Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын ...-р баг, Б-... -р гудамжны .. тоотод оршин суух, Ө.А /РД:........../-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А нь 1964 онд төрсөн, 56 нас хүрч байгаа. 1983 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 08 тоот Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжаар тооцооны кассын сахиулаар томилогдон улмаар 17 жил тасралтгүй сахиул, тооцооны төвийн няраваар ажиллаж байгаад 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн банкны захирлын 26 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр гал түймрийн улмаас үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтыг үндэслэн 1983 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ө.Агийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Ө.А нь 1983 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тооцооны төвд сахиулаар, мөн 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны Дэлгэрхангай сумын салбарын няраваар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08/07 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай захирамж /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай захирамж /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай захирамж /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай захирамж /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тушаал, хавсралтын хамт /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны захирлын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай тушаал /хэргийн 10-р хуудас/

- Дундговь аймгийн онцгой байдлын газар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 25/13 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/

- Гэрч Ж.Зовдын “...Ө.А нь 1983 оноос 2000 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тооцооны кассанд сахиулаар анх ажиллаж байсан. 1987 онд Тооцооны төв нэртэй болсон. Түүний дараа няраваар ажилласан. Тэгээд 2000 онд гарсан. Тэгэхэд би 1985 онд тооцооны кассанд нягтлангаар ороод 1987 оноос тус газрын эрхлэгчээр 2009 оныг хүртэл ажилласан учраас Ө.Аг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/

- Гэрч Б.Батсүхийн “...Ө.А нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тооцооны кассанд сахиул, няраваар 1983 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал ажилласан. Ө.Атай нэг сумын хүмүүс, нэг системд ажиллаж байсан учраас сайн мэднэ...”  гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/

- Гэрч Н.Энхжаргалын “...Ө.А нь 1983 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тооцооны кассанд сахиул, няраваар 1991 он хүртэл ажилласан. 1991 оноос банк 2 шатлалтай болж Хөдөө аж ахуйн банк 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан. Тэр үед Амгалан нь няраваар тус тооцооны кассанд ажиллаж байсан. Би аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны орлогч нягтлан бодогчоос ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Аг 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тооцооны төвд сахиулаар, мөн 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоолол банкны Дэлгэрхангай сумын салбарын няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ