Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

 

  2023         08           30                                   2023/ШЦТ/557

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан эрүүгийн 2311 00556 1037 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Л /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэтгүүлч мэргэжилтэй, Хххххх ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 00-00 тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 465 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 хоногийн хорих ял оногдуулж, 3 жил 01 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Дугааар 179 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 1165 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 1556 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Т.Н ын мэдүүлэг, гэрч А.Энх-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 2369 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Л ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Л  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Б.Л  нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлах “Дрийм” нэртэй зочид буудлын 5 давхарын 502 тоот өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Н ыг зодож, хүний биед хамрын ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, уруулын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний үндэсний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 2369 тоот дүгнэлтээр “...Т.Н -н биед хамрын ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” (хавтаст хэргийн 118-19 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч Т.Н ын биед 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Т.Н  мэдүүлсэн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дрийм нэртэй зочид буудалд байхад би нэлээн согтсон байсан шорон орон яриад маргалдах шинжтэй байхаар нь би битгий шорон яриад бай гээд ам мурийхад Ламчам босож ирээд намайг 2-3 удаа нүүр хэсэг рүү цохисон би яаж байгаа юм бэ гэхэд дахиад баруун шанаа хэсэг руу цохисон. Тэгээд би газар унахад өшиглөх шиг болсон яг сайн санахгүй байгаа. Би архины шил барьж аваад Ламчамыг цохих гэхэд түүний хамт байсан залуучууд Ламчамыг аваад гаргасан тэгээд салцгаасан. Ламчамаас өөр хүн миний биед халдаж гар хүрээгүй, бид хоёр хоорондоо зодолдсон. ...Миний биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд хөхрөлт үүссэн. Ламчамд зодуулсан асуудлаас болж 2023 оны 02 дугаар сарын 07- ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны едөр Улсын нэгдүгээр эмнэлэгт хамар нүдний ухархайгаа үзүүлсэн юм. Би өөрөө бүдүүн шулуун гэдэсний хавдартай бөгөөд хугацаагүй группт байдаг бусад даатгалаас авсан мөнгөн дүн нь миний өвчинтэй холбоотой байгаа. ...Ламчам миний хохирлыг барагдуулж 1.500.000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч А.Энх-Эрдэнэ мэдүүлсэн “...Би 2013 онд Мааньтын хорих ангид Наранбаяр ахтай хамт хоригдож байхдаа танилцаж байсан, 4 жил хорих ангид хамт байсан, 2017 онд би суллагдаж гарч ирээд хоёр гурван удаа уулзсан гэмгүй ах дүү нар байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Зоос гоёл худалдааны төвийн арын Дрийм нэртэй зочид буудлын 5 давхар 502 тоот өрөөнд хоноод маргааш нь найз Төгсөөтэй таараад өрөөнд хамт юм ярьж суусан. Наранбаяр ах чатдаа байхаар нь залгаад ярихад “гэртээ байна” гэсэн би “буудалд найзтайгаа байна та ирээд нэг тарваганы мах идээч” гэж хэлээд дуудсан. Наранбаяр ах өдөр 13 цагийн үед ирсэн байх ирээд Төгсөө бид гурав нэг шил архи хувааж уусан. Манай найз Төгсөөг Наранбаяр ах огт танихгүй, Төгсөө бид хоёр хааяа холбогддог найзууд. Тэгээд сууж байхад 16 цагийн үед шоронд сууж байсан Давхарбаяр гэх залуу эхнэр Маа гэх эмэгтэй, Ламчам гэх манай найзын хамт орж ирсэн. Тэгээд дахиж нэг шил архи хувааж ууцгаасан. Хэсэг сууж байгаад би буудлын В1 давхарт байх саунд орох гээд ганцаараа буусан. Манай өрөөнд Наранбаяр, Төгсөө, Давхарбаяр түүний эхнэр маа, Ламчам нар үлдсэн. Наранбаяр, Ламчам, Төгсөө бид дөрөв бага зэрэг согтсон, Давхарбаяр эхнэртэйгээ огт архи уугаагүй эрүүл байсан. Ламчам, Давхарбаяр, Маа гуравыг хэн дуудсан гэдгийг мэдэхгүй байна гэнэт л ороод ирсэн. Би саунд нэг цаг орчим болоод 18 цаг өнгөрч байхад гарч ирэхэд сауны үүдэн дээр хоёр цагдаа ирчихсэн манай өрөөнд маргаан болоод зодолдсон тэр хүмүүс нь байхгүй гээд намайг дагуулаад авч явсан. Би өрөө рүү огт ороогүй. Хэн нь хэнтэйгээ зодолдсон талаар огт мэдэхгүй байсан саун руу ороход ямар нэгэн маргаан болоогүй байсан юм маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрүүжүүлэхээс гарч ирээд би Ламчамыг дуудаад асуухад “танай тэр Наранбаяр гэх ах чинь үнсье, ямар хөөрхөн юм” гээд бид хоёр маргалдаад зодолдсон гэж хэлсэн. Би Наранбаяр ах руу залгаад юу болсон талаар асуухад “танай найз Ламчам гэх залуу надтай муудалцаад намайг цохьсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Шүүгдэгч Б.Л  яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр манай найз манай найз Энх-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Дрийм нэртэй зочид буудлын саунд байна гэж хэлсэн. Би тухайн зочид буудал дээр очоод Энх-Эрдэнийг хаана байгааг асуухад дээр буудлын өрөөнд байгаа гэж хэлээд би орсон, өрөөнд миний танихаас манай найз Энх-Эрдэнэ, Наранбаяр гэх танихгүй хүнтэй хамт архи уусан байдалтай байсан. Бид гурав хамт байсан нэг шил архийг нь хувааж уугаад би дахиад нэг шил виски аваад ууж дуусах гэж байхад гаднаас манай найз Давхарбаяр эхнэр Маагийн хамт орж ирээд архи дарс уугаагүй гараад явсан. Надтай хамт явья гээд би яваагүй үлдсэн. Дараа нь гаднаас миний танихгүй 3 залуу орж ирсэн. Тэд нар архитай ирээд ууж амжаагүй байсан. Наранбаярыг өмнө нь би сонсож байсан тэгээд өөрийгөө шоронд байсан талаараа яриад жаахан аархах маягтай, намайг бандид нь, нойл орно мэтийн зүйл яриад бид хоёр маргалдаад хоёулаа орон дээр сууж байгаад босож ирээд нэг нэгийгээ цохисон. Бид хоёр нэг нэгнийгээ хоёр гурав цохиод хамт байсан хүмүүс салгаад намайг үүд рүү холдуулаад Наранбаяр ах ус буцалгагч байсан авч шидээд миний нуруу руу онох шиг болсон. Хамт байсан сүүлд орж ирсэн залуучууд боль боль гээд намайг салгаад гадаа авч гараад би шууд өөр тийшээ явсан. ...Наранбаяр ах бид хоёр босож ирээд их удаан зодолдоогүй хэд хэд цохилцоод газар унасан. Нүүр хэсэг рүү нь л цохисон байх богино хугацаанд болж өнгөрсөн. Наранбаяр ахын биед ямар гэмтэл учирсан байсныг анзаараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л  нь хохирогч Т.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Б.Л ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Т.Н аас нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй бөгөөд шүүгдэгч А.Нандинбилэг нь хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “...Ламчам миний хохирлыг барагдуулж 1.500.000 төгрөг өгсөн надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 12 дахь тал) байна.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Т.Н  нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 278.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Л аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №04/1101 албан тоот, уг албан тоотын хавсралт зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Б.Л аас 439.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Л аас хохирол төлөх хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4 , 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд Б.Л  нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нийт 430.000 /дөрвөн зуун гучин мянга/, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 9.000 /есөн мянга/ нийт 439.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушааж холбогдох санхүүгийн баримтууудыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Л  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Л  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 49 дэх тал), гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Л д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.Л  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Л ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л д сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Л  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР