Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/705/3 |
Дугаар | 128/ШШ2022/124 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Н,
Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга,
Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,
Хариуцагч: Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,
Гуравдагч этгээд: Д.Ж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Н нарын хоорондын газрын эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахимаар/, хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн П.Н-ын зүгээс Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны А/260 дугаар захирамжийн Д.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч П.Н Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/118 дугаар захирамжаар иргэн Ч.Б-ас Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 20 гудамж, Авралын гэгээ хаягт байрлах нэгж талбарын 186692956** дугаар бүхий 1682 м.кв газрыг шилжүүлэн авч шашин цуглааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Харин гуравдагч этгээд Д.Ж нь Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/260 дугаар захирамжаар иргэн Х.А-ийн 4 дүгээр хороо, Туул 20-4 тоот хаягт байрлах нэгж талбарын 18669295656526 дугаар бүхий 500 м.кв газрыг шилжүүлэн авч 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн бөгөөд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар нь миний эзэмшлийн газрын хашааны нүүрэн талын орох, гарах гарцыг хаасан хэмээн маргажээ.
3. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд олгосон газрыг хүчингүй болгуулахаар Налайх дүүргийн Засаг дарга болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/2176 дугаар албан бичгээр “гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг авч нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ханджээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/317 дугаар захирамжаар 500 м.кв талбай бүхий газрыг Х.А нь эзэмших эрхтэй болсон бөгөөд Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны А/260 дугаар захирамжаар Х.А-ээс Д.Ж-т шилжсэн. Анх 2010 онд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус газрыг эрсдэлтэй эсэхийг судлан дүгнэх ажлаа гүйцэтгээгүй тул уг газрыг хууль зөрчиж олгосон гэж үзэж байна. Анх Х.А-д уг газрыг олгоход тус газар дээгүүр 10 кВ-н аврах фидерийн цахилгаан дамжуулах шугам байршсан байхад хууль зөрчин газар олгосон.
4.2. Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/260 дугаар захирамжаар Х.А-ээс Д.Ж-т шилжсэн. Энэ хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэл байгаа тохиолдолд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай байдаг. Гэтэл Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба газраа зориулалтын дагуу ашиглаж эзэмшиж байгаа эсэхийг шалгаж аливаа зөрчил гаргасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ажлаа огт хийгээгүй бусдад шилжүүлэх ажиллагааг хийсэн нь илтэд хууль бус эс үйлдэхүй юм. Тус газрын анхны эзэмшигч Х.А, Д.Ж-т газар эзэмших эрхээ шилжүүлэхэд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба бусдын эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гарган Засаг даргад хүргүүлээгүйгээс болж миний газар эзэмших эрхэд халдаж байна.
4.3. Миний бие тус газартаа Христийн шашны цуглаан номлолыг Ариун Библиэс хийдэг ба итгэл нэгт ахан дүүс цуглаж бие биедээ тусалж нөхөрлөж ном унших, амьдралд хөл алдаж буй ядарсан хүмүүст тусалж тэнэмэл гэр оронгүй иргэдийг хувцаслах, хооллох, донтолтын эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг нийгмийн халамжийн үйл ажиллагааг явуулдаг боловч одоо уг үйл ажиллагааг явуулахад саад хүндрэл учирч байна.
4.4. Гуравдагч этгээдийн энэ хашаа баригдсанаас хойш хог ачилтын машин нэг ч удаа манай хашаа уруу орж хог ачаагүй. Цуглаанд ирдэг хүмүүс машин тээврийн хэрэгслээ байршуулах боломжийг хаасан.
Эдгээрээс үзэхэд миний газар эзэмших эрх хөндөгдөж байна...” гэжээ.
5. Нэхэмжлэгч П.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“... Манайх газрын төлбөрөө Газар зохион байгуулалтын албанд төлөөд явдаг. Газрын зохион байгуулалтын албанаас дээрх иргэдийг газрын төлбөр төлж байгаагүй гэсэн мэдээллийг өгсөн. 2011 онд 2283 м.кв хэмжээтэй газрыг 1682 м.кв талбайтай болгосон талаарх шалтгаан, тайлбарыг архив, бичиг хэрэгт байгаа эсэхийг лавлахад ажилтан нь чөлөө авсан гээд гаргаж өгөөгүй. Газрын албаны мэргэжилтэн н.А гэх хүн 2283 м.кв хэмжээтэй газрыг 1682 м.кв талбайтай болсон талаар гараар тайлбар бичиж өгсөн. Миний бие 2012 оноос газрын төлбөрийг төлж эхэлсэн. Төлбөрийн баримтууд байгаа. Би 2016 онд газрын гэрчилгээг шилжүүлэн авахад Туулын 20-4 гэсэн хаяг бичиж өгсөн. Би яагаад манай хаягийг өөрчилж байгаа юм бэ гэхэд буруу бичсэн байна гээд сольж өгсөн. Энэ нь газрын наймаа, газрыг шилжүүлэхэд төлөвлөгөөтэйгөөр бэлдэж байсан гэж үзэж байгаа учраас хамгийн гол хариуцагчийг Газар зохион байгуулалтын алба гэж тодорхойлж байгаа. Газрын алба, газар зохион байгуулагч ажлаа дутуу дулимаг хийгээд иргэд биднийг хагаралдуулж байна. Манай кадастрын зургаар манай газрыг хасаад өгчихсөн юм чинь хассан газрын хэмжээгээр байршлыг нь өөрчлөөд биднийг зэрэгцэн орших боломжтой байдлаар иргэддээ газар олгох боломж байсан. Би түүнийг хэлээд санал болгоод явж байхад бичиг өг гээд ямар ч ажил хийгээгүй. Газар зохион байгуулалтын алба, газар зохион байгуулагч нар ажлаа маш буруу, хариуцлагагүй хийж байна. Би Б.М-ийг хоёулаа Газар зохион байгуулалтын албанд очоод ийм хүсэлтээ зэрэг гаргаад дахин кадастрын зураг хийлгүүлээд зэрэгцэн орших боломжтой байдлаар эзэмшье гэхэд Б.М ирээгүй. Энэ хугацаанд хашаа, байшингаа барьсан. Одоо энэ маргаан үүсээд байна. Газар зохион байгуулалтын алба, иргэд хоорондын уялдаа холбоогүй, бие биеэ ойлгохгүй, хохирол учруулсан асуудлаас болж маргаан үүссэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
6. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ж 2020 онд эзэмшил газраа хашаа барьж, гэр орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа. Энэ газар нь нэхэмжлэгч П.Н-ын газартай зэрэгцээ байрладаг. 2010 онд иргэн Х.Ад газрыг олгохдоо зундаа зам талбайгүй, тусгаарлах гудамжгүй төлөвлөгдөж олгогдсон газар байгаа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу газар эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэх, газрыг зориулалтын дагуу эзэмшсэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан асуудлыг иргэнтэй гэрээ байгуулсан гэрээний нэг тал болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба хариуцан зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй байгаа. Иргэн Д.Жийн эзэмшин амьдарч буй газар нь нэхэмжлэгч П.Н-ын газартай нийлсэн байдлаар кадастрын зураг баталгаажсан бөгөөд орц, гарцыг хаасан, нэвтрэх боломжгүй болгосон, зөвшөөрөлгүй газарт хашаа татаагүй, П.Н-ын газартай давхцал үүсээгүй болохыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, үзлэгээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч П.Н-ын газар эзэмших эрхийг зөрчсөн, орц, гарцыг хаасан, шугам сүлжээ тавигдсан аюулгүйн бүсэд тухайн газар орсон нь тогтоогдохгүй байна. П.Н өөрийн зөвшөөрөл бүхий талбайд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад Д.Ж-ийн эзэмшиж байгаа газар, амьдарч байгаа гэр орон сууц ямар нэгэн байдлаар эрхийг нь хөндөх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газрыг иргэн Х.Ад Налайх дүүргийн Засаг даргын 20110 оны А/317 дугаар захирамжаар 500 м.кв газрыг олгож гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Мөн дүүргийн Засаг даргын 2017 оны А/260 дугаар захирамжаар Х.А-ээс Д.Ж-т газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ гэрчилгээ байгуулсан. П.Н нь Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны А/118 дугаар захирамжаар шашны зориулалтаар 1682 м.кв газрыг Ч.Б-аас шилжүүлэн авсан бөгөөд нэхэмжлэгчийн гомдлын дагуу маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийхэд орц гарц хаасан зүйл байхгүй байсан. Газрын төлбөрийн хувьд газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд газрын төлбөрөө төлдөг. Би ганцаараа газрын төлбөр төлдөг, бусад нь төлөхгүй байна гэсэн зүйл байхгүй. Газрын талбайн хэмжээний өөрчлөлтүүд системийн өөрчлөлт болон программын шинэчлэлтээс болж талбайн хэмжээнд өөрчлөлт орж болно. Харин зөвшөөрлийн цэг хөдлөөгүй хэвээрээ байгаа. Анх авахад хашаа ийм байсан гэж тайлбарлаж байна. Анх газар эзэмших эрхээ аваад тухайн хэмжээнээсээ өөрөөр хашаагаа барьсан. Эрх олгосон хэмжээ нь арай бага байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн Х.А-д 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Харин П.Н-т 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Үүнээс үзвэл Х.А нэхэмжлэгчээс өмнө газар эзэмших эрхтэй болсон. Д.Ж нь Х.А-ээс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Хэрэв орц гарц хааж газар олгосон бол сүүлд гэрчилгээ авсан П.Н-т газар олгохдоо хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэн Д.Ж нь Х.А-ээс маргаан бүхий газрыг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн авсан. Бид тухайн газрыг авснаасаа хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 жил ашиглаж чадаагүй учир нь Д.Жийн аав 2017 оны 12 сараас эхлэн хорт хавдрын 4 дүгээр үе шатанд орсон гэдэг нь оношлогдож бид хамаг мөнгөө аавынх нь эмчилгээнд зориулсны улмаас байшингаа барьж чадаагүй. Улмаар аав нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Бид аавыгаа эмчлүүлэхийн тулд банкнаас зээл авсан байсан бөгөөд зээлээ дуусгаж 2020 онд дахин зээл авч хашаа байшингаа барьсан. Х.А нь энэ газар дээрээ хашаа байшинтай байсан бөгөөд эзэнгүй байсан учраас хүмүүс түлээд дуусгасан үлдэгдлийг нь хураагаад авсан гэж газрыг шилжүүлэхдээ хэлж байсан.
Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд зааснаар 1-20 кВ хүртэл шугам сүлжээний хамгаалалтын зурвас нь хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 метр байхаар заасан. Манай хашаанаас 10 кВ цахилгаан дамжуулах шугам хүртэл зай нь 6 метр буюу түүнээс илүү байгаа нь нэхэмжлэгчийн хэлж байгаа зөрчил байхгүйг нотолж байна” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гуравдагч этгээд Д.Ж нь нэхэмжлэгч П.Н-ын газар болон түүнтэй холбоотой ямар ч эрхэд халдаагүй. Хуульд зааснаар иргэд газар эзэмшихдээ бүрдүүлдэг баримт, шаардлагын дагуу иргэн Х.А-ээс 2017 онд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулийн 20 гудамж, 4 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар худалдан авсан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ”газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ”, 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасан. Гуравдагч этгээд Д.Ж-т энэхүү гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ байдаг. Д.Жийн 500 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн П.Н-ын шашны цуглааны зориулалттай 1682 м.кв газартай кадастрын давхцал байхгүй, түүний орц, гарцыг хаагаагүй, хашаагаа түүний эзэмшил газарт оруулан татаагүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан. Д.Ж-т олгосон газар эзэмших эрхэд эдгээр хүчингүй болгох үндэслэлүүд байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасан. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд Д.Жийг эрхийн зөрчилгүй болохыг нотолж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэгч П.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
10. Шүүх, нэхэмжлэгч иргэн П.Н-аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзлээ.
11. Үйл баримтын тухайд, маргаан бүхий газар буюу Налайх дүүрэг 4 дүгээр хороо Туул 20-4 тоотод байрлах 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Х.А-д эзэмшүүлэхээр Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 317 дугаар захирамжаар шийдвэрлэснээр газрын 18669295656526 нэгж талбарын дугаар олгогдож бүртгэгдсэн, улмаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000471878 дугаар гэрчилгээ олгосон ажээ.
Газар эзэмшигч Х.А нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр уг газраа Д.Ж-т шилжүүлэхээр гэрээ байгуулсныг судлаад Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/260 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Ж-т шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
12. Нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж байгаа дээрх Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/260 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 38.3. “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлийг тодруулна”, 38.4. “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэн гарсан, захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 52 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судалж үзээд газар эзэмших эрхийг хавсралт ёсоор шилжүүлэн эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч нь уг захирамжийн хавсралтын 33 дугаарт буй Д.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэ шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж, хариуцагч захиргааны байгууллагууд нь ажлаа дутуу дулимаг хийсний улмаас нэхэмжлэгч миний газар эзэмших эрхэд халдаж байна хэмээн тайлбарласныг шүүх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.
12.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/58 дугаар албан бичигт: “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 1260403130 дугаар бүхий 575 м.кв талбайтай газар нь иргэн Д.Ж /гуравдагч этгээд/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 1260403152 дугаар бүхий 1678 м.кв талбайтай газар нь иргэн П.Н /нэхэмжлэгч/-ын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт давхцалгүйгээр бүртгэгдсэн байна” гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь газрын давхцалгүй байгаа нь тогтоогдож Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д нийцэж байна.
12.2. Маргаан бүхий газарт явуулсан шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар нь орох, гарах гарцыг хаасан нөхцөл байдал байхгүй, тус тусын хашаагаар тусгаарлагдан зэрэгцэн оршиж байгаа, 10 кВ-ын аврах фидерийн цахилгаан дамжуулах шугам /уг дамжуулах шугамыг шилжүүлсэн/ дайран өнгөрөхгүй байгаа нь тогтоогдсон, талууд энэ үйл баримтад маргаагүй.
12.3. Тодорхойлох хэсгийн 4.1, 4.2-д заасан үндэслэл буюу анхнаасаа хууль зөрчиж газрыг олгосон, дараа нь Газрын тухай хуульд заасан 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй зэргээр Газрын тухай хууль зөрчигдсөн талаар дурдсаныг шүүх хүлээн авах боломжгүй, учир нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зөрчсөн мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг нэгэн зэрэг шаарддаг ба энэ нөхцөл хангагдаж байгаа тохиолдолд шүүхээс хууль бус болохыг нь тогтоодог. Гэтэл нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдээс тэр дундаа гуравдагч этгээдээс саад болсон, эрхийг нь хөндсөн баримт тогтоогдохгүй байна.
13. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, маргааны зүйлд хамаарах хуулийг тайлбарлан шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.4. “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэж зааснаар хариуцагч дүүргийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж буй боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу ... зохистой эзэмших” газрын талаар баримтлах зарчмыг хангаж гарсан байна гэж үзэв.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-аас Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны А/260 дугаар захирамжийн Д.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б