Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/523

 

 

 

 

 

 

 

 

  2023         08          14                                    2023/ШЦТ/523

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Д.Т  нарыг оролцуулан эрүүгийн 2311 00504 0602 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Т /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1968 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр байрны 0-0 тоотод оршин суух, урьд Улаанбаатар хотын Октябрын районы Ардын шүүхийн 1986 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 45 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 109Б-д зааснаар 1 жилийн хорих ял, Улаанбаатар хотын Октябрын районы Ардын шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хувцас солих өрөөнд хохирогч Б.Н ын гээгдүүлсэн Самсунг А13 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 435.600 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Н ын мэдүүлэг, гэрч Э.Баярзул, Б.Мишээл, Г.Гонгордорж нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар ЧД1-23-181 хөрөнгийн үнэлгээний тайлан, Юнител ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 05/01/2267 албан бичиг, хавсралт, Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн  Дугаар 4/2287 албан бичиг, хавсралт, мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Н ын цагдаагийн газарт гаргасан хүсэлт, яллагдагч Д.Т ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Н д хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгч Д.Т ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Д.Т  нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хувцас солих өрөөнд хохирогч Б.Н ын гээгдүүлсэн Самсунг А13 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө бүрмөсөн авч, улмаар бусдад 280.000 төгрөгөөр худалдан борлуулж, өөртөө ашиг олж, завшсаны улмаас бусдад 435.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Н  мэдүүлсэн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өглөө 08 цагаас 10 цагийн хооронд хяналтын эмч нартаа үзүүлсэн ба би хувцас солих өрөөнд улавч өмсөж байхдаа өөрийн гар утсаа сандал дээр тавьсан ба гарахдаа утсаа мартаад гарсан байсан. Би утсаа мартсанаа санаад буцаад очиход миний утас байхгүй байсан би утас руугаа эмнэлэгт байсан нэг эмэгтэй хүнээс утас гуйж аваад залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Миний утас тухайн үед цэнэг бараг дүүрэн байсан. Унтрах ёсгүй гэж үзэж байгаа. ...Би өөрийн Самсунг А-13 загварын цайвар цэнхэр өнгийн 32 гб багтаамжтай 2 сим карт уншдаг утсаа алдсан. Уг утсыг би 2022 оны 11 дүгээр сард Мобиком ХХК-аас 650.000 төгрөгөөр хайрцаг савтай шинээр нь зээлээр худалдан авч байсан. Би утсаа зах зээлийн ханшаар үнэлж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Хохирогч Б.Н  дахин мэдүүлсэн: “...Утасны дэлгэу зурсан, сэв зураастай утас надад өгсөн. Дэлгэж, сэв зураасаа янзлуулсан Д.Т  миний хохирлыг барагдуулсан, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал),

Гэрч Э.Баярзул мэдүүлсэн: “...2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед би өөрийн найз залуу болох Б.Мишээлтэй хамт байж байхад  Мишээлийн ээж Д.Т  Мишээлийн туас руу залгаад Самсунгийн утас зараад өг мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид 2 Мишээлийн ээж дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр хороололд байрлах Номин худалдааны төвийн хажууд уулзаад Мишээл ээжээсээ усан цэнхэр өнгийн Самсунг А-13 загварын утас авсан ба ээж нь мөнгө хэрэгтэй байна, энэ утсыг зараад өг гэсэн. Тэгээд Мишээл өөрийн фэйсбүүк хаяг болох Мишээл гэсэн хаягнаасаа зар байршуулсан, тэгээд орой 18 цагийн үед хүн тэр утыг авахаар болоод би найз залуу Мишээлийн 27-13 УБТ гэсэн машинтай хамт Натур худалдааны төвийн гадаа 19 цагийн үед очоод 20 гаран насны эрэгтэй, эмэгтэй 2 хүнд 280.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь манай найз залуу өөрийн дансаараа аваад ээж рүүгээ шилжүүлсэн. Энэ хооронд би утасны ажиллагааг шалгах зорилгоор тэр Самсунг А-13 утсанд сим картаа хийсэн. Миний зүгээс энэ утсыг ашигласан зүйл байхгүй. Манай найз залуу болон түүний ээж Д.Т  тэр утасны гарал үүслийн талаар сайн мэдэх байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Гэрч Б.Мишээл мэдүүлсэн “...Натур худалдааны төвийн үүдэнд 20 гаран насны эрэгтэй эмэгтэй хоёр хүнд утсыг 280.000 төгрөгөөр худалдаад өөрийн Хаан банкны ... дансаар утасны мөнгийг авсан. Тэгээд би мөнгийг ээжийн Хаан банкны дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Гэрч Г.Гонгордорж мэдүүлсэн “...Самсунг А-13 загварын гар утсыг би фэйсбүүк зарын дагуу Мишээл гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй 17 цагийн үед холбогдоод 18 цагийн үед Натур үйлчилгээний төвийн урд 23-17 гэсэн дугаартай Ниссан ноте машинтай хүнээс 280.000 төгрөгөөр худалдан авсан ба би тухайн хүний Хаан банкны 5026809186 Мишээл гэсэн хүний дансанд гүйлцгээний утгыг А-13 гэсэн утгаар хийж худалдан авсан. Би гүйлгээг өөрийн төрсөн дүү болох Сүхболдын Хаан банкны 5163139189 тоот данснаас шилжүүлсэн байгаа. Миний худалдан авсан утас 356990913266260, 357772493266269 гэсэн имей дугаартай цэнхэр өнгийн Самсунг А-13 загварын утас байсан. Уг утсыг би худалдан аваад өөрөө ашиглаж байсан ба одоогоор ямар нэгэн эвдрэл, гэмтэл үүсээгүй байна. Уг утсыг би цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. ......тухайн утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн, би өөрийн хохирол болох 280.000 төгрөгийг өөрийн эхнэр болох Алтанзулын Хулангийн Хаан банкны 5024808050 гэсэн дансаар хүлээн авсан. Цаашид энэ хэрэг дээр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 21 дэх тал),

Дамно ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар ЧД1-23-181 хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 435.600 төгрөг.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэх тайлан,

Юнител ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 05-01/2267 албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 32, 34-37 дахь тал),

Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн  Дугаар 4/2287 албан бичиг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал),

Хохирогч Б.Н ын гаргасан хүсэлт, (хавтаст хэргийн 134 дэх тал)

Шүүгдэгч Д.Т ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Н д хохирол төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 135 дахь тал),

Шүүгдэгч Д.Т  яллагдагчаар мэдүүлсэн “...Би тэр өдөр 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр орсон. Тэгээд тэр эмнэлгийн хувцас солих өрөөнд цэнхэр өнгийн Самсунг маркийн гар утас байхаар нь би тэр гар утсыг нь аваад шууд гараад яваад өгсөн юм. Тэгээд дараагаар нь тэр гар утсаа өөрийнхөө хүүхэддээ өгөөд заруулж байсан. Тэгээд 280.000 төгрөгөөр зарсан байсан. Тэр мөнгөө өөрөө аваад хувьдаа хэрэглээд дууссан байсан юм. Ингээд өөрөө бусдын гар утсыг аваад мөнгийг нь хувьдаа завшсан байгаа юм, буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т  нь хохирогч Б.Н ын өмчлөлийн Самсунг А-13 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө бүрмөсөн авч улмаар бусдад худалдан борлуулах замаар завшсаны улмаас бусдад  435.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Т  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Д.Т ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Д.Т  нь хохирогч Б.Н ын  Хаан банкны 5059231671 дугаартай дансанд 435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг тушаасан, мөн Самсунг А-13 загварын гар утсыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн баримтууд  хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Т  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Д.Т  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Т т ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Д.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т /РД:хх000000 /РД:УХ68012022/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т т сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР