Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1033

 

 

 

 

 

 

   

 

2023             7             26                                    1033     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-т холбогдох эрүүгийн 2306 00000 2081 дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны ойролцоо таксины төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар О.Амартай маргалдан, улмаар түүний эзэмшлийн “Самсунг ноте-20 ультра 5жи” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл,

/хавтаст хэргийн 2-4 дэх тал/

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хавтаст хэргийн 5 дахь тал/

 

Эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

/хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Хохирогч О.Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудлын чанх харалдаа байх “Тайж” нэртэй ресторан пабын гаднаас такси барьсан. Цайз өгсөөд цэргийн ангийн орчимд буусан. Буугаад баруун гартаа гар утсаа бариад 2-3 алхаад явж байхад нөгөө таксины жолооч цонхоороо миний гар утсыг булааж авчихаад шууд давхиад яваад өгсөн. ...Би өөрөө “Цайз орно” гэж хэлсний дагуу такси Цайз зах дээр ирсэн. Тэгэхээр нь хойшоогоо Зүүн Алтан Өлгий рүү өгсөнө гэсэн тул Зүүн Алтан Өлгий рүү өгсөн байхдаа таксинаас жолооч надаас “шороон замаар орох уу, шороон замаар явмааргүй байна” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “шороон замаар бага явна. Хэрэв чи шороон замаар явж гэрт хүргэж өгөхгүй бол мөнгөө төлөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл таксины жолооч над руу уурлаж эхэлсэн ба “мөнгөө өгч чадахгүй бол яах гэж такси барьдаг писда вэ” гэх мэтээр доромжлоод байхаар нь би “гэрт хүргэж өгөхгүй бол яах гэж таксинд явдаг юм. Чи намайг гэрт хүргэж өгөхгүй бол би мөнгө өгөхгүй нэг бол намайг цагдаад хүргээд өгчих, тэндээ учраа ольё” гэж хэлэхэд таксины жолооч уурлан намайг “зайл, буу, чамаас мөнгө авахгүй” гэсэн. Ингээд би таксинаас буухад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн хотхон сүмийн ойролцоо буусан ба буугаад өөрийн эзэмшлийн Samsung note 20 ultra 50 загварын гар утсаа зүүн гартаа бариад 3-4 алхсан. Энэ үед таксины жолооч араас тээврийн хэрэгсэлтэйгээ ирж миний хажууд зогсоод цонхоо онгойлгон гараа гаргаж ирээд миний гараас гар утас булаагаад хурдтай хөдлөөд явсан. Би болсон бүх явдлыг санаж байгаа. Харин таксины жолооч гэх залуу миний гар утсыг хүлээлгэж өгөхдөө цагдаагийн хэлтэс дээр таарсан боловч намайг тасарч унаад гар утсаа өөрөө өгсөн гэж худлаа яриад байсан. Иймээс би цагдаагийн хажууд түүнийг худал хэлж байгааг хэлсэн ба хэлтсийн гадна “Би эхнэртэйгээ маргалдаад шүүхээр орсон, 2.000.000 төгрөгийн торгуультай байгаа. Та гар утсаа авсан юм чинь гомдолгүй гэж хэлээд салчих” гэх мэтээр гуйгаад байсан. Би түүнд хандан “чи эр хүн юм бол болсон зүйлийг үнэнээр нь хэлээд буруугаа хүлээх юм бол би гомдолгүй болно” гэж хэлсэн. Тухайн таксины жолооч миний гар утсыг авч яваад сим картыг нь гаргаад хаясан байсан. ...Ингээд тухайн өдрийн маргааш өглөө нь ажлын залуу руу залгаж таксины улсын дугаарыг авсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10, 14-15 дахь тал/

 

Гэрч А.Гандолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед унтаж байсан чинь аав Амар бага зэрэг согтолттой орж ирсэн. Орж ирээд гар утсаа дээрэмдүүлчихлээ гэхээр нь “яасан юу болсон юм бэ” гэсэн чинь “миний сууж явсан таксины жолооч намайг алхаж явж байхад араас ирээд миний гар утсыг шүүрээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь аавын дугаар луу хэд хэдэн удаа залгасан боловч холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж гар утсаа олж авсан байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/016 дугаар үнэлгээ,

/хавтаст хэргийн 28 дахь тал/

 

Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь авч явсан үйлдэлдээ харамсаж байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 54 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийг 39 дэх тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хавтаст хэргийн 58-62 дахь тал/

 

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/12478 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Х.Э нь хохирогч О.Амартай таксины төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар түүний эзэмшлийн “Самсунг нөүт 20 ультра” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,

            шүүгдэгчийн өмгөөлөгч “Бид хоёрын хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Иргэн О.Амарын утсыг хүч хэрэглэхгүй илээр авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэм буруу дээр маргахгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Х.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны ойролцоо таксины төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар О.Амартай маргалдан, улмаар түүний эзэмшлийн “Самсунг ноте-20 ультра 5жи” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж гэмт хэргийн шинжийг заажээ.

 

Шүүгдэгч Х.Э нь бусдын эзэмшлийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх2-4/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх5/, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6/, хохирогч О.Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жолооч надаас “би таксинаас буухад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн хотхон сүмийн ойролцоо буусан ба буугаад өөрийн эзэмшлийн Samsung note 20 ultra 50 загварын гар утсаа зүүн гартаа бариад 3-4 алхсан. Энэ үед таксины жолооч араас тээврийн хэрэгсэлтэйгээ ирж миний хажууд зогсоод цонхоо онгойлгон гараа гаргаж ирээд миний гараас гар утас булаагаад хурдтай хөдлөөд явсан.” гэх /хх10, 14-15/, гэрч А.Гандолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед унтаж байсан чинь аав Амар бага зэрэг согтолттой орж ирсэн. Орж ирээд гар утсаа дээрэмдүүлчихлээ гэхээр нь “яасан юу болсон юм бэ” гэсэн чинь “миний сууж явсан таксины жолооч намайг алхаж явж байхад араас ирээд миний гар утсыг шүүрээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь аавын дугаар луу хэд хэдэн удаа залгасан боловч холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж гар утсаа олж авсан байсан.” гэх /хх22/, шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хохирогчийн ярьсан зүйлийг хүлээн зөвшөөрч байна, гар утсыг нь авч явсан үйлдэлдээ харамсаж байна.” гэх мэдүүлгүүд /хх54/, хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/016 дугаар үнэлгээ /хх28/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хавтас хэрэгт авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх5/, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 6/ зэргээр хохирогч О.Амар нь Самсунг ноте-20 ультра 5жи загварын гар утсаа буцаан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн сонгох санкцтай. Шүүгдэгчийн өмнө нь 2023 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор 2 сая төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар Х.Э-ын бүртгэлтэй хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Орбит гэж явж байгаа боловч тухайн хаягтаа оршин суухгүй, хашаа байшин зарагдсан нөхцөл байдал ярьж байна. Хувиараа, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй туслах ажилтан хийж байгаа хувийн байдалтай байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд графикийн дагуу торгох ялыг төлөөд явж байгаа. Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, хохирол нөхөн төлсөн. Зорчих эрх хязгаарлах ялыг улсын яллагчаас санал гаргахад шүүгдэгч оршин суух тодорхой хаяггүй байна гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах  ялын хүрээ хязгаарыг тогтоох санал хэлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллаж байгаа компани нь Сонсголонд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрт хамаардаг боловч өөрөө Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, тухайн хаягт оршин суудаггүй нөхцөл байдал харагдаж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харахад бага насны хоёр хүүхэдтэй, ажил хийж гэр бүлээ авч явдаг, Шүүхийн шийдвэрийн биелэлттэй явж байгаа гэдгийг харгалзан үзэж Баянгол болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох санал болгож байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай.” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа “Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял авч байсан. Шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Энэ хэрэгт уг ял шийтгэл эдэлж байсан нь хамаарахгүй. Х.Э-ын хувьд өөрийн болчимгүй зангаас болж ийм хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчийн зүгээс дахин ийм үйлдэл гаргахгүй талаар зөвлөсөн. Х.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал харагдаж байна. Х.Э-ын хувьд хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогч гомдол санал байхгүй. Зуурмагийн компанид туслах хийж ажиллаж байгаа. Улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай санал  нэг байна. Харин оршин суух газраас үзэхэд хязгаарлалт хэрхэн тогтоох талаар зөв шийдэх болов уу. Албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүргээр явдаг. Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт амьдрах нөхцөл байдал байгаа тул энэ хүний шийдвэр гүйцэтгэлийн биелэлтийг хангах, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлж Улаанбаатар хотоор хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 1 жилийн хугацаанд Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Э нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/12478 дугаар албан бичгээр ялтан Х.Э нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар  торгох ялаас 333.000 төгрөгийг төлж 1.667.000 төгрөг үлдсэн болох нь /хх58-63/ тогтоогдож байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Х.Э-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-т оногдуулсан  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ