Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, Р...-р гудамжны ... тоотод оршин суух, Б.Ц- /РД:........../-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Э-тэй 1999 оны 5 сард танилцаж улмаар 2002 онд гэр бүл болж хамтран амьдарсан. 2002 оны 9 сарын 25-ны өдөр хүү Ц.Уыг төрүүлсэн. Миний нөхөр Ц.Э- нь 2004 оны 1 сарын 9-ний өдөр ослоор нас барсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан ба шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгож хүү Ц.Утаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон. Тэгтэл нийгмийн даатгалын хэлтсээс шалгалт явуулж овог нэрийн зөрчилтэй байна, талийгаач Ц.Э- хүү Ууганбаатарын эцэг мөн эсэхийг шүүхээр тогтоолго гэсэн тул хүү Ц.Уын эцгээр Ц.Э-г тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хүү Ц.У-таа тэжээгч нь нас барсны  тэтгэвэр авах зорилгоор эцэг тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц- нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.

2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.У-ын эцэг талийгаач Ц.Э- болохыг нотолсон эрх олгосон барим бичиг байхгүй, уг үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

   Нэхэмжлэгч Б.Ц- нь талийгаач нөхөр Ц.Э-тэй 1999 онд танилцаж, улмаар 2002 оноос хамт амьдарсан, тэдний дундаас 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ц.У төрсөн, хүүг төрөх үед Б.Ц-, Ц.Э- нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу хүүг эх Б.Ц-аар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн нь 0189 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 005/000011 дугаартай 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Зол-Эрдэнэ, Б.Эрдэнэчимэг нарын тайлбар, зохигчийн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.Ц-ыг талийгаач Ц.Э-тэй хамтын амьдралтай байсныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр тогтоосон байх тул нэхэмжлэгч Б.Ц-ыг талийгаач Ц.Э-тэй гэр бүлийн харилцаатай байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2002 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.У /РД:........../-ын биологийн эцэг Ц.Э /РД:........../ болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ