Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн Ө сумын ...-р баг, Д гэх газар нутаглах, Х.Ө /РД:........../-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. Улсад 34 жил ажилласан. Үүнээс 1986 оны 5 сарын 1-ээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдэлд заазны бог мал, 1986 оны 8 сарын 20-оос дулд жийгийн охин төлөг шүдлэн, 1988 оны 8 сарын сүүлээр 450 толгой бог мал авч маллаж байгаад малаа тараасан. Үүнээс хойш одоо хүртэл Өлзийт сумын 5 дугаар багт мал маллаж амьдарч байна. 1986 оны 5 сарын 1-ээс 1992 оны 12 сарын 31-ийг хүртэл Сайнцагаан сумын "Мандах" нэгдэлд мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Х.Өын хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн, тухайн үйл явдлыг нотлох баримтууд архивт хадгалагдаагүй тул уг ажиллаж байсан үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Х.Ө нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдэлд 1986 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/05 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

- Халтарын Өлзий-Оршиход 1995 оны 6 сарын 17-ны өдөр олгосон 185583 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-р хуудас/

- Гэрч Н.Дорждагвын‘’... Х.Ө нь сургуульд суугагүй, багаасаа хөдөө мал маллаж өссөн хүүхэд. Х.Ө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах 1986 оны 1990 он хүртэл хонь, хуц, ухна их малласан хүн. Би тухайн үед Сайнцагаан сумын “Мандах” нэгдэлд 1956 оноос нэгдэл тартал үхэрчин байсан. Сайнцагаан сумын "Мандах" нэгдэл 1991, 1992 оны үед компани болсон санаж байна...’’ гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/

- Гэрч Ц.Дамбын ‘’... Х.Өыг 1986 оноос хойш мэднэ, манайхтай айл саахалт байсан. 1986 онд манайх болон Өлзий-Орших эцгийн хамт Өндөршил сум руу нүүж оторлож байсан. Өлзий-Орших төлөг, шүдлэн маллаж байсан хүүхэд. Би Сайнцагаан сумын “Мандах” нэгдэлд 1967-1992 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Х.Өлзий-Оршин намайг мал маллаж байх хугацаанд "Мандах" нэгдлийн Үйзэн бригадад мал маллаж байсан нь үнэн....’’ гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/

- Гэрч С.Ичинхоролын ‘’... Х.Ө 1986 онд манай нутагт малчин байсан. Аавтайгаа хоёулаа байдаг байсан. Би тухайн үед Сайнцагаан сумын Мандах нэгдэл Үйзэн бригадад малчин байсан. Аавтайгаа хамт мал маллаад л нэг хонхорт байдаг байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/

- Гэрч Намжилын Дорждагвад Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-18-р хуудас/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдлийн Үйзэн бригадын 1983 оны цалингийн цэсний хүснэгт /хэргийн 28-36-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч Х.Ө нь 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй ч хэрэгт асуугдсан гэрч Намжилын Дорждагвын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1983.01-1992.12.31-ний өдрийг хүртэл бичилт байгааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.Өыг 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Өыг 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Мандах" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ