Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00012/и |
Дугаар | 188 |
Огноо | 2020-03-17 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 188
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ...-р баг, М-...-р гудамжны ... тоотод оршин суух, Ц.У /РД:........./-ийн нэхэмжлэлтэй хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-тай 2013 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд Б.Б- нь 2019.12.05-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хамтран амьдарч байх хугацаанд бидний дундаас 2015 оны 7 сарын 31-ний өдөр хүү У.Ц- төрсөн бөгөөд эхээрээ овоглосон. Нийгмийн халамжийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход хүү У.Ц-ийг талийгаач Б.Б-ын хүү мөн болохыг тогтоох шаардлагатай гэсэн тул У.Ц-ийн эцэг Б.Б- болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь хүү У.Ц-доо тэжээгч нь нас барсны тэтгэвэр авах зорилгоор эцэг тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү У.Ц-ийн эцэг талийгаач Б.Б- болохыг нотолсон эрх олгосон барим бичиг байхгүй, уг үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.У нь талийгаач нөхөр Б.Б-тай 2013 онд танилцаж, улмаар 2013 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг гэр бүлж хамт амьдарсан, тэдний дундаас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү У.Ц- төрсөн, хүүг төрөх үед Ц.У , Б.Б- нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу хүүг эх Ц.У гаар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн нь 4801000211 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0000230556 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 914 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү У.Ц- /РД:........../-ийн биологийн эцэг Б.Б /РД:............/ болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ