Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0245

 

                                                                                                                                                                                                                                                                        2022          03           31                                 128/ШШ2022/0245       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А ХХК /РД:/,

Хариуцагч: Э,

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А дугаартай шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хариуцагч Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч А ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Ө дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавраар Чандмань нэртэй зуухыг БНХАУ-аас оруулж ирж худалдахгүй байх, худалдсан зуухны үлдэгдлийг буцаан таталт хийх, 424 дугаар шинэ бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг тус тус даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, А ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

1/ Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийг үйлдээгүй талаар:

Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д Патентийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан ба эрх бүхий албан тушаалтны даалгаварт дурдсанаар шинэ бүтээлийн 424 тоот бүртгэлийн дугаартай шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон гэж үзсэн байна. Гомдол гаргагч Х 424 дугаартай шинэ бүтээлийн патент, 20-000340** дугаартай ашигтай загварын гэрчилгээгээр олж авсан патент, ашигтай загварыг хуулбарлаж, Чандмань зуухыг үйлдвэрлэж, худалдаагүй ба БНХАУ-ын "Туан шинь дулаалгын тоног төхөөрөмж" компанийн патентаар хамгаалагдсан зуухыг гэрээний үндсэн дээр худалдан авч, импортлон оруулж ирсэн.

 

"А" ХХК нь Чандмань зуухыг Монгол Улсад үйлдвэрлэсэн зүйл огт байхгүй байхад шинэ бүтээлийн 424* тоот бүртгэлийн дугаартай шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэж дүгнэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ болох 1883 оны Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 5 дугаар зүйлд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн холбооны гишүүн оронд импортлоход патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд импортолж байгаа орны үндэсний хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдэлнэ гэж заасныг зөрчсөн.

Тодруулбал Чандмань зуухын патентийн эрхийг БНХАУ-ын оюуны өмчийн байгууллага бүртгэж, баталгаажуулсан тул Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 5 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад аливаа хэлбэрээр хязгаарлалт хийх эрх Оюуны өмчийн газарт байхгүй бөгөөд улсын байцаагч нь Чандмань зуухны патент бусад орон болон дэлхий оюуны өмчийн байгууллагад бүртгэлтэй эсэхийг шалгаж, тогтоох ажиллагааг хийгээгүй, энэ талаарх баримтыг холбогдогчоос гаргуулан авч цуглуулаагүй байна.

Зөрчлийн хэргийн материалтай танилцаж үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух нэртэй шинэ бүтээлийн 424* бүртгэлийн дугаартай патентад дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг улсын байцаагч өөрөө гаргасан байх ба ямар байдлаар харьцуулалт хийсэн нь тодорхой бус байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын хөндлөнгийн тусгай мэдлэг, мэргэшилтэй шинжээчээр дүгнэлт гаргуулахгүйгээр өөрөө дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэл болгож зөрчил үйлдсэн гэж үзэж болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр зөрчил үйлдээгүй гэж үзэж байгаа ба Чандмань зуухны патентийн гэрчилгээ, түүнд хамаарах баримтуудыг БНХАУ-аас ирүүлж, нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно.

2/ Шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавар хууль зүйн үндэслэлгүй талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосон байна гэж  заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасан Патентийн тухай хуулийг зөрчсөн талаарх нотлох баримт бүрэн бүрдсэн байх шаардлагатай. Гэтэл улсын байцаагч нь БНХАУ-ын үйлдвэрлэгчээс нь импортлон оруулж ирж байгааг мэдсээр байж, зөрчил нотлогдсон гэж үзэж баримт, нотолгоогүйгээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14******** дугаар шийтгэлийн хуудасаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан нь үндэслэлгүй.

Нэгэнт дээрх үндэслэлээр зөрчил гараагүй, тогтоогдоогүй, хуульд заасан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тул эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах эрх улсын байцаагчид байхгүй гэж үзэж байна.

Иймд Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14******** дугаар шийтгэлийн хуудас болон 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0* дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

2. Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1040 зуух оруулж ирсэн. Оюуны өмчийн асуудал үүсэж эхлээд борлуулахаа байсан. Анх оруулж ирсэн цагаас хойш борлуулж 700, 800 зуухны үлдэгдэл байгаа. 200 гаруй зуух борлуулсан.” гэв.

 

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавраар Чандмань нэртэй зуухыг БНХАУ-аас оруулж ирж худалдаалахгүй байх, худалдсан зуухны үлдэгдлийг буцаан таталт хийх, ******* дугаартай патентын шинэ бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх гэж тус тус даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гомдол гаргагч “А” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан буюу улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Патентийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж мөнгөн хариуцлага хүлээлгэхээр бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлого хурааж, учирсан хохирлыг нөхөн төлбөрөөр гаргуулж, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гаргасан нь үндэслэлгүй байна.

Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчлийг үйлдээгүй гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байна. Учир нь А ХХК-иас худалдаалж байгаа Чандмань зуухыг Монгол Улсад үйлдвэрлээгүй, БНХАУ-ын Хуаншин дулааны тоног төхөөрөмж компанийн патентаар хамгаалагдсан зуухыг Монгол Улсад импортолж оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхэд гааль дээр ямар нэгэн байдлаар саад хийсэн, зохиогчийн эрхийн патентын зөрчилтэй, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр оруулахгүй гэсэн саадыг хийгээгүй. Гааль дээр ямар нэгэн байдлаар асуудал үүсээгүй учир Монгол Улсад худалдаалж үйл ажиллагааг явуулсан. Монгол Улсад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг. Жишээ нь Nike, Addidas  гэх мэт дэлхийд түгээмэл барааны тэмдэгтээр хамгаалагдсан маш олон төрлийн бараа орж ирдэг. Энэ бүхэн дээр Оюуны өмчийн газраас эрхийн зөрчилтэй гэж шалгаж тухайн барааг зах зээлээс татсан, хурааж авсан нийтэд илэрхий нэг ч үйлдэл байхгүй. Хаана эрхийн зөрчилтэй бараа үйлдвэрлэж байна, хилээр оруулж ирж байна гэдэг нь тухайн үйлдвэрлэгчтэй ярих асуудал гэж үзэж байна. Бүртгэлийн ******* дугаартай патенттай шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухыг Монгол Улсад оруулж ирснээр үүнийг хуулбарлаж авах, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа үйлдэл биш. Ашиглах гэдэг нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс эхэлдэг. Тухайн патентыг ашигласан зөрчил нь үйлдвэрлэгдсэнээр төгсдөг. Иймд нэгэнт гааль дээр ийм саад хийгээгүй, цаанаас нь өөр үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн байгаа тохиолдолд “А” ХХК-ийг буруутгаж эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна гэдэг байдлаар шийтгэл ногдуулах боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын хамгаалалт хийлгэж байгаа бүртгэлийг сүүлд хийлгэсэн байдаг. Энэ нь мөн адил тухайн үед ийм саад байгаагүй гэдгийг харуулж байна.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай байдаг. 1883 оны Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн  5 дугаар зүйлд “Патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн холбооны гишүүн оронд импортлоход патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн импортолж байгаа орны үндсэн хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдэлнэ” гэж заасан. БНХАУ-д патентаар хамгаалагдсан, үйлдвэрлэгдэж тухайн зах зээлд олголт хийгдсэн. БНХАУ-д Чандмань зуух нь патентын гэрчилгээтэй. Б гэх хүн авсан байгаа шинэ бүтээлийн патентийн эрхтэй ижил барааг хуулбарласан байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн холбооны гишүүн орон буюу олон улсын оюуны өмчийн байгууллагын гишүүн орнууд нэгдсэн олон улсын эрхийн гэрчилгээг энэ бүртгэлд орж байгаа бол тухайн хамаарах улсуудыг заана гэдэг. Энэ хүрээнд хамгаалалт хийгдсэн бүртгэлүүд нь манай улсын оюуны өмчийн бүртгэлийн нэгдсэн санд аж үйлдвэрийн өмчийг бүртгэж бусад зохиогчийн эрхүүд патенттай холбоотой бүртгэлийн мэдээлэл харагддаг.

Монгол Улсад бүртгүүлсэн Б эрхийн бүртгэлийн патент нь шинэ бүтээл юм уу, бусад оронд ямар бүтээл хийгдсэн байгаа юм, БНХАУ-д үйлдвэрлэж Монгол Улсад оруулж ирж байгаа Чандмань зуух нь БНХАУ-д эрхийн зөрчилтэй эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Өмнө нь хилийн чанадад нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Хилээр орж ирж байгаа, цаана үйлдвэрлэгдэж байгаа асуудал нь А ХХК, тэр дундаа захирал М гэх хүн Б шинэ бүтээлийн патентийг барьж очоод яг адил зүйл хийж өг гэсэн үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой. Ашигласан гэдэг нь шууд санаатай үйлдэл юм. Үүнийг патентыг нь ашиглаж БНХАУ-д үйлдвэрлүүлж Монгол Улсад оруулж ирж худалдан борлуулж байна  уу гэх асуудлыг тогтоосон зүйл байхгүй. Мөн А ХХК-ийн зүгээс Б патентийн дагуу адил зүйл хийлгээд БНХАУ-д захиалж хийлгэсэн асуудал байхгүй. Тэнд нь албан ёсны компани үйлдвэрлэж, гэрээний дагуу нийлүүлсэн.

Монгол Улсын гаалиар хуулийн дагуу орж ирсэн. Нууцаар хилээр нэвтрүүлсэн зүйл байхгүй. Гаднаас орж ирж байгаа бараа бүрийг эрхийн зөрчилтэй байна гэж шийдэж байгаа бол Оюуны өмчийн газар бүгдэд нь ижил тэгш хандах ёстой гэж үзэж байна. Nike, Adidas  брэндүүдийн маш олон биеийн тамирын хувцас Нарантуул зах дээр зарагдаж байхад ийм арга хэмжээ авдаггүй байна. Энэ нь эрхийн зөрчилтэй, Nike, Adidas-ийн барааны тэмдэг Монгол Улсад бүртгэлтэй. Гэтэл үнэтэй зардаг барааг зөвшөөрөлгүйгээр хямд зараад байна. Эдгээр барааг хилээр орж ирэхэд нь гаалиас саатуулахгүй байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц нь үйлчилнэ гэж үзэж байна. Чандмань зуухны патентийн эрхийг БНХАУ-д оюуны өмчийн байгууллага баталгаажуулсан баримтыг гаргаж өгсөн. Үүн дээр гуравдагч этгээд маргаагүй. Монгол Улсад аливаа хэлбэрээр хязгаарлалт хийх эрх Оюуны өмчийн газарт байхгүй. Бусад оронд Чандмань зуух нь бүртгэлтэй эсэх, эсвэл оюуны өмчийн зөрчилтэй бүтээл хилээр орж ирж байгаа эсэхийг тогтоогоогүй, энэ талаар холбогдох баримтыг цуглуулаагүй, тайлбар аваагүй, өөрөө шууд зөрчил байна гэж үзсэн.

Хэрэгт авагдсан баримтаас харахаар зүй бус нөлөөлөл байгаа мэт, ямар ч хамаагүй байгууллагуудад гомдол гаргадаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ямар ч эрх байхгүй байгууллага болох Хууль зүйн яаманд гомдол гаргах байдлаар О газраар шалгуулж  орж ирдэг бөгөөд уг гомдлын дагуу зөрчил биш гэж хаасан байхад л гомдол гаргасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд прокурор, шүүхэд гомдол гаргах тухай зохицуулалтууд байдаг. Гэтэл дунд нь Хууль зүйн яам яагаад оролцож байгааг гайхаж байна. О газар Хууль зүйн яамны харьяанд байдаг хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь нарийн процесс бүхий ажиллагаа юм.

Монгол Улсад уг асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа бол гаалийн байгууллага дээр уг асуудлаа ярьж тэнд нь таслан зогсоох ёстой. Сүүлд Гаалийн ерөнхий газарт очиж бүртгэл хийлгэсэн байна. Гаалийн ерөнхий газарт одоо хамгаалалт хийгдсэн байгаа бөгөөд эрх, ашиг сонирхол нь хуульд заасан журмын дагуу хангагдаж байгаа. А ХХК-ийг торгуулж, хариуцлага тооцуулснаар эрх нь сэргэж байгаа зүйл байхгүй. Харин одоо зөв процессын дагуу явагдаж байна. А ХХК-ийг буруутгахаас илүүтэй тухайн эрхийн хамгаалалт хийлгэх асуудлаар гааль дээр саатуулах ажиллагаа хийгдээгүй. Гаалийн ерөнхий газар буруу бүртгэсэн байна гэж ярьдаг. Үнэхээр тийм бол тэрнээс нь болоод хүн хохирсон хийх ажлаа хийж чадаагүй төр захиргааны байгууллагатайгаа асуудлаа ярих ёстой гэж бодож байна.

Хариуцагч талын зөрчил гэж үзэх үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлтийн тухайд хангалттай ярьсан байдаг. Энэ зөрчлийн хэргийн материалд байгаа тэмдэглэлд 424* дугаартай патентийн талаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг хариуцагч нь гаргасан байдаг. Буруутгаж шалгасан хүн нь өөрөө дүгнэлт гаргаж болох юм уу, энэ нь нотолгооны хувьд ач холбогдолтой үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Яагаад анхнаасаа хөндлөнгийн шинжээч томилж энэ асуудлыг нэг мөр болгоогүй вэ гэх асуудал яригдаж байна. Шинжээчээр эрх бүхий албан тушаалтан өөрөө ажиллаж байгаа бол тухайн чиглэлээр мэргэшсэн, тусгай мэдлэгтэй гэдэг зохицуулалт байгаа. Тусгай мэдлэгтэй гэдэг баримт хэрэгт байхгүй байна. Р улсын байцаагч өмнөх хурал дээр би инженер хүн гэж ярьсан. Бодит байдал дээр шүүх маш олон байгууллага инженер, судлаач, багш хүмүүст шинжилгээ хийлгэх захирамж гардуулж тодорхой ажиллагаа хийлгэхээр хандсан. Яг энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс маш цөөхөн байдаг. Э улсын байцаагчийн хувьд би тусгай мэдлэгтэй би мэдэж байгаа учир ийм дүгнэлт гаргасан гэж хэлсэн. Гэтэл энэ хоёр патент мөн эрчим хүчний чиглэлээр, дулаанаар нарийн мэргэшсэн сайн мэдэх тусгай мэдлэг нь байгаа мэдэж байгаа гэх үндэслэл тэмдэглэлд дурдсан үндэслэлд байхгүй. Мөн анх өөрөө шинжээчээр ажиллаж байгаа бол зөрчлийн хэргийн материалд тусгай мэдлэгтэй өөрөө шаардлагад нийцэж байгаа гэсэн баримт авагдсан байх ёстой. Тэгж байж нотлох баримтын хүрээнд тэр баримтыг үнэлэн авах боломжтой. Э улсын байцаагчийн гаргаж байгаа дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шийтгэлийн хуудас зэрэг нь хуульд заасан журмын дагуу гараагүй байна. Өмнө нь хурал дээр би хэлж байсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахин явуулж, тэр ажиллагаандаа шинжээчээ томилбол ямар бэ гэдэг санал тавьж байсан. Одоо хэрэгт байгаа тэмдэглэлд дурдагдаж байгаа дүгнэлтийн хүрээнд үнэлээд үнэхээр зөвшөөрөлгүй ашигласан хуулбарласан байна гэдгийг үзээгүйгээр тогтоох боломжгүй гэж харж байна. Торгууль төлөх болсон, мөн оруулж ирсэн барааны үлдэгдлийг буцаан таталт хийх гэх мэт маш олон эрх зүйн үр дагаврыг эдийн засаг болон хууль зүйн үр дагавар талаасаа байна. Эхнээсээ зөвшөөрөлгүй ашигласан гэж гарсан дүгнэлт нь хуульд заасан журмыг зөрчиж гарсан. Нотлох баримтаар үнэлэх боломжгүй болсон, зөрчлийн тухай хуулийн зарим нэг зүйлд заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Гомдол гаргагч энэ зөрчлийг үйлдээгүй гэж маргаж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс уг бүтээл нь яг ижил байна гэж үзэж байгаа бол тодорхой баримтын хүрээнд шинжээч томилуулж энэ асуудлыг эцсийн байдлаар тогтоолгосон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Зүгээр нэг тайлбар, гомдлоор ижилхэн байна гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Эхнээсээ шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй учир 2 жилийн хугацаанд хэрэг удааширсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргахад дараах үндэслэлийг тогтоосон байна 7.1.1. “тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил гаргасан тухай нотлох баримт бүрдсэн эсэх” гэтэл Патентийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа дүгнэлт нь зөрчил үйлдсэнийг шууд нотлох баримт байхгүй. Шууд нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд энэ нь тусгай мэдлэг шаарддаг. Иймд зөрчил үйлдсэн эсэхийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоолгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж орж ирж байгаа барааг мэдсээр байж санаатай ашиглаж, патентийг зөвшөөрөлгүй хуулбарлах замаар ашиг олох санаа сэдлээр ашиглаж байгаа мэтээр дүгнэж нотолгоогүй шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хэд хэдэн зүйлээр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт зөрчил гараагүй, тогтоогдоогүй, хуульд заасан арга замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байх тул шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Э улсын ахлах байцаагч зөрчсөн гэж байгаа 424* дүгээр патентийн эрхтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг өөрөө мэдэж байгаа. Үүн дээр тодорхой үндэслэл бүхий патент эзэмшигчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтууд байгаа. Энэ эрхийн зохиогч нь өөр хүн байдаг. Гэтэл тэр хүний нэр дээр бүртгүүлэх ёстой байтал итгэмжлэлийг үндэслэж өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байдаг. Өөрийнх нь гаргаж өгсөн баримтаас үзвэл М нь тухайн патентийн эзэмшигч биш юм. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч бид Орос улсад бүртгүүлсэн гэж тухайн патентын гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Сүүлд нь зөвшөөрч байгаа гэдэг захиаг ирүүлснийг нотлох баримтаас хасаж шийдсэн. Үүнийг Э зөвшөөрсөн байгаа тохиолдолд энэ хүний эрхийг зөрчсөн байна гэж дүгнэж байгаа нь буруу. Хуульд захирагдах ёстой, аливаа шийдвэр нь үндэслэл бүхий байх, хуульд нийцэх ёстой. Гэтэл эрх эзэмшигч нь биш хүний эрхийг зөрчсөн тухай яригдах ёсгүй. Иймд би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлье, гол патенттай холбоотой маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэсэн хүсэлтийг гаргасан. Ямар үндэслэлээр ямар гомдол гаргасан, тэр нь ямар баримтаар нотлогдож байгаа, М гэх хүн анхнаасаа энэ патентийн эзэмшигч биш байсан.Энэ патентыг шилжүүлсэн гэрээ байхгүй. Итгэмжлэл олгосон байдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу патентийг шилжүүлсэн гэрээ байхгүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийн дагуу итгэмжлэлийг зөвхөн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад бүртгэл хийлгэдэг. Монгол Улсад бүртгэл хийлгэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхий этгээд буюу тусгай зөвшөөрөл бүхий этгээд бүртгэл хийлгэдэг. Гэтэл М нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш зохиогчоос шууд эрхээ шилжүүлж авсан гэрээ баримт байхгүй. Зохиогчоос нь өгсөн бүртгүүлэх итгэмжлэлээр М нь өөрийн нэр дээрээ шинэ бүтээлийн патентийн эрх авсан асуудал байгаа. Анхнаасаа Оюуны өмчийн газар буруу ажилласан, хууль тогтоомж зөрчиж эрх олгосон гэх асуудал дээр маргаж Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөл дээр уг маргаан нь хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд хурлаа сая товлоод хурал нь хойшилсон гэдэг мэдээлэл өгсөн.

Иймд эрх зөрчсөн зөвшөөрөлгүй ашигласан гэдэг нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр илрээгүй, хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй гэж мөрдөх ямар ч боломжгүй, уг дүгнэлтийг гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь тусгай мэдлэгтэй гэдгийг нь нотлох баримт байхгүй, М нь шинэ бүтээлийн 424* дүгээр патентийн эрхийг хууль тогтоомж зөрчиж өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн гэж зөвшөөрч байна гэж ойлгож байна. Учир нь өөрийнх нь гаргаж өгсөн баримт, сүүлд БНХАУ-аас ирүүлсэн захиа, Орос улсад бүртгүүлсэн гэх баримтуудаас нь үзэхэд зөвшөөрч байна гэж ойлгохоор байх тул М эрх ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулж, эрхийг нь зөрчсөн асуудал байхгүй байна. Зохиогч гэж байгаа М төлөөлүүлж байгаа зохиогч нь А ХХК миний эрхийг зөрчиж байна, би ийм патент эзэмшдэг, энэ эрхийг маань зөрчиж байна гэсэн гомдлыг Оюуны өмчийн газарт гаргаагүй. БНХАУ-д байгаа зохиогчийн хувьд ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн гэх гомдлыг Монгол Улсад гаргаж өгсөн баримт байхгүй байна. Баримтын хүрээнд нотлогдож байна, дүгнэлт нь эргэлзээтэй байна.

Анхнаасаа манайх үйлдвэрлээд, захиалаад ирээд байгаа зүйл байхгүй. Цаад компани гаргаж, гаалиар илгээсэн, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тэнд байгаа патентийн эрхтэй холбоотой баримтыг  монгол, хятад хэл дээр хуулбар байдлаар гаргаж өгсөн байдаг. Яг энэ патентаа өгөөч энэ бүтээлүүдийг өг гэхээр тэр бүр маргаанд оролцоод байх шаардлага байхгүй, өгөхгүй гэсэн хариу өгсөн.

Нотлох баримт шинжлэн судалж үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлийг М зохиогчийн эрхийг олж авч 424* дүгээр патентийг эзэмшиж эхэлсэн. Үүнийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, өөрийнх нь бүтээл биш байхад бүртгүүлсэн гэдэг дээр тодорхой баримтууд авагдсан бөгөөд энэ нь тогтоогдож байна. М эрх ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй.

Энэ зуухыг шинэ бүтээл, ашигтай загвар гэх зүйлсийг тодорхой ялгаа заагтай авч үзэх хэрэгтэй. Цаг байлаа гэхэд анх үүнийг нэвтрүүлсэн хүний эрхийг хамгаалдаг болохоос биш нийтэд илэрхий талаас нь харвал хамгаалагдахгүй. 2006 оны Патентийн тухай хууль буюу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэх боломжтой, үйлдвэрлэх шинэ арга үйл ажиллагаа буюу шинэ бүтээгдэхүүн зохиогч түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн хуулийн этгээдэд патентийн эрх олгоно” гэж заасан байдаг. Шинэ бүтээлийн түвшин агуулсан гэдэгт холбогдох мэргэжлийн ялгарах давуу шинж чанартай гэдгийг шинжээчид тогтоосон байдаг. Техникийн тухайн үеийн түвшнээс давуутай гэдэг нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа буюу бүтээгдэхүүнийг шинэ гэж үзнэ гэсэн байдаг. Шинэ бүтээлийн 424* дүгээр эрхээр бүртгүүлсэн тэр дундаас яг аль хэсгийг шинэ бусдаар ялгаатай цоо шинээр гаргаж ирсэн,  үйлдвэрлэл хийх боломжтой бусдаас онцгой гэх шаардлага байдаг. Гүүгэлдээд үзэхээр утаа бага гаргадаг зуух гэж үзэхээр тэр нь хүн бүрд илэрхий хүн бүр үүнийг хийх, шууд үйлдвэрлэх боломжтой байгаа учир үүнийг хамгаалахгүй. Урд нь үйлдвэрлэлд нэвтэрсэн, түүнийг нь хийдэг зүйлийг шинэ бүтээл гэж үзээд шинэ бүтээлийг хамгаалах боломж байхгүй гэдэг нь харагдаж байна. М адилхан юм чинь шинэ мөн үү, тэр нь тухайн патентийн гол хэсэг нь мөн үү, техникийн тухайн үеийн түвшнээс давуутай нь нотлогдсон гэсэн шаардлага байдаг. Гэтэл БНХАУ-д шинээр гараад дэлхийн зах зээлд нийлүүлэгдсэн бүтээлийг шинэ гэж үзэх үү, М үйлдвэрлэж, А ХХК-ийн нийлүүлж байгаа компани үйлдвэрлэж экспортолж байгаа зүйлийг шинэ бүтээл гэж хамгаалах уу. Шинжээч ажиллах ёстой, нарийн мэргэжлийн хүн гэж ярьсан нь ийм учиртай. Э байцаагч энэ нь адилхан байна гэх мэтээр үзэж болно. Яг мэргэжлийн хүмүүс, тэр чиглэлээр мэргэшиж ажиллаж судалдаг хүмүүс үүнийг цоо шинэ бүтээл гэж үзэхгүй. Патент гэдэг нь зохиогоод, түүнийгээ хамгаалж, түүнийгээ бусдад ашиглуулж орлого оруулдаг зүйл биш. Юм хийж түүнийгээ үйлдвэрт нэвтрүүлж зохиогч гэдгээрээ төлбөр авдаг дэлхийн жишигтэй. Бусад хүмүүсийн хийсэн зүйлийг монголд бүртгүүлээгүй учир үүнийг монголд бүртгүүлж авна гэх байдлаар хандаж болохгүй бөгөөд үүнийгээ шинэ бүтээл гэж үзэж болохгүй. Өмнө нь байсан бүтээл дээр жоохон өөрчлөлт хийгээд энэ миний бүтээл гэж хэлж болохгүй. Эдийн засгийн хувьд ашигтай, техник технологийн хувьд илүү дэвшилттэй эсэх шалгуурыг тавьдаг. Адилхан эсэх дээр хариуцагч байцаагч үзэж болно. Харин энэ бүтээл нь шинэ бүтээл мөн эсэх, үнэхээр шинэ бүтээлийг нь хуулбарлаж ашиг олж байгаа эсэхийг яг тэр чиглэлийн нарийн мэргэжлийн хүн зуухны хөгжил 1980 онд ийм байсан, 1990, 2000, 2020 онуудад хөгжил нь ийм болсон байна, ийм ийм хүмүүс шинэ зүйл нэвтрүүлсэн, энэ нь эдийн засгийн хувьд ашигтай байна гэдэг зүйлийг гаргаж ирэх ёстой гэж үзэж байна. Харин хүний бүтээсэн зүйл дээр жоохон зүйл нэмчихээд шинэ бүтээл хийсэн гэж хэлэх нь утгагүй асуудал. Хариуцагч шинжээчийн дүгнэлт гаргаагүй гэдэг хариулт өгсөн. Энэ хариултаас нь адилхан, ижил, хуулбарласан гэдгийг эргэлзээгүй тогтоогоогүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11-д шинжилгээ хийлгэх тухай зохицуулсан байдаг. 4.11.4-т тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан  шинжилгээ хийж магадалгаа гаргаж болно гэж заасан байдаг. Иймд шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй байна. Харин дүгнэлт хийж байгаа тэмдэглэлд тусгаж байгаа зүйл нь өөрийнх нь зөрчил гэж үзэж, тайлбарлаж дүгнэж бичсэн хэсэг байна гэж тайлбарлаж байна. Иймд шинэ зүйл гэж мэдүүлээд ашиг олох, хуулбарлах, худалдан борлуулах тусгай мэдлэгтэй хүн байх ёстой гэж үзэж байна. Үүн дээр шүүхээс анхаарч үзнэ үү.

Э олж авсан гэж байгаа эрх нь төлөөлөх ёстой байтал өөр дээрээ эрхийг нь бүртгүүлж авсан нөхцөл байдал харагдаж байна. Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхэд хангалттай биш байна. Энэ асуудлыг Оюуны өмчийн газраас дахин шалгаад үнэхээр нотлогдвол тодорхой шийдвэрүүдээ гаргаж болно. Э хохироох гэсэн зүйл байхгүй. Үнэхээр нотлогдож байвал улсын байцаагч шийдвэрээ гаргаж нотлуулах боломжтой. эргэлзээтэй асуудал дээр А ХХК-ийг буруутгавал эдийн засгийн хувьд маш их хохирол учрахаар зүйл болж байна. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Р би А ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг.Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн талаар

1/ Иргэн А эрхийн хамгаалалт хийлгэсэн 424* тоот бүртгэлийн дугаартай шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух шинэ бүтээлийн томьёоллыг ашиглан хийсэн шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухыг БНХАУ-д үйлдвэрлэн улсын хилээр нэвтрүүлж Чандмань нэртэйгээр худалдан борлуулж байгаа нь Патентийн тухай хуулийн 18.1-д заасан Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент гэрчилгээ эзэмшигч хориглох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн.

2/ Гомдолд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 5 дугаар зүйлд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн холбооны гишүүн оронд импортлоход патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд импортлож байгаа орны үндэсний хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдэлнэ гэж заасан нь Монголын нутаг дэвсгэр дээр эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргаж, эрхийн хамгаалалт хийлгээгүй тохиолдолд манай улс уг бүтээлийг өөрийн нутаг дэвсгэр дээр хамгаалах үүрэг хүлээхгүй ба тухайн бүтээлийн хувьд эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг гаргаж эрхийн хамгаалалт хийгдсэн нутаг дэвсгэр дээр тухайн улсын хуулийн дагуу хамгаалагдах эрхийг нь хамгаалахаар байгааг илтгэж байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт аж үйлвэрийн өмчийн хүрээг “Шинэ бүтээлийн патентад холбооны гишүүн орны хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн бүх төрлийн патент болох импортын патент сайжруулсан бүтээлийн патент, нэмэгдэл патент ба гэрчилгээ хамаарна” гэж заасан бөгөөд үүнийг тодруулж тайлбарлавал манай улсын хуулийн дагуу мэдүүлэг гаргаж, хайлт шүүлт хийлгэн эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хэлж байгаа бөгөөд А ХХК-ийн оруулж ирсэн Чандмань зуух Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхийн хамгаалалт хийгдээгүй.

Ер нь шинэ бүтээл зохиогчид өөрийн бүтээлээ эрхийн хамгаалалт хийлгэхийн тулд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 4 зүйлийн D хэсгийн 1-д заасны дагуу тухайн орны нэрийг заасан мэдүүлэг өгөхийг шаарддаг, БНХАУ-д эрхийн хамгаалалт хийгдсэн гэх бүтээлийг тус компани нь Монгол Улсын нэрийг зааж мэдүүлэг гаргаж, эрхийн хамгаалалт хийгдэж патент авсан тухай мэдээлэл Оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн санд байхгүй байна.

Хяналтын улсын ахлах байцаагч Б миний бие зөрчлийн хэргийн тэмдэглэлийг бичихдээ эрхийн хамгаалалт хийгдсэн ******* тоот шинэ бүтээл, 3034, 2899 тоот ашигтай загварын томъёоллуудыг Чандмань зуухны бүтээцтэй /харьцуулах өөр томъёолол, тодорхойлолт байгаагүй болно/ харьцуулалт хийсэн болно.

Эдгээрээс үзвэл А ХХК-ийн импортлон оруулж ирж худалдан борлуулж байгаа Чандмань зуух нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн 424* тоот шинэ бүтээлийн эрхийг зөрчсөн тодорхой байна.

Иймд А ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөрчлийг таслан зогсоосон хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14******** тоот шийтгэврийг хэвээр үлдээж, 2020 оны 01 дүгээр сарын 20 өдрийн 01 тоот даалгаврын биелэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Патент бүртгэхтэй холбоотой асуудлыг энд ярих боломжгүй. Б нэр дээр хүчин төгөлдөр эрхийн хамгаалалттай патент байгаа. Олгогдсон тухай асуудал, оюуны өмчийн газар буруу олгосон, Б зохиогч нь биш өөр зохиогчтой, БНХАУ-д хамгаалагдсан эрх гэх мэт бүртгэлийн үе шатанд хийгдэх ёстой ажиллагаанууд надад хамааралгүй. Надад энэ эрх байхгүй.

Гааль дээр яагаад саатуулахгүй уг бүтээгдэхүүнийг оруулж байсан бэ гэсэн. Нэгдүгээрт гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтэрч байгаа бүх бараа бүтээгдэхүүнд 100% хяналт тавих боломж байдаггүй. Хоёрдугаарт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаалийн улсын байцаагчид Патентийн тухай хуулийг харьяалуулж өгөөгүй. Иймд гаалийн улсын байцаагч нар гаалийн хилээр нэвтэрч байгаа оюуны өмчийн эрх бүхий бүтээгдэхүүнийг шалгаж шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүй.

Яагаад бусад барааг оруулж ирээд байхад оюуны өмчийн газар шалгахгүй атлаа яагаад үүнийг шалгасан юм бэ гэсэн. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь зөвхөн эрх эзэмшигч нар гомдол гаргах эрхтэй гэх онцлог зүйл байдаг. Nike, Adidas гэх мэт барууны том брэндүүд Монгол Улсад зах дээр зарагдаж байгаа нь эрх эзэмшигчид нь барааны тэмдгийнхээ хүрээнд манай байгууллагад гомдол гаргахгүй байна гэсэн үг юм. Гомдол гаргахгүй учир Оюуны өмчийн газарт шаардах эрх байхгүй.

Улс бүрийн эдийн засаг, эдийн засгийн чадамж, хүн амын амьдрах бололцоо гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Түүний нэг нь гаднаас орж ирж байгаа бараануудыг лого нь том брэндийнх байсан ч хориглоод байх бодлого баримталдаггүй. Биднийг асуудал шийдвэрлэж байхад хүчин төгөлдөр байсан Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах хэрэглэх зорилгоор хадгалах гадаадаас оруулахыг эрх эзэмшигч хориглох эрхтэй. Иймд Б эрх эзэмшиж байгаа патент нь хүчин төгөлдөр байгаа. Энэ хүн хориглох эрхтэй бөгөөд манайд гомдол гаргасан гомдлын дагуу шалгасан. Дээрх хуулийн 18.1-д заасан худалдсан, гаалийн хилээр нэвтрүүлсэн, гадаадаас оруулж ирсэн, энэ зорилгоор хадгалсан гэсэн заалтыг зөрчсөн. Гаальд сүүлд мэдүүлсэн гэсэн зүйлийг ярьсан. Б миний эрхийн хамгаалалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглож өгөөч гэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт гаргасан хүсэлтийг хэлж байна гэж ойлгож байна. Эрх эзэмшигч заавал Гаалийн ерөнхий газарт мэдэгдсэнээр эрх үүсдэг зүйл биш. Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын 2009 оны Гаалийн хилээр оюуны өмчийн эрхийн хамгаалалттай барааг нэвтрүүлэх журам байдаг. Уг журамд заасны дагуу өөрийн бараагаа хамгаалуулах гэж байгаа хүн гаалийн байгууллагад мэдэгдэх ёстой бөгөөд мэдэгдэхдээ энэ журмыг баримталж ажиллах ёстой гэсэн журам байдаг. Уг журмын дагуу мэдүүлэг гаргах ёстой.

Патент эзэмшигч нь мэдүүлсэн эсэхээс үл хамааран хамгаалах үүрэгтэй. Патент авсан өдрөөс эхлэн тухайн патент хүчин төгөлдөр болдог бөгөөд тухайн эрх эзэмшигчийн эрх нь үүсдэг. Патент эзэмшигчийн эрхийг хамгаалах нь бидний үүрэг юм. Парисын конвенцийн 5 дугаар зүйл нь нэгэнт бүртгэгдсэн барааг хамгаалах ёстой гэсэн үг юм. Харин БНХАУ-д, АНУ-д эрхийн хамгаалалттай бүх бүтээгдэхүүнүүд Монгол Улсад хамгаалах үүрэг байхгүй. Яагаад тэнд байгаа улсууд Монгол Улс руу манай нутаг дэвсгэрт эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг бичиж мөнгө төлдөг вэ, өөрийнхөд нь хамгаалаад болдог бол манайд төлөх ямар ч шаардлага байхгүй. Дэлхийн оюуны өмчийн байгууллагад энэ конвенцийн дагуу бүртгэлтэй орнууд байдаг. Тэдгээр орны хүмүүс нэг мэдүүлгээр олон улсад нэг зэрэг мэдүүлэг гаргах эрхтэй. Учир нь мэдүүлэг бүр цаанаа үнэ өртөг, ажиллагаатай. Иймд тухайн мэдүүлгийг гаргахын тулд нэг мэдүүлгээр өөрийн хүсэж байгаа хэд хэдэн газрын нэрийг цохож хаана эрхийн хамгаалалт хийлгэх гэж байгаа газраа цохоод хэлбэл нэг мэдүүлгээр тухайн хүсэлтийг хүлээж авдаг. Тухайн орон руу нь явуулдаг.

БНХАУ-ын хамгаалагдсан гэж байгаа бүтээгдэхүүнүүд БНХАУ-ын иргэд өөрсдөө Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ зуухны эрхийн хамгаалалт хийлгэхийг хүсэж байгаа бол Монгол Улсад мэдүүлсэн байх үүрэгтэй. Мэдүүлснийг Монгол Улс хүлээн зөвшөөрч патент олгосон байх үүрэгтэй. Ингэж байж Монгол улсын нутаг дэвсгэрт тухайн шинэ бүтээл эрхийн хамгаалалттай болдог. Манай улсын нутаг дэвсгэрт мэдүүлэхгүй байна гэдэг нь хүсэхгүй байна гэж ойлгоно.

Мөн гомдол гаргаад хэрэгсэхгүй болгосон, дараа нь Хууль зүйн яамнаас бичиг очихоор нь шалгасан гэж хэлсэн. Яг үнэндээ хүчингүй болгосон үндэслэл ойлгомжтой. Анх гомдол гаргахдаа Б нь миний технологийн шийдлийг зөрчсөн байна гэж гомдол гаргасан байдаг. Б эрхийн хамгаалалт нь технологийн шийдэл биш техникийн шийдэл юм. Технологи гэдэг нь үүний дараа тэрийг хийнэ гэдгийг хэлдэг. Манай байгууллага технологи хамгаалаагүй, техникийн шийдэл хамгаалдаг гээд буцааж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүн дээр манай улсын байцаагчид нь ямар нэгэн дарамт шахалтад ороогүй, миний хувьд бүр ч үгүй. Б Хууль зүйн яамнаас гадна олон газар өргөдөл гаргасан. Манай байцаагчдыг, намайг ч өргөдөл гаргасан. Би төрийн албан хаагчийн хувиар ямар нэгэн шахалтад автахгүй үүргээ биелүүлэх итгэл үнэмшилтэй гэж өөртөө итгэдэг.

Улсын байцаагч, буруутгаж байгаа хүн нь дүгнэлт гаргасан гэсэн. Буруу ойлгогдож байна. Би буруутгах гээгүй. Би тухайн шинэ бүтээлийг ашигласан эсэхийг шалгаж хуулийн дагуу шийдсэн. Шалгагдаж байгаа хүн бүрийг энэ буруу шүү гээд дүгнэлт гаргана гэж байхгүй. Эрх эзэмшигч нь хоёр ашигтай загвар, нэг шинэ бүтээлийг зөрчсөн гэсэн гомдол гаргасан байдаг. Үүний хоёр ашигтай загварыг зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргасан. Зөвхөн шинэ бүтээлийн патентийн томьёоллын 2, 4, 5, 6 дугаар хэсгийг зөрчсөн байна гэж үзсэн. Бид патентийг зөрчсөн эсэхийг шалгахдаа тухайн патентийн гаргасан томьёоллын хүрээнд авч үздэг. Тэр томьёололд юу гэж бичсэн энэ томьёоллыг зөрчсөн эсэхийг хардаг. Үүн дээр тусгай мэдлэг шаардаад байхаар зүйл биш. Зөрчсөн гэж байгаа томьёолол нь шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухны төхөөрөмжийн нэгдүгээр ялгаа нь агаарын нүх нь бөөрөнхий эсвэл дөрвөлжин хэлбэртэй байна гэж бичсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан зурагт дээшээ шатаах зууханд дугуй зүйл байдаг дахин шатаах төхөөрөмжийн үүнийг хэлж байгаа. Уг шатаах төхөөрөмж нь дахин шатаах төхөөрөмж. Чандмань зууханд энэ нь байна уу гэхээр байдаг. Үүнийг юутай холбосон бэ гэхээр доороос орж ирсэн агаарыг шатаахын тулд битүү дөрвөлжин конус хэлбэртэй хэсгийг гагнаж хийж өгсөн. Үүний дараа үүнийгээ суурилуулж өгөөд тэр хоёр дөрвөлжин рүү хоёр талаас нь агаар оруулахаар зохиомжилсон. Эдний зуух яг ижилхэн байдаг. А ХХК-ийн зууханд энэ байгаа. Дахин шатаах төхөөрөмж бүхий гаднаас агаарын урсгал орох төхөөрөмжийг дугуй буюу конус хэлбэрээр хоолойгоо хийсэн байна гэсэн байдаг. А ХХК-ийн зуух хойд талаасаа, хажуу талаас агаар орох нүхтэй конус хэлбэрийн хоолойгоор ордог. Яг энэ томьёоллыг энд орсон байна гэж хэлсэн. Энэ үндсэн заалт орчихоор дараагийн шийдэлд агаар дахин шатаагдаад явж байна. Энэ төхөөрөмжийг ашигласан байна гэсэн. Ашигтай загвар дээр гарж байгаа бусад зүйл нь үндсэн төхөөрөмжийг ашиглаж өөр хэлбэрийн зууханд хийсэн учир эдний зууханд хамааралгүй байна гэж үзсэн. 3, 4, 5 руу орсон учир нь үндсэн загварын хийц нь 3, 4, 5 дээр жижиг жижиг байхаар тасалж хийх томьёоллыг баталсан байдаг. Нэгэнт батлагдсан томьёоллыг харж байгаа учир уншиж А ХХК-ийн зуухыг хараад энд хэлж байгаа зүйл нь энд байгаа юм байна гэж үзсэн.

Улсын байцаагч дүгнэлт гаргасан байна, өөрийн итгэл үнэмшлээр гаргасан байна, та дүгнэлт гаргах эрхгүй гэж байгаа. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд улсын байцаагч дүгнэлт гаргаж болохгүй гэсэн зүйл заалт байхгүй. Зөвхөн мэдлэг шаардсан мэргэжлийн хүнээр шинжээч оруулж болно, шинжээч томилох эрхтэй гэсэн заалт байдаг. Ийм ойлгомжтой заалтад заавал шинжээч томилох шаардлага байхгүй гэж үзсэн. Хүн бүр орж харж болох энгийн зүйл дээр шинжээч томилох шаардлага байхгүй гэж үзсэн. Би гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг прокуророос баталж өгсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгай маягтын дагуу 1, 2, 3, 4 гэж бичсэн. Улсын байцаагчийн дүгнэлт гэвэл хөндлөн улаан зураастай бичигт Тамгын дарга гарын үсгээ зурах ёстой. Тэгэхээр энэ бүхнээс үзэхэд би өөрийн гаргасан дүгнэлтээ итгэл үнэмшилтэй байна. Г өөрөө үйлдвэрлээд оруулж ирээгүй гэдгийг ойлгож байна. Тэгэхдээ Г захиалга мөн байсан эсэхийг би нотолж чадаагүй нь үнэн. Гэхдээ Г-ийн мэдүүлэгт эхлээд өөрөө захиалсан, дараа нь сайжруулсан түлш гарахаар түүндээ тааруулж дахин захиалсан гэж хэлсэн. Монголд тохиромжтой болгох гээд тогоо тавьдаг тагийг нь том болгох гэх мэт өөрсдөө тухайн зуухыг өөрчлүүлэх саналаа илэрхийлдэг байсан. Хуульд гадаадаас оруулж ирж, хадгалсан, худалдсан бол зөрчил гэж заасан байдаг. Патентийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзвэл 8.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу арга хэмжээ авах ёстой. Миний гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр нь үлдээж өгнө үү.

Би улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлт гаргаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ шийдвэр гаргасан үндэслэлээ бичсэн. Улсын байцаагчийн дүгнэлт гаргах байсан бол тусгай бланк дээр гаргах ёстой. Мөн танд ийм хэмжээний мэдлэг байна уу? гэж асуусан ийм хэмжээний мэдлэг бидэнд бүгдэд нь байгаа гэж хэлъе. Дутуу шатсан агаар гүйцэд шатаад гардаг гэдгийг ойлгоход тийм ч бэрхшээлтэй зүйл биш. 10 жилийн дунд сургуульдаа физик заалгасан. Механик физик дээр байдаг. 8 дугаар анга, 10 дугаар анги төгсөөд Техникийн их сургуулийг дүүргэсэн. Ийм хэмжээний боловсрол байгаа гэж үзэж байна.

Тухайн бүтээлийг шинэ бүтээлийн патентаар хамгаалахад мэргэжлийн шинжээч ажиллах ёстой нь үнэн, ажиллаж байгаа. Аж үйлдвэрийн өмчийн улсын бүртгэлийн шинжээчээр 4 хүн ажилладаг юм. Би энэ бүтээлийг шинэ үйлдвэрт нэвтрэх боломжтой байна гэдгийг дүгнэдэггүй. Энэ нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахад шинэ бүтээлийн шинжээч үзээд тухайн үеийн бүтээлээсээ шинэ юм байна, үйлдвэрт нэвтрүүлэх бололцоотой байна, Патентийн тухай хуульд заасан үндэслэлүүдийг хангасан байна гэж үзээд патент олгосон. Патент олгох процесс нь манай маргааны зүйл биш. Миний гаргасан үндэслэл буюу дүгнэлт гэж нэрлэж байгаа зүйл нь шинэ бүтээлийн шинжээчийн гаргасан Оюуны өмчийн газрын патентаар баталгаажсан зүйлийг урдаас оруулж ирсэн Чандмань зуух зөрчсөн эсэхийг харьцуулсан. Энэ хоёр өөр зүйл юм. Миний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол миний гаргасан зүйл дээр тайлбар өгч маргах ёстой. Өөр газар бүртгэгдсэн зүйлийг шинэ бүтээл мэтээр бүртгүүлж байна гэж хэлсэн. Гэтэл 2014 онд патентаа авсан байхад 2019 онд яасан гэдгийг хэн ч мэдэхгүй. Аль дээр хуучин болсон. Бид нэг гар утсыг хэдэн жил барьж байна. Технологи ингэж хөгжиж байгаа үед хүний эрхийн хамгаалалт хийсэн бүтээлийг ингэж болохгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхийн хамгаалалт хийлгээгүй бол БНХАУ-д хийгдсэн эрхийн хамгаалалт манай нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус юм. Эрхээ хамгаалуулмаар байвал БНХАУ-аас Оюуны өмчийн газарт хандаад бүртгүүлэх ёстой. Тэр процесс хийгдээгүй учир Б патент олгосон. Хэрэв хийгдсэн байсан бол манай шинжээчид буцаах байсан. Миний гаргасан дүгнэлтийн үндэслэлийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа ярих ёстой. Ямар үндэслэлээр дээр нь дахин шатаах төхөөрөмж байгаагүй гэдэг зүйлээ тайлбарлавал болж байна. Гэрийн зуух ямар гэдгийг бүгд мэднэ. Сүүлд дулааныг илүү хадгалахын тулд зуухан дотроо тоосго хийдэг байсан. Одоо энэ нь хөгжсөөр байгаад зузаан зүйлээр хийж дулааныг нь бариулах биш төмрөө хоёр давхар хийх юм байна, дотор талын хэсэг нь гал түлдэг хэсэг юм байна, гал түлдэг хэсгийн дээгүүр шууд задгай яндан руу ордог хэсгийг дахин бөглөөд дахин шатаах төхөөрөмж хийсэн. Уг төхөөрөмждөө агаар оруулахын тулд хоёр давхар хийгдсэн учир доод талыг нь гагнаад агаар орох суваг хийсэн. Уг агаар орон нүх нь дахин шатаах төхөөрөмжтэй холбоотой. Дотор талын галтай холбоотой биш учир халсан агаар дээшээ дэгдээд сордог төхөөрөмж рүү ороод төхөөрөмжид байгаа халсан агаар нь нарийн цоргоор дээшээ гараад тэнд дахин хүчил төрөгч болгоно. Хүчил төрөгч болгож байна гэдэг нь дотор байгаа дутуу шатсан хэсэг дахин шатаж байгаа юм. Илүү шаталт явагдаж байгаа учир агаарын бохирдол бага байгаа юм. Үүнийг үгүйсгэх ёстой юм. Энэ зарчим танайд байхгүй гэдгийг батлах ёстой. Энэ нэхэмжлэгчийн зууханд байсан учир би ийм дүгнэлт гаргасан. Патент олгохоос өмнөх процесс бидэнд хамаагүй, энэ асуудлаар маргаан шийдвэрлэх комисст хандсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас хойш патент авснаас хойших үйл ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үеийн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргана уу гэж хүсэж байна.” гэв.

6. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын ахлах байцаагч Э 14******** дугаартай шийтгэлийн хуудас, 01 дугаартай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ. Миний бие Б нь Оюуны өмчийн газраас 424* дугаартай “шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух” гэсэн шинэ бүтээлийн патент 20-000303*, 20-000289* дугаартай ашигтай загварын гэрчилгээг авсан.

Гэтэл А ХХК-ийн Чандмань нэртэй зуухыг миний шинэ бүтээлийн 424* дугаартай “шатаах төхөөрөмж”-ийг дуурайлган БНХАУ-д захиалгаар хийлгэн импортоор оруулж, олноор худалдан борлуулах болсон. Энэ зуух нь миний зохион бүтээсэн 424* тоот шинэ бүтээлийн патентийн томъёоллын 2, 4, 5, 6 дугаар томъёоллыг хуулбарлан хийж БНХАУ-д хууль бусаар захиалж хийлгэн борлуулж байсан тул Оюуны өмчийн газарт гомдол гаргасан юм. А ХХК-ийн хүмүүс шатаах төхөөрөмж бүхий патент болон ашигтай загварын гэрчилгээ аваагүй атлаа ашиг хонжоо хайж Патентийн тухай хуулийн заалтыг дур мэдэн зөрчсөн болох нь тогтоогдож, Оюуны өмчийн газраас Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасан бүтээлийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж, ашиг хонжоо олсон болох нь тогтоогдсон гэж үзсэн нь хуулийн үндэслэл бүхий үнэн зөв шийдвэр болсон юм.

Оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг нээж шалгах явцад А ХХК-ийн зүгээс Б нь БНХАУ-ын Оюуны өмчийн хороогоор баталгаажсан патент бүхий зуухыг хулгайлж, хуулбарласан гэж “түлшний хэмнэлттэй шаталтын хосолмол ажиллагаатай ахуйн хэрэглээний гэрийн зуухны хөндлөнгийн зүсэлт” гэсэн схем зураглалыг нотлох баримт болгон ахлах байцаагч Х гаргаж өгсөн байдаг. Б миний бие “Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух”-ны чиглэлээр БНХАУ-ын Оюуны өмчийн хороонд патент болон ашигтай загварын 8 ширхэг гэрчилгээг авсан юм. Дээрх нотлох баримт гэж гаргаж өгсөн зуухны схем зургийн зохиогч гэсэн хэсэгт Б миний нэр бичигдсэн байдаг. Үүнээс үзэхэд Оюуны өмчийн газрын хяналтын ахлах байцаагч Х 14******** дугаартай шийтгэлийн хуудас, 01 дугаартай даалгавар нь хуулийн үндэслэлтэй болохыг нотолж байна...” гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б зохиогч биш гэсэн асуудал яригдаж байна. Энэ маргааныг Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх комисс дээр хэлэлцэгдэж байгаа нь үнэн. Тэнд өгсөн материалд ч захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа материалд ч А ХХК-ийн оруулж ирж байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн Чандмань нэртэй зуух байгаа. Үүн дотор БНХАУ-д патентаар хамгаалагдсан гэсэн нотлох баримтыг хараагүй, хэрэгт энэ нотлох баримт байхгүй. Харин захиргааны хэргийн шүүхэд өгсөн материал дотор Б өөрийнх нь өгсөн материал буюу Б БНХАУ-д патентаар хамгаалагдахдаа ашиглаж байсан, өгч байсан материалыг хуулбарлаж өгсөн байдаг. Энэ дунд нь нэр нь байгаа. Зохиогч биш гэж хэлсэн. Гэтэл гурван итгэмжлэл ирсэн. Мөн БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхдээ өгч байсан материалууд нь ирсэн байдаг. Үүн дээр Б гэдэг нэр байгаа. Аль аль хэрэг хянан шийдвэрлэж байгаа материалд зохиогч гэдэг дээр хоёр хүний нэр байгаа. Үүндээ зориулаад итгэмжлэл өгсөн гурван удаагийн итгэмжлэл байдаг. Энэ хэрэгт энэ асуудал яригдах ёсгүй гэж үзэж байна.

А компани уг бүтээлийг БНХАУ-д патентаар хамгаалагдсан байдаг гэдгийг нотолж чадаагүй. Шалгаж тогтоогоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Шинжээч томилоогүй шалтгааныг бүгд мэдэж байгаа БНХАУ-аас оруулж ирж байгаа зуух нь патентаар хамгаалагдсан ямар үндэслэлээр патент авсан гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий материалуудаа “А” ХХК нь гаргаж өгдөггүй. Өнөөдөр ч захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Ашиглах гэдэг үг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлсэн. Ашиглах гэхээс илүү тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн заалтыг баримтлаад худалдан борлуулсан, гадаадаас оруулж ирсэн гэх мэт үндэслэлийг удирдлага болгон тогтоосон байгаа. Ашиглах гэдэг нь ашигт үйлийн коэфицент гаргах гэсэн үг юм. А компани ашигласан гэдэг дээр маргах шаардлага байхгүй. БНХАУ-д патентаар хамгаалагдсан байх ёстой энэ нь байхгүй. Хоёрдугаарт Парисын конвенцийн дагуу үйлдвэрлэж байгаа газар нь Монгол Улсын Оюуны өмчийн газар хүсэлт гаргаж хамгаалуулах ёстой. Монгол Улсад патентаар хамгаалагдсан бол түүнийгээ бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэх ёстой энэ нь байдаггүй. 424* дүгээр патенттай шинэ бүтээлийн эрх нь зөрчигдсөн байна гэдэг гомдлыг Б анх гаргахад зөрчил шалган шийдвэрлэхээс татгалзсан. Хариуцагч байцаагчийн хэлснээр дүгнэсэн. Уг шийдвэрт Б нь хуулийн дагуу гомдол гаргаж уг асуудлаараа дахин гомдол гаргах шаардлагатай байна гэсэн тайлбарын дагуу үйл ажиллагааг явуулсан. Энд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Б нь Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Үүний дагуу шийдвэрлэгдэж байсан. Иймд улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна. Патентийн эрхээр хамгаалсан 424* дүгээр патентын эрхийн шийдлийг нэхэмжлэгч компанийн худалдан борлуулсан зуух зөрчсөн байна гэсэн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.

ОХУ-д бүртгүүлсэн гэх ойлголтын хувьд Б өөрөө бүртгүүлэхдээ Орос улсын иргэдийг  оруулж бүртгүүлсэн. Яг үүнтэй ижил асуудал юм. Яг тэр хятад иргэн зохиогч нь биш. Хамтран ажиллаж байсан энэ хүний хамт бүртгүүлсэн гэсэн асуудал үүсэж байгаа. Монгол Улсад бүртгүүлэхдээ итгэмжлэл олгосон асуудал юм. Зөвхөн ОХУ-д биш 2, 3 улсад Б нь патентийн эрхээ бүртгүүлсэн байгаа.

Б хийсэн шинэ бүтээлийн гол агуулга нь утааг дахин шатаах юм. Өөрөөр хэлбэл зууханд нэмэлт төхөөрөмж тавьж утааг дахин шатааж байгаа юм. Иймд утаа нь багасаж, гарах хор нь багасаж байгаа юм. Үүнийг үйлдвэрлэх шаардлага байсан учир БНХАУ-д бүртгүүлсэн. БНХАУ-ын оюуны өмчийн байгууллага үүнийг бүртгэж авсан. Үүн дээр ойлгохгүй зүйл байхгүй. Шатаах төхөөрөмжийг дуурайлгаж хийсэн байна, Б хийсэн утааг дахин шатаах нэмэлт төхөөрөмжийг яг тэр технологиор нь хийсэн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Оюуны өмчийн газарт иргэн Б гаргасан “шинэ бүтээлийн патентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэх гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, А ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирж худалдаж буй Чандмань зуухны шатаах төхөөрөмж нь шинэ бүтээлийн патентийн гэрчилгээгээр эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээлтэй томьёоллын хувьд адил буюу Патентийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр тус газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14******** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавраар Чандмань нэртэй зуухыг БНХАУ-аас оруулж ирж худалдахгүй байх, худалдсан зуухны үлдэгдлийг буцаан таталт хийх, 424* дугаар патентийн шинэ бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг тус тус даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Гомдол гаргагч А ХХК нь “зөрчил үйлдээгүй, зөрчлийг тогтоогоогүй, Б уг бүтээлийг бүртгүүлэх эрх олгогдоогүй байхад бүртгэсэн” гэх үндэслэлүүдээр улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1******** дугаартай шийтгэлийн хуудас[1] болон 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд, гомдлын шаардлагын үндэслэлд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 128 дугаар тушаалаар Б нь 424* дугаартай “шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух” шинэ бүтээлийн патентийг[2] 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн анхдагч огноотойгоор 20 жилийн хугацаагаар авч эрхийн хамгаалалт хийлгэсэн байдаг.

Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д шинэ бүтээл гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг ойлгохоор, 3.1.4-т патент гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл ... болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг ойлгохоор, 3.1.10-т патент эзэмшигч гэж шинэ бүтээл ... -ийн патент ..., түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлж авсан этгээдийг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д шинэ бүтээлийн мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх олгосон этгээд Оюуны өмчийн газарт гаргахаар, 7.3.2-т шинэ бүтээлийн томьёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон байхаар, 15 дугаар зүйлийн 15.1-д шинэ бүтээлийн патент анхдагч огнооноос эхлэн 20 жил хүчинтэй байхаар, 16 дугаар зүйлийн 16.1.1-д шинэ бүтээлийн зохиогч шинэ бүтээлээ өмчлөхөөр, 17 дугаар зүйлийн 17.1-д патент эзэмшигч шинэ бүтээлээ өмчлөх онцгой эрхийг эдлэхээр, 17.2-т патент бүхий шинэ бүтээлийг патент эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглахаар, 18 дугаар зүйлийн 18.1.1-д шинэ бүтээлийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг патент эзэмшигч хориглох эрх эдлэхээр, 19 дүгээр зүйлд лицензийг гэрээгээр ашиглаж болохоор тус тус зааж, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д Патентийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор, энэ төрлийн зөрчлийг оюуны өмчийн улсын байцаагч шалган шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т харьяаллыг тогтоожээ.      

А ХХК нь Чандмань нэртэй гэрийн зуухыг БНХАУ-аас 2019 оны 6 дугаар сарын 26-нд 359 ширхэг, 9 дүгээр сарын 11-нд 347 ширхэг, 11 дүгээр сарын 23-нд 334 ширхэг, нийт 1040 ширхэгийг импортоор оруулж[3] борлуулсан, өөрөөр хэлбэл худалдан борлуулах зорилгоор БНХАУ-аас оруулж ирсэн, худалдаанд гаргасан талаар маргаангүй.   

А  ХХК нь Чандмань нэртэй уг зуухны маргаанд хамаарах “шатаах төхөөрөмж”-ийн тухайд шинэ бүтээлийн патентийн эрхийн хамгаалалт хийлгээгүй бөгөөд гомдолд хавсаргаж ирүүлсэн Стандарт, хэмжил зүйн газраас олгосон тохирлын гэрчилгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь импортоор оруулж буй тухайн зуухны халаах талбайн чадал, импортлох хэмжээ, утааны хий, агаар бохирдуулагч бодисын агууламжийг Монгол Улсын стандартад нийцэж буй эсэхийг л илэрхийлж байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд улсын байцаагч нь Б 424* дугаартай патенттай шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух нэртэй шинэ бүтээлийн томьёолол[4] бүртэй А ХХК-ийн импортоор оруулж ирж борлуулж байсан Чандмань зуухны хийц, бүтээцийг[5] харьцуулж дүгнэсэн, тухайлбал,

1 дүгээр томьёолол: шатаах зуух бүхий гэрийн зуухны ялгаа нь цилиндр хэлбэрийн дээд тал нь битүү доороо агаарын нүхтэй галын хотол /16/, шатаах төхөөрөмжийн их бие /1/ агаарын нүх /3/, галын хотлын хоёр талын утаа дээшээ урсах утааны урсгалын суваг бүхий цамц /14/ галын хотлын дээд хэсэгт байрлуулсан утаа бүрэн шатаах туслах төхөөрөмж /2/,-өөс бүрдсэн бөгөөд шатаах төхөөрөмжийн дотор талд вакум бүтэцтэй, дээд, доод үзүүр нь нум хэлбэртэй туслах шатаах төхөөрөмж /2/-ийг байрлуулж, шатаах төхөөрөмжийн их бие /1/-ийн дээд хэсгийн эргэн тойронд агаарын нүх /3,5,11/ гаргаж зохиомжилсон,

2 дугаар томьёолол: Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухны 1 дүгээр томьёоллын ялгаа нь агаарын нүх /3,5,11/ нь бөөрөнхий эсвэл дөрвөлжин хэлбэртэй байх бөгөөд А ХХК-ийн Чандмань зуухны агаарын орох сувгийг зуухны хоёр хажуугийн дээд хэсэг, арын хэсгийн доод талаас хоолойгоор дамжуулан дахин шатаах төхөөрөмж рүү гаднаас агаарын урсгал орох сувгийг дугуй буюу конус хэлбэрийн хоолойгоор хийсэн байна.

4 дүгээр томьёолол: Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухны 1 дүгээр томьёоллын ялгаа нь асаах тавцан /4/ эсвэл туслах шатаах төхөөрөмжийн асаах тавцан /10,12/ нь товгор эсвэл товгор цагариг хэлбэр, эсвэл хагас товгор эсвэл хагас товгор цагариг хэлбэртэй байна. А ХХК-ийн Чандмань зуухны дахин шатаах төхөөрөмжийн асаах тавцангийн конус хэлбэрийн биетэд агаар орох 16 ш дугуй нүх гаргаж өгсөн байна.

5 дугаар томьёолол: Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухны 1 дүгээр томьёоллын ялгаа нь туслах шатаах төхөөрөмж /2/ нь конус эсвэл бөөрөнхий багана эсвэл дөрвөлжин эсхүл тэгш өнцөгт хэлбэртэй байна. А ХХК-ийн Чандмань зуухны дахин шатаах төхөөрөмж тэгш өнцөгт /паралелопипед/ хэлбэртэй байна.

6 дугаар томьёолол: Шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуухны 1 дүгээр томьёоллын ялгаа нь туслах шатаах төхөөрөмж /2/ асаах тавцан /10,12/ нь товгор эсвэл товгор цагариг хэлбэр, эсвэл хагас товгор эсвэл хагас товгор цагариг хэлбэртэй байна. А ХХК-ийн Чандмань зуухны дахин шатаах төхөөрөмж конус хэлбэртэй биетэд дугуй хэлбэрийн нүх гаргаж өгсөн байгаа нь шинэ бүтээлийн томьёололтой харьцуулсан зуухны дахин шатаах төхөөрөмжийн бүтэц нь шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух нэртэй шинэ бүтээлийн 2,4,5,6 дугаар томьёоллыг зөрчсөн гэж,

тодруулбал гомдол гаргагч А ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирж худалдаж буй Чандмань зуух нь гуравдагч этгээд Б 424* дугаартай “шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух шинэ бүтээлийн патентийн 2,4,5,6 дугаар томьёололтой буюу гаднаас нь агаарын урсгал орж дахин шатаах төхөөрөмжтэй техникийн шийдэл бүтээцийн хувьд адил шатаах төхөөрөмжтэй болохыг дүгнэжээ.

А ХХК нь патентийн эрхээр хамгаалагдсан шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух шинэ бүтээлтэй томьёоллын хувьд адил шатаах төхөөрөмжтэй Чандмань зуухыг БНХАУ-аас оруулж ирж худалдаж буй нь шинэ бүтээлийн патентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан зөрчил болох нь ийнхүү тогтоогдсон байна.

Тиймээс А ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж худалдан борлуулж байгаа Чандмань зуух нь эрхийн хамгаалалт хийгдсэн “шатаах төхөөрөмж бүхий” гэрийн зуух нэртэй шинэ бүтээлийн 424* бүртгэлийн дугаартай патент эзэмшигчийн эрхийг буюу Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсгийг зөрчсөн, патент эзэмшигч нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан шинэ бүтээлийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулахыг хориглох эрхийн дагуу гаргасан гомдлоор оюуны өмчийн хяналтын улсын байцаагч шалган шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хаьяалал болон процессын хувьд зөрчөөгүй байна.   

2. Гомдлын “А уг бүтээлийг бүртгүүлэх эрх олгогдоогүй байхад бүртгэсэн” гэх үндэслэлийг шинэ бүтээлийн патентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчлийн хэрэгт болон зөрчлийн хэргийг шийдвэрлэж гаргасан улсын байцаагчийн шийдвэрийг хянах захиргааны энэ хэрэгт дүгнэхгүй бөгөөд А ХХК-иас Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух шинэ бүтээлийн 424* дугаартай патентийг хүчингүй болгуулах” тухай гомдлоор уг зөвлөл харьяалан шийдвэрлэнэ.

Тодруулбал шинэ бүтээлийн патент олгосон үндэслэл, шалгуурыг хангасан эсэх буюу шинэ бүтээлийн түвшин агуулсан эсэх, Монгол Улсад хамгаалагдах боломжтой эсэх, патент эзэмшигч Б нь зохиогч мөн эсэх, мэдүүлэг гаргаж патент авах эрхтэй этгээд мөн эсэхийг буюу түүнд патент олгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг  шинэ бүтээлийн патентийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий захиргааны энэ хэрэгт дүгнэхгүй.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар арга хэмжээ авч даалгавар бичих ба тухайлбал холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, гүйлгээнээс буцаан татах зэрэг арга хэмжээг хуульчилсан байна. Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч нь уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар буюу Чандмань нэртэй зуухыг БНХАУ-аас оруулж ирж худалдахгүй байх, худалдсан зуухны үлдэгдлийг буцаан таталт хийх, ******* дугаар патенттай шинэ бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байхыг даалгаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг бичсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1*******1 дугаартай шийтгэлийн хуудас болон 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай А ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 94 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 98 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 91 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 98 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 178-181 дүгээр хуудас