Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2025/0668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*******

Нэхэмжлэгч: “С*******” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 09 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2025/0024 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П*******, Х.Ч***, Б.А*******

Хариуцагч С.Н*******

Хариуцагчийн өмгөөлөгч В.У***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 109/2025/0014/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С*******” ХХК-иас Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 09 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С******* ХХК-ийн гаргасан Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай 06 дугаар тогтоол, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 09 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Бид Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмал олборлох газрыг тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай” 09 дүгээр тогтоолуудыг илт хууль бус үзэж байна. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэсэн заалтыг зөрчин, өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн эрх мэдлээс хэтэрсэн тогтоол гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанчлан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах акт гаргасан байна.

Манай “С*******” ХХК нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Ар эрэг гэх газарт 30.98 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг даргад өргөдөл гарган Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын системд бүртгүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 10/2962 дугаар албан бичгээр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан Ар эрэг гэх газрын 30.98 га талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбай болон хуулиар хориглосон хамгаалалтын бүсүүдтэй давхцалгүй тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.

Улмаар дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх явцад Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 09 дугаар албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 3 тогтоолуудын агуулгыг үзвэл Ихтамир сумын нэр бүхий газар буюу Эрдэнэтолгой багийн Ар эрэг гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал эрэн хайх үйл ажиллагааг хориглож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэж байжээ.

Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал дээрх шийдвэрийг гаргах эрх хэмжээгүй байна. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заажээ. Тус хуульд зааснаар түгээмэл тархацтай хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах нь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал бус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал байна. Гэтэл Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь хууль тогтоомж зөрчиж байгаа асуудал юм.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-т “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгохоор заасан байдаг бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайн нь элсний зориулалтаар ашиглах талбай юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4 дэх хэсэгт тусгаснаар “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна”, 16.1.11-т “бичил уурхайн зориулалтаар олгосон газар”, 16.2.-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэснийг үндэслэсэн хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон байна” гэж үзсэн.

Үүнээс харахад шүүх түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний орд газрыг бичил уурхайн зориулалтаар олгосон газар гэж үзэн тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг ойлгохоор заасан байдаг. Мөн Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.2-т “Энэ журам нь ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна” гэж заасан байна.

Үүнээс харахад Түгээмэл тархацтай ашигт малтмал (элс, хайрга, шавар гэх мэт)-ыг бичил уурхайн нөхөрлөлөөр олборлох боломжийг хуулиар зөвшөөрөөгүй байна. Учир нь түгээмэл тархацтай ашигт малтмал нь барилгын хэрэгцээ, дэд бүтцийн зориулалтаар ашиглагддаг бөгөөд бичил уурхайд хамааруулахгүй. Анхан шатны шүүхээс түгээмэл тархацтай ашигт малтмалыг бичил уурхайд хамааруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээтэй гэж дүгнэсэн нь алдаатай байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр зохицуулсан ч уг хуулийн “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн 4 дүгээр зүйлийн:

4.1.4-т "түгээмэл тархацтай ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;

4.1.6-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг;

4.1.8-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг” тус тус ойлгохоор зааснаас үзэхэд цаг хугацааны хувьд бусдад нэгэнт олгогдсон хайгуулын талбайг, эсхүл нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдахаар байна.

Гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий 2015 оны 06, 2023 оны 06, 2024 оны 09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, мөн нөөц тогтоох, эрэх, хайх, ашиглахыг тус тус хориглосон Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Ар эрэгт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөцийг тогтоогоогүй, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байх тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг илт хууль бус гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдаагүй, харин ч “С*******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11, 16.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхтэй, түүнчлэн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг 2025 онд зөвшөөрөл хүсэхээс өмнө дээрх газрыг тусгай хэрэгцээнд авсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болохгүй. 

2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан, гэвч Газрын тухай хуулиар хариуцагчид тодорхой зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах эрх олгогдсон байх тул маргаан бүхий тогтоолуудыг илт хууль бусад тооцохгүй.

Харин Хурлын 2025 оны 6 дугаар тогтоолоор анх бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Ар эрэгийн элсний тархац бүхий хэсэг нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах тул Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.2-т заасан зохицуулалтаас тус тус үзэхэд уг газрыг “бичил уурхайн зориулалтаар олгосон газар”-т хамааруулсан нь үндэслэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус болохыг тогтоолгох бус, харин хүчингүй болгох шийдвэрийн төрөлд хамаарахаар байна.

Түүнчлэн Хурлын 2023 оны 06, 2024 оны 09 дүгээр тогтоолуудаар Эрдэнэтолгой багийн Ар эрэгт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний нөөцийг тогтоох, эрэх, хайх, ашиглахыг хориглосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон зохицуулалттай холбоогүй болно.

3.Нэхэмжлэгчээс өмнө нь тусгай хэрэгцээнд авсан, мөн эрэх, хайх, ашиглахыг хориглосон талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал болох элсний хайгуул, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд нь хариуцагчаас татгалзсан хариу өгсөнтэй холбоотойгоор маргаан бүхий тогтоолуудыг илт хууль бусад тооцуулахаар маргасан байдаг.

Гэтэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас уг талбайд татгалзсан хариу өгснөөс шалтгаалж маргаан бүхий тогтоолуудыг илт хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёс ашиг сонирхол зөрчигдөхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН