Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, Д гэх газарт нутаглах, Ч.С /РД:ЗИ67020301/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, одоо 50 нас хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. 1987 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд тооцооны нягтлан бодогчоор 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажилд орсон. Тус төвд 1992 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 4 жил 8 сар ажилласан. Энэ ажилласан жилийг тогтоож өгнө үү, тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч улсын архивт тушаал болох нотлох баримт байхгүй бөгөөд тухайн байгууллагын архивын бичиг баримт устаж үгүй болсон тул ажилласан жилийг шүүхээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ч.Сд 1985 онд Санхүү эдийн засгийн техникумоос олгосон хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч түүнийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал нь архивт хадгалагдаагүй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Ч.С нь 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Ч.Сд 1985.08.20-ны өдөр Санхүү эдийн засгийн техникумоос олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/18 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

- Ч.Сд 1986.06.03-ны өдөр олгосон 619773 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх хуулбар /хэргийн 6-р хуудас/

-БНМАУ-ын Сангийн яамны харъяа Улаанбаатар хот дахь хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт санхүү эдийн засгийн техникумоос олгосон 9794 дугаартай дипломын хуулбар, фото зураг /хэргийн 7-8-р хуудас/

- Гэрч Н.Алимаагийн “...Ч.С нь Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд 1987 оны зун анх очиж ажиллаж байсан. 1992 оныг дуустал нягтлангаар ажиллаж байсан. Би тухайн үед Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд 1982-1993 он хүртэл ах ахуйн няраваар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/

- Гэрч Д.Нямсүрэнгийн “...Ч.С бид хоёр Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд хамт ажиллаж байсан. Би 1985 оноос хойш 1995 он хүртэл оёдолчноор, Ч.С нь нягтлангаар 1987 оны 7 дугаар сараас 1992 оны 6 дугаар сар хүртэл ажилласан...”  гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/

- Гэрч Г.Цилаагийн “...Ч.С нь 1987 оноос 1992 оны 5 дугаар сарыг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд тооцооны нягтлангаар ажиллаж байсан. Би 1982-1993 он хүртэл тус үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Ч.Стай хамт ажиллаж байсан учраас мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Сыг 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний төвд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ