| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00059/и |
| Дугаар | 175 |
| Огноо | 2020-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 175
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын ...-р баг, З гэх газар нутаглах, Ч.Б /РД:........../-гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ онд 50 нас хүрч байна. Миний бие малчнаар арван таваас доошгүй ажилласан, дөрвөөс доошгүй хүүхэд төрүүлж өсгөсөн эх. Өндөр насны тэтгэврийг тогтоолгож авах тухай Засгийн газрын шийдвэрийн дагуу тэтгэврийн болзол хангасан боловч миний 1986 оны 8 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн 4 жил 5 сарын хөдөлмөрийг үнэлэх нэгдлийн даргын тушаал нь олдоогүй, 1987, 1988 оны хөдөлмөрийн хөлсний тооцоонд хөлснөөс бусад цалин хөлсний материал нь архивт байхгүйгээс миний нэгдэлд ажилласан хугацаа бүрэн нотлогдох боломжгүй болсон учир хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, сумын архивын тодорхойлолт зэргийг үндэслэн Ч.Б миний 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ч.Б-д 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй түүний 1986.08.01-1990.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Ч.Б нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын "Ардын жаргал" нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 19 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/,
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 08/28 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/,
- Чойндонгийн Баярмаад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1986 оны 6 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-р хуудас/
- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай лавлагаа /хэргийн 8-р хуудас/
- Ч.Б-ийн 1987, 1988 оны цалингийн цэсний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/
- Гэрч Г.Эрдэнбатын “...Ч.Б нь 1986 оноос 1990 он өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч малаа маллаж байгаа. Би тухайн үед Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад хэвлэл түгээгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/
- Гэрч Д.Оюунчимэгийн “...Ч.Б нь 1986 оноос 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж бог мал маллаж байсан. Одоо ч малаа маллаж байгаа. Би 1982 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
- Гэрч Н.Болормаагийн “...Ч.Б нь 1986 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Бог мал малладаг байсан. Манайх Ч.Бгийнхтай нэг усанд нутагладаг байсан. Би Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 10 жил малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б-г 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Баянжаргалан сумын "Ардын жаргал" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ