамтдаа амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2015.05.02-ны өдөр охин Э.Б төрсөн болох нь 4801000133 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид нь гэр бүлийн баталгаагүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Э.Б нь эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан 2015.5.2-ны өдөр төрсөн охин Э.Бд эцэг Л.Эгээс тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,492 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр охин Э.Б /РД:........../-ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Э-р тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,492 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ГАНЧИМЭГ