Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, З гэх газар нутаглах, Л.Г /РД:........./-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, энэ жил 52 нас хүрч байна. Улсад нийт 6 жил ажилласан. Үүнээс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүүхдийн яслид асрагчаар 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан ба энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй, ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан гэрчийн мэдүүлгээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Л.Г нь хөдөлмөрийн дэвтэр олгогдоогүй гэж тайлбарлах тул 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүүхдийн яслид асрагчаар ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Л.Г нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын яслид 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/56 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/,

- Гэрч Ж.Уртнасангийн “...Л.Г нь 1980-аад оны дундуур Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүүхэд саатуулах газар нь ажилладаг байсан. Яг ямар ажил хийдэг байсныг нь мэдэхгүй. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүний их эмчийн 1980-1990 оны 7 сар хүртэл ажиллаж байсан. Ясли нь эмнэлгийн харьяа байсан учраас Л.Гийг Сайнцагаан сумын яслид ажилладаг байсныг мэддэг байсан. Олон хүнтэй ажилладаг байсан учраас ямар албан тушаалд ажилладаг байсныг санахгүй байна Хариулт: Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл 1991 онд  Нэгдмэл хөдөлгөөн ББХК болсон санаж байна. Сайнцагаан сумын яслийн ажилчдын ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаалыг Сайнцагаан сумын захиргаанаас гаргадаг байсан. Сайнцагаан сумын Яслийн архив Сайнцагаан сумынхаа архивт байдаг байсан байх...” гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/

- Гэрч И.Бизъяагийн “...Л.Г нь надтай 1984 оны 7 сарын 1-нээс 1990 оны 7 сар хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Яслид би тогоочоор, Ганчимэг асрагчаар ажиллаж байсан. Л.Г 1990 оны 7 сараас хойш жирэмсэн байсан санаж байна. Тэгээд хөдөө гарч мал малласан байх. Ясли нь Сайнцагаан сумын захиргааны харьяа байсан. Тушаал шийдвэр нь сумын захиргаанаас орлогч дарга нь гаргадаг байсан. Сайнцагаан сумын Яслийн архив уг нь сумандаа байдаг байсан. Миний баримт л сүүлд хаана байгаа мэдэгдэхгүй, олдохгүй болчихсон байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ясли нь Сайнцагаан сумын конторын баруун талд Чанарын байр гээд байранд байрладаг байсан. Эхний хар зураг нь 1987 он үеийн гэрэл зураг юм шиг байна. Манай хамт олон чулууны ууланд зугаалгаар явж байгаад авахуулсан зураг байна. Ганчимэг баруун гар талаасаа 2-т зогсож байна. Би зүүн гар талаасаа 4-т цагаан алчуур зүүсэн байгаа нь байгаа юм. Нэг гэрч болох Уртнасан эмч доор баруун гар талаас 2-т манай хүүхдийг тэврээд сууж байна. Эхний гэрэл зураг дээр авахуулсан хүмүүс Дундговь аймгийн Сайнцагаан сумын Яслсийн хамт олны зураг мөн. Яслийн активын шил угаагч байсан Дэнсмаа, яслийн арагч Ганчимэг, Ялсийн дүн бүртгэгч Зул, аж ахуйн эрхлэгч Бизъяа, хүн эмнэлэгийн сувилагч Мядагдаваа, тогооч Эрдэнэчимэг, бага ангийн асрагч Саранчимэг, Хүн эмнэлэгийн их эмч Уртнасан, наран бригадын их эмч Бүдсүрэн, үйзэн бриагдын эмч Гэрэл нар байна. Ясли нь тухайн үед эмнэлгийн харъяа байдаг байсан учир эмч нар хамт байгаа юм. Доод талын зураг дээр асрагч Ганчимэг, тогооч Эрдэнэбичмэг, эмч Бүдсүрэн, Мөнхчулуун, эмч Даарийжав, шил угаагч Дэнсмаа нар байна. Энэ бүгд манай хамт олон мөн. Бид бүгд Л.Гтэй хамт ажиллаж байсан. Өнгөт зураг нь мөн л 1980 хэдэн оных л юм шиг байна. Би энэ зураг дээр алга, харин Ганчимэг доор баруун гар талаас 1-рт сууж байна...” гэх мэдүүлэг, гэрэл зураг /хэргийн 10-11, 13-14-р хуудас/

- Гэрч Д.Даланчулууны “...Л.Г нь 1986 онд намайг Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад ажиллахаар ирж байхад Сайнцагаан сумын Яслид цэвэрлэгч, үйлчлэгчээр ажиллахаар ирж байсан. Наран бригадад байсан Сайнбуян гэж хүнтэй сууж байсан. Сүүлд 1991 онд яслиас гараад Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Наран бригадад малчнаар 1993 он хүртэл ажилласан. Сайнцагаан сумын Яслийн ажилчдын ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаал шийдвэр сумын  захиргаанаас гардаг. Сум нэгдлийн дарга нь нэг хүн байсан. Нэгдэл, сум хоёр нь тусдаа байсан. Сум нь санхүү тасагтай байсан. Тэгээд Яслийн тушаал санхүү тасгаас гардаг байсан. Тухайн үед хүн эмнэлэг, ясли, цэцэрлэг нь нэг системд хамт байсан. Сайнцагаан сумын Яслийн архив Сайнцагаан сумын архивт л байх ёстой. Нэгдлийнх хоршооны байранд байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ясли Чанарын байр гэдэгт байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

- Сайнцагаан сумын яслийн 1989 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл хугацааны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 16-27-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын яслид 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэгт авагдсан бичгийн баримт болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын яслийн 1989 оны 1-12 дугаар сарын цалингын хүснэгтээр нэхэмжлэгч нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Г-ийг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын яслид асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ