Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 217

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох эрүүгийн 1903011160509 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ..............ы ............., 19......... оны ....... дугаар сарын ..........-ны өдөр .............. хотод төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. дүүргийн ................ дугаар хороо, .............ын .............дугаар гудамжны 1б тоотод оршин суух бүртгэлтэй /РД:............../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн;

 

Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул”  худалдааны төвийн баруун замд унадаг дугуй унаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Нарантуяаг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаа нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................. овгийн ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Баярсайханы Магванг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Маас 450.490 төгрөгийг гаргуулан хохирогч Дарамын Нарантуяа /РД:ВЮ60092801/-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Нарантуяа нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт холбогдохоос өмнө хэрэгт орж байгаагүй. Уг хэрэг нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон автотээврийн хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд би Нарантуул худалдааны төвийн баруун талд өөрийн эзэмшлийн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад хохирогч Нарантуяаг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед анхаарал болгоомж алдаж, биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Миний бие хохирогч Нарантуяагийн хохирлыг барагдуулж, хохирол гомдолгүй болсон. Иймд миний ялыг хорих ялаас өөр ялаар сольж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Г.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх боловч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн атлаа дахин үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэж дүгнээд Б. Магванд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэжээ. Өмгөөлөгч миний бие болон миний үйлчлүүлэгч нар нь шүүх хурал болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогчоос шүүх хуралд гаргаж өгсөн гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсоор ирсэн бөгөөд дээрх байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх байр сууриа илэрхийлж оролцсон. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолдоо миний үйлчлүүлэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх боловч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн атлаа дахин үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан тэнсэх боломжгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу миний үйчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаардахаас, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан мөн түүнчлэн хувийн байдал нь ямар байхаас үл хамааран тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан байхад шүүхээс дээрх байдлыг харгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу миний үйлчлүүлэгчийн холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Б.М нь сэтгэцийн хувьд эрүүл биш байх боломжтой байдал шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш өмгөөлөгч миний бие мэдсэн учир сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Түүнчлэн хохирогч Д.Нарантуяагаас давж заалдах гомдолтой холбогдуулж хүсэлт гаргасан. Үүнд “анхан шатны шийтгэх тогтоолоор дахин 450.000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнийг Б.М төлсөн учир хохирогчийн зүгээс гомдол, санал байхгүй. Мөн цаашид иргэний журмаар хохирол нэхэмжилж эмчилгээ хийлгэнэ. Хэрэв Б.М нь хорих ял авбал миний цаашид нэхэмжлэх төлбөр мөнгийг гаргах боломжгүй болох учир хорих ялыг нь тэнсэж өгнө үү” гэсэн байна.” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Мы давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Зам тээврийн осол нь явган зорчигч, жолооч, зорчигч нарын харилцан хамаарлаас гардаг. Б.М нь 2 удаа яг адил Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөд улмаар ослын газрыг орхиж зугтаасан байна. Эхний удаад айж сандарснаасаа болж үйлдсэн гэж мэдүүлдэг ч дараагийн удаа буюу 3 сарын дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг айж сандарснаасаа болж үйлдэнэ гэж байхгүй. Иймд анхан шатны шүүх энэ төрлийн гэмт хэрэг үйлдчихээд түүндээ гэмшилгүй дахин гэмт хэрэг үйлдэж байна гэж дүгнээд түүнийг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн сэтгэцийн асуудлаар прокурорт албан ёсны хүсэлт гаргаж байгаагүй. Харин Б.Мы эмээ гэх хүн мөрдөн байцаагчид “манай хүү их томоотой сайн хүү байсан юм. Гэтэл сүүлийн үед үгэнд орохгүй, хэрэгт холбогдоод байна. Энэ лав сэтгэц мэдрэл нь эрүүл биш байх. Тийм болоод л миний үгэнд орохгүй хэрэгт холбогдоод байна” гэж ярьсан байсан. Тэгэхээр тэр болгон ээж, аав, эмээ, өвөөгийнхөө үгэнд ордоггүй эрх дураараа зан байдлаас болж шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул”  худалдааны төвийн баруун замд унадаг дугуй унаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Нарантуяаг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаа нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

хохирогч Д.Нарантуяагийн “...Шөнийн захын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явган хүний гарцаар нэг эмэгтэй гараад явж байтал баруун гар талаас нэг өргөн дугуйтай мотоцикл юм уу, унадаг дугуй мөргөх шиг болсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь замын хажууд хашаа налаад сууж байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн “эгч ээ би эмийн сан ороод ирье” гээд яваад өгсөн. Тэгсэн хоёр эмэгтэй ирээд “та зүгээр үү, унадаг дугуйтай явж байсан залуу дугуйгаа унаад зугтаачихлаа” гээд хэлж байсан. Тэр хоёр эмэгтэй түргэн тусламж дуудчихаад миний охинд утсаар хэлсэн байсан. ...эмнэлэг дээр очоод үзүүлэхэд баруун хөл шилбэ хэсгээр хугарсан, тархи их хавдартай байна гээд тэр өдөр шууд эмнэлэгт хэвтсэн. Баруун хөл шилбэ хэсгээр хоёр газар хугарч цуурсан, тархи цус хуралттай, хавантай, мөн баруун гар бугуй хэсгээр өвдөж байгаа, 1 шүд суларч унасан, 2 шүд суларсан байгаа. ...” /хх 19-20/,

 

гэрч Б.Даваадуламын “...унадаг дугуйтай залуу намайг мөргөх шахаад хажуугаар яваад өгсөн. Тухайн үед би юу ч бодоогүй алхаж байтал замын хажууд нэг настай эмэгтэй өвдөгөө бариад газар сууж байхаар нь “та зүгээр үү” гэж асуухад “эмээг нь унадаг дугуйтай хүн мөргөөд явчихлаа” гээд надад хэлэхээр нь “та хүүхдийнхээ утасны дугаарыг өгөөч, би залгаад хэлье” гээд охинтой нь утсаар холбогдож хэлсэн. Тухайн үед тэр эмээгийн гинж нь тасарчихсан, цамц нь урагдчихсан, баруун гар нь хавдчихсан, мөн уруул нь цус гарсан байдалтай, бас хөл хөдлөхгүй байна гээд хөлөө бариад сууж байсан. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11728 дугаартай “...Д.Нарантуяагийн биед зүүн зулай ясны ар хэсгээс лямбада заадас хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун тахилзуур, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салст язрал, цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Босоо суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 50/  гэх дүгнэлт,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Мг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.Мыг унадаг дугуй унаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс улмаас явган зорчигч Д.Нарантуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

            мөн “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаа нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.М өмнө нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд үүнээс 3 сарын дараа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдал болон засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д.Нарантуяад хохирлын 500.000 төгрөг төлсөн болохыг дурдав. /хх 159/

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Нарантуяад хохирлын 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ