Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 235

 

Б.О-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Б.О-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1903010690476 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.О-, 1980 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн,

            Б.О- нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 237 тоот хаалганы өмнө 06-75 УБУ улсын дугаартай, “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Нарангэрэлийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.               

            Тээврийн прокурорын газраас: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-г согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие санамсар болгоомжгүй үйлдлээс болж өөрийн төрсөн эгч Б.Нарангэрэлийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Амь хохирогчийн хүү С.Батхишигийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж дүү С.Батхишигийнхээ амьдралд тус нэмэр болох хүсэлтэй байна. Миний эхнэр 5 сартай жирэмсэн бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв. 

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-гийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хорих ялын санкцитай бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.О-г 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 237 тоот хаалганы өмнө 06-75 УБУ улсын дугаартай, “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Нарангэрэл /41 настай, эмэгтэй/-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.О-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал амь хохирогчийн үхлийн шалтгаан тодорхой бус байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Э.Энхтуяа /хх 62-64/, Ч.Янжмаа /хх 66/, Б.Бат-Эрдэнэ /хх 67/, О.Баярхүү /хх 72/, яллагдагч Б.О- /хх 142-144/ нарын мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-31, 37-48/, амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 дугаартай дүгнэлт /хх 74-76/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 413 дугаартай дүгнэлт /хх 130-131/, түргэн тусламж, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын лавлагаа /хх 170-171, 173/ зэргийг харьцуулан судлахад:

Б.О- нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 237 тоот хаалганы өмнө 06-75 УБУ улсын дугаартай, “Toyota Prado” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Б.Нарангэрэлийг мөргөж биед нь “...хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, өвчүүний хугарал, зүүн уушигны авчилт...” бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх ба Б.Нарангэрэл нь уг гэмтлийг авснаас хойш 1-2 цагийн дараа тухайн хашаанд байрлах монгол гэр дотор газар зассан орон дээр хэвтсэн байрлалтай нас баржээ.

Амь хохирогч Б.Нарангэрэлийн үхлийн шалтгааныг тогтоохоор хийсэн шинжээчийн дүгнэлтэд “...талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас барсан. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан...” гэх боловч амь хохирогч тухайн гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьдрах, зохих тусламжийг үзүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан эсэх, нас бараад хэдий хугацаа өнгөрсөн эсэх асуудал нь тодорхой бус байна.

Түүнчлэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар гэрч Э.Энхтуяа “...тэр хоёрыг орж ирэхгүй байхаар нь гараад хартал хашааны урд талын жалга руу автомашин уначихсан, Нарангэрэл эгч автомашины баруун хойно атиралдаад хэвтэж байсан. О- Нарангэрэл эгчийг үүрээд гэрт оруулсан.  Би газар ор засаас эгчийг хэвтүүлэхэд эгч “Даараад байна” гэхээр нь дээрээс нь хөнжил нэмж тавьж өгөөд би унтаад өгсөн. Удалгүй О- намайг сэрээгээд “Нарангэрэл эгч их сонин байна, царай нь цайчихсан байна” гэхээр нь босоод харсан чинь эгч доошоо харсан байрлалтай хамаг бие нь хүйтэн болчихсан, уруул ам нь сонин өнгөтэй байхаар нь 103-руу залгаж дуудлага өгсөн. Түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэсэн. О- эгчийг дэлгүүр явчихлаа гэж бодоод согтуу автомашинаа унаад хашаанаас гарсан. Бид гурав нэлээн согтолттой байсан. ...” /хх 62-64/ гэж,

- яллагдагч Б.О- “...манай эхнэр гарч ирээд “Чи эгчийг дайрчихсан байна, чиний автомашины ард хэвтэж байна” гэхээр нь очоод хартал автомашины баруун хойд талын дугуйны харалдаа ёолоод хэвтэж байсан. Би эгчийг өргөж гэр лүү оруулаад газар зассан орон дээр хэвтүүлсэн. Гадуур хувцсыг нь тайлах үед биеийнх нь ихэнх газар зулгарсан байхаар нь өөрийн утаснаас 103-руу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж дуудаж байх үед эгч эвгүй болоод дуугарахгүй, чимээгүй болчихсон. Эмч ирж үзээд “Эгчийг амьсгал хураасан байна” гэж хэлээд цагдаа дуудсан. ...” /хх 142-144/ гэж, 

- тухайн шөнийн 03 цаг 23 минутад дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч гэрч Б.Бат-Эрдэнэ “...талийгаачийг гэрийн хойморт ор засаад хэвтүүлсэн байсан ба нас бараад 30 орчим минут болсон бололтой бие нь хөшчихсөн байсан...” /хх 67/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх байдлаас үзвэл амь хохирогч Б.Нарангэрэлийг зам тээврийн осолд өртөж биедээ хүнд зэргийн гэмтэл авсны улмаас нас барсан гэж шууд дүгнэх боломжгүй, өөр бусад шалтгаанаар буюу бэртэл гэмтэлтэй хүнийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байсны улмаас нас барсан байж болох эргэлзээтэй нөхцөл байдлыг сайтар шалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн амь хохирогчийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалгаж, тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхилоо.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн уг эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан байх бөгөөд энэхүү шийдвэртээ шүүх хуралдааныг мөн өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлож хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэсэн заалттай харшилснаас гадна, тухайн шийдвэрийг хэрэгт нөхөн хавсаргасан байдал ажиглагдсан тул хойшид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН