Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/521

 

 

 

 

 

 

 

 

    2023        08          10                                   2023/ШЦТ/521

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Н.Түвшинбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0013 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г , регистерийн дугаар ХХ000000, 1998 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин, бетон арматурчин, өрөг угсрагч, засал чимэглэлчин, цахилгаанчин мэргэжилтэй, барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эх, ах, дүү  нарын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагааны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч найз, найзын эхнэр, хүүхдийнх нь хамт Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 20 дугаар байрны 00 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 164 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 129 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаар хорих ял, тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар 95 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 304 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 3 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан 00-00 УБЧ улсын дугаартай Киа Бонго 3 маркын автомашины чингэлгэний цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хохирогч Э.С ын 33 кг ноолуурыг хулгайлан авч бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 00 тоот дахь хохирогч Б.Г ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 00 тоотод оршин суух хохирогч Ж.Б  гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг эвдэн хууль бусаар нэвтэрч монетон бөгж 2 ширхэг, монетон гинж, мөнгөн ээмэг 3 ширхэг, кулонтой мөнгөн гинж 2 ширхэг зэрэг болон хохирогч Ж.Б  гийн гадаад паспорт, одонгийн үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, Ундрах, Ундармаа, Бат-Чөдөр, Баттогтох нарын төрсний гэрчилгээ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 989.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах ажилчдын цайны газар буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч бэлнээр 499.300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Цэнтрал таурын 00 тоотод байрлах “8 филм” студи буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 4 терабайт багтаамжтай “Seagate” брэндийн хард диск, саарал өнгийн хавар намрын нимгэн куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 293.680 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5.331.980 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Э.С, Ж.Б, Б.Г, Б.Х, Ц.Ш  нарын мэдүүлэг, хохирогч Б.Г ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Дэлгэрмаа, Ц.Өлзийсайхан, Д.Март, Б.Батхишиг, Г.Даваасүрэн, Б.Чинзориг, О.Энхсайхан, Б.Энхтүвшин, Б.Анхбаяр, Ц.Цогмаа нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г гийн сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-ОРХ/4310 дугаартай тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-622/4326 дугаартай тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-23-62 дугаартай тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЧД1-23-248 дугаартай тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ1-22-1719 дугаартай тайлан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан бусад нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

  Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г  болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь мөн дээрх байр суурийг дэмжиж оролцсон болно.

Шүүгдэгч Б.Г  нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох автомашины чингэлэг зэрэгт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийтдээ 5.331.980 төгрөгийн хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдэл тус бүрээр дараах байдлаар хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.1. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 3 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан 00-00 УБЧ улсын дугаартай Киа Бонго 3 маркын автомашины чингэлгэний цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан агуулах болох автомашины чингэлэгнээс хохирогч Э.С ын 33 кг нэг шуудай ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал),

- хохирогч Э.С  мэдүүлсэн “...Би 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Орбит руу боловсруулах үйлдвэр рүүгээ 3 шуупай нийт 109.2 кг самнасан ноолуур хүргэж өгөх байсан болохоор 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим 3 шуудай нийт 109.2 кг самнасан ноолуураа 00-00 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн бүхээгтэй Бонго 3 маркийнн автомашиныхаа бүхээгт хийж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадаа гэрийнхээ гадаа авчирч тавиад бүхээгний хажуу талын хаалгыг онгойлгох гэсэн чинь түлхүүрээр эргэхгүй байсан. Тэгэхээр нь түгжээг нь дарсан чинь шууд онгойчихсон. Тэгээд баримтаа шалгааад ноолуураа шалгасан чиэнь 1 шуудай ойролцоогоор 33 кг ноолуур алга болсон байсан. ...Зах зээлийн ханшаар 1 кг ноолуурыг 348.040 төгрөгөөр зарж байгаа болохоор 33 кг ноолуур нийт 11.485.320 төгрөг болно.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 111 дэх тал),

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын камерын бичлэг байх ба бичлэгний 03 цаг 18 минутанд цүнх үүрсэн цайвар өнгийн саравчтай малгай, цайвар өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй этгээд 66-16 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн бүхээгтэй бонго 3 маркын тээврийн хэрэгслийн хажууд ирээд бээлий өмсөөд эвдлэгч багаж хэрэгсэл ашиглан тухайн тээврийн хэрэгслийн бүхээгний баруун талын хаалгыг онгойлгоод дотроос нь цагаан өнгийн шуудайтай зүйл гаргаж ирээд 03 цаг 22 минутанд баруун мөрөн дээгүүрээ мөрлөөд аваад явж байна” (3 дугаар хавтаст хэргийн 123-126 дахь тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ1-22-1719 дугаартай тайлан “...нэгжийн үнэ 100.000 төгрөг ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.300.000 төгрөг” (3 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал),

шүүгдэгч Б.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 8 дугаар сард гэж санаад байна. Билэг их сургуулийн зүүн талд байрлах 12-16 дугаар давхар байрны урд талын зогсоолд байрлуулсан байсан бүхээгтэй саарал цагаан өнгийн тээврийн хэрэгслийн бүхээгийг автерик онгойлгож үзсэн ба дотор нь Туяа гэсэн бичиглэл бүхий 4 шуудаатай ноолуур байсан ба 1 мөрдөгчийн авсан гэрчийн мэдүүлгэнд дэлгэрэнгүй ярьсан байгаа. ...Уг өдрийн маргааш нь 5 шар дээрээс такси бариад 61 гарам гараад явж байгаад ноолуур авна гэсэн цэг дээр 1 кг 8000 төгрөгөөр бодож нийт 2.600.000-2.700.000 төгрөгийн хооронд худалдан борлуулсан.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 00 тоот дахь хохирогч Б.Г ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 181 дахь тал),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 00 тоот ба хойд зүг рүү харсан бор хүрэн өнгийн гадагшаа нээгддэг хашааны хаалгатай. Хашаан дотор зүүн урд зүгт модон улаан хүрэн өнгийн бие засах газар баруун хойд зүгт 2 давхар, модон гадна хэсгээрээ дээврийн төмрөөр бүрсэн байшин байв” (1 дүгээр хавтаст хэргийн 184-189 дэх тал),

- хохирогч Б.Г  мэдүүлсэн “...Манайд хулгай орж унадаг дугуй алдагдсаны дараа манай гудамжинд саарал өнгийн сүүлгүй домбар загварын нохой нэлээн хэд хоносон. Хулгай хийж явсан залууг дагаж явсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал),

- хохирогч Б.Г  гэрчээр мэдүүлсэн “...2022 оны 8 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчимд гордод байрлах Залуус хотхон 22-7 гэрээсээ гарч Их залуу баг баруун задгай 07-02 тоот хашаа байшин дээрээ очсон. Хашааны гадна очиход хашааны гүйдэг хаалга бага зэрэг нээлттэй байсан тэгэхээр нь гайхаад яваад ороход манай байшингийн гадна хаалга онгорхой байсан. Үүний дараа байшин дотор ороход гал тогооны өрөөний жижиг вакум цонхны түгжээ эвдэрсэн гаднаас хүн хөшиж орсон байдалтай байсан. Мөн гэр доторх цаасан хайрцагтай зүйлс болон эд зүйлсийг нээж ухаж түнхэн эмх замбараагүй шалан дээр хаясан байсан. Үүний дараа би юу алга болсон юм бол гэж бодоод эд зүйлсээ бүртгэхэд миний 13 настай охины улаан өнгийн унадаг дугуй алга болсон байсан. ...Хулгай хийх гэж ирсэн хүн гал тогооны өрөөний жижиг цонхоор дотогш ороод унадаг дугуй авч гарахдаа гэрийн бүргэд хаалгыг хөшиж онгойлгоод гарч явсан байсан. ...хүүхдийнхээ унадаг дугуйг 150.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал),

- гэрч А.Дэлгэрмаа мэдүүлсэн “... 25-аас доош насны гэгээлэг өнгийн хувцас өмссөн бор өнгийн нохой дагуулсан залуу хажуу талын айлын айл руу хашаа даваад орчихоор нь гарч ирэхийг нь хүлэсэн ерөөсөө гарч ирээгүй хаагуур гараад явсан юм байгаа нь дараа нь хажуу талын айлаасаа танайхаас юм алдагдсан байсан уу? гэж асуухад улаан өнгийн унадаг дугуй байсан алга болсон гэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дахь тал),  

- гэрч Ц.Өлзийсайхан мэдүүлсэн “...Би сүүлд 2022 оны 8 сарын эхээр Б.Г тай коридорт таарсан юм. Тэгэхэд манай нийтийн байрны гадаа улаан өнгийн дугуй байсан эзэн нь хэн юм бол гэхэд Б.Г  гэртээ ороод 5 минут болоогүй буцаад гараад явчихсан. Тэгээд тэр улаан өнгийн дугуйг унаад явчихсан. Тэрнээс хойш дахиж гэртээ ирээгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал),

-  шүүгдэгч Б.Г  сэжигтнээр мэдүүлсэн “...тухайн өдөр нэг гудамжнаас унадаг дугуй авсан санагдаж байна. Яг хаанаас гэдгийг тодорхой санахгүй байна. ...2022 оны 8 дугаар сарын 14-ны өдөр улаан өнгийн дугуйтай гэртээ очсон нь үнэн. Дээр хэлсэнчлэн тэр дугуйг нь би гудманд ил байхад нь авсан санаж байна. Яг тодорхой хаягыг нь санахгүй байна. Авсан шалтгаан нь зүгээр дугутай болмоор санагдаад авчихсан юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал),

- шүүгдэгч Б.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ ярих зүйл байхгүй, энэ хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...зарж борлуулсан зүйл байхгүй унаж явж байгаад нэг дугуй хагарсан болохоор Бүрэн бүст ойролцоо орхиод явсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал),

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-622/4326 дугаартай тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 250.000 төгрөг” (1 дүгээр хавтаст хэргийн 212-215 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 00 тоотод оршин суух хохирогч Ж.Б  гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч монетон бөгж 2 ширхэг, монетон гинж, мөнгөн ээмэг 3 ширхэг, кулонтой мөнгөн гинж 2 ширхэг зэрэг болон хохирогч Ж.Б  гийн гадаад паспорт, одонгийн үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, Ундрах, Ундармаа, Бат-Чөдөр, Баттогтох нарын төрсний гэрчилгээ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 989.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 252 дахь тал),

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 2-5 дахь тал),

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

- хохирогч Ж.Б   мэдүүлсэн “...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг баруун задгай 00 тоот гэрээсээ 12 цагийн орчимд гарч Хүнсний зах орж хүнс цуглуулчихаад 16 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн гадаах хаалганы цоож нь байхгүй байхаар нь дотогш орсон чинь ширээн дээр цоожийг нь тавьсан том өрөөнд байрлах авдар, шүүгээ зэрэг дотор байсан эд зүйлүүдийг гадагш гаргасан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Монетон гинж нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шунхлай худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн бөгж 2 ширхэг, 1 ширхэгийн 2021 онд Үйлчилгээний төвийн алт мөнгөний дархан дээр 15.000 төгрөгөөр хийлгэж байсан мөнгийн өөрөө гаргаж өгч байсан юм. Нөгөө бөгжийн 6 дугаар сард бас мөнгийн өгч, 15.000 төгрөгөөр хийлгэж байсан юм. Мөнгөн гинж 2 ширхэг хүүхдийн 1 ширхэг гинжийн 2019 онд Төгөл худалдааны төвөөс 30.000 төгрөгөөр авч байсан. Нөгөө нэг мөнгөн гинжийн хаанаас худалдаж авч байсан талаар мэдэхгүй байна. Ж.Б  гийн гадаад паспорт, одонгуудийн үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, Ундрах, Ундармаа, Батчөдөр, Баттогтох нарын төрсний гэрчилгээ эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. ...Надад ойролцоогоор 1.000.000 орчим төгрөгийн хохирол учраад байна. Манайд хулгай орсноос хойш 5-6 хоногийн дараа манайхаас 3 гудамжны урд байдаг манай найз Дуламсүрэнгийн ач нь гэх эрэгтэй хүүхэд Их залуу баг баруун задгайн талбай дээр тоголж байгаад олсон гээд хулгайд алдагдсан бичиг баримтууд бүгдийг нь авчирч өгсөн.гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15, 18 дахь тал),

шүүгдэгч Б.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...хүлээн зөвчшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал),

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-ОРХ/4310 дугаартай тайлан, “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 989.000 төгрөг” (хавтаст хэргийн 35-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2.4. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах ажилчдын цайны газар буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө болох бэлнээр 499.300 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтэгх ерөнхий газар гэх хаяг бүхий газар байх бөгөөд хэрэг учрал болсон гэх газарт ирэхэд ертөнцийн зүгээр урагш харсан шилэн хаалгатай дээд талдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх хаяг бүхий 3 давхар барилга бөгөөд тус байрны хаалгаар ороход үүдний жижүүрийн хэсэг угтах бөгөөд ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэсэн коридороор алхахад ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэсэн коридороор алхахад ертөнцийн зүгээр урагш харсан гадна талдаа ямар нэгэн хаяггүй халгаар нь ороход гал тогооны заал хэсэг угтаж байв. ...цонхон дээр эвдлэгч багажны ул мөр илрээгүй түгжээ мултарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” (1 дүгээр хавтаст хэргийн 2-7 дахь тал),  

- хохирогч Ц.Ш  мэдүүлсэн “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нягтлан бодогч ажилтай 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нийг шилжих шөнө манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цайны газарт хулгайч орж цайны газрын орлого болох 499.300 төгрөг алдагдсан манай цайны газарт 3 тогооч ажилладаг бөгөөд тогооч нар маань орой ажил тарахад хаалга цонхоо хаагаад өрөөний хаалгыг лацдаад явдаг юм аа. Тухайн өдөр манай тогооч нар нийт 499.300 төгрөг байсныг цаасанд боож жижиг хавчаараар хавчаад жижиг цүнхэнд хийгээд гал тогоонд байрлах жижиг цагаан шүүгээнд хийсэн байсан гэж хэлсэн. Иймээс нийт 499.300 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал),

- гэрч Д.Март мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би ажил дээрээ 09 цаг 20 минутанд ирж ажлаа хийж байгаад тухайн өдрийнхөө бүх орлогоны бэлэн мөнгө болох 499.300 төгрөгийг хар өнгийн жижиг цүнхэнд хийгээд гал тогооны өрөөнд байх цагаан өнгийн жижиг шүүгээнд хийчихээд 16 цаг 30 минутад ажпаасаа гарч явсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өглөө манай ажлаас над руу залгаж хулгай орсон талаар хэлсэн. ...Гал тогооны өрөөнд байх цагаан шүүгээн дотор байсан цайны газрын орлого хар жижиг цүнхтэй 499.300 төгрөг алдагдсан, өөр алдагдсан эд зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал),

- гэрч Б.Батхишиг мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 1 давхарт байрлах гал тогооны ажилчид гал тогоогоо хаагаад 18 цаг өнгөрч байхад гарч явцгаасан. Оройны 22 цаг өнгөрч байхад бүх алба хаагчид тарсны дараа би бүх алба хаагчдын өрөөг цоожтой байгаа, мөн лацтай байгааг шалгачихаад хамгийн сүүлд нь гал тогоо руу очиж дотор нь ороод бүх цонхыг нь хаасан байгаа эсэхийг нь шалгаж үзчихээд гарч явсан. Ингээд би өөрийн үүрэг гүйцэтгэх ёстой газаррт байрлаж рапортоо бичээд гадна хөдөлгөөн болон гаднаас хүн ирэх эсэхийг хянаж хоносон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад ээлж хүлээлцэхээр гал тогоо руу ороход цонх онгорхой 2 хаалгатай шүүгээний хаалга онгорхой ухагдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),

- гэрч Г.Даваасүрэн мэдүүлсэн “...Би ШШГЕГ-т тогоочоор 10 жил ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий газар дээр тогоочоор ирээд 2 сар гаруй болж байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ШШГЕГ-ын гал тогоонд Д.Март, Мөнхсоёл нарийн хамт 08 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд ажиллаад алба хаагч нарын хоол цайг хийж өгсөн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Мөнхсоёл хулгай орсон байна гэж надад 11 цагийн үед холбогдож хэлсэн. Гал тогооны өрөөний цагаан шүүгээнд ус ундааны мөнгө байсан, яг хэдэн төгрөг байсан гэдгийг би мэдэхгүй байна. Энэ мөнгийг Д.Март гэх тогооч хариуцдаг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- гэрч Б.Чинзориг мэдүүлсэн “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Си Юү” сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан. Энэ өдөр шөнө 02 цагийн үед манай дэлгүүрт Саарал алаг шоотой малгай, малгайтай цэнхэр цамц өмссөн саарал өнгийн куртик, саарал өнгийн өмд, улаан өнгийн пүүз өмссөн 35 орчим насны эрүүндээ урт сахалтай, нэг үүдэн шүд нь байхгүй, 165 см орчим өндөртэй туранхайдуу эрэгтэй хүн саарал өнгийн нэг мөрний үүргэвч үүрсэн байдалтай орж ирээд надаас ганц юм гуйя Монгол мөнгө байхгүй байна ахдаа нэг гоймон өгчих гэж хэлсэн. Би боломжгүй гэж хэлсэн тухайн хүн манайхаар үйлчлүүлж байсан хүмүүсээс гуйж байгаа харагдсан ба тэгээд лангуун дээрээс 1 ширхэг бэлэн гоймон аваад гаднах уутыг нь задалж байсаэ энэ үед би тухайн хүнээс мөнгөө өгөөд аваарай гэж хэлээд гоймонгоо авсан тэр хүн үүдний хэсэгт сууж байгаад гарч яваад буцаж орж ирээд дахиж гуйсан тул би хамгаалагч дуудсан манай хамгаалагч залуу нөгөө хүнийг дэлгүүрээс одоо харьж унт гэж хэлээд гаргасан. Энэ үед цаг 03 цаг өнгөрч байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- гэрч О.Энхсайхан мэдүүлсэн “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо монелын 27-645 тоотоос 22-14 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 загварын машинтай такси үйлчилгээнд явж байгаад 2022 оны 12 дугаар сарын 29-ний 04 цаг 50 минутын үед Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудал дээрээс 30 гаран насны намхан саарал бараан өнгийн хувцастай эрэгтэй гар өргөөд зогсож байсныг авсан. Би тухайн хүнийг аваад Гандангийн хойд талын автобусны буудал дээр хүргэж өгөөд 5000 төгрөг аваад 2000 төгрөг хариулж өгсөн тухайн хүнийг буулгачихаад хаашаа явсныг нь харалгүй хөдлөөд явсан. Тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- гэрч Б.Энхтүвшин мэдүүлсэн “...Миний бие өөрийн 04-92 УБЕ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний 05 цагийн үед Гандангийн автобусны буудал дээр цагаан куртиктай эрээн малгай цагаан пүүзтэй гараа өргөөд зогсож байсан хүнийг авсан. тухайн хүн 3 дугаар эмнэлэг оръё гэж хэлсэн. Би 25 дугаар эмийн сангийн “Си юү” сүлжээ дэлгүүрийн урд буулгасан. Таксины мөнгөө бэлнээр 10,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дахь тал)

- хянлтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...уг бичлэгийг эхлүүлэхэд дүрс бичлэгт 165 см өндөртэй эрээн малгай саарал өнгийн богино нимгэн куртик, дотуураа хөх өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн өмд, улаан өнгийн пүүзтэй саарал өнгийн нэг мөрний цүнх үүрсэн 30 гаран настай эрэгтэй хүн харагдаж байлаа.  ...цаашид дүрс бичлэгийг үзэхэд тус эрэгтэй байрны цонхыг түлхэж орж байгаа дүрс бичлэг байна ...цаашид дүрс бичлэгийг үзэхэд тус эрэгтэй цонхоор гараад НДЕГ чиглэлд алхаж байгаа дүрс бичлэг байна” (хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

2.5. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Цэнтрал таурын 00 тоотод байрлах “8 филм” студи буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 4 терабайт багтаамжтай “Seagate” брэндийн хард диск, саарал өнгийн хавар намрын нимгэн куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 293.680 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ таур” гэх хаяг бүхий газар байх бөгөөд хэрэг учрал болсон гэх газарт ирэхэд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан орцтой 16 давхар гадна талдаа 20 гэсэн тооттой барилга байх бөгөөд барилгын гадна талын газрын гадаргуу нь цементэн гадаргуутай учир хөлийн мөр үүсэх боломжгүй бөгөөд байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан орцны хаалгаар дотогш ороход байрны орц хэсэг угтах бөгөөд  1 давхарт байрлах ертөнцийн зүгээр зүүн тийш харсан гадна талдаа 101 гэсэн хаягтай хаалгыг эзэмшигч Н.Батсайханаар нээлгэн дотогш ороход шаргал өнгийн шал, саарал өнгийн хана, цагаан өнгийн таазтай 1 өрөө бүхий байр угтав.” (2 дугаар хавтаст хэргийн 102-108 дахь тал),

хохирогч Б.Х  мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Цэнтрал таурын 00 тоотод 12 цаг 40 минутын орчим ирээд хаалгаа онгойлгоод дотогш ороход манай студийн ертөнцийн зүгээр хойш харсан вакум онгорхой түгжээ нь эвдэрсэн байдалтай байсан Ая7 загварын процессорт залгаастай байсан 4 терабайтын багтаамжтай хард дискийг салгаад аваад явчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудах болсон. Манай хажуу талын зэргэлдээ өрөө болох 102 тоотын цонх эвдэрсэн байдалтай онгорхой байсан. ...Миний хулгайд алдсан гэх хард диск нь дөрвөлжин хэлбэртэй саарал өнгийн металл гадаргуутай дээд талдаа өөрийн үзүүлэлтүүдийг бичсэн бичвэртэй “Seagate” брендийн хард диск байсан. Би өөрийн хард дискийг анх 2020 оны зун компьютер ланд худалдааны төвөөс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан”

“...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Цэнтрал таурын 00 тоот 8 филм студид хулгайч орж 4тб багтаамжтай хард диск алдагдсан талаар мэдүүлэг өгч байсан. манай сутудээс мөн миний өмсөж байсан студийн хананд өлгөсөн саарал өнгийн дотоодын үйлдвэрийн Хороололд байрлах Surprisse shop дэлгүүрээс 9 дүгээр сарын сүүлээр 75.000 төгрөгөөр худалдан авч байсан нимгэн богино куртик алдагдсан байсан. Уг куртик саарал өнгийн захгүй кнопон куртик алдагдсан байсан. Уг куртик саарал өнгийн захгүй кнопон товчтой цахилгаангүй ил дөрвөлжин 2 халдаастай дотор тал нь хардуу куртик байсан. Уг курткээ би одоо хараад танина. Өөр алдагдсан зүйл байхгүй. Эд зүйлээ бүртгэж үзсэн”

“...би өөрийн алдсан эд зүйлийнхээ үнэлгээтэй танилцсан миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хард диск дотор кино бичлэг байгаа талаар мэдүүлэгтээ өгч байсан. Уг киногоо хуучин бичлэгт нь дахин засвар хийсэн ба кино маань нээлтээ хийсэн бөгөөд энэ хэрэг дээр диск доторх бичлэгийг үнэлэх хохиролд тооцох шаардлагагүй гэж үзэж байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 111, 113, 117 дахь тал),

  • гэрч Б.Анхбаяр мэдүүлсэн “...таны үзүүлсэн бичлэгт гарч байгаа хүн бол манай найз Гансамбуу мөн байна. Би Гансамбуугийн малгай, цүнх, малгайтай цамц, биеийн хэлэмжээр нь таньж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 136 дахь тал),
  • гэрч Ц.Цогмаа мэдүүслэн “...2022 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цагийн үед Гансамбуу манай гэрээс гарахдаа архи уусан согтуу байсан гэхдээ ухаан санаа нь хэвийн харагдсан. Тухайн үед гарахдаа найз нь гарлаа гэж хэлээд гараад явсан хаашаа явах талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 138 дахь тал),

шүүгдэгч Б.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүх зүйл үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 149-152, 153-156 дахь тал),

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 157-159 дахь тал),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-23-62 дугаартай тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 246.400 төгрөг” (хавтаст хэргийн 140-141 дэх тал),  

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЧД1-23-248 дугаартай тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 47.280 төгрөг” (хавтаст хэргийн 144-145 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтанд “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог.

Шүүгдэгч Б.Г  нь үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Б.Г , Ж.Б   нарын байшинд хууль бусаар нэвтэрсэн, мөн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэг давхарт үйл ажиллагаа явуулах ажилчдын цайны газарт цонхоор нь хууль бусаар нэвтэрсэн, мөн Централ таур төвд үйл ажиллаагаа явуулах 8 фильм студит хууль бусаар нэвтэрсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Э.С  нь өөрийн эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг автомашиныхаа бүхээг, чингэлэгт үлдээн, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашинаа түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад тэрээр өөрийн автомашиныг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “... тусгайлан хамгаалсан ... агуулах” гэж ойлгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Г  нь тухайн үед тээврийн хэрэгслийн чингэлэгийн цоожийг эвдлэн улмаар чингэлэгт хадгалагдаж байсан 33 кг нэг шуудай ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Г  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой, амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч Э.С  мэдүүлэхдээ “...Зах зээлийн ханшаар 1 кг ноолуурыг 348.040 төгрөгөөр зарж байгаа болохоор 33 кг ноолуур нийт 11.485.320 төгрөг болно” гэж мэдүүлсэн боловч “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ1-22-1719 дугаартай тайлан “...нэгжийн үнэ 100.000 төгрөг ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.300.000 төгрөг” гэж дүгнэсэн байна. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, хөрөнгийн үнэлгээ явуулах зөвшөөрөл бүхий, тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт байх бөгөөд дээрх дүгнэлт нь хэдийгээр хохирогчоос өөрийн алдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээнээс зөрүүтэй байх боловч энэ нь шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэх, уг дүгнэлтийг үнэлэхгүй байх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх нөхцөл байдал хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 3 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан 00-00 УБЧ улсын дугаартай Киа Бонго 3 маркын автомашины чингэлгэний цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хохирогч Э.С ын 33 кг ноолуурыг хулгайлан авч бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Г гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөн прокуророос шүүгдэгч Б.Г д холбогдох хэрэгт зүйлчлэл хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Шүүгдэгч Б.Г гаас нийт 5.331.980 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Э ын С /РД:хх00000/-д 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг, Баруун задгай 00 тоотод оршин суух, Өрнөх овогт Баярсайханы Гантогтох /РД:хх000000/-д 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг, Баруун задгай 00 тоотод оршин суух, Согоот овогт Жүгдэрийн Бурмаа /РД:ГП00000/-д 989.000 /есөн зуун наян есөн мянга/ төгрөг, хохирогч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Ц овогт Ц ын Ш /РД:хх000000/-т 499.300 /дөрвөн зуун ерөн есөн мянга гурван зуу/ төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Б-н Х /РД:хх0000000/-т 293.680 /хоёр зуун ерөн гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Г  нь бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахай сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчилан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Б.Г  нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Г  нь удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүнийг нийгэмшүүлэх, мөн дахин гэмт хэрэг үйлдлүүлэхгүй байх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй, өөрийн үйлдлийг ухаарч, засарч хүмүүжихгүй байгааг илтгэж байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Г  нь энэ хэрэгт 219 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г  /РД:ХХ000000/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г гийн цагдан хоригдсон 219 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Б.Г гаас нийт 5.331.980 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Э ын С /РД:хх00000/-д 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг, Баруун задгай 00 тоотод оршин суух, Өрнөх овогт Баярсайханы Гантогтох /РД:хх000000/-д 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум, Их залуу баг, Баруун задгай 00 тоотод оршин суух, Согоот овогт Жүгдэрийн Бурмаа /РД:ГП00000/-д 989.000 /есөн зуун наян есөн мянга/ төгрөг, хохирогч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Ц овогт Ц ын Ш /РД:хх000000/-т 499.300 /дөрвөн зуун ерөн есөн мянга гурван зуу/ төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, Б овогт Б-н Х /РД:хх0000000/-т 293.680 /хоёр зуун ерөн гурван мянга зургаан зуун наян/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР