| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0536/З |
| Дугаар | 221/МА2025/0669 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0669
“Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Ш.Х*******, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК
Хариуцагч: Сангийн яам
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 6.420.000 төгрөгийг буцаан гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0575 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х*******, Г.М*******
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, Ч.М***, Э.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0536/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 6.420.000 төгрөгийг буцаан гаргуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0575 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3, 15 дугаар зүйлийн 15.2, 26 дугаар зүйлийн 26.6, 59 дүгээр зүйлийн 59.10, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон 6.420.000,00 /Зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг “Э*******” ХХК-д буцаан олгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Ш.Х******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/”-ын ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: Шаардана. а)Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэж, мөн ТШЗ 19.2-т “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а)Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ” гэж тус тус заасан байсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д ““цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг” гэж заасны дагуу цахим систем нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.user.tender.gov.mn) юм. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системийн “оролцогчийн жагсаалт” хэсгээс тендерт оролцогчдын оролцсон тендер шалгаруулалтын жагсаалт, хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг хянан үзэх боломжтой бөгөөд энэ мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байдаг.
Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана” гэж, Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 35.1-д “Захиалагч хэд хэдэн багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийг тэдгээр багцад заасан гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхтай эсэхийг, мөн санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмжийн мэдээлэл өөр бусад төсөл, арга хэмжээний мэдээлэлтэй давхацсан эсэхийг дахин магадална” гэж заасан байдаг.
Захиалагч тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийх явцад цахим системийн олон нийтэд нээлттэй “оролцогчийн жагсаалт” хэсгээс “Э*******” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг хянан үзсэн бөгөөд тус компани нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДОАЧБСЗДТГ/20250101023 дугаартай “Спорт заал /Стандарт/” ажлын тендер шалгаруулалтад шалгарсан байсан тул тус компанийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг нягталж үзсэн нь үндэслэлтэй юм.
Дээрх шүүх хуралдаанд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү*** Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/”-ын ажлын тендер шалгаруулалт болон Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДОАЧБСЗДТГ/20250101023 дугаартай “Спорт заал /Стандарт/” ажлын тендер шалгаруулалтад Н.О***ыг давхцуулан санал болгосноо хүлээн зөвшөөрсөн нь тус компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/”-ын ажлыг гүйцэтгэх чадавхгүй байсныг нотолсон.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16, 17-д “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “гэрээ байгуулах эрх олгосон талаарх мэдэгдэл цахим системд нийтлэгдсэн тул хуулийн 15.2-т заасан шаардлага хангагдсан” гэх агуулга бүхий тайлбарыг мөн хүлээж авахуйц биш байна. Учир нь хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой мэдээлэл нь ажилтны боловсролын байдлын, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн, техник хэрэгслийн зэрэг тодорхой бүртгэлийг хөтлөх эрх бүхий байгууллагуудаас бүртгэн хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн сангийн мэдээлэлд хамаарахаар байх тул тендер нээснээс хойш гарсан захиргааны тодорхой актыг оролцогчид цахим системээр хүргүүлсэн мэдээлэлд хамаарахгүй” гэж заасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д ““цахим систем” гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг” гэж заасны дагуу цахим систем гэдэг нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.user.tender.gov.mn)-ийг хэлнэ. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасны дагуу цахим системээр дамжуулан шалгах боломжтой мэдээлэл буюу худалдан авах ажиллагааны цахим системийн “оролцогчийн жагсаалт” хэсгээс захиалагч “Э*******” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг үзэж, тендерийг хянан үзсэн байхад тус мэдээллийг цахим системээр дамжуулан шалгах боломжтой мэдээлэл гэж үзэлгүйгээр шүүхээс дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот, Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 тоот, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот мэдэгдлүүд хууль зүйн үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1.“...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар ХІ.4.2.1 “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Тус хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тендер зарлан, 4 дүгээр сарын 25-ны өдөр нээлт хийхэд нийт 10 компани оролцсон байна. Үнэлгээний хороо хуралдаж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 5 дугаар сарын 16-ны өдөр А-1/2519 дугаар албан бичгээр “Э*******” ХХК-ийн тендерээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/”-ын ажлын тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: Шаардана. а)Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэж, мөн ТШЗ 19.2-т “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а)Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ” гэж тус тус заасан байсан. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2-т “Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ: 13.2.1-т “ТШЗ-ны 14-т заасны дагуу бэлтгэсэн маягтууд”, 14.1-т “Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ”, Маягт 5. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл гэж тус тус заасан.
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12, 13 дахь хэсэг нь дараах байдлаар няцаагдана. Захиалагч тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийх явцад цахим системийн олон нийтэд нээлттэй “оролцогчийн жагсаалт” хэсгээс “Э*******” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг хянан үзсэн бөгөөд тус компани нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДОАЧБСЗДТГ/20250101023 дугаартай “Спорт заал /Стандарт/” ажлын тендер шалгаруулалтад шалгарсан байсан тул тус компанийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг нягталж үзсэн нь үндэслэлтэй байхад анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн.
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7-д “...Сангийн яамны яамны 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн тендер шалгаруулалтад хүргүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 421DBG/25/0459300 дугаартай 6.420.000,00 /Зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын MN750090100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэж Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна. Энэхүү 02/5336 тоот шийдвэрийн дагуу тендерийн баталгааг улсын орлого болгосон тухайд хэргийн оролцогчид маргаагүй” гэж заажээ.
Сангийн яаманд “Э*******” ХХК-иас гомдол гаргасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02/4609 дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн яамнаас 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 02/5336 дугаар албан бичгийн дагуу “Эйч Ди Эс Юу” ХХК-ийн Х1.4.2.1 “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд” тендер шалгаруулалтын 3 дугаар багцад оролцсон тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох банкнуудад уг баталгааг хүчингүй болгож, улсын орлого болгох тухай албан бичгийг хүргүүлсэн болно.
Сангийн яам нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот мэдэгдэлд үндэслэж тендерийн баталгааг улсын орлого болгох тухай шийдвэр гаргаагүй бөгөөд “****” ХХК-иас гомдол гаргасны дагуу хянан үзэж хуулийн 14.6-д “Захиалагч нь оролцогч тендерийг нээсний дараа тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан, гэрээ байгуулах эрх авсан этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн оролцогчийн өгсөн тендерийн баталгааг улсын орлого болгоно” мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журмын 2.9-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тухайн тендер шалгаруулалт, түүний багцад гаргасан 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийн баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнд нийцүүлэн улсын орлого болгоно” гэж тус тус заасныг үндэслэн тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д “Сангийн яамны 2025 оны 5 дугааp сарын 30-ны өдрийн 02/5207 актын үндэслэл болсон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот албан бичгийг шүүхээс хууль бус гэж дүгнэсний зэрэгцээ маргаан бүхий актууд нь хэрэгжиж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь тухайн тендерийг дахин үнэлэх талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасны дагуу улсын орлого болгосон тендерийн баталгааг гаргуулах үндэслэлтэй байна” гэх агуулга бүхий тайлбар нь хуулийг буруу тайлбарласан. Тус газрын маргаан бүхий мэдэгдэлд зөвхөн тендерт оролцогчийн ирүүлсэн саналыг үнэлж, татгалзсан тухай агуулга бүхий мэдэгдэл бөгөөд тендерийн баталгааг улсын орлого болгох асуудал тусгагдаагүй. Мөн хуулийн 59 дүгээр зүйлд “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:”
59.10.1-т “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”,
59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах”,
59.10.3-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах” гэж хуульчилсан тул гомдлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч тендерт оролцогчийн гаргасан тендерийн баталгаа нь улсын орлого болох эсэх нь тогтоогддог.
Тендерт оролцогч тендерийн баталгаагаа дэнчин болгож Сангийн яаманд гомдол гаргадаг бөгөөд тухайн гомдол нь үндэслэлгүй тохиолдолд тендерийн баталгаа нь улсын орлого болох зохицуулалт хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсан болно.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот мэдэгдэл хууль зүйн үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0575 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар /улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 19.2-ын 4-ын а)-д “Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тус газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 дүгээр мэдэгдлээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийг тендерээс татгалзсан, Сангийн яамны “Гомдлыг хянасан тухай” мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаар албан бичгээр шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн дээрх шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн төдийгүй 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 02/5336 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 6.420.000 төгрөгийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэснийг хууль бус гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг уг тендерээс хууль бусаар татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тендерийн баталгааг буцаан олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь дээрх тендерийг нээсэн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө буюу 4 дүгээр сарын 17-ны өдөр мөн нээлтээ хийсэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан тендер шалгаруулалтад нэхэмжлэгч оролцсон ч, тухайн тендерт нэхэмжлэгчийг шалгаруулсан талаарх шийдвэр одоогийн маргаан бүхий тендерийн нээлтээс хойно буюу 4 дүгээр сарын 28-ны өдөр гарч, улмаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр 29-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд мэдээлэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон төдийгүй эдгээр үйл баримтын талаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 8-д хангалттай дурджээ.
Гэтэл тухайн үед шалгарах эсэх нь тодорхойгүй байсан тендерийн талаарх мэдээллийг хариуцагчдаас ТШЗ 19.2-ын 4-ын а)-д заасан шаардлагатай адилтган үзэж нэхэмжлэгчээс шаардсан нь, мөн энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг тендерээс татгалзсан нь хууль бус байхад нэмж энэхүү шалтгаанаар тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн үйлдэл болно.
2.Хэдийгээр өөр өөрийн эрх хэмжээ, чиг үүргийн дагуу хариуцагчдаас тендерийг нээснээс хойш хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах, мөн гомдлыг хянах явцад дээр дурдсанчилан нэхэмжлэгчийн өмнөх тендерт шалгарсан талаарх мэдээлэл цахим системд орсон нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, тухайлбал “хэрэгжүүлж байгаа”, эсхүл “хэрэгжүүлэх эрх авсан” ажил гэдгийн аль алинд зөвхөн “материалаа өгсөн” тендер орохгүй, иймд явцын хувьд хэрэгжүүлэх нь байтугай хэрэгжүүлэх эрхээ ч аваагүй байсан тендер шалгаруулалтын буюу Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан спорт заалны ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нэг талаас гаргаж өгөх үүрэг, нөгөө талаас үүнийг шаардах эрх цаг хугацааны хувьд нэхэмжлэгч, хариуцагчдын аль алинд нь үүсээгүй байна.
Энэ талаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 13-15-д дэлгэрэнгүй дүгнэсэн, харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэснийг шийдвэрт “…тендер нээснээс хойш гарсан захиргааны тодорхой актыг оролцогчид цахим мэдээллээр хүргүүлсэн мэдээлэлд хамаарахгүй…” гэж хэт явцуу агуулгаар тайлбарласан байх боловч энэ нь давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.
3.Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд “…ТШЗ 19.1-ын 4-ын а)-д “Тендерт санал болгосон инженер, техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэсний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20250101005 дугаартай “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар /улсын хэмжээнд/”-ын ажлын болон өмнөх Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас зарласан спорт заалны ажлын тендер шалгаруулалтын аль алинд Н.Отгонбаатарыг давхцуулан санал болгосон нь хүний нөөцийн хувьд одоогийн маргаанд хамаарах ажлыг гүйцэтгэх чадавхгүй байсныг нотолсон…” гэсэн нь нэхэмжлэгчийг тендерээс татгалзах шууд үндэслэл болоогүй бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын өмнө дурдсан Мэдэгдлээр хангалттай тогтоогдоно.
Гэхдээ нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгээс үзэхэд Н.Отгонбаярыг ТШЗ 19.1-ын 1-ийн 3-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 байх” шаардлагад, мөн өмнөх Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тендерт ч санал болгосон нь “ажлыг гүйцэтгэх чадавхгүй” гэж дүгнэх шууд үндэслэл болохгүй.
Тухайлбал энэ талаар шийдвэрт “…цаг хугацааны хувьд оролцогчийн оролцсон өмнөх тендер шалгаруулалтын үр дүн дараагийн тендерийг нээснээс хойш гарсан тохиолдолд хариуцагч нь тендерт оролцогчоос тодруулга авах замаар инженер техникийн ажилтнууд болон техник хэрэгсэл давхцах эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах хууль зүйн боломжтой байжээ…” гэж дүгнэсэн нь зөв болохоос гадна зөвхөн тендерийн баталгаагаа буцаан авахаар маргаж буй энэ тохиолдолд гомдлын энэхүү үндэслэл шийдэлд үл хамаарна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” нөхцөлд тендерийн баталгааг улсын орлого болгоно” гэж заасан, хэдийгээр Сангийн яамнаас “Э*******” ХХК-ийн гаргасан гомдлыг “хэлбэр”-ийн хувьд хангаагүй боловч хууль зүйн хувьд ийнхүү хангаагүй нь хууль бус болох нь тогтоогдсоноор хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэгчийн хувьд хэрэглэгдэхгүй.
Энэхүү маргаан нь тендер шалгаруулалттай холбоогүй, иймд шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу ердийн хугацаагаар тооцогдох болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Ш.Х*******, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН