Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Т аймгийн З сумын ...-р баг ...-... тоотод оршин суух Г.Д /РД:........../-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэндэндоржийн Дэлгэрмаа миний бие 1968 онд төрсөн, энэ жил 53 нас хүрч байна. Улсад 17 жил ажилласан. Үүнээс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллаж ирсэн. 1993 онд “Шинэ эхлэлт” нэгдлийн архив бичиг хэрэг шатаж бичиг баримтгүй болсон. Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтын бүрдлийг үндэслэн 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт” нэгдэлд малчнаар 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын “Цагаан залаа” ХХК-д малчнаар ажиллаж байсан. Миний ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Г.Д-гийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Г.Д нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын "Шинэ эхлэлт" нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, мөн 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Цагаан залаа” ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Г.Д-д Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт” нэгдлээс 1985 оны 10 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 3-7-р хуудас/

- М.Д-д Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын "Шинэ эхлэлт" нэгдлээс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-10-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 08/81 дугаартай албан бичиг /хэргийн 14-р хуудас/

-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 25/05 дугаартай тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/

- Гэрч Р.Эрдэнэсүрэнгийн “...Би тухайн үед 7 настай хүүхэд байсан. Манайх Дэлгэрмаа эгчийнхтэй айл, саахалт байсан. Тэгэхэд Дэлгэрмаа эгч манай ахтай 1990 онд суусан. Дэлгэрмаа эгчийг малчин байсныг мэднэ. Г.Д нь Цагаандэлгэр сумын "Шинэ эхлэлт" нэгдлийн Дэлгэрэх зам бригадад 1985 оноос мал малласан. Намайг 1998 онд оюутан болоод явахад малчин байсан. "Шинэ эхлэлт" нэгдэл 1990 хэдэн онд зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байх...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

- Гэрч Н.Баярсайханы “...Дэлгэрмаа нь 1985-1992 он хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам бригадад бага мал маллаж байсан. Би 1992-1997 он хүртэл Цагаандэлгэр сумын хэмжээний нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан. Түүнээс өмнө Баянжаргалан суманд ажиллаж байсан. Гэхдээ нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийдэг байсан учраас мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

- Гэрч Р.Намсрайсүрэнгийн “...Г.Д 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Дэлгэрэх бригадад илгээлтийн эзнээр гарч байсан. Цагаандэлгэр сумын "Шинэ эхлэлт" нэгдэлд бог мал маллаж байсан. 1985-1991 он хүртэл мал малласан. Тасралтгүй мал малласан. Өөр ажил хийж байгаагүй. Шагнал урамшуулал авч байсан эсэхийг нь мэдэхгүй. Аав ээж нь мэнд сүрэгтэн болж байсан. Би тухайн үед 10 дугаар ангиа төгсөөд Цагаандэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуульд туслах тогоочоор 1986 оноос одоог хүртэл ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Д-ийг 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын "Шинэ эхлэлт" нэгдэлд малчнаар, 1993 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Цагаан залаа” ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ