Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/950

 

 

 

 

 

 

    2023        7          3                                 950

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

              шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

              улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

              шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2306 01285 2131 дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, ...., урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн,

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ... тоотод хохирогч Э.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч нь миний нас барсан найзын эхнэрийг чамайг хүчиндэнэ, чамайг шаана гээд аймшигтайгаар доромжилсон. Тэгэхээр нь би хамрынх нь доод хэсэгт нэг удаа цохисон.” гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

              /хавтаст хэргийн 5 дахь тал/

              Хохирогч Э.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ... Автобусны шинэ эцэс дээр зүс таних Туяа, Одгэрэл, Б.Г нартай таараад дэлгүүрээс 2 шил 0,75 граммын “Хараа” архи аваад Б.Г-ын гэрт очиж уухаар болоод гэрт нь очоод нөгөө авсан архи ууж дуусгаад ахин 2 шил архи авч уугаад байж байгаад би Туяа хоёулаа зочид буудалд орж амрах талаар хэлээд, орон дээр жаахан согтсон байсан тул хэвтэж байтал Б.Г над руу ирээд үг солилгүй шууд толгой руу гараа цохиод, өшиглөсөн, мөн нүүр хэсэгт, хамар, уруул руу цохиод байхаар миний хамар амнаас цус гараад би гараад явсан байсан, яаж байгаад гараад явсныг сайн санахгүй байгаа. Тэгээд би гэртээ хариад эхнэр, хүүхдүүд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 8 дахь тал/

              Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1979 дүгээр:

              “1. Э.Баярсайханы биед тархи доргилт, духны голд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

              /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

 

              Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Найз Одбаяртай хамт 10 цагийн орчимд Амгалангийн ХААН банк орох гээд автобусны буудал дээр зогсож байхад араас Баярсайхан ирээд танайд хүн байхгүй байна гэхээр нь манайд хүн байгаа Туяа, Одгэрэл хоёр унтаж байгаа шүү дээ гэхэд “би эхнэртэйгээ маргалдсан байгаа, хүүхэнтэй унтмаар байна, Туяатай унтмаар байна” гэхэд нь “та нар өөрсдөө учраа ол” гээд “Түмэн” хүнсний дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” архи аваад манай гэрт очоод бид хэд архиа ууцгаасан юм. Тэгээд Баярсайхан согтоод унтаж байгаад сэрээд Туяа руу “янхан минь чамтай бэлгийн харьцаанд ормоор байна, би чамайг шаамаар байна” гээд муухай чанга орилоод байхаар нь би “чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гэхэд ахин чанга орилоод байхаар нь “энэ бас айл гэр шүү дуугүй бол” гэхэд дуугүй болохгүй байхаар нь би Баярсайханыг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан, гараад цусаа угааж байгаад, гараад яваад өгсөн. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд байж байсан чинь орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад Баярсайхан гаднаас орж ирээд цагдаа дуудчихсан, чамайг цагдаад барьж өгнө гэхэд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 53 дахь тал/

 

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

              /хавтаст хэргийн 21 дэх тал/

 

              Шийтгэх тогтоолын хуулбар,

              /хавтаст хэргийн 23-32 дахь тал/

 

              Иргэний үнэмлэхийн лавлагаа             /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ... тоотод хохирогч Э.Баярсайхантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж биед нь тархи доргилт, духны голд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдаанд өгсөн “Миний нас барсан найзын эхнэрийг чамайг хүчиндэнэ, чамайг шаана гээд аймшигтайгаар доромжилсон. Тэгэхээр нь би хамрынх нь доод хэсэгт нэг удаа цохисон.” гэх, хохирогч Э.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...орон дээр жаахан согтсон байсан тул хэвтэж байтал Б.Г над руу ирээд үг солилгүй шууд толгой руу гараа цохиод, өшиглөсөн мөн нүүр хэсэгт, хамар, уруул руу цохиод байхаар миний хамар амнаас цус гараад би гараад явсан.” гэх /хх8/, шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баярсайхан согтоод унтаж байгаад сэрээд Туяа руу “янхан минь чамтай бэлгийн харьцаанд ормоор байна, би чамайг шаамаар байна” гээд муухай чанга орилоод байхаар нь би “чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гэхэд ахин чанга орилоод байхаар нь “энэ бас айл гэр шүү дуугүй бол” гэхэд дуугүй болохгүй байхаар нь би Баярсайханыг гараараа нүүрэнд нь нэг удаа цохиход хамраас нь цус гарсан, гараад цусаа угааж байгаад гараад, яваад өгсөн.” гэх мэдүүлгүүд /хх53/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1979 дүгээр дүгнэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.Баярсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

              Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

              Иймд шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Баярсайхан гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч Э.Баярсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Б.Г-ын хувьд архины хамааралтай гэж хэлж болно. Үргэлж согтуу байдаг. Дуудсан цагт ирдэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь ажиглагдахгүй байна. Харин цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

             Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Хотгойд овогт Батаагийн Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              4. Хохирогч Э.Баярсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Г-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

              5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.  

              6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

              7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ