Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00527

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32020/00470 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 988 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

  -иудад холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 89,004,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК , “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” -иудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 89,004,119 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч  нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32020/00470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 40,839,182 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд олгож, үлдэх 48,164,937 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 362,146 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 988 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 26,343,817 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,660,302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 289,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 988 дугаар магадлалыг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлах замаар хохирол төлүүлэхээр шийдсэн нь илт үндэслэлгүй. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ “... Учир нь талууд 2011.10.05-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний 2.4, 2.5-д гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлэх, ийнхүү эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах болон бусад арга хэмжээг тухайн үед нь харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэх агуулгыг тусгасан байна. Хэрэгт авагдсан гэрээний төлбөр буцаан төлсөн (хх-106,108, 109,111,114,115,117) дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч нь 2011.12.01-ний өдөр “ ... 55-2 байрны буцаалт ...” утгаар 11,075,834 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан байна. Энэ нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэгч тал цаашид биелүүлэх шаардлагагүй болсон, захиалагч үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцаан авсан байх тул тухайн өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ” гэж үнэлж дүгнэсэн. Гэсэн атлаа шүүх “Нэхэмжлэгч тал бусдын орон сууцыг 2011.05.17-ны өдрөөс 1 сарын 550,000 төгрөгөөр түрээсэлсэн байх бөгөөд гэрээ цуцлагдсан 2011.12.01-ний өдөр хүртэл нийт 5 сар, 14 хоногийн төлбөрт 3,006,662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасантай нийцэх юм” гэж үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  

4.2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Нэхэмжлэгч тал өөрөө цуцалсан” гэж үзнэ гэсэн үнэлэлт дүгнэлтийг хийсэн, энэ нь талуудын хооронд байгуулагдсан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний агуулгаар ч мөн тодорхой байх бөгөөд бүр илүү тодорхой нотлогдож байгаа асуудал нь нэхэмжлэгч тал хариуцагчид төлсөн төлбөрөө буцаан шаардаад, хариуцагч тал төлбөрийг нь нэхэмжлэгчид буцаан төлсөн тухай бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлаж, өөрөөр хэлбэл, хариуцагч талаас 3,006,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасантай нийцнэ гэж үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 335.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 335.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заасан, энэ зохицуулалт нь захиалагч гэрээгээ хэдийд ч цуцлах эрхтэй болохыг тодорхойлсон, үүний дагуу гэрээгээ захиалагч цуцалсан үйл баримт тогтоогдсон ба энэ нь гэрээ цуцлахдаа тухайн гэрээг цуцлахаас өмнө энэхүү ажлын гүйцэтгэлтэй огт хамааралгүй болох, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт огт хамааралгүй, шалтгаант холбоогүй асуудлаар тухайн захиалагчийн орон сууц хөлсөлж байсан төлбөрийг төлөх үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн буруутай алдааг залруулж хуулийн дагуу зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК , “,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 89,004,119 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 40,839,182 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 48,164,937 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 26,343,817 төгрөг гаргуулж, үлдэх 62,660,302 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2010.02.22-ны өдөр орон сууцны барилгын болон автомашины дулаан гражийн захиалгын гэрээг тус тус байгуулж, эдгээрт 2011.10.05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Эдгээр гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ашиглалтад оруулах (Резиденсе-55) 2 орон сууцны барилгын ... 53.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, зоорийн давхарт 5 дугаартай 16.5 м.кв дулаан зогсоолыг захиалж, төлбөрт нийт 46,126 ам.доллар төлсөн. Гэвч гэрээний зүйлүүд хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас төлсөн төлбөрөөс нийт 29,780 ам.долларыг буцаан авсан. Үлдэгдэл 16,346 ам.долларыг 2667.64 төгрөгт хөрвүүлэн 66,104,119 төгрөгийг, байр ашиглалтад орох 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл өөр орон сууц түрээсэлсэн төлбөрт 22,900,000 төгрөг, нийт 89,004,119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК “... Манай компани барилгын ажлыг гүйцэтгэсэн, тухайн барилгыг бусдад худалдах эрх бүхий этгээд биш. Дээр дурдсан гэрээг манай компани байгуулаагүй, гэрээний дагуу төлсөн гэх 46,126 ам.долларыг хүлээн аваагүй. Иймээс тус компани хариуцагч биш...” гэж,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК “... Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус, аль компаниас юу шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болох гэрээнүүдэд орон байраар хангах талаар, түрээсийн төлбөр хариуцах гэх мэт зүйлийг тохиролцоогүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.4-т “гүйцэтгэгч нь орон сууцны барилгын ажлыг 2012 оны 02 дугаар улиралд багтаан эхлүүлнэ” гэж заасан нь барилга барьж дуусах хугацаа биш, барилгын ажлыг үргэлжлүүлж эхлэх хугацааг тодорхойлсноос үзвэл захиалагч нь ийнхүү шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээ, нэмэлт гэрээг өөрийн хүсэлтээр хугацаанаас өмнө цуцлах саналаа гаргаж, гэрээ цуцлагдсан. Нэгэнт цуцлагдсан гэрээгээр түрээсийн төлбөр, хохирлыг шаардах эрхгүй ба гэрээгээр тохиролцоогүй асуудал нь гэрээний гүйцэтгэгч талд огт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Харин үлдэгдэл төлбөр 11,518,530.5 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлнө...” гэж тус тус маргажээ.

 9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч 2 өрөө орон сууц болон дулаан зогсоолыг 2011 оны I улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй, барилга баригдаагүй, иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах, өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгчээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 16,346 ам.доллар буюу 66,104,119 төгрөг шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас нийт 8 удаагийн гүйлгээгээр 37,377 ам.доллар шилжүүлсэн байх тул үлдэгдэл 8,784.24 ам.доллар буюу 23,337,155 төгрөгийг (нэхэмжлэгчийн тодорхойлсон 2019.10.03-ны өдрийн Монголбанкны ханш 2,667.64 төгрөгөөр тооцон) хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 10. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцохдоо түүний 2012 оны 7-р сараас 2016 оны 9-р сар хүртэл хугацаанд бусдын орон сууцыг түрээсэлсэн төлбөр болох 17,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь 2011.12.01-ний өдөр “...55-2 байрны буцаалт...” утгаар 11,075,834 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан байна. Энэ нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэгч тал цаашид биелүүлэх шаардлагагүй болсон, захиалагч үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцаан авсан байх тул тухайн өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ, иймд нэхэмжлэгч бусдын орон сууцыг түрээсэлж эхэлсэн 2011.05.17-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2011.12.01-ний өдөр хүртэлх нийт 5 сар, 14 хоногийн төлбөрт 3,006,662 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт заасантай нийцнэ...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй, үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Иймээс “... давж заалдах шатны шүүх “... захиалагч үүнийг хүлээн зөвшөөрч төлбөрийг буцаан авсан байх тул тухайн өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ” гэж үнэлж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчээс бусдын орон сууцыг түрээсэлсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-ыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй… Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 335.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан энэ зохицуулалт нь захиалагч гэрээгээ хэдийд ч цуцлах эрхтэй болохыг тодорхойлсон, энэ дагуу гэрээгээ захиалагч цуцалсан үйл баримт тогтоогдсон ба тухайн гэрээг цуцлахаас өмнө энэхүү ажлын гүйцэтгэлтэй огт хамааралгүй болох, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт огт хамааралгүй, шалтгаант холбоогүй асуудлаар тухайн захиалагчийн орон сууц хөлсөлж байсан төлбөрийг төлөх үндэслэл болохгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Тодруулбал, зохигчийн хооронд анх 2010.02.22-ны өдөр гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчийн захиалсан 2 өрөө орон сууц болон автомашины зогсоолыг “2011 оны I улиралд хүлээлгэн өгөх”-өөр харилцан тохиролцсон боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд 2011.10.05-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, “барилгын ажлыг 2012 оны II дугаар улиралд багтаан эхлүүлэх”-ээр тохиролцсон, гэвч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т нийцэх ба ийнхүү цуцлах болсон шалтгаан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу гэрээний үүргээ ноцтой зөрчсөнтэй холбоотой тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардаж буй нь мөн хуулийн 355.1-д нийцнэ. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч бусдын орон сууцыг түрээсэлж илүү зардал гаргах шаардлагагүй байсан ба уг зардал нь нэхэмжлэгчийн хувьд “орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалснаас үүсэх хохиролд тооцогдоно.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 988 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 63,056.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД