Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/939

 

 

 

 

 

 

 

    2023         6           30                                   939    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Г.Манилцэцэг,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр эрүүгийн 2306 00000 2241 дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд  шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Гансүхтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой эвлэрээд хохиролд 500.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу. Манай найзтай хэрэлдэхээр нь би өмөөрсөн юм” гэх, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12 дугаар хуудас/, хохирогч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 5 дугаар сарын 29-өөс 30-ндшилжих шөнө 01 цагийн үед найз Баянжаргал, Мөнх-Очир нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 4 цаг 40 минутын үед тараад гадаа утсаа оролдоод зогсож байхад манай найз Баянжаргал үл таних нэг залуутай маргалдаад зууралдаад нэгнийгээ өшиглөөд байж байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл тэнд байсан 3 залуу бужигнаж байгаад нэг нь миний нүд рүү цохисон, тэгээд салтал цагдаа ирсэн байсан.” гэх /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надтай анх эхэлж маргалддаг хар хувцастай эрэгтэй босож ирээд манай найз Б.Гийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Б.Г урдаа зогсож байсан саравчтай малгайтай, юүдэнтэй цамцтай залуугийн нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөчихсөн.” гэх /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Л.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лхагвасүрэнтэй маргалдаж байсан хар хувцастай эрэгтэй Б.Гийн шанаа хэсэг нэг удаа цохисон. Тэр үед Б.Г урдаа зогсож байсан саравчтай малгайтай, юүдэнтэй малгайтай цамцтай залуугийн толгой хэсэгт нь нэг удаа толгойгоороо мөргөчихсөн.” гэх мэдүүлгүүд /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7111 дүгээр “1. Б.Гансүхийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Гансүх нь эмчилгээний зардалд бэлнээр 500.000 төгрөг хүлээн авсан тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 62 дахь хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Гэд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ