| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2023/1015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1035 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1035
2023 07 27 1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
хохирогч Ж.С,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2206 05033 2267 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгэгдсэн, регистрийн РП83102306 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.С-тай маргалдаж, нүүр, цээж, гар хэсэгт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ж.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би ажил дээрээ байсан. Миний төрсөн эгч Өлзийсайхан зах дээр уйлж ирээд бэр намайг хөөгөөд байна. Тэр байрыг манай эгч хүүтэйгээ нийлж худалдаж авсан учир эгч нэг өрөөнд нь амьдрах хүсэлтэй. Эгч гэртээ очсон чинь бэр хөөгөөд цагдаа дуудаад явуулсан. Гэртээ хүүтэйгээ байх аргагүй байна гэж хэлсэн. Би эгчийгээ хамт гэрт чинь очъё гээд аваад очсон чинь хүү нь гэртээ оруулахгүй байсан. Би яагаад бид хоёрыг оруулахгүй байгаа юм гэхэд Ууганаа битгий оруул гэж хэлсэн. Гэтэл үүдэн дээр нь манай эгч ухаан алдаж унасан. Өдөр нь миний эгчийг цагдаа дуудаж өгч явуулсан байсан. Би гуйсаар байгаад гэрт нь орсон чинь бэр нь би хадам ээжтэй хамт амьдарч чадахгүй гэж маргасан. Би “та хоёр ээжтэйгээ хамт амьдарч болохгүй юм уу” гэхэд “болохгүй” гэж хэлсэн. Гэтэл Ууганаа цагдаа дуудахад цагдаа ирээд гар утас алга болсон гээд эгч бид хоёрыг шалгасан. Тэгээд байж байхад 30-40 насны хоёр эмэгтэй ирсэн. Би тухайн үед тайван байсан. “Миний хоёр дүү учраа олоо” гээд байж байсан чинь араас нь дахин 4 хүн орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан болоод миний эгчийг өшиглөсөн. Би энэ хүний биед хуруугаа ч хүргээгүй. Би энэ асуудлыг эхнээс нь дуустал бичлэг хийсэн. Бүх зүйл бичлэгт байгаа. Би согтуу байгаагүй. Энэ хүмүүст гар хүрээгүй. Би энэ хүний ээж болох ард сууж байгаа 70 гарсан настай эгчийг ирээд бид нарыг эвлэрүүлэх байх гэж бодсон. Гэтэл хүүхдүүдтэйгээ нийлж намайг зодсон. Би бичлэг хийсэн боловч утас булааж аваад нийлж намайг зодсон. Хамт зодсон 3,4 эгч нар нь энд байхгүй байна. Би хоёр хүнийг эвлэрүүлэх гэж очсон. Би зодуулж байхдаа “аллаа” гэж орилсон чинь энэ эгч сүүлд нь “за одоо наад хүн чинь үхлээ боль” гэж хэлсэн. Миний эгчийг доромжилж, бид хоёрыг нийлж зодсон. Намайг гэрээс чирч гаргасан. Миний эгчид гэр орон байгаа. Гэхдээ талийгаач нөхөр нь байр авна гэж мөнгө цуглуулсан байсан дээр тал талаас мөнгө нэмж тэр байрыг авсан. Манай ах дүү нар бэр гуйж аваагүй байсан. Энэ хүний ааш занг харж 2, 3 жил болж байна. Би өөрөө гэр оронтой тул бусдын байранд шунах шаардлага байхгүй. Би зах дээр өөрийн гэсэн бизнес эрхэлж орлого олдог. Би энэ хүнд зодуулснаас хойш 9 сараас хойш ажлаа хийж чадахгүй нүүр ямар явсан билээ. Гэтэл энэ хүмүүс нэг дор ажиллаж байсан хүмүүс асууж санаа тавьж болох байсан. Бид нар өнөөдрийг хүртэл бэрээ гуйж аваагүй байгаа. Яагаад гэвэл ааш араншинаас нь болоод гуйж аваагүй. Манай эгч байр аваад эхний нэг сар сайхан амьдарч байсан. Гэтэл сүүлдээ эгчийг минь хамт амьдарч чадахгүй гэж хөөж эхэлсэн. Энэ хүмүүсийн ээж болох 70 настай хүнийг гайхаж байна. Яагаад хүүхдүүд нь нийлж хүн зодож байхад хориглоогүй юм. Миний эгч одоо орох оронгүй хүргэнийдээ байгаа. Миний эгчийг яагаад хөөгөөд байна вэ. Миний эгч тэр байрны мөнгөнөөс төлөлцсөн. Би эгчийнхээ төлөө тэр газар очсон. Миний эгч аргаа бараад хүүдээ “одоо гэрээсээ яваад амьдрал үз, байр түрээслээд амьдраад үз” гэж хэлсэн болохоос бүр хөөгөөгүй. Маргаанаас болж намайг эд нар цагдаатай нийлж цүнх нэгжээд дайрч зодсон. Миний эгчийг элэгдэж өшиглөсөн бичлэг байна. Тэр маргаанаас болж эд нар намайг дайрч зодсон. Эхний удаа бичлэг хийгээгүй. Дараагийн удаа бичлэг хийсэн чинь бичлэгээ устга гээд энэ хүмүүс дайрч зодож, энгэртээ хийсэн байсан утсыг хүчээр авсан. Энэ хүүхэн намайг ганцаараа зодоогүй. Хамт байсан хүмүүс нийлж зодсон. Над дээр өвдөглөж байгаад миний утсыг авсан. Би “аллаа” гэж орилсон чинь утас аваад эргэсэн чинь энэ эгч “наадах чинь үхлээ, одоо боль” гэж хэлсэн. Тэгээд намайг чирээд гарга гэж хэлсэн. Энэ хүмүүс бөөнөөрөө гарч цахилгаан шатанд орох гэхээр нь би мөлхөж очиж хаалганаас нь татсан. Нэг хүүхэн гарч ирээд “та нар боль” гэж хэлээд цагдаа дуудсан боловч наад хаягаас чинь хоёр дахь удаа дуудлага ирсэн гээд хүлээж аваагүй. Тэгээд би ахдаа хэлсэн чинь цагдаа дээр очиж гомдол гарга гэж хэлсэн. Би тархины зураг 300 гаран мянган төгрөгөөр авхуулсан. Дараа дахин өнгөт компьютерт харуул гэж хэлсэн боловч боломж муу байсан тул авхуулж чадаагүй. Эмнэлгээр яваад байнга толгойны эм авч ууж байсан. Миний хэнгэрэг цоорхой байдаг байсан. Тэр асуудлаас болж чихнээс булаг гоожоод байгаа. Нүдний ухархай улайсан байгаа. Би ийм харцтай байгаагүй. Миний гоо сайханд маш их хохирол учирсан. Шүүгдэгч яагаад хоёулаа байсан гэж худал мэдүүлээд байгаад гайхаж байна. Би согтуу байгаагүй. Би хүний биед хүрээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 8 дахь тал/
Хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...та нар яагаад худал хэлж эгчийг явуулж байгаа юм гэхэд чи утсан дээрээ хийсэн бичлэгээ устга гэж хэлэхэд нь устгахгүй гэхэд бүгд над руу элдэв бусаар хэлж дайрсан ба Болороо гэх эмэгтэй нүүр, толгой хэсэг рүү цохиж газар унагаж өвдөглөх үед нь хажуу талаас хоёр эмэгтэй гар утас булааж авахад хэн нь болохыг мэдэхгүй эмэгтэй “боль наадах чинь үхчихнэ” гэхэд больсон ба бас хэнийг мэдэхгүй эмэгтэй гаргана гэж хэлээд хаалгаар гаргаж ...лифтэнд суухад нь мөлхөж лифт рүү хөлөө хийхэд Болороо гэх эмэгтэй чирч гаргаад цээж хэсэг рүү цохиж өшиглөхөд нь татаж зулгаахад хөрш айлын эмэгтэй гарч ирээд “та нар боль, цагдаа дуудлаа” гэж тэд нарыг явуулалгүй цагдаа дуудахад нь нөгөө эмэгтэй нар утсаар нь согтуу эмэгтэй агсан тавиад байна гэж намайг буруутгаж дуудлага өгөхөд нь цагдаа ирээгүй. Тэгээд бэрийг гэртээ ороход нь хамт орж нөгөө эмэгтэй нар гэрлүүгээ явсан ба хэсэг хэвтэж байгаад цагдаа дээр ирсэн, маргаан болж дууссаны дараа өөрийнхөө шалавчин доор үлдээсэн байсан гар утсыг олж авсан. ...Миний нүүр нүүр толгой хэсэг рүү харсан тохиолдолд Болороо гэж нэрийг нь тогтоосон эмэгтэй цохиж нүдийг хавтгаж, толгой, цээжийг хөндүүр болгосон.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 16 дахь тал/
Гэрч М.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...охин Э.Б “чи Пүрэвсүрэн, Ууганчимэг нарыг хөөж гаргачихаад салтаа саамаа угаах гээд ярьж байдаг” гэж хэлээд тэр хоёр хоорондоо үсэлцээд зодолдоод эхэлсэн. Тухайн үед би хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодож байгаа талаар хараагүй орилж, чарлаад зодолдоод байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12865 дугаар:
“1. Ж.С-ийн биед дух, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун сарвуу, цээж, зүүн бугуйнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 44 дэх тал/
Шийтгэх тогтоолын хуулбар,
/хавтаст хэргийн 102-104 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Э.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч Ж.С-ийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.С-тай маргалдаж, нүүр, цээж, гар хэсэгт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх8/, шүүгдэгч Э.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “энэ хүнийг хаалганаас холдуулах гэж түлхсэн чинь намайг үстэж авсан. Тэгээд хоёулаа үстэлцээд, барьцалдаж авсан.” гэх, хохирогч Ж.С-гийн шүүх хуралдаанд өгсөн “маргаанаас болж эд нар намайг дайрч зодсон. Эхний удаа бичлэг хийгээгүй. Дараагийн удаа бичлэг хийсэн чинь бичлэгээ устга гээд энэ хүмүүс дайрч зодож, энгэртээ хийсэн байсан утсыг хүчээр авсан. Энэ хүүхэн намайг ганцаараа зодоогүй. Хамт байсан хүмүүс нийлж зодсон. Над дээр өвдөглөж байгаад миний утсыг авсан. Би аллаа гэж орилсон чинь утас аваад эргэсэн чинь энэ эгч наадах чинь үхлээ одоо боль гэж хэлсэн. Тэгээд намайг чирээд гарга гэж хэлсэн. Энэ хүмүүс бөөнөөрөө гарч цахилгаан шатанд орох гэхээр нь би мөлхөж очиж хаалганаас нь татсан. Нэг хүүхэн гарч ирээд та нар боль гэж хэлээд цагдаа дуудсан боловч наад хаягаас чинь хоёр дахь удаа дуудлага ирсэн гээд хүлээж аваагүй. Тэгээд би ахдаа хэлсэн чинь цагдаа дээр очиж гомдол гарга гэж хэлсэн. Би тархины зураг 300 гаран мянган төгрөгөөр авхуулсан. Дараа дахин өнгөт компьютерт харуул гэж хэлсэн боловч боломж муу байсан тул авхуулж чадаагүй. Эмнэлгээр яваад байнга толгойны эм авч ууж байсан. Миний хэнгэрэг цоорхой байдаг байсан. Тэр асуудлаас болж чихнээс булаг гоожоод байгаа. Нүдний ухархай улайсан байгаа. Би ийм харцтай байгаагүй. Миний гоо сайханд маш их хохирол учирсан. Шүүгдэгч яагаад хоёулаа байсан гэж худал мэдүүлэг байгаад гайхаж байна. Би согтуу байгаагүй. Би хүний биед хүрээгүй.” гэх, хохирогч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Болороо гэх эмэгтэй нүүр, толгой хэсэг рүү цохиж газар унагаж өвдөглөх үед нь хажуу талаас хоёр эмэгтэй гар утас булааж авахад хэн нь болохыг мэдэхгүй эмэгтэй боль наадах чинь үхчихнэ гэхэд больсон” гэх /хх16/, гэрч М.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ж.С гэж хүүхний хамт 3-уулаа байж байтал Ж.С гэж хүүхэн за сайхан усанд орж салтаа саамаа угааж авъя гэж хэлэхэд охин Э.Б “чи Пүрэвсүрэн, Ууганчимэг нарыг хөөж гаргачихаад салтаа саамаа угаах гээд ярьж байдаг” гэж хэлээд тэр хоёр хоорондоо үсэлцээд зодолдоод эхэлсэн. Тухайн үед би хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодож байгаа талаар хараагүй орилж, чарлаад зодолдоод байсан.” гэх мэдүүлгүүд /хх30-31/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12865 дугаар “1. Ж.С-гийн биед дух, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун сарвуу, цээж, зүүн бугуйнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх34-35/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хохирогч Ж.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагаанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн /хх59-63/ бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 445.320 төгрөгийг шүүгдэгч Э.Б төлсөн байна.
Харин нотлох баримтыг шаардлага хангаагүй баримтаар /хх60/ хохирол гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Э.Б-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн “ХААН” банкны 5035215535 тоот дансанд 450.000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 45 минутад шилжүүлж хохирлыг барагдуулсан. Э.Б 3-15 насны 3 хүүхэдтэй. Хувиараа бизнес эрхэлдэг. Монгол гэр модон үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Энэ газраас цалин хөлс авдаг. Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 450 нэгжээр торгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Э.Б нь оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөх, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. 4. Хохирогч Ж.С нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Э.Б-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь хохирогч Ж.С-д гэм хорын хохиролд 450.000 төгрөг төлсөн, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ