Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 176

 

                             Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, С дүүргийн ...-р хороо, Ю-28, М цогцолборт байрлах, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д аймгийн С сумын ...-р баг, А-...-р гудамжны ... тоотод оршин суух, Э.А /РД:........../-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 424,432 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлээр авсан гар утасны үлдэгдэл төлбөр 359,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 41,800 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 23,632 төгрөг буюу 424,432 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “М” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 424,432 төгрөгийг хариуцагч Э.Аээс гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.А нь төлбөрийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 424,432 төгрөгийг хариуцагч Э.А-ээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,383 төгрөгөөс 6,691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дундговь аймгийн Төрийн сангийн 100080000941 тоот данснаас 6,691 төгрөгийг, хариуцагчаас 6,691 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ