Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 289

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд “ТМӨ” сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж захирал Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0208 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0347 дугаар магадлалтай, Б.С-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0208 дугаар шийдвэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ““ТМӨ” сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0347 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол шүүх нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэгч миний энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхийг нь хязгаарласан байна. Давж заалдах шатны шүүх дараах баримтууд, хуулийн заалтыг үндэслэн хэргийг хянасан байна.

Хан-Уул дүүргийн “Хос өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбоог зөвшөөрсөн айлуудын жагсаалт, “ТМӨ” сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, “ТМӨ” Сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших “Хос өргөө” хотхоны бүх гишүүдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших “Хос өргөө” хотхоны бүх гишүүдийн хурлаар “ТМӨ” сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, дээрх баримтуудыг үндэслэн гаргасан 51 дүгээр гэрчилгээ зэргийг үндэслэж тус гэрчилгээг олгосон байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1-д заасанд нийцэж байгаа тул шүүх нэхэмжлэлийг зөв байна гэж дүгнэжээ.

 “Хан-Уул дүүргийн “Хос өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбоог зөвшөөрсөн айлуудын жагсаалт” дээр нийт 84 саналын эрхтэй тоотоос 59 нь гарын үсэг зурсан байгаа нь гуравдагч этгээдээс өгсөн хариу тайлбарт “сууц өмчлөгчдийн холбоог байгуулж байсан тэр үед суугчид өөрсдийн өв хөрөнгөө эзгүйдүүлэхгүйн тулд 260 айл өрх бүрэн орж дуусаагүй байхад 130 гаруй айл өрхийн дунд санал хурааж 84 айл өрх зөвшөөрсөн гарын үсэг зуран холбоог байгуулсан” гэж бичсэн нь хоорондоо зөрчилдөж, нийцэхгүй байдаг.

Өөрөөр хэлбэл тайлбартаа бичсэн 130 саналын эрхтэй тоотоос 59 нь гарын үсэг зурсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “бүх гишүүдийн 50 хувиас дээш оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцдэггүй. Учир нь 130 саналын эрхтэй тоотоос 50 хувь гэвэл 65 болж байна. Мөн энэ заалтаар бол зөвшөөрсөн биш харин “50 хувиас дээш оролцоотойгоор хурал хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших “Хос өргөө” хотхоны бүх гишүүдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар нь үнэн болно гэсэн нотариатын тэмдэглэлтэй болохоос биш уг хурлын тэмдэглэл нь үнэн бодит гэдгийг нотлогдохгүй байдаг. Анхан шатны шүүхэд 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл болон гишүүдийн ирцийн бүртгэлийг Хан-Уул дүүргийн архиваас шүүхэд баримтаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөн тус архиваас баримтуудыг гаргуулах захирамж гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн архиваас ямар ч хариу ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд мэдэгдэхдээ “уг архиваас хурлын тэмдэглэл, ирцийн бүртгэл байхгүй, алга болсон, эсвэл устсан байж болзошгүй” гэж хэлсэн. Ингэснээр уг хурал болсон гэдэг нь баримтаар нотлогдох боломжгүй байгаа нь анхан шүүх дээр нотлогддог.

Дээрх зөрчлүүдийг харахад хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэх” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ нь хурал хийгдсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаагаас хурлын шийдвэр нь бүх гишүүдийн Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурлаас гарсан шийдвэр гэдгийг нотлохгүй байдаг. Мөн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэнэ гэснээс бус сум, дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгоно гэж заагаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.С нь “...“ТМӨ” сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулах бүх гишүүдийн хурал хийгээгүй, энэ талаарх баримтгүй байхад бүртгэж, гэрчилгээ олгосон” гэх үндэслэлээр тус холбоонд олгогдсон 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно”, 5.3-т “холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна...”, 5.4-т “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд тухайн орон сууцны байшингийн сууц өмчлөгчид өөрсдөө санаачлан “холбоо” байгуулах хурал зохион байгуулж, “холбоо”-г байгуулсан тухай хурлын шийдвэрт тус хурлаас сонгогдсон тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалттай байна.

Мөн хуулийн 18 дугаар зүйлд сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлаарх аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон, 18.1.2-т “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх”-ээр заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос Өргөө” хотхоны сууц өмчлөгч 84 гишүүд /айл/ 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хурлыг зохион байгуулж, “ТМӨ” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, энэ тухай 03 дугаартай тогтоол гаргаж, хурлын тэргүүлэгч 3 хүн гарын үсэг зурснаар тус “СӨХ”-г байгуулсан нь баталгаажсан, хариуцагч эдгээр баримтад үндэслэн “бүртгэл” хийснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэгэнт байгуулагдсанд тооцогдох сууц өмчлөгчдийн холбоог бүртгэн авах нь хариуцагчийн үүрэг бөгөөд уг бүртгэлийн улмаас “сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж “ТМӨ” сууц өмчлөгчдийн холбоог зохион байгуулагдах үед тухайн сууц өмчлөгч нараас маргаж байгаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтад тулгуурлан бүртгэлийн харилцааг зохицуулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар “...хурлын ирц хурал хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүй байсан, ...хурал хийгдсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаагаас хурлын шийдвэр нь холбоог үүсгэн байгуулах хурлаас гаргасан шийдвэр болохыг нотлохгүй” гэсэн агуулгатай гомдол гаргасан ба сууц өмчлөгчдийн холбоог байгуулах сууц өмчлөгчдийн хурал, хурлын хүчин төгөлдөр байдал, гаргасан шийдвэр зэрэгт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, энэ талаар шийдвэр, магадлалд тодорхой тусгажээ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай” гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0208 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0347 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ