Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0168

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар,

Гуравдагч этгээд: “О к” ХХК, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрны оршин суугчид,

Маргааны төрөл: Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б/цахимаар/, гуравдагч этгээд н.Т /цахимаар/, Т.Н/цахимаар/, Л.Э/цахимаар/ Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.О, Т.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд, Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгож, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08/3046 тоот албан бичгээр батламжийг хүргүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалжээ.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтаар орон сууцны 22, 23,24, 37 дугаар барилгуудыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Х” ХХК шалгарч, үүнийг батламжилж төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон батламжийг мөн оны 9 дүгээр сард гардуулж өгсөн юм.

Ийнхүү батламж авснаар оршин суугчид, гадаадын болон дотоодын чадварлаг

мэргэжлийн баг хамт олонтой харилцан, зөвшилцсөний үндсэн дээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 22, 23, 24, 37 дугаар барилгуудыг буулган шинээр барих, дахин төлөвлөлтийг орчин үеийн архитектур төлөвлөлттэй, эко, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай, зогсоолын 60 хувийн шийдэлтэй ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг 3D - ийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн.

2/ Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А, Баянгол дүүргийн хариуцсан архитектор Ж.Б, хэлтсийн дарга н.Б нар нь ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулаагүй хирнээ гурван талт гэрээгээ хурдан байгуул гэсэн шаардлагыг тавьж, төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон гэсэн утга агуулга бүхий албан бичгийг тус компани болон бусдад ирүүлсэн байдаг. Үүний улмаас тус байрнуудын оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч компанийн хооронд үл ойлголцол үүсэн, бидний ажлыг удаашруулж байсан. Өөр бусад шалтгааны улмаас удаашралтай байсан хэдий ч бид ажлаа хэвийн үргэлжлүүлэн явуулж байсан. Ийнхүү эскиз зураг хийлгэх, гэрээний бэлтгэл ажил, сууц өмчлөгч иргэдтэй ярилцан харилцан тохиролцож гэрээ байгуулах зэрэг төслийн ажлыг хийхэд манай компанийн зүгээс нэлээдгүй хөрөнгө мөнгө гарган хүч тавин ажиллаж байна.

3/ Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар “Х” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг минь цуцалсан шийдвэрийг бидэнд мэдэгдэлгүйгээр гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын А/435 дугаар захирамжид “...шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Х” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай” гэж дурдсан.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, гүйцэтгэгч “Х” ХХК нарын хооронд байгуулсан орон сууцны 22, 23 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөө /Бага:БРД-02/-ний дагуу оршин суугчидтай хийсэн 2 талт гэрээ 80-аас дээш хувьтай хийгдсэн байхад 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэж дүгнэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсанг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Ийнхүү дүгнэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь “Х” ХХК-ийг их хэмжээний хөрөнгөөр хохироож буй хууль бус үйлдэлд маш их гомдолтой байна. Иймд Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

4/ Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга”-ыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өөрсдийн цахим сайтад нийтэлжээ. Энэхүү урилгад Нийслэлийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаар захирамжаар “Х” ХХК-д эрх олгогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдож буй Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байруудыг буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалт зарласан байна. Энэхүү актаар сонгон шалгаруулалтаар эрхийг нь “Х” ХХК-д олгосон бөгөөд манай хөрөнгө оруулалт хийгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байруудыг дахин сонгон шалгаруулалтад оруулахаар зарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж, хязгаарласан шийдвэр болжээ. Энэ хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгын Багц-18, Багц-19 буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байруудыг буулган шинээр барих байршилтай хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар “Х” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээх нөхцөл байдал үүсэх боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай Нийслэлийн Засаг

даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг захирамжаас улбаалан гарсан дээрх холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага шийдвэрлэгдэх учиртай гэж үзэж байна. Дээрх урилгын дагуу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Багц-18, Багц-19 буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байруудыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх компанийн баримтыг хүлээн авсан байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн сүүлийн хариулттай холбоотой тайлбар хэлье. Оршин суугчид өөрсдөө гуравдагч этгээдээр оролцоод явж байгаа. “Х” ХХК-иас “О к” ХХК руу явуулсан албан бичиг дээр ч тодорхой байгаа. Эвлэрээд хамтраад, оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүйгээр хамтраад ажиллавал яасан юм бэ? Манайхаас мөнгө нь бэлэн байна. Оршин суугчдын нийтийн хурал дээр ярьсан. Нийслэлийн Засаг даргаас хүртэл хүн байсан.  “О к” ХХК нь өнөөдрийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө гэдэг асуудлыг тавьж байсан. Оршин суугчид хүртэл “О к” ХХК-ийг та нар болиоч ээ, аргаа бараад манайх дээр бүх санал явж байхад, өөрөөр хэлбэл оршин суугч нар хаана захирамж байна тэр тал руугаа гэрээгээ хийж байгаа. Оршин суугчдыг буруутгахгүй. Харин оршин суугчдын өмнө муудалцсан зүйл байхгүй. Хоёрт захирамж манайх дээр буцаад гарах юм бол оршин суугчид манайхаар хийлгэнэ гэдгээ илэрхийлээд байж байгаа. Харин хурдан шийд гэдгийг л хүсэж байгаа. Гуравт оршин суугчид эвлэрчих гэдгийг олон удаа тавьсан. Эвлэрэхгүй гэдэг асуудлыг “О к” ХХК тавиад өнөөдөр ийм асуудал үүсээд байна.

Нийслэлийн Улаанбаатар хотын А зэрэглэлийн байрлалд “О к” ХХК-тай хамтарч ажиллаад, “О к” ХХК нь үгүй гэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Өөрсдийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Хэрэгт авагдсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А даалгавар нь ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-нд нь буюу 2 хоногийн дараа тендер зарласан байдаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай компанийг цуцалсан байхад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А даалгавар гараад ирдэг. 22,23,24,37 дугаар байруудад хоёр А даалгавар гарсан байдаг” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх хурлууд дээр хэлэлцэх шатанд хүрээгүй, дандаа ирцийн шатанд яваад дуусаж байсан учраас нэхэмжлэлийг тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байруудыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр Хос болор ХХК шалгарч, мөн оны 9 дүгээр сард батламжийг Засаг даргаас гардан авсан. Ийнхүү төлөвлөгөөний дагуу батламж гардан аваад мэргэжлийн баг, хамт олон ярилцаад шинээр барих дахин төлөвлөлтийн орчин үеийн архитектур төлөвлөлттэй эко нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 60 хувийн авто зогсоолын шийдэлтэй эскиз зураг төлөвлөгөөг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Хариуцагч ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг хурлаар хэлэлцүүлж баталгаажуулаагүй. 2 болон 3 талт гэрээгээ хурдан байгуул гэж шаардлагыг тус тус тавьж, үгүй бол эрхийг чинь цуцална гэсэн албан бичгүүдийг удаа дараа ирүүлж “Х” ХХК-д дарамт шахалт үзүүлж байсан. Үүний улмаас оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч компанийн хооронд үл ойлголцол үүсэж, төсөл хэрэгжүүлэгч компанийн ажил удааширч эхэлсэн. Хэдийн дээрх нөхцөл байдал үүссэн ч гэсэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байдаг. А/435 дугаар захирамж нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80 хувиас доошгүй  хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон тул гэдэг үндэслэлээр цуцалсан. Бид эхний ээлжид барилгажих 22 болон 23 дугаар байрны оршин суугчидтай тохиролцож байсан. Эхний ээлжид эскиз зураг гараад ирвэл шууд тохирч гэрээ байгуулах хэмжээнд харилцан тохиролцож байсан хэдий ч гэсэн Нийслэлийн Засаг даргаас А/435 дугаар захирамжаар хүчингүй болгож гаргасан. Бидний эскиз зургийг тухайн үед батлаагүй. Бид нар удаа дараа эскиз зургийг батлаад өгөөч, энэ талаар А даалгавар ирсэн ч гэсэн А даалгаврын дагуу буцаагаад эскиз зургийг хүргүүлсэн хэдий ч эскиз зураг батлагдаагүй. Оршин суугчид бид нар энэ авна гэж бид нартай гэрээ байгуулах гэж байгаа учраас эскиз зургийг батлаагүй нь Нийслэлийн Засаг даргын буруутай үйлдлээс болоод удааширсан төлөвтэй байна гэдгийг ойлгож байсан. Оршин суугчид ч гэсэн энэ талаар тухайн үед буюу 2018 онд хүсэлтүүд Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай урилгын 18,19 буюу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22,23,24,37 дугаар байрнуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Эдгээр захирамжууд нь манай хууль ёсны дагуу манай субъектив эрхийг зөрчсөн учраас дээр захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж байгаа. Мөн Хот байгуулалт хөгжлийн газрын “Х” ХХК-ийн орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, орон сууцны барилгын эскиз зураг батлахыг даалгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Дээр нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж оролцож байна” гэв.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ “Х” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо нийтийн зориулалттай байрны 22, 23, 24, 37 дугаар байруудад дахин төлөвлөлт хэрэгжүүлэх төсөлд анх шалгарсан. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа ажлын явц хэт удаашралтай, төслийн талд иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу тус газраас ажлыг эрчимжүүлэх тухай 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн хугацаат мэдэгдэл хүргүүлэх тухай, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төсөл хэрэгжүүлэгчийг цуцлах тухай, ажлыг эрчимжүүлэх тухай гээд албан мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлээд төслийн ажлыг хурдан явуул гэдэг байдлаар ажиллаж байсан.

Үүний дагуу “Х” ХХК нь иргэдтэй 2 болон гуравдагч гэрээгээ байгуулахгүй, ямар үндсэн шалтгаан тавьдаг вэ гэхээр Нийслэлийн хот байгуулалтын газар эскиз зураг баталж өгөхгүй байна гэдгийг одоо ингэж тайлбарлаж байгаа. Тухайн үед юу болсон бэ гэхээр Төсөл сонгон шалгаруулалтаар орсон тендерийн урилгынх баримт бичгийн дагуу эх загвар зургийг ирүүлэхгүй талбайн хэмжээг томсгодог, давхрын хэмжээг нэмдэг. Үүнийг баталж өгөхгүй бол 2 болон 3 талт гэрээгээ байгуулж чадахгүй байна гэсэн байдлаар манай байгууллагатай харьцаж цаг хугацааны хувьд удаашралтай явсан тохиолдлууд байгаа. Үүний улмаас 2019 оны 05 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 435 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Үүнийг цуцлах болсон үндсэн шалтгаан нь иргэдээс 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, батлагдсан график төлөвлөгөөний дагуу ажлын явц удаашралтай байна гэсэн байдлаар гарсан.

2/ Батлагдсан график төлөвлөгөөний дагуу “Х” ХХК нь 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл иргэдтэй 2  болон 3 талт гэрээгээ байгуулаад, мөн хугацаанд эх загвар зургаа батлуулахаар байсан. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл 8 сарын хугацааг олгосон. Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэх ажлыг дэмжээд явж байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниас ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй учраас төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр гарсан.

3/ Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох А/960, А/961 гэдэг нь “О к” ХХК-ийг шалгаруулсан баримт бичиг нь хууль дүрмийн дагуу болсон. Нэгэнт өмнөх төсөл хэрэгжүүлэгчийн эрх нь цуцлагдсан учраас иргэдийг эрүүл, аюулгүй амьдруулах үүргийнхээ хүрээнд Засаг даргаас дараагийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаад, тухай захирамжаар гуравдагч этгээд “О к” ХХК-ийг шалгаруулаад явсан үйл ажиллагаа болсон. Урилгын 22, 23, 24, 37 дугаар байруудтай холбогдох хэсгийг хүчингүй болгох гэдэг нь “О к” ХХК-ийг А/960, А/961 дугаар захирамжуудтай уялдуулан гаргасан болов уу гэж ойлгож байна. Тухайн урилга нь захиргааны акт болохгүй. Тендерийн баримт бичиг байгаа. Тухайн урилгыг хүчингүй болгох нөхцөл байхгүй гэж хариуцагч үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээд “О к” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянгол дүүргийн 3-р хороо 22, 23, 24, 37-р байранд манай компани нийт 28ш үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч билээ. Мөн манай компани 2019 оны 09 дүгээр сарын 17-нд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч захирамж болон батламжийг гардан авснаас хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

1. 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ГБМЗХ2019/22-022, ГБМЗХ201922-021 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 12 дугаар сарын 23-нд эх загвар зургийг батлуулаад байна.

2. 2020 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн ажлын зургийн ажлыг эхлүүлэн өнөөдрийн байдлаар 100%-тай хийж гүйцэтгээд магадлалаар оруулахаар хүлээгдэж байна.

3. 2020 оны 02 дугаар сарын 9-ний Инженер хайгуулын судалгааны ажил хийх, техникийн даалгаврын дагуу нийт 23 цэгт 10-30,9м гүнтэйгээр цооног ухаж хөрсний шинжилгээ хийлгүүлэн 2020 оны 03 дугаар сарын 03-нд дүгнэлтийг батлуулсан.

4. 2020 оны 01 дүгээр сарын 23-нд өдрийн өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурлаар барилгажилтын төслийн зургийн даалгаврыг хэлэлцүүлж №1/2020 дугаар бүхий шийдвэрээр Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг зургийн даалгаварт тусгах, зургийн даалгаврыг дахин хурлаар оруулах шаардлагагүйгээр дэмжигдсэн.

5. Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох хурлын 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн №2020/14, №2020/15 дугаар бүхий дулааны техникийн нөхцөлүүд, Эрчим хүч ус хангамжийн 1-р ангийн 2020-32, 2020-33 дугаар бүхий цахилгааны техникийн нөхцөлүүд, “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн 2020 оны 03 сарын 15-ний өдрийн ТН-B116/2020, ТН- B115/2020 дугаар бүхий холбооны техникийн нөхцөлүүд, УСУГ-аас 2021.01.20 өдрийн 03/21 дугаар бүхий Цэвэр бохир усны техникийн нөхцөлүүдийг тус тус авсан.

6. “Захиалагчтай байгуулах орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ” болон “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ”-үүдийг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г, 14.1.2.г, 24-р зүйлийн 24.1, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.10, 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар өнөөдрийн байдлаар Багц-18-ийн хувьд 84,1% Багц-19-ийн нийт 84,22%-тай нь харилцан тохиролцож хоёр болон гурван талт гэрээг байгуулсан тул тус гэрээнүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасангаар баталгаажуулж албажуулан өмчлөгч нарт хүргүүлээд байна.

7. 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Багц-18, Багц-19-ийн хувьд 80%-иас дээш хувьтай нь харилцан тохиролцсон тул хот байгуулалт, Хөгжлийн газраас Буулгалт 0166/2020, Буулгалт-0167/2020 дугаар бүхий барилгын буулгалтын ажлын зөвшөөрлийг авсан.

8. Манай компани нь тус байрнуудаас нийт 28ш орон сууцны өмчлөгч билээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай дээрх 22, 23, 24, 37-р байруудыг буулгаж дахиж төлөвлөх ажил 2020 оны 09 сарын 15-ний өдрөөс эхлэх байсан хэдий ч дэлхий нийтийг хамраад байгаа ковид-19 цар тахал, мөн сууц өмчлөгчдийн бүх нийтийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу буулгалт болон барилга угсралтын ажлыг 2021 оны 03 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр зэргийг үндэслэн барилга угсралт, буулгалтын ажил 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэхээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс бэлтгэл ажлыг 90 гаруй хувьтай хангаад явж байна. Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд 70 гаруй сууц өмчлөгчдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн асуудлыг дуусгавар болгож орчин үеийн шийдэл бүхий тохилог тав тух бүхий орон сууц барихаар барилга угсралтын ажилтай холбоотой холбогдох бүхий л зөвшөөрлүүдийг авч бэлтгэл ажлыг 90 гаруй хувьтай хангасан, мөн тус байрны оршин суугчдын олонх нь “Х” ХХК-г дэмжихгүй гэдгээ илэрхийлэн шүүхэд хүсэлт гаргасан зэргийг үндэслэж “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “О к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд “О к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О миний бие “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, хөгжлийн газарт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан 4 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 байруудыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч байсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/435 захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байдаг. Ийнхүү цуцлахдаа уг захирамжаар гол үндэслэл болсон зүйл нь гэвэл нэгдүгээрт Нийслэлийн Засаг даргаас тавьсан төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хугацаандаа хэрэгжүүлээгүй, удаа дараагийн хугацаатай мэдэгдэл өгч байсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт нийт байрны өмчлөгч, оршин суугчдын 80 хувиас дээш дэмжлэгийг аваагүй гэдэг үндэслэлээр захирамж гарсан байдаг.   Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/435 захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж “О к” ХХК үзэж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээр хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газрын дарга болон “Х” ХХК-ийн захирал болон эрх бүхий албан тушаалтнууд баталсан. Уг төлөвлөгөөгөөр 2017 оны 10,11,12 сард 2018 оны 1,2,3,4 сард багтаагаад оршин суугчидтай 2 талт болон 3 талт гэрээ байгуулах, эскиз зураг батлуулах гээд энэ ажлын эхний үе шатны үйл ажиллагааг журам зохицуулж өгч байсан хэдий ч энэ ажлуудыг “Х” ХХК нь хангалтгүй хэрэгжүүлсэн гэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Энэ ажлын хүрээнд оршин суугчдын 80 буюу түүнээс дээш хувийн саналыг авсан, дэмжлэг авсан, гэрээ байгуулсан ямар нэгэн баримт байхгүй. Хоёрдугаарт хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, хөгжлийн газраас хугацаа тулсан байна, оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна, төлөвлөгөөнд заасан ажлуудыг хийгээч гэж удаа дараагийн мэдэгдлүүдийг өгч байсан хэдийн ч мэдэгдэлд дурдсан ажлуудыг огт хийгээгүй байдаг. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргад иргэдийн удаа дараагийн гомдол гарч байсан. Энэ нөхцөл байдлыг үндэслээд захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гуравдугаарт тендерийн урилгын багц 11,12-т заасан “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Үүн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Урилга гэдэг бол өөрөө захиргааны актын шинжийг бол агуулахгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүхийн харьяалалд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл  тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бол хүлээж авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дөрөвдүгээрт 2019 оны А/960, А/961 дугаар захирамжаар “О к” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх эрх олгосон. Дээрх захирамжууд хууль зүйн үндэслэлтэй. Дээрх захирамжаар эрх авсны дагуу 22, 23, 24, 37 байруудтай холбоотой техникийн нөхцөлүүдийг гаргуулан авсан байна. Мөн эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөгөө батлуулсан байгаа. Барилгыг нураах зөвшөөрлийг Хот төлөвлөлт, хөгжлийн газраас аваад бүх байруудыг нураагаад эхэлчихсэн, барилгын суурийн ажил хийгдээд явж байгаа. Ковид гараад 2021 онд бүтэн ажиллаж бол чадаагүй хугацаа алдсан зүйл байгаа. Гэхдээ манай компанийн зүгээс төлөвлөгөө хуваарийн дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлээд явж байгаа. Дээр нь нэмээд хэлэхэд байрны оршин суугчдын саналыг авсан байгаа. “О к” ХХК нь хэрэгт ирсэн 70 гэрчилгээтэй байрнаас 28 байрыг дангаар өмчилдөг, үлдэх байрнуудын хувьд бүх оршин суугчдын 90 хувиас дээш хувийн саналыг авчихсан, 3 талт гэрээгээ Нийслэлийн Засаг даргатай байгуулаад явж байгаа. Ерөнхийдөө бол “О к” ХХК-ийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу, хот байгуулалтыг дахин төлөвлөх тухай хуульд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд эскиз зураг батлахыг даалгах гэж байгаа. Энэ нь бол өөрөө үндэслэлгүй байгаа. Эскиз зургийг “Х” ХХК нь хугацаандаа гаргуулж батлуулах үүргээ эс биелүүлсэн учраас Нийслэлийн Засаг даргын батлаагүй эс үйлдэл нь хууль ёсны дагуу байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг дарга, Төсөл хэрэгжүүлэгч “О к” ХХК, иргэд гээд гуравласан харилцаанд иргэдийн хууль ёсны ашиг сонирхол хамгийн өндөр тавигдах нөхцөл байдал үүсээд байна. Нийслэлийн Засаг дарга хэдийгээр урьдчилан шийдвэрлэх эрх олгож байгаа хэдий ч цаанаа оршин суугчдын шаардаад байгаа нөхцөл байдал нэгдүгээрт тавигдах ёстой болов уу гэж харж байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “О к” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Товчхон тайлбар нэмээд хэлье. Сая бол хэлсэн урилга бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй захиргааны акт болохгүй гэж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Харин 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Маргаан бүхий акт нь “О к” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх олгож байгаа. Дээрх захирамжууд нь нэхэмжлэгчид ямар хамааралтай захирамж вэ? ямар субъектив эрх нь хөндөгдөж байна вэ гэхээр “Х” ХХК-д огт хамааралгүй буюу субъектив эрх ямар нэгэн байдлаар хөндөгдсөн, “Х” ХХК-д эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш байгаа. Тэгэхээр А/960, А961 захирамжуудын дагуу өөрт хамааралгүй буюу субъектив эрх нь хөндөгдөөгүй захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул үндэслэлгүй юм. Хамгийн чухал нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн А/435 дугаар төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан захирамж байгаа. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад байгаа нь тодорхой байгаа. Оршин суугчдын 80 хувиас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүй, төсөл удааширсан байна, хавтаст хэрэгт анх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төсөл хэрэгжүүлэх эрх авсан хэдий ч 2 жил өнгөрөөд байхад ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаагүй, иргэдтэй 2 болон 3 талт гэрээгээ байгуулаагүй байсан. Гол үндэслэл болох хуульд заасан 80 хувиас доошгүй хувь . Өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс захирамж үндэслэлгүй, 80 хувиас дээш хувийн зөвшөөрлийг авчихсан, хариуцагчийн хууль бус үйлдэл нөлөөлөөд энэ төслийн ажиллагаагаа хийж чадсангүй гэдэг тайлбарыг нэхэмжлэлийг тодорхойлж өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Тэгэхээр 80 хувиас дээш хувийн зөвшөөрөл, оршин суугчдын дэмжлэгийг авсантай холбоотой баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Харин  хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд, гуравдагч этгээдээр оролцох ажиллагааны хүрээнд ч гэсэн тухайн оршин суугчдын 90 хувиас дээш хувь нь “О к” ХХК-ийг дэмжээд зөвшөөрөл өгчихсөн байдаг. Тэгэхээр бидэнд бодитоор харагдаж байгаа үйл баримтаар цаашдаа “Х” ХХК-д 80 хувиас дээш хувийн дэмжлэг авахгүй юм байна гэдэг нөхцөл байдал тодорхой харагдаж байна. Мөн эскиз зургийг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болж байна. Яагаад вэ гэвэл 2 болон 3 талт гэрээг оршин суугчидтай заавал байгуулах үүрэгтэй. Тэгэхээр “Х” ХХК-ийг дэмжихгүй байгаа үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдож байна. Бид нар хугацаа алдах гэж байгаа биш нийтийн эрх ашгийн хүрээнд дэмжигдэхгүй нь тодорхой болсон асуудал дээр ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь ямар ч ач холбогдолгүй буюу цаашдаа хугацаа алдахаас өөрцгүй нөхцөл байдал үүсэж байна. Бид нар хэчнээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдаж байгаа ч гэсэн ямарваа нэгэн байдлаар цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байх гэдэг зарчим бол бүх юманд үйлчилдэг. Тэгэхээр 80 хувийн дэмжлэг өгөхгүй, оршин суугчид нь дэмжихгүй байгаад байхад одоо танайх эскиз зургаа, ерөнхий төлөвлөгөөгөө батлуулахаар шүүхээс шийдчихлээ гэхэд оршин суугчид нь 2 болон 3 талт гэрээ байгуулахгүй бол яах вэ? Дахиад хугацаа алдах нөхцөл байдал эхнээсээ үүснэ. Тэгэхээр нэгт нэхэмжлэлийн шаардлагууд нь огт тодорхойгүй бөгөөд хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон нотолсон баримт хавтаст хэрэгт батлагдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “О к” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс эскиз зураг батлаагүй, гэрээнүүд дээр тамгын газрын дарга гарын үсэг зурагдсан, эрх бүхий этгээд нь гарын үсэг зураагүй, хэлцэл нь хүчин төгөлдөр биш гэсэн санааг буюу иргэний эрх зүйн санаа, хувийн эрх зүйн санааг хэлээд байна. Хувийн эрх зүй, нийтийн эрх зүйн гол ялгаа нь юу вэ гэвэл хувийн эрх зүй нь диспозитив буюу тэнцүү эрхийн хэмжээнд, хоорондоо тохиролцох буюу харилцан ойлголцох, зөвшилцөх,хориглосноос бусдыг зөвшөөрдөг, зөвшөөрөх чиг хандлагатай харилцааг хэлдэг. Бид нарын энэ өрөөнд суугаад байгаа агуулга нь нийтийн эрх зүй буюу хориглосноос бусдыг зөвшөөрдөг чиг хандлага эрх зүй. Үүнд юу хэлэх гээд байна вэ гэхээр энд Засаг дарга огт хамаагүй, олон нийт буюу иргэд хамаатай. Public administration буюу захиргааны эрх зүй гэж ойлгож хэрэглэж явсан. Өнөөдрийн түвшинд үүнийг нийтийн захиргааны эрх зүй гэж авч үзэж байгаа. Хот суурин газар дахин төлөвлөх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г-д зааснаар 80 хувийн зөвшөөрлийг хэнээс авах вэ гэхээр зөвшөөрөл олгож буй этгээд буюу иргэдээс авах ёстой. Үүнийг авсны дараа Нийслэлийн Засаг дарга өөрөө мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.в-д заасны дагуу төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг. Харамсалтай нь нэхэмжлэгч маань өөрөө энэ зөвшөөрлийг авч чадсангүй. Эскиз зургийг батлаагүй гээд байдаг. Тухайн батлахгүй байгаа эс үйлдлийг нь даалгаад тухайн эс үйлдэл дээр нэхэмжлэл гаргаад явах боломж байсан уу гэвэл байсан. Батлаагүй шалтгааныг хариуцагч маш тодорхой цөөхөн үгээр хэллээ. Архитектураас баталсан зургаас өөрөөр талбайн хэмжээ болон давхрын хэмжээг ихэсгэж ашиг олох зорилгоор оруулж ирсэн учраас яаж батлах юм. Батлах боломжгүй. Хот төлөвлөлт гэж байна. Инженер техникийн шийдэл гэж байна. Ямар хөрсөнд хэдэн давхар байшин барих вэ гэдгийг тодорхойлоод өгч байхад тэрний шаардлага хангахгүй зүйл оруулж ирж байгаа нь хууль зүйн болон техникийн үндэслэл байхгүй. Ер нь бол төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шат гээд байдаг. Үе шат нь “О к” ХХК нь эхний 3 үе шатыг Б.Б өмгөөлөгчийн хэлдгээр биелүүлчихсэн. Иргэдийн зөвшөөрлийг авчихсан, иргэдийн төлөөллийн байгууллагаа байгуулчихсан, хяналтын зөвлөлөө байгуулчихсан, байшингаа нураачихсан, барилгын сууриа цутгачихсан байхад нэхэмжлэгчийн зүгээс аль болох удаашруулах, замхруулах, бид нарыг дарамталж байгаад эвлэрэх, эвлэрэх асуудал бол байхгүй. Бид зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө, нийтийн захиргааны байгууллагын гол үндэслэл нь юу вэ гэхээр ажил хэргийг зохион байгуулж, нийтийн ашиг сонирхлын дагуу ажилладаг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хамгийн гол зорилго нь нийтийн тусын тулд  улс төрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэхдээ байдаг. Өнөөдөр ард иргэд юу гэж хэлж байна, хаана сонирхолтой байна тэнд талд шийдвэр гаргах ийм л улс төрийн байгууллага. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 4 шаардлага дөрвүүлээ үндэслэлгүй. Нийт хаана байна түүний төлөө нийтийн захиргааны байгууллага ажиллах ёстой. Захиргааны хэргийн шүүхийн хандлага бас тийм байх болов уу гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газартай 3 талт гэрээ байгуулсан 35 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэд, оршин суугчид эрүүл аюулгүй байдлын эрх зөрчигдөөд байна гэсний дагуу амьдарч байгаа байшин маань элэгдэлд орсон гэсэн үндсэн дээр амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор стандарт шаардлагад нийцүүлэх арга хэмжээг төрөөс зохион байгуулсан. Улмаар “Х” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай 22, 23, 24, 37 дугаар байруудад орон сууцуудыг дахин төлөвлөж барилгажуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Х” ХХК нь 2 жилийн хугацаанд төслийн явц удаашралтай, ямар ч үйл ажиллагаа хийгээгүй,  зураг төсөлгүй байсан учраас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байдаг. Оршин суугчид бидний зүгээс “О к” ХХК-тай олон нөхцөл байдалд шийдэлд хүрсний үндсэн дээр 2 болон 3 талт гэрээгээ байгуулсан. Тус захирамжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны шинээр байгуулах зориулалттай барилга барих газар төрийн мэдэлд байна гэсэн хуулийн заалттай нийцэж байна. Мөн Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасантай нийцсэн 3 талт гэрээг иргэдийн зүгээс байгуулсан. 2017 оны 7 дугаар сараас хойш орон сууц, барилгуудыг дахин төлөвлөх ажил яригдсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй, барилгуудыг буулгаад дахин төлөвлөөд бариад иргэдийг оруулсан ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй. Энэ үйл ажиллагааны улмаас иргэд ямар байдлаар хохирч байна гэвэл нэг өрх айлын цаана 4-6 хүн оршин сууж амьдардаг. Гэтэл тухайн барилга байгууламж баригдахгүй тохиолдолд бид 2017 оноос хойш түрээсийн байранд удаан хугацаагаар сууж, ажил гэр, сургууль, цэцэрлэг, орчны байршил солигдох гээд олон асуудлууд үүсэж байна. Ийм учраас ямар нэгэн байдлаар хурдан шийдэж, Захиргааны хэрэг маргааныг дуусгавар болгож өгнө үү гэсэн иргэдийн саналтай байна. Мөн иргэдээс байшин, барилгаа бариад дуусвал хурдан хугацаанд байшиндаа оръё, удаан хугацаанд түрээсийн байранд амьдрахад орчин нөхцөл шаардлага хангахгүй байна гэсэн байр суурьтай байна. “Х” ХХК-ийг гэрээгээ байгуулаагүй гэж цуцалсан учраас “О к” ХХК-тай 3 талт гэрээгээ хийсэн тул “О к” ХХК-иар барилгаа бариулаад оръё гэсэн саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сайн байна уу. 23-7а-ийн хүн байна. Ер нь бол энэ шүүх хуралд оролцож байгаа “Х” ХХК нь хожуу эхэлсэн. Хамгийн анх “О к” ХХК нь 2008 онд тухайн орон сууцыг дахин төлөвлөгөөнд оролцуулах төслөө танилцуулаад загвараа үзүүлээд явж байсан. Тэр үйл ажиллагаа яагаад удааширсныг бол мэдэхгүй. Тодорхой хэмжээний хугацаа өнгөрсний дараа “Х” ХХК гэнэт гарч ирээд асуудлыг улам хүндрүүлчхээд байна. Тэгээд энэ шүүх хурал хийж олон хүмүүсийг чирэгдэл, хүндрэл учруулахгүй баймаар байна. "Орчлон консалтинг” ХХК нь санхүүгийн боломжтой, тухайн байруудыг барих бүрэн боломжтой байна. “Х” ХХК-ийн тухайд өмнө нь буюу 2016 онд сонсож байсан. Яг барьсан барилга нь 2,3 удаагийн жижиг барилга барьсан байсан. Төсөл авч ажиллаж байсан чадамж нь бага. Ийм байхад дээрх том төслийг өгөх хэрэг байна уу? гэж хэлмээр байна” гэв.  

Гуравдагч этгээд Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид сонголтоо хийгээд, 3 талт гэрээгээ хийгээд, байшингаа нураалгаад, бидэнд гарц байхгүй, бид сонголтоо хийсэн. Одоо энэ олон жил хохирмооргүй байна. Энэ асуудлыг түргэн шийдээд өгмөөр байна. Бид хэцүү байдалтай, түрээсийн байранд байгаа. Энэ шинээр орох байрыг хэчнээн жил хүлээсэн. Энэ асуудлыг үнэндээ эцэслэмээр байна. Бид орон гэртээ ормоор байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “24-2 дугаар байрны 5 тоотоос ирж оролцож байгаа хүн байна. Энэ байранд бага наснаасаа эхлээд төрж өссөн. Одоо 22, 23, 24, 37 байрнуудын хүмүүс нь тусдаа гарах нь гараад, зарах нь зараад, түрээслэх нь түрээслээд явсан. Энэ дээр ганц хэлэх гээд байгаа зүйл нь олон жил болж байгаа нь үнэн. Юу нь болохгүй байна гэхээр тэр зураг төсөл гэж байна. Үүн дээр “О к” ХХК бол эхлээд явж байсан гэж ярьж байна. Тэр асуудалд будилаан оруулсан, янз бүрийн хүнтэй яриад асуудлууд гарч байсан. Бид нар бол чимээгүй байсан. Зураг төслийг Нийслэлийн Засаг даргаас баталж өгөхгүй. Айлуудтайгаа гэрээгээ  хийж чадахгүй. Гэрээ байгуулахаар эхнээсээ айлуудаар явсан. Цаад нарийн учир нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газарт байгаа. Надтай бас ганц хоёр хүн ирж уулзаж байсан. Оршин суугч нар эхлээд маш “Х” ХХК-д нааштай гарын үсэг зурж байсан. Дээрээсээ зургийг нь гаргаж өгөхгүй байсаар байгаад олон жилийн заваарсан асуудал бий болсон. Иргэд компаниудтай хоорондоо тохироод болчих юман дээр тэгж явахгүй байна миний бодлоор. Баянгол дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтад бид хэдийг байхгүй байхад хэдэн хөгшчүүлийг оруулаад янз бүрийн юм хийсэн асуудал байгаа” гэв.

Гуравдагч этгээд Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “24 байрны 2 тоотын оршин суугч н.Нямаасүрэн байна. Намайг “О к” ХХК-иас нэг ч удаа дуудаж уулзаагүй, утас болон мэйлээр ч харьцаагүй. Хүчээр хүний эрхэнд халдаж тогийг тасалсан, байшин нураасан. Ямар ч хэл сураг байхгүй ерөөсөө л сануулга ч өгөөгүй. Тэр бас арай болохгүй. “О к” ХХК нь барилга барина гээд 10-аад жил болсон одоог хүртэл баригдаагүй. 2 талын гэрээ хийгдээд явагдсан, 3 талын гэрээн дээр ганцхан эскиз зураг байх ёстой. Тэрийг чинь Нийслэлийн Засаг дарга дээр очоод гацаад. “О к” ХХК-ийн гэрээг хүлээж байсан. 2 болон З талын гэрээ хийх гэсэн боловч эскиз зураг байхгүй байсан. Зураг байхгүй үед гэрээ хийх боломжгүй. Бусад айлууд яаж хийснийг бүү мэд. Тэр их сонин байна. Би бол эскиз зургаа авчраад үзүүлчих гэж хэлсэн. Нэг ч зураг үзүүлээгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Баянгол дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22, 23, 24, 37 байруудыг буулгаж, дахин төлөвлөж, шинээр барилга барих эрх олгох, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаар нээлттэй зарласан байна.

1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан.

1.3. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга нь тухайн сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлж буй хэлбэр бөгөөд дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй, захиргааны актын шинжийг агуулахгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн урилга нь сонгон шалгаруулалт хаана, хэзээ, хэрхэн явагдахыг нийтэд буюу сонирхож буй этгээдүүдэд мэдээлж буй хэлбэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийн алийг нь агуулахгүй.

Иймд “Х” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулсан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, 14.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж тус тус заажээ.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгож, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08/3046 тоот албан бичгээр батламжийг хүргүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалжээ.

2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчаас зураг төсөл батлах үүргээ биелүүлээгүй, удаа дараа хүсэлт гаргасан” гэж, хариуцагчаас “оршин суугчдын 80-аас доошгүй хувийн дэмжлэг авах боломжгүй болсон, зураг төслийг дур мэдэн өөрчилсөн” гэж тус тус маргажээ. 

2.3. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08/3344 тоот албан бичгээр 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх заалтыг хэрэгжүүлж ажиллахыг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08/3757 тоот албан бичгээр үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/4234 тоот албан бичгээр үйл ажиллагааг эрчимжүүлэхийг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/4336-4351 тоот албан бичгээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан ирүүлэхийг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08/508 тоот албан бичгээр ажил эрчимжүүлэхийг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08/1367 тоот албан бичгээр 2018 оны 05 дугаар сарын 01-ээс өмнө 2 талд гэрээ байгуулахгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08/2887 тоот албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/4141 тоот албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах болсныг мэдэгдэж, сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх буйг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/327 тоот албан бичгээр уулзалт товлож, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/517 тоот албан бичгээр хугацаат мэдэгдэл тус тус нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.  

2.4. Харин нэхэмжлэгчээс дээрх албан бичгүүдийн хариуд 2017 оны 12 дугаар сарын 30, 2018 оны 02 дугаар сарын 02, 2018 оны 07 дугаар сарын 17, 2018 оны 9 дүгээр сард тус тус хийсэн ажлын товч тайланг хүргүүлж, 2018 оны 10 дугаар сарын 24, 2019 оны 01 дүгээр сарын 14, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогчид хандан өргөдөл, хүсэлт гаргаж байжээ.

2.5. Мөн Оршин суугчдаас Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргын орлогчид хандаж гаргасан өргөдөл, хүсэлт гаргаж байжээ.

Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.1-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” мөн 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг баталжээ.

Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “Орон сууц өмчлөгч нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.2, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасны дагуу заасны дагуу орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтээ 14 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ”, 3.5-д “Журмын 3.4-т заасан хүсэлтийг тухайн орон сууц өмчлөгчийн 80-аас доошгүй хувь дэмжсэн байна” гэжээ.

Мөн Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Барилга байгууламж өмчлөгч нь тухайн барилга байгууламжийг ашиглахыг хориглосон шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас хүлээн авмагц түүнийг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтээ 14 хоногийн дотор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна” гээд 20.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх”, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

2.6. Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 24,37 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 2 талд гэрээг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл, Эскиз зургийг 2018 оны 01-11 дүгээр сар хүртэл, 3 талд гэрээг 2018 оны 04-12 дугаар сар хүртэл, Барилгын ажлын зургийг 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл тус тус хийж гүйцэтгэхээр, 22,23 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 2 талд гэрээг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл, Эскиз зургийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл, 3 талд гэрээг 2018 оны 5,6 дугаар сард, Барилгын ажлын зургийг 2018 оны 01-09 дүгээр сарын хооронд тус тус хийж гүйцэтгэхээр баталжээ.   

2.7. Гэтэл нэхэмжлэгч нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, орон суугчидтай 2, 3 талд гэрээг байгуулаагүй болох нь дээр дурьдсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын удаа дараагийн албан бичгүүд болон нэхэмжлэгчээс орон суугчидтай байгуулсан нийт 10 ширхэг 2 талд гэрээ зэргээр нотлогдож байна.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөл батлах үүргээ биелүүлээгүй, үүнээс шалтгаалж оршин суугчидтай гэрээ байгуулж чадаагүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хуваарийн дагуу хэрэгжүүлээгүйг, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас /Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаас маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамж/ хүртэл 1 жил 10 сарын хугацаанд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.9. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 22 дугаар байр 7, 23 дугаар байр 13, 24 дүгээр байр 21, 37 дугаар байр 29, нийт 70 өрхөөс Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам” болон хуульд заасан оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл болох 56 ба түүнээс дээш өрхийн зөвшөөрлийг авахаар байжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар “оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нь дээрх нийт 70 өрхөөс 28 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өмчилдөг болохыг дурьдах нь зүйтэй байна.

2.10. Улмаар дээрх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “О к” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгожээ.

2.11. Нэхэмжлэгчээс сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт буюу шийдвэртэй тухайлан маргаагүй бөгөөд уг шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь дээр дурьдсанчлан нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, уг сонгон шалгаруулалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаар нээлттэй зарласан байна.

2.12. Уг сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд оролцсон бөгөөд Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэж, мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх санал тус бүрд үнэлгээ өгч, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана”, 4.8-д “аймаг нийслэлийн Засаг дарга нь үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, хоёр талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэж заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1 Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Т констракшн” ХХК-тай зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулж, эх загвар зургийг хийлгэсэн хэдий ч  Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга тухайн зургийг батлаагүй байна.

3.2 Нэхэмжлэгчээс “хариуцагчаас зураг төсөл батлах үүргээ биелүүлээгүй” гэж, хариуцагчаас “талбайн болон давхарын хэмжээг дур мэдэн өөрчилсөн” гэж тус тус маргажээ. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” хэлнэ гэжээ.

3.3 Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар хурлын шийдвэрээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг дэмжиж,  Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны 05 дугаар сарын 15 өдөр, мөн зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг дэмжиж, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавруудыг тус тус баталжээ.

3.4 Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 24, 37 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр Эскиз зургийг 2018 оны 01-11 дүгээр сар хүртэл, 22,23 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр Эскиз зургийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сард багтаан батлуулахаар тусгажээ.

3.5 Гэтэл дээрх хугацааны дотор эскиз зургийг батлуулаагүй байх бөгөөд “Т констракшн” ХХК-иар хийлгэсэн эх загвар зургийг хариуцагчаас талбайн хэмжээг өөрчилсөн, давхарын тоог нэмэгдүүлсэн гэх шалтгаанаар батлахаас татгалзжээ.

3.6 Барилгын зураг төсөл нь тухайн барилга, байгууламжийн үндсэн бүрдэл болохын хувьд уг зураг төслийг боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулах нь төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг бөгөөд зураг төсөлт өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн байгууллагын зөвшөөрснөөр хийж гүйцэтгэх учиртай.

3.7 Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-д “Журмын 4.8-д заасан шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд нь тухайн орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна” мөн журмын 4.11-д “Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг заавал тусгасан байна” гээд заавал тусгах зүйлсийг жагсаалтаар журамласан бөгөөд үүнд  барилгын зураг төслийг тусгаагүй байна.

3.8 Нөгөөтэйгүүр Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 талд гэрээг талуудын хооронд байгуулсан 2 талд гэрээ болон эскиз зургийг батлах үйл явц хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсний дараагаар байгуулахаар тусгасан байх тул хариуцагчийг эскиз зургийг батлаагүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон  

                                                         ТОГТООХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулсан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.4Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ