Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/ШШ2025/0020

 

 

 

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

            Даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн 

            Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

                                                     шүүгч Д.Оюумаа       

            Нэхэмжлэгч өмгөөлөгч С.А*******

            Хариуцагч Монгол Улсын Засгийн газар

            Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар

            Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-т “...ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр” гэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын Санамж13“Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” гэж тус тус заасныг хүчингүй болгуулах.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, Д.М*******, иргэдийн төлөөлөгч Л.Б**** нар оролцов.

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам

              Хэргийн индекс: 221/2025/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч, өмгөөлөгч С.А******* 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-т “...ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр” гэснийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр” гэснийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчийн 2024 оны 221/ШЗ2024/2347, 221/ШЗ2024/2416 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШЗ2025/0129 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

            Нэхэмжлэгчээс 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох шаардлагаа “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын ... гэж заасан нь хууль бус байсан болохыг тогтоолгох” болгосныг шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШЗ2025/0540 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж,

            Үндсэн болон нэмэгдүүлсэн “Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “...ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр” гэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын Санамж 13 дахь хэсэг “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” гэж заасныг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын хүрээнд анхан шатны журмаар хэргийг хянав.

            2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

            “2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална гэж, мөн зүйлийн 22.4-д “Тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална гэж тус тус заасны дагуу Улсын Их хурлаас Засгийн газарт тэтгэвэр тогтоолгохтой холбоотой харилцааг журмаар зохицуулахаар эрх шилжүүлэн олгосон байна.

            Үүний дагуу Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-ыг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ыг тус тус баталсан.

            Засгийн газраас баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-т “Даатгуулаач өндөр насны тэтгэвэр тогтоолгоход доор дурдсан баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр гэж, Нийгмийн даатгалаас баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулаач (иргэн)- аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 6-д заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт бичгийг хянан хүлээн авна Үүнд: Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр гэж тус тус заасны дагуу иргэнээс өөрийнхөө ажиллаж буй байгууллага буюу ажлаас чөлөөлөгдсөн, гэрээгээ дуусгавар болгосон баримтыг шаардаж байна.

            Өөрөөр хэлбэл, хувийн өмчлөлийн байгууллагад хөдөлмөр эсхүл бусад гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтан хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх эдлэх нөхцөлөө хангаж, тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргахад заавал ажиллаж буй байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдөж байж тэтгэвэр тогтоолгох боломжтой байхаар журмаар зохицуулсан байна.

            Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж тус тус заасныг зөрчиж байна.

            Тодруулбал, Үндсэн хуулийн тус хэсэг агуулгын хувьд иргэн ажил мэргэжлээрээ чөлөөтэй ажиллаж, хүссэн үедээ эсхүл хуульд заасан нөхцөл бий болсон тохиолдолд ажлаасаа гардаг, гэрээ дуусгавар болдог, тэтгэвэр тогтоолгох нөхцөлөө хангасан тохиолдолд тэтгэвэр авах, бусдаар тэтгэвэр тогтоолгох үеэр ажлаас гарахыг шаарддаг агуулгыг зохицуулаагүй байна. Бусдаар хэн нэгэн хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд батлагдсан журмын дагуу тэтгэвэр тогтоолгохоор бол ажлаасаа гарахыг журмаар шаардах нь үндэслэлгүй.

            Мөн хуульд заасны дагуу эд, мөнгөний тусламж авах буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авахыг агуулгын хувьд хуульчилсан байна.

            Угтаа хуулиар тусгайлан эрх шилжүүлж буй тохиолдолд эрх шилжүүлэн авсан этгээдийн эрх нь зөвхөн шилжүүлсэн авсан эрхийн хүрээнд буюу тэр агуулга, хүрээгээр хязгаарлагдах бөгөөд зөвхөн тухайн хуулийн зорилгын хүрээнд байх ёстой. Учир нь хууль батлах эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах онцгой бүрэн эрх Үндсэн хуулиар олгогдсон.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3заасны дагуу Улсын Их хурлаас Засгийн газарт дараах байдлаар эрх шилжүүлэн олгосон байна. Үүнд:

            -Тэтгэвэр тогтоолгох,

            -тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт,

            -тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг тус тус батлахаар эрх шилжүүлсэн байна.

            Дээрхээс үзвэл тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт батлах эрх Засгийн газарт олгогдсон байна. Гэвч иргэн өндөр насны тэтгэвэр авах эрх нөхцөлийг хангасан тохиолдолд энэ эрхээ эдлэхийн тулд заавал ажлаас чөлөөлөгдсөн байхаар зохицуулах, журам батлах эрх Засгийн газарт олгогдоогүй байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд 5.1заасны дагуу нийт 7 өөр төрөл бүхий нөхцөл хангасан тохиолдолд Өндөр насны тэтгэвэр авах эрх-тэй байхаар хуульчилсан байна.

            Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт Даатгуулаач тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана, өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд гэж зааснаас үзвэл даатгуулагч дээр дурдсан 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг аль нэгийг хангаж буй тохиолдолд хүссэн хугацаандаа тэтгэврээ тогтоолгохоор өргөдлөө гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

            Бусдаар хуулиар тэтгэвэр авах эрхтэй холбоотой тусгайлсан бичиг баримт шаардах, эсхүл ажиллаж буй байгууллагаасаа гарах зэрэг тусгайлсан шаардлага тавиагүй байна. Зөвхөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1заасан аль нэг нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр авахаар хуульчлагдсан байна. Үүнээс үзвэл хуулиар тусгайлан эрх олгогдоогүй буюу хуулийн зорилгод нийцээгүй, хуулиар хориглоогүй асуудлаар хориглолт тавьж журам баталсан нь Засгийн газар өөрт олгогдсон шилжүүлэн авсан хэтрүүлсэн болох нь харагддаг...” гэжээ.

            3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үндэслэлээ:

            “...Хуучин журам буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр” гэж заасан.

            Шинэ журам буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам”-ын 1.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын газар, тасаг, байцаагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан даатгуулагч, хүнээс Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолоор баталсан Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам-д заасан баримт бичгийг хүлээн авна” гэж маргааны бүхий Засгийн журмын дагуу баримт авахаар ишилсэн зохицуулалт хийсэн.

            Мөн журмын санамж13“Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” гэж заасан нь агуулгын хувьд хуучин, хүчингүй болдог журмаар тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэхийг шаарддаг байсан нь хэвээрээ байна.

            Засгийн газрын нэр бүхий журамд заасан баримтыг бүрдүүлэхээр зааж, өөрт нь энэ талаарх эрх олгогдоогүй хүлээн зөвшөөрсөн мөртөл санамж 13-т заасны дагуу хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажлаас гарсан тушаал шаардахгүй хэмээн зохицуулсан нь логикийн хувьд зөрчилдөөнтэй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэж, мөн зүйлийн 60.1.4 дахь хэсэгт “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” гэж тус тус заасан шаардлагыг зөрчиж байна.

            Тодруулбал, журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт бичгийг бүрдүүлэхэд хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр тогтоолгохоор бол ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй бусдаар эсхүл үгийн шууд эсрэг утгаар “хэвийн бус” нөхцөлд ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсан, энэ талаарх тушаал, шийдвэр авахаар тодруулсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэврийг 7 өөр нөхцөлд тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулсан.

            Үүний нэг нь мөн зүйлийн 5.1.4 болон 5.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа иргэд буюу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилээс хамаарч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр зохицуулсан. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28 ны өдрийн А/221 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам” зэргээр тус тусдаа зохицуулахаар байна.

            Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 болон 5.1.5 дахь хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан иргэдийн асуудлыг тусдаа журмаар хэрхэн, яаж, ямар байдлаар тооцож олгохыг тухайлан нарийвчлан зохицуулсан байна. Мөн хуулиар ч “хэвийн бус нөхцөл”-д ажиллаж буй иргэд “өндөр насны тэтгэвэр” тогтоолгоход ажлаа дуусгавар болгох, энэ талаарх баримтыг шаардаагүй байна. Үүнээс үзвэл, хуулиар мөн адил эрх олгогдоогүй, хориглоогүй асуудлаар хориглолт хийж, өөрт олгогдоогүй эрхээр журам тогтоосон болох нь харагдаж байна.

            Нөгөө талаас хэвийн нөхцөлд эсхүл хэвийн бус нөхцөлд ажлаас чөлөөлөгдсөн тушаал шаардсан шаардаагүй, Нийгмийн даатгалын маргааны бүхий журмын санамж 13заасныг хүчингүй болгосон эсэхээс үл хамаарч Засгийн газрын журмаар бүх нөхцөлд “ажлаас чөлөөлөгдсөн” тушаалыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардаж байгаа хэвээрээ болно.

            Мөн “эрх олгосон” хууль буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дахь хэсэгт “Тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал 2 хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасан буюу зөвхөн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх эрх олгосноос хөдөлмөрийн хэвийн эсхүл хэвийн бус нөхцөлд авах баримт бичгийг батлах, заах эрх энэ байгууллагад олгогдоогүй.

            Харин мөн зүйлийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу ямар баримт бичиг бүрдүүлэх жагсаалтыг Засгийн газарт олгосноор зөвхөн Засгийн газрын баталсан маргаан бүхий журамд заасан бичиг баримтыг өндөр насны тэтгэвэр олгоход шаардах эрхтэй. Бусдаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт энэ эрх огт олгогдоогүй нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актад тавигдаж буй шаардлагыг зөрчиж буй хэлбэр мөн.

            Шүүх хуралдааны явцад маргаан бүхий журмын 2.8.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрт заасан ажил, мэргэжил, албан тушаал тохирч байгааг хянана. Энэ тохиолдолд ажил олгогч нь тухайн даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааны ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрийг мэдээллийн санд оруулаагүй тохиолдолд уг тушаал, шийдвэрийг эхээр нь авах шаардлагатай” гэж заасан нь угаас шаардаж байгаа тухай тодруулж байсан. Гэтэл энэ хэсэг зөвхөн “мэдээллийн санд оруулаагүй тохиолдолд уг тушаал, шийдвэрийг эхээр нь авах шаардлагатай” нөхцөл заасан зохицуулалт болно. Уг зохицуулалтаар ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардахгүй” гэжээ. 

            4.Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэн баталж, дагах журам, дүрэм, зааврыг боловсруулан батлуулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд өндөр насны, 11 дүгээр зүйлд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, 16 дугаар зүйлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх, нөхцөлийг тусгасан.

            Даатгуулагчид тэтгэвэр тогтоож, олгох баримт бичгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулинд тодорхой тусгаагүй бөгөөд тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийг өөрчлөн тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг Засгийн газар батлахаар хуульчилсны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон тэтгэвэр олгох журмыг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Журам батлах тухай 450 дугаар тогтоолын хавсралтаар батлан, мөн дээрх хуулийн дагуу тэтгэвэр тогтоон, олгож байна.

            Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор сан бүрдүүлж, тухайн төрлийн сангаас даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал тогтоон олгох үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доор, хортой, халуун, хүнд, мөн сонгодог урлагийн мэргэжлийн байгууллагад тухайн ажил мэргэжлээр ажилласан болон төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх нөхцөлөөр даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоож, олгоход тухайн даатгуулагчийн ямар ажил, мэргэжлийн байранд хэдэн жил ажиллаж, шимтгэл төлсөн зэргийг тодорхойлох шаардлагатай байдаг.

            Иймд даатгуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийг авч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-5.1.7-д заасан өндөр насны тэтгэвэр тогтоох нөхцөл, болзлыг хангасан эсэх, тухайн нөхцөлд ажиллаж байсныг тушаал, шийдвэрийг үндэслэн баталгаажуулж өндөр насны тэтгэвэр тогтоон олгох нь зүйтэй юм.Түүнчлэн дээрх журмаар ажилласан жилтэй холбоотой тушаал шийдвэрийг шаардаж байгаа нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            5.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу 2023 оны Засгийн газрын 450 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр шаардахаар баталсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчаас зайлшгүй шаардана гэж заасан. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор зайлшгүй тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг бүрдүүлэхэд ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр хэрэгтэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар болон тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих журам зааврыг нийгмийн даатгалын асуудал хариулсан төрийн захиргааны байгууллага батална гэж заасан.

            Тэгэхээр Нийгмийн даатгалын байгууллага энэ хуулийн заалт болон 450 дугаар тогтоолын дагуу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/246 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягт болон баримт бичгийн бүрдэлд хяналт тавих тэтгэврийн хувийг бүрдүүлэх бүртгэх журам тэтгэвэр бодох зааврыг батлан мөрдүүлж байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлөөр тогтоож байгаа. Зайлшгүй хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тогтоож байгаа даатгуулагчийн хувьд хуульд заасны дагуу баримт бичгийн бүрдэлд хяналт тавихын тулд бид нар хугацаа тооцдог. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагчийн хувьд тус ажил мэргэжлээр ажилласан хугацааг нотлох тушаал, шийдвэр зайлшгүй шаардлагатай.

            Ялангуяа 1995 оноос өмнө ажилласан хугацааг тогтоох, дээрээс нь 1995 оноос хойш тухайн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр ажиллахад журамд зааснаар бичигдээгүй байх юм бол бид нар үүнийг шаардаж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан журмаар хэвийн нөхцөлөөр тогтоолгож байгаа иргэдээс ямар нэгэн тушаал шийдвэр шаардаагүй. Гэхдээ энэ нь Засгийн газрын тогтоолтой нэг талаасаа нийцэхгүй тохиолдол байна гэж харж байна. Яагаад гэвэл төрийн албан хаагчийн хувьд ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тушаал, шийдвэрээ авч байж дараагийн Төрийн албаны тухай хуульд заасан буцалтгүй тусламж авах эрх үүснэ. Хамгийн гол нь аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа иргэдийн асуудлыг зохицуулахын тулд тушаал, шийдвэр авахаар зохицуулсан. Төрийн албан хаагч хуулиараа чөлөөлөгдөөд тушаал, шийдвэрээ аваад ирэхэд бид нар асуудалгүй хянаад тэтгэврийг тогтоочихно. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд хуулиар хориглоогүй байхад тушаал, шийдвэр шаардлаа гэдэг асуудал тавьдаг учраас энэ журам болон хуулийн заалтаа баримтлаад нарийвчлан зохицуулалт хийсэн” гэв.

            6.Иргэдийн төлөөлөгч Л.Б*** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бодож байна. Учир нь хуулинд заагаагүй ч гэсэн Засгийн газрын тогтоол, журмаар бүрдүүлэх жагсаалтыг зохицуулна гэсэн. Иргэний хувьд тэтгэвэрт гарахад ажлаас чөлөөлсөн тушаал заавал байх хэрэгтэй. Тэгж байж бас тэтгэврийн ажилтны эрхийг эдэлж болно. /Ажиллах цаг, нөхцөл, шимтгэлийн хувь зэрэг/

            Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Хэвийн бус болон хэвийн нөхцөлөөр ажлаас гарах, чөлөөлөгдөхөд аль алинд нь хамруулж тушаал гаргаж байх нь зөв. Эс бөгөөс маргаан гараад байх нөхцөл үргэлжлээд байхаар байна. Засгийн газрын тогтоол, журам хоёр нь зөрчилдөөд байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх бүхэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

            Нэг. Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.2.1-ийн “…ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр” гэснийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

            1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар дээрх журмыг батлахдаа 2.2.1-т Даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход “…ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр”-ийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ гэж заажээ.

            Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагыг төрийн албан хаагчдын хувьд байж болох, харин хувийн хэвшилд, тухайлбал хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр ажилладаг ажиллагсадын тухайд хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байхад заавал ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…” гэснийг зөрчсөн, мөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тэтгэвэр тогтоолгохоор бол ажлаасаа гарсан байхыг журмаар шаардах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан шаардлага тавиагүй байхад, хуулиар хориглоогүй асуудлаар хориглолт тавьсан нь Засгийн газар өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн гэж маргасан, гэвч тус шүүхээс Засгийн газрын тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд харин дээрх зохицуулалт нь тэтгэвэр тогтоолгох иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн хуулиас давсан зохицуулалт агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Тухайлбал Засгийн газрын маргаан бүхий тогтоолоор “ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр”-ийг шаардсан нь бусад хууль, тогтоомжтой зөрчилдөөгүй болох нь:

             -Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх нэг үндэслэлд “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж, 46.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна...” гэж;

            -Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж;

            -Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно”, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгтАхмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно”, 145.2 дахь хэсэгтАжилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, 145.4 дэх хэсэгт “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна” гэж;

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх тохиолдлуудыг, 

-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгтЭнэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна”, 7.3.4-т “ажил олгогч, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч” гэж;

-Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно” гэж зааснаас тус тус үзэхэд тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг шаардсан нь төрийн болон хувийн хэвшлийн алинд нь ажиллаж байснаас үл хамаарч тухайн даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгосны дараа ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг ямарваа байдлаар хязгаарлаагүй, өөрөөр хэлбэл ийнхүү журамласнаар Засгийн газар хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзэхгүй.

            1.2.Түүнчлэн тэтгэвэр тогтоолгох нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, тэтгэврийн харилцаанд шилжих үйл явц төдийгүй энэ үед “ажлаас чөлөөлөгдсөн байх”-ыг шаардах нь тэтгэвэр авагчдын хувьд цаашид урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн, эсхүл өөр ажил, хөдөлмөр эрхлэхэд эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой.

            Тухайлбал Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, эрүүл мэндийн гэсэн нийгмийн даатгалын 5 төрлөөс тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч ажил эрхлэх тохиолдолд тэтгэврийн, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалыг албан журмаар даатгуулахаар уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, мөн 7.6 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн энэ хуулийн 7.3.4-т заасан тэтгэвэр авагч өөрөө хүсвэл энэ хуулийн 6.1.1-д заасан буюу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно гэж тус тус зааснаас үзэхэд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эрхтэйгээс гадна магадгүй төлөх тохиолдолд ч тэтгэвэр тогтоолгохоос өмнө төлж байснаас бага хувиар төлөхөөр зохицуулжээ.

            Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувь, тэтгэмжийн даатгалд ажил олгогч 1.0 хувь, даатгуулагч 0.8 хувь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд ажил олгогч 0.5, 1.5, 2.5 хувь, ажилгүйдлийн даатгалд ажил олгогч 0.5 хувь, даатгуулагч 0.2 хувь, нийт шимтгэлийн дүнгээр ажил олгогч 10.5-12.5 хувь, даатгуулагч 9.5 хувь тус тус төлөхөөр байхад тэтгэвэр тогтоолгосон иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болохоор, өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр авагч ажил хийвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогчоос, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс тус тус хариуцан төлөхөөр, мөн ажилгүйдлийн даатгалыг огт төлөхгүй байхаар, гэхдээ тэтгэврээ нэмэгдүүлж тооцуулахын тулд тэтгэвэр авагч өөрийн сонголтоор тэтгэврийн даатгалын шимтгэлд 8.5 хувийг төлөх эсэхээ өөрөө шийдэхээр байна.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Б*** 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “…хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийг тэтгэвэрт гарахад нь ялгамжтай байдлаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шаарддаг гэж байна. Бодит байдалд аль ч нөхцөлд шаардаж байгаа. Манай компаниас тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тушаалыг авч байсан. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүс яагаад чөлөөлөгдсөн тушаалаа авах сонирхолтой байдаг вэ гэхээр үргэлжлүүлээд ажиллахад тухайн хүний нийгмийн даатгал буурч 8.5 хувиар л төлдөг. Тэгэхээр хувь хүн тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн өмнө авч байсан цалингаараа ажиллах сонирхолтой…” гэсэн,

2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд “…хувь хүн тэтгэвэрт гарахад аж ахуйн нэгжийн хувьд заавал тушаал гаргадаг. Яагаад гэвэл дараа нь ажил олгогч өөрөө нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийдэг болохоор хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож заавал тушаал гаргадаг. Энэ нь чирэгдэл үүсгэхгүй. Харин ч тэтгэвэрт гарахаас өмнө ажил эрхлээд 11.5 хувийн шимтгэл төлдөг байсан бол тэтгэвэрт гарснаас хойш хөдөлмөр эрхэлж цалин авах тохиолдолд 8.5 хувь болж багасдаг, аж ахуйн нэгжийн хувьд ч 12.5 хувь төлдөг байснаа 9.3 хувь болж байх жишээтэй. Тушаал гаргаж байж өмнөх ажлыг дуусгавар болгоно, тэгээд дахиад шинээр ажилд авдаг…” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан нь хуулийн дээрх зохицуулалттай бүрэн нийцэж байх тул энэ талаар дээрхээс өөрөөр дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.  

            Хоёр. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.8.2-ын Санамж13-т “Хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд:

            2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгтТэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр”-ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэн бүрдүүлж өгөхөөр байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болсонд тооцож, улмаар уг тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын 2.8-д “Хөнгөлөлттэй болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтооход дараах баримт бичгийн үндэслэлийг хянана”, 2.8.2-т “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрт заасан ажил, мэргэжил, албан тушаал тохирч байгааг хянана. Энэ тохиолдолд ажил олгогч нь тухайн даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааны ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрийг мэдээллийн санд оруулаагүй тохиолдолд уг тушаал, шийдвэрийг эхээр нь авах шаардлагатай” гээд Санамж13 “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” байхаар зохицуулжээ.  

            Гэтэл уг журмын “Нийтлэг үндэслэл” гэсэн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Нийгмийн даатгалын газар, тасаг, байцаагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан даатгуулагч, хүнээс Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-д заасан баримт бичгийг хүлээн авна”, 1.4-т “Ажил олгогч нь ажилтныхаа ажилд авсан, ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан тушаал, шийдвэрийг нийгмийн даатгалын мэдээллийн санд тухай бүр оруулж өөрчлөлтийг хийнэ” гэж заасан атлаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Санамж13 хэсэгт өмнөх журмын төдийгүй Засгийн газрын дээрх тогтоолоос өөрөөр журамласан байна.

            2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ийнхүү зохицуулах болсон үндэслэлээ “…хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тогтоохын тулд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, шийдвэрийг авах зорилготой, харин хэвийн нөхцлөөр ажиллаж байсан иргэдийн тухайд цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор даатгуулагчийн нийгмийн даатгалын байгууллагад байгаа мэдээллийг шаардахгүй байхаар тусгасан гэх боловч бодит байдалд цахим санд тухайн даатгуулагчийн холбогдох мэдээлэл байхгүй байх тохиолдолд мөн л шаардах агуулгатай гэж ойлгогдохоор болжээ.

            Үүнийг ч нэхэмжлэгчээс үгүйсгээгүй болох нь “…Санамж13-т агуулгын хувьд хуучин, хүчингүй болдог журмаар тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шаарддаг байсан нь хэвээрээ...” гэснээр батлагдах бөгөөд мөн  нэхэмжлэлд “…Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заасан баримтыг бүрдүүлэхээр заасан атлаа Санамж13-т хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажлаас гарсан тохиолдолд тушаал шаардахгүй гэсэн нь логикийн хувьд зөрчилтэй…” гэж маргасан нь үндэслэлтэй боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.

            Учир нь тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тохиолдолд эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар Засгийн газрын тогтоолоор журамласан нь холбогдох хуульд нийцсэн гэж үзэж буй энэ тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/246 дугаар тогтоолоор батлагдсан журмын зохицуулалт ч хууль, Засгийн газрын энэхүү тогтоолд нийцсэн байх шаардлагатай, харин нийцсэн эсэх асуудал нь нэхэмжлэлийн үндэслэл, зорилгод үл хамаарна.

            Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ч Санамж13-тай холбоотой зохицуулалт Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамтай нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү зөрчилтэй байгаа нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

            Нэхэмжлэгч, өмгөөлөгч С.А******* 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулан ирүүлэхдээ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул өөрийнх нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан өмгөөлөгч С.А*******ийн “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-ийн  “...ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр” гэснийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам-ын Санамж13-т “Хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчаас энэ журмын 1.2-т заасан ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийг авахгүй” гэж заасныг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч өмгөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

         

 

 

 

                         ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                   А.САРАНГЭРЭЛ

 

                                   ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА