| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00110/и |
| Дугаар | 182 |
| Огноо | 2020-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, Д гэх газар нутаглах, М.Н /РД:........../-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 52 нас хүрч байгаа. Улсад 24 жил ажилласан. Үүнээс 1985 оны 01 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд малчин, саальчнаар ажиллаж байсан. 1985 оны 01 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31 хүртэл ажилласан хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт 2003 оны 6 сард гэр шатахад хамт галд шатаж үрэгдсэн тул 1985 оны 01 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31 хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
М.Н нь хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн байх тул 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд саальчнаар ажиллаж байсан гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
М.Н нь Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар багийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 08/189 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/,
- Гэрч Ж.Эрдэнэбилэгийн “...Би 1985 онд Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд цэргээс халагдаж очоод малчин байсан. Нарангэрэл тэр үед саальчин байсан. Би 1994 он хүртэл буюу Алтат хоршооллыг татан буугдтал ажилласан. 1985-1994 он хүртэл Нарангэрэлтэй хамт ажилладаг байсан. Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын архив хаана хадгалагддаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/,
- Гэрч Н.Алтанцэцэгийн “...М.Н Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд ажиллаж байсан. М.Н саальчин байсан. Би малчнаар ажилладаг байсан. 1985-1990 он хүртэл Нарангэрэлтэй хамт ажилладаг байсан. Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын архив Дундговь аймгийн Сайнцагаан суманд хадгалагддаг байсан байх. Дундговь аймгийн Сайнцагаан сумын архиваас тэр үеийн олигтой баримт олж чадаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/,
- Нямын Алтанцэцэгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1981 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 14-15-р хуудас/,
- Нямын Алтанцэцэгт Дундговь аймгийн Алтат хоршооллоос 1991 оны 8 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 16-р хуудас/
- Гэрч Н.Эрдэнэчимэгийн “...М.Н-тай 1985-1990 оны хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд хамт саальчинаар ажилладаг байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололын архив тухайн үед сумын архивт хадгалагдаж байгаад үрэгдсэн юм шиг байна билээ. Би бас баримт олдохгүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын дарга нь өөрөө тушаал, шийдвэрээ гаргадаг байсан учир бие даасан байгууллага байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/,
- Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 18-р хуудас/,
- Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Н-ийг 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяа Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ