Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0681

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ц*******ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, өмгөөлөгч Г.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ц*******

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын дарга

Хариуцагч Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаал, Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 549 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Д.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0526/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Ц******* Боловсролын ерөнхий газрын дарга, тус газрын Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан “Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаал, Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг баримтлан Ч.Ц*******ээс Боловсролын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ч.Ц*******ээс Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзан 128/2025/0526/З индекстэй захиргааны хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, өмгөөлөгч Г.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Ч.Ц******* нь өөрийгөө “холбогдогч бусгомдол гаргагч гэж ойлгосноор дээд шатны Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаагаар харьяалал зөрчиж гомдол гаргасныг зөвтгөх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь сургуулийн багш, ажилчдаас гэх гомдлын дагуу шалгаж гаргасан дүгнэлт нь хууль болон ёс зүйн дүрэм, журмыг зөрчиж гарсан юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна, 2-т Өргөдөл гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсарганагэж тус тус заасан байхад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан гаргасан өргөдөл гомдол /хавтас хэргийн 211-216 тал/ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Хуулинд заагдсан өргөдөл, гомдлыг хамт олноос гаргаж байгаа бол гаргасан бүх хүн гомдолд гарын үсэг зурах байтал энэ шаардлагыг хангаагүй юм. Мөн энэ гомдлыг сургуулийн багш, ажилчдын хамт олноос гаргасан эсэх нь эргэлзээтэй байтал энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно" 1/ өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй, 2-т "Өргөдөл гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй ...уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана гэж хуульд тодорхой зааж өгсөн байхад анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

3.3.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Гомдол, мэдээлэлд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа бол нотлох баримтыг хавсаргасан байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болногэж заасан байна.

Авлигатай тэмцэх газраас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05/19804 дугаарГомдол, мэдээлэл шилжүүлэх тухай албан бичгээр Боловсролын ерөнхий газар руу гомдлыг шилжүүлсэн байна. Боловсролын ерөнхий газрын дотоод бичигт “баримтыг Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн даргад хүлээлгэн өгөв 12 дугаар сарын 11 гэсэн огноотой байна. Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гомдлыг хүлээн авсан тул энэ өдрөөс хойш 44 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэх ёстой юм. Гэтэл ёс зүйн дэд хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дээрх заалтыг баримтлахгүйгээр гомдлыг хүлээн авснаасаа хойш 58 хоногт шийдвэрлэж дүгнэлт гаргасан нь хуулийн заалтыг зөрчиж гаргасан дүгнэлт байна.

3.4.Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон ба ийнхүү хүчингүй болсон дүгнэлтийн талаар шүүхэд хандах бодит шаардлага хэрэгцээ байгаагүй. Нэгэнт хүчингүй болсон дүгнэлтийн хувьд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх сэргэсэн болно. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/125 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлийг утсаар явуулж хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Учир нь сонсох ажиллагаа явуулсан өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ёс зүйн хариуцлага ногдуулсан тушаалыг гаргасан. Мөн ёс зүйн хариуцлага ногдуулах тухай дүгнэлт нь өөрөө Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байхад шүүх эдгээрийг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй.

4.2.Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргаж ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байхад Ёс зүйн дэд хороо болон Боловсролын ерөнхий газрын дарга хуулийн энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байхад шүүх энийг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

4.3.Ёс зүйн дэд хорооны зүгээс дүгнэлт гаргах болсон үндэслэлээ санал асуулга явуулсан гэх нэрээр асуумж нь тодорхой байдлаар буюу зөвхөн нэхэмжлэгч Ч.Ц*******ийн талаар бус харин ...сургуулийн удирдлагын... гэх тодорхойгүй этгээдүүдийн талаар асуумж бэлтгэн бөглүүлж, улмаар нэхэмжлэгч нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн, ямар хурал дээр, хэнийг, юу гэж хэлсэн, үүний аль нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хориглосон, ямар нийтлэг хэм хэмжээг зөрчөөд байгаа талаар тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэлт гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актад тавигдсан шаардлага болох ойлгомжтой, тодорхой байх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдлыг тогтоосон байх зэрэг шаардлагуудыг хангаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0549 дүгээр шийдвэрийг хуульд заасны дагуу хянаж хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч Орхон аймаг дахь политехник коллежийн захирал Ч.Ц*******ийг “Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд баримтлах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзсэн, Боловсролын ерөнхий газрын даргын мөн оны Б/125 дугаар тушаалаар энэхүү дүгнэлтийг үндэслэн Ч.Ц*******эд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гомдол гаргагчид болон хамт олны өмнө уучлалт гуйх шийтгэлийг ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр дүгнэлт, тушаалыг тус тус эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар маргажээ.

            Гэвч шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтэд холбогдох шаардлагыг “…нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн…” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, харин тушаалын тухайд “…Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1 дүгээр дүгнэлтийг үндэслэн хариуцлага ногдуулсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасантай нийцэж байна…” гэснээс өөрөөр нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримтын талаар, тухайлбал нэхэмжлэгчийн зан харилцаа, үг үйлдэл нь ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчсөн эсэх, цаашлаад ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн эсэх, шийдвэр гаргахдаа холбогдох нотлох баримтыг хангалттай, бүрэн гүйцэд цуглуулсан эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд шууд хамаарах нөхцөл байдлын талаар огт дүгнэлт өгсөнгүй.

Хууль зүйн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ,106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасныг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнгүй.

2.Түүнчлэн Боловсролын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1 дүгээр дүгнэлт дангаараа бие даасан захиргааны акт уу, эсхүл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх баримтын аль нь болох талаар мөн л дүгнэлт өгсөнгүй.

Гэхдээ захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн 2025 оны 4231 дүгээр захирамж болон шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас үзэхэд анхан шатны шүүх дүгнэлтийг “захиргааны акт”-д хамааруулсан байх бөгөөд хэрэв захиргааны акт гэж үзвэл шийдвэрийн нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэнтэй холбоотой дүгнэлтүүд үндэслэлгүй болно.

Учир нь маргаан бүхий дүгнэлтийн 3-т “Энэ дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах эрхтэй” болохыг дурдсан, мөн нэхэмжлэгч Ч.Ц*******эд энэхүү дүгнэлтийг 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан, тэрбээр Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасны дагуу тус хорооны 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 5 дугаар дүгнэлтээр “...Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.13 дахь заалтын буюу хэвлэмэл хуудас ашиглаагүй, байгууллагын тэмдгийг дарж албажуулах шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр одоогийн маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгосон, улмаар хариуцагчаас Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны дээрх дүгнэлтэд заасан зөрчлийг арилган, нэхэмжлэгчид 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дүгнэлтийг дахин танилцуулсан, мөн оны 6 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэргээс тус тус үзэхэд дүгнэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Мөн Боловсролын сайдын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/3549 дүгээр албан бичигт “…Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 дугаар дүгнэлтийг хүчингүй болгоогүй…” гэсэн байхад шүүхээс энэ талаар эцэслэн тодруулалгүйгээр шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.7-д “…Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлтийг хүчин төгөлдөр…” гэж дүгнэсэн нь хангалтгүй.  

Дээрхээс гадна шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Ч.Ц*******ийн “...хариуцагчаас ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдлийг үнэн бодитоор шалгаж тогтоогоогүй..., Ёс зүйн дэд хороо сургуулийн ажилчдаас гаргасан шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авч дүгнэлт гаргасан...” гэх, өөрөөр хэлбэл энэ болон талуудын маргаж буй бусад үндэслэлүүдэд дүгнэлт өгөх ёстой.

Гэвч “Тушаалын үндэслэл болсон дүгнэлттэй маргах нэхэмжлэл гаргах хугацаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул тушаал үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий шүүхийн шийдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй төдийгүй уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн …шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, …нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлд хамаарна. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                       Л.ОДБААТАР

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН