Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 155

 

Э.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 1719001190073 дугаартай эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичсэн 5/05 тоот эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Э.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон прокурорт буцааж, Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичсэн 5/05 тоот эсэргүүцэлд “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч байна.  Хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Д.Э, шүүгдэгч Э.Б нартай хохирогчийн нөхөр Б.Ч-т хамт байсан болох нь хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэрч Б.Ч, насанд хүрээгүй гэрч О.Э, хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 348 дугаартай дүгнэлт, гэмт хэргийг таслан зогсоохоор дуудлагаар очиж ажилласан цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Эрдэнэбаяр, Ц.Золбоо нарын илтгэх хуудас зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон.

Гэтэл шүүх цагаатгах тогтоолд “...дээр дурдсан цаг хугацаанд ямар үйл явдал болсныг гүйцэт тогтоолгүй дан ганц хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 348 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь Э.Б-ийн үйлдлийн улмаас учирсан байх бүрэн боломжтой бөгөөд тухайн өдөр хохирогч Д.Э нь өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалдсан зүйл болоогүй, хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчийн дэргэд шүүгдэгч нь хохирогч Д.Э-г цохиж өшиглөж зодсон, сандал шидсэн, цагдаа дээр ирээд цохьсон болох нь хохирогч Д.Э, шүүгдэгч Э.Б нарын өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завших нөхцлийг бүрдүүлсэн.

Мөн шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т “таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заана” гэж заасан байхад шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг зөвтгөхгүйгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-т холбогдох хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаж шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нотлох баримтыг бодитой дүгнэж чадаагүй, хоёр шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Э.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоож чадаагүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичсэн 5/05 тоот эсэргүүцлийг үндэслэн Э.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Э.Б-ийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт иргэн Д.Энхтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Э.Б-ийн үйлдлийг хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл нь хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдлыг тогтоож чадсан эсэх,  энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хяналтын шатны шүүх дүгнэхээс бус хэргийг нотлох ажиллагааг гүйцэтгэхгүй бөгөөд харин уг ажиллагаа хуульд заасан арга хэлбэр, журмаар явагдсан эсэхийг үнэлэх үүрэгтэй билээ.

Прокурор анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч буй бол уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй болохыг хяналтын шатны шүүхээр нотлох баримтуудыг дахин шинжлэн судлуулах байдлаар бус харин дээрх шүүхүүд хэргийн байдлыг тогтоох явцад ямар алдаа гаргасан, энэ нь шүүхийн дүгнэлтэд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар эсэргүүцэлд дурдах байжээ.   

Гэтэл прокурорын эсэргүүцэлд үүнтэй холбоотой ямар ч дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг дурдан зааж, түүнийгээ эсэргүүцлийн үндэслэл болгосныг хяналтын шатны шүүх хүлээн авах боломжгүй.

Хяналтын шүүх прокурорын эсэргүүцлийн үндэслэл болсон дээрх баримтуудыг судлан үзсэн хэдий ч хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд учирсан үндсэн гэмтэл болох зүүн 10 дугаар хавирганы хугарлыг шүүгдэгч Э.Б түүний биеийн доод хэсэгт өшиглөх, цохих, түлхэх зэргээр учруулсан гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичсэн 5/05 тоот эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН