Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын ...-р баг, Б-...-р гудамжны ... тоотод оршин суух, С.Л /РД:........../-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д аймгийн С сумын ...-р баг, Б-...-р гудамжны ... тоотод оршин суух, Т.А /РД:........../-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Л, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Атэй 2010 онд танилцан улмаар нэг гэрт амьдрах болсон бөгөөд 2012 оныг хүртэл хамт амьдарсан. 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Л.М төрсөн. Гэтэл нөхөр Т.А нь хүүхдээ төрснөөс хойш удалгүй явсан бөгөөд өөр хүнтэй гэр бүл болсон байсан. Одоо Т.А өөрийн төрсөн хүү Л.Мг огт харж ханддаггүй. Иймд 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Л.Мд эцэг Т.Агээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Т.А шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Л бид хоёр 2010 онд танилцан 2011 оноос нэг гэрт амьдарч эхэлсэн. Бид 1 жил орчим хамт амьдарсан. Хүү Л.М 2012 онд төрсний дараа С.Л хүүгээ аваад өөрийнхөө эцэг эх дээрээ очиж амьдрах болсон. Би тухайн үед мужааны ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. С.Л намайг амьдрал ахуй дорой гэж үл ойшоож, үл хүндэтгэдэг байсан. Би чадах чинээгээрээ ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явахыг чармайдаг байсан боловч ойр тойрны хүмүүс ойлгодоггүй, ажил хийж байгаад хааяа оройтож харихад хаалгаа тавихгүй байх тохиолдол гарч байсан. Иймэрхүү үл ойлголцлоос болж таарамжгүй харьцаатай болсон. Үүнээс хойш би ганц бие амьдарч байгаад 4 жилийн өмнөөс гэр бүлтэй болсон. Одоо ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна. Би 2019 оны 6 дугаар сард гараа бэртээснээс болж одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Мөн манай эхнэр маань тогтмол ажил эрхэлдэггүй. Бид өрхийн тогтмол орлогогүй, 3-13 насны 3 хүүхэд сургууль, цэцэрлэгт явдаг. Амьжиргааны түвшин доогуур өрх. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухайд миний бие хүүхдийн тэтгэлэг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй, ажил хөдөлмөр огт эрхэлдэггүй байдлыг харгалзан үзнэ үү.

Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоосон тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт “тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлэгийн хэмжээг багасгаж болно” гэж заасанчлан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг багасган тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                                       

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Т.Ад холбогдуулан холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргасан байна.

С.Л, Т.А нар нь гэр бүлийн харилцаатай хамтдаа амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2012.10.20-ны өдөр хүү Л.М төрсөн болох нь 005/000042 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид нь гэр бүлийн баталгаагүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тэдгээрийн хэн аль нь тусдаа амьдралтай болсон бөгөөд хүү Л.М нь эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан 2012.10.20-ны өдөр төрсөн хүү Л.Мд эцэг Т.Агээс тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,492 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч Т.А нь хүүхдийн тэтгэлэгийг төлөх санхүүгийн боломжгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, 3-13 насны 3 хүүхэдтэй гэж Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг багасгаж тогтоож өгөх талаар тайлбарласан ч хариуцагч Т.А нь хөдөлмөрийн чадвараа алдсан, түүний асрамжинд байгаа хүүхдүүд нь тэтгэлэг авагчаас бага орлоготой гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Л.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Агээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Лоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Т.Агээс 31,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ