Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210

 

О.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч О.Ц,

хохирогч Ө.Энхбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр О.Цд холбогдох эрүүгийн 1906059922701 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ............ийн .........., 19......... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр ................ төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ухааны их сургуулийн ............... курсын оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б............ дүүргийн ............... дугаар хороо, 1............................ гудамжны 200 дугаар байрны 219 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У................./;

О.Ц нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар байрны 8 давхарт иргэн Ө.Энхбаясгалантай маргалдаж, улмаар заамдах, хана мөргүүлэх, унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                         

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Ө.Энхбаясгаланг Ч.Ариунтунгалаг утсаар залгаж “уулзмаар байна, ярих зүйл байна, хүрээд ирээч” гэж дуудаж ирүүлсэн гэх тул Ч.Ариунтунгалаг, Ө.Энхбаясгалан нарын холбогдсон утасны биллийг шалгаж нотлох баримтаар авах, зодоон болоход Д.Цолмонг оролцсон, зодоон цохионыг таслан зогсоох үйлдэл хийгээгүй гэх тул Д.Цолмонгийн үйлдэл, оролцоог хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг дахин авах замаар шалган тодруулах, хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын үзлэг тэмдэглэлийг үйлдэж, камер байгаа эсэхийг шалган тогтоох, зодоон болох үед тэр орцонд амьдрах нэг эмэгтэй гарч ирээд зодооныг зогсоох талаар шаардлага тавихад эсэргүүцсэн талаар хохирогч Ө.Энхбаясгалан мэдүүлж байх тул уул хүнийг олж, гэрчийн мэдүүлгийг авах зэрэг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хэрээд овгийн Оюунбилэгтийн Цолмонд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906059922701 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл, зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалт болох нь туйлын тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гарах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл хохирогч Ө.Энхбаясгаланг сошиалаар буруу мэдээлэл тараасан гэх асуудлыг тодруулах, ярилцах зорилгоор анх удаа дуудан уулзаж, улмаар О.Ц, Ө.Энхбаясгалан нар нь хоорондоо маргалдаж зууралдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.Энхбаясгалангийн мэдүүлэг /хх 15-16/, гэрч Ч.Ариунтунгалагийн мэдүүлэг /хх 18/, гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг /хх 19-20/ зэргээр тогтоогдсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэхдээ төсөөлөл, таамаглалд тулгуурлах бус харин хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх замаар гэм бурууг тогтоох нь зүйд нийцнэ. Хохирогч Ө.Энхбаясгалан, гэрч Ч.Ариунтунгалаг нарын хоорондоо утсаар ярьсан эсэх талаар хэргийн оролцогч талуудын хэн аль нь маргадаггүй бөгөөд утасны биллийг авч, хэрэгт хавсаргах нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх нотолгоо болохгүй юм. Түүнчлэн тухайн хэрэг учрал болсон цаг хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байх ба 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар буюу 4 сарын дараа хэргийн газарт нөхөн үзлэг хийж, улмаар камертай эсэхийг шалгаж тогтоох нь ач холбогдолгүй бөгөөд техникийн хувьд боломжгүй байна. Мөн зодоон болж байх цаг хугацаанд дээд давхраас шаардлага тавьсан гэх эмэгтэйг олж тогтоох боломжгүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон мөрдөгчийн тэмдэглэл зэргээс тодорхой харагддаг болохыг дурьдах нь зүйтэй. Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Ө.Энхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна. О.Ц гэх хүнээс гадна өөр хүмүүс байсан. О.Ц намайг дуудсан бол би гэрээсээ шөнийн 11 цагт гарахгүй байсан. Над руу Ч.Ариунтунгалаг залгасан. Цаана нь О.Ц байсан. Гэрч Ч.Ариунтунгалаг мэдүүлэхдээ намайг хүчээр яриулсан гэсэн байдаг. Уг хэргийг бүлэглэж үйлдсэн.” гэв.

 

Шүүгдэгч О.Ц “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Цд холбогдох эрүүгийн хэргийг “гэрч Ч.Ариунтунгалаг хохирогч Ө.Энхбаясгалан нарын холбогдсон утасны биллийг шалгаж нотлох баримтаар авах, зодоон болоход Д.Цолмонг оролцсон, зодоон цохионыг таслан зогсоох үйлдэл хийгээгүй гэх тул Д.Цолмонгийн үйлдэл, оролцоог хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг дахин авах замаар шалган тодруулах, хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын үзлэг тэмдэглэлийг үйлдэж, камер байгаа эсэхийг шалган тогтоох, зодоон болох үед тэр орцонд амьдрах нэг эмэгтэй гарч ирээд зодооныг зогсоох талаар шаардлага тавихад эсэргүүцсэн талаар хохирогч Ө.Энхбаясгалан мэдүүлж байх тул уул хүнийг олж, гэрчийн мэдүүлгийг авах” зэрэг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч О.Цгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

            Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, О.Цд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаартай захирамжийг хүчингүй болгож, О.Цд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч О.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ