Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

хохирогчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнгөнцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч В.Хүрэлхад ҮД:12-38,

шүүгдэгчийн  өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн,

иргэдийн төлөөлөгч  Ц.Баярмаа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

Шүүгдэгч: Монгол улсын харъяат, Улаанбаатар хотод 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  төрсөн, 38 настай, эрэгтэй,  халх, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр, охин, хадам ээжийн хамт Сонгинохайрхан дүүрэг 23-р хороо, Хангайн 18-р гудамжны 06 тоотод оршин суух,улсаас авсан  гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж  2003 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигин гал овогт Бямбадоржийн Эрдэнэсүрэнд /РД:ТЗ78073014/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1110 дугаартай 105/2017/0053/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын 26 хүртэл “Силк Рөүт” ХХК-н худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 60.032.274 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр завшиж “Силк Рөүт” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 4 удаагийн давтан үйлдлээр 2.303.320 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч “Силк Рөүт трейдинг” ХХК-д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн мэдүүлэхдээ : Би   2012 оны 10 дугаар сарын Шокид гэдэг компанид сурталчилгааны менежерээр ажилд орсон. Тэгээд тус компани нь “Силк Рөүд” компани руу шилжих үед цуг шилжиж орсон. Тус компанид 2014 оны 01 дүгээр сард гэр хороололын бэлэн барааны худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын дунд хүртэл гэр хороололын бэлэн барааны борлуулагчаар ажиллаж байгаад 04 дүгээр сарын дундуур “Нарантуул” зах дээр түр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 05 дугаар сарын 22-ноос эхэлж “Нарантуул” зах дээр агуулах авч ажилласан. Би хуучин Вэн 02 гэдэг кодоор “Нарантуул” зах дээр анх очиж байсан. 05 дугаар сарын 22-ноос Осто -21 гэдэг код авсан. Энэ код хуучин ашиглаж байсан кодоор ажиллах болсон. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Нарантуул” зах дээр ажиллаж байсан. Мөнгөнцэцэг, Тодгэрэл, Амарбат нар ирж гэнэтийн тооллого хийгээд бараа дутагдсаныг  мэдсэн. Энэ бараа нь гэр хороололд байх үеэс дутагдал гараад явж байсан. Би 2015 оны 6 дугаар сард бараа дутагдал гарсан болохоор эдгээр дутагдлуудаа компанийн удирдлагуудад бичгээр бичиж өгч байсан. Надад бараа материалын дутагдал байгаа юм байна гэдгээ мэдээд нууж, бараа байгаа мэтээр компанийн апплейкшин дээр илүү бараа борлуулсан гэж мэдээлэл өгсөн. Тэр мэдээлэл нь нягтлангууд дээр очоод барааны зөрүү үүсээд байна гээд дутагдал бараагаа маргааш нь мөнгөө гүйцээж өгч явсаар байгаад 7 дугаар сараас хойш барааны дутагдалд орж байгаагүй. Би урьд саруудынхаа бараа материалуудыг хойш нь гүйлгэж явсаар байгаад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэнэтийн тооллого хийж энэ дутагдал илэрсэн. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мөнхбаяр захиралтай уулзаад надад ийм дутагдал гарсан, би хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхдээ би мөнгөн дүн дээр хүлээн зөвшөөрхгүй байгаа талаар хэлсэн. Үүнийг мэргэжлийн санхүүгээр шалгуулъя гэхэд Мөнхбаяр захирал намайг чи тооцоон  дээрээ суу, Нандиа захирал дээрээсээ зөвшөөрөл аваад суу гэхээр нь би Амарбатыг дагуулж Нандиа захирал дээр орж Амарбатаар орчуулга хийлгэсэн. Би тухайн үед мэргэжлийн санхүүгийн хүн оруулмаар байна гэхэд гадны хүн оруулахгүй, шалгадаг хүнээр шалгуулна гээд эрс эсэргүүцсэн. Би “Силк Рөүт” компанийн оруулж ирдэг чихэр шокалад борлуулдаг худалдааны төлөөлөгчөөр ажилаж байсан. 2016 оны 02 дугаар сарын дундуур хүний нөөц Эрдэнэтуул эгч над руу залгаад компани дээр ирэх шаардлагатай байна гэхээр нь очиход Амарбат, Эрдэнэтуул нар байсан. Надтай хуучин хөдөлмөрийн гэрээ байгаа юм үүн дээр гарын үсэг зур, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан билээ гээд хөдөлмөрийн гэрээ дээр гарын үсэг зуруулсан. Би тэр хөдөлмөрийн гэрээтэй уншиж танилцъя гэхэд уншиж танилуулаагүй . Надад тэр гэрээг хуучин байгуулж байсан хөдөлмөрийн гэрээтэй адил, бид чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм байна гээд байгуулсан. Тэгээд манай байгууллагаас чамд боломж олгож байна, чи хохирлоо бүрэн төлж барагдуул, бид нар цагдаа, шүүхээр явах шаардлагагүй гэхээр нь би хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Надад тухайн өдрийнхөө 16 цаг хүртэл боломж олгож байна, чи сайн бодож байгаад хариу хэлээрэй гэхээр нь би Амарбат руу мессежээр уучлаарай би энэ хохирлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж хэлсэн. Би 4 удаагийн үйлдээр залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 12 дугаар сарын дундуур “Нарантуул” захын өргөтгөлийн 2 дугаарын контенарт хоол идэж байгаад цүнхээ алдсан. Цүнхэнд маань машины бичиг баримт, банкны баримт, миний хэтэвч мөн 2.410.000 төгрөг байсан. Үүнийг би Баянзүрх дүүргийн цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж байсан. Энэ өргөдлийн дагуу ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Алтанзул гэдэг хүн шалгаж эхэлсэн. Хэд хоногийн дараа Алтанзул над руу утасдаад чиний цүнх, мөнгө, хэтэвч чинь олдоогүй. Тооцооны 2 дэвтэр, машины бичиг баримт, иргэний үнэмлэх чинь олдсон, ирж ав гээд надад өгсөн. Би үүнийг мөрдөн байцаагчид хэлж хавтаст хэрэгт оруулаач гэж хүсэлт гаргаж байхад энэ хэрэг тусдаа яригдах асуудал гэж байсан гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ: Би энэ компанид 2014 оны 09 дүгээр сарын 01-нд ажилд орсон. Намайг тухайн компанид ороход шүүгдэгч ажиллаж байсан учир хэзээ ажилд орсон гэдгийг мэдэхгүй байна. Бараа дутсан гээд байгаа агуулах нь “Нарантуулын” континер байсан. Энэ континер нь “ОСТО” гэдэг нэрээр явдаг. “ОСТО” гэдэг нь Оросоор зах гэсэн үгний товчлол үг. “ОСТО” дээр анх шүүгдэгч ажилд орохдоо ямар ч бараа материалын үлдэгдэлгүй, хоосон агуулах хүлээж авсан. Тэр агуулах нь Вен дээр явж байсан. Вен гэдэг нь жижиг дэлгүүрүүд дээр очоод захиалга аваад өгдөг байсан. Энэ Венээс үлдэгдэл бараагаа аваад Нарантуул руу явсан байдаг. Шүүгдэгч сая апплейкшины талаар ярьсан. Бид нарын мэддэг Таба утас дээр манай компанийн программын апплейкшин суусан байдаг учир худалдааны төлөөлөгч болгон өөрийн гэсэн Табатай байдаг.Тэр Таба өөрөө өөрсдөө эзэмшинэ, хэнд ч шилжүүлж болохгүй, худалдааны төлөөлөгч “Нарантуулын” харилцагч нар дээр  очиж захиалга авдаг. Уг захиалгаа ажил тарахаас өмнө буюу 18 цагаас өмнө өөрөө шивж оруулдаг. Тэр нь манай төв программ дээр очдог. Заримдаа сүлжээ гацсан тохиолдолд зарим нэг захиалга гараагүй байвал  зөвхөн өөрөө ирнэ. Манайд оператор 3 байдаг. 1 оператор нь  оройдоо үлдэж ажилладаг. Манай программ дээр гараар шивэхийг ерөнхийдөө хориглодог. Зайлшгүй сүлжээ гацсан тохиолдолд даргаас зөвшөөрөл авч борлуулагч өөрөө ирээд түүний дээр байдаг лидерүүд нь зөвшөөрсөний үндсэн дээр шивэлт оруулдаг. Шивэлт ороод зарлагын падаан хэвлэгдэж гардаг. Тэр зарлагын падааныг оператор няравт өгдөг. Нярав нь өглөө 07 цаг 30 минутад ирээд 08 цаг гэж байхад бараа гаргахад бэлэн болсон байх ёстой. Няравууд 4 ачигчтай ажилладаг. Ачигч нар нь барааг нь ялгаж тавиад нярав борлуулагчийг  орж ирсэн тохиолдолд тоолж, тулгаж өгдөг. Тулгалт хийж аваад захын агуулахдаа аваачаад хийнэ. Өмнө нь айлуудаас захиалга авсан учир тэр айлууддаа түгээдэг. Түгээхдээ зээлээр өгөх ёсгүй. Бэлэн мөнгөөр бараагаа өгөөд бараагаа тоолж авдаг. Бэлэн мөнгөө кассанд өгдөг. Зарим нэг  тохиолдолд банкинд тушаасан баримтаа бариад ирэх ёстой. Манай кассчин маань орой 11, 12 цаг хүртэл худалдааны төлөөлөгч нараа хүлээдэг. Хэрвээ эдгээр хүмүүс мөнгөө авчирч тушаахгүй бол тэр хүн ажлаасаа явах эрх байхгүй. Заавал тэр хүмүүсийг мөнгөө авчирч тушаатал нь хүлээж байгаад мөнгийг нь авч явдаг. Маргааш нь кассчин маань борлуулсан гэж байгаа бараатай тулгаад нягтлан бодогчид  өгдөг. Бараа материалын хувьд худалдааны төлөөлөгч нарын үлдэгдэл бараа нь апплейкшин дээр харагдаж байдаг. Тухайн бараа бүтээгдэхүүний 1 бүрчлэн, ширхэг бүрээрээ харагддаг. Үүнийг борлуулагч  өөрөө тулгаж явах үүрэгтэй. Үүн дээр нь Амарбат хяналт хийх ёстой. Сардаа 1 удаа тооллого ордог. Тоолохдоо Амарбат очиж байж тоолох ёстой байдаг. Тооллогынхоо мэдээг бараа материалын нягтлан  бодогч надад авчирч өгдөг. Тухайн бараа материалын мэдээг би программд оруулдаг. Өр, дутагдал гарсан байвал Амарбатад өгдөг. Амарбат нь шүүгдэгчид танилцуулаад чам дээр ийм өр төлбөр ийм дутагдал гарсан байна гээд шүүгдэгч тооллого дээрээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой. Ерөнхийдөө ингэж явдаг. Шүүгдэгчийн 20 хэдэн сая төгрөгийг хүмүүсээс авсан гээд байгаа баримтын хувьд санхүүгийн баримт нь ганц шүүгдэгчийн баримт гэж үдэгдэхгүй, худалдааны төлөөлөгч нарын бүх бараа авсан баримтууд хамт үдэгдсэн байдаг. Үүнээс харсан баримтаа андуураад байгаа юм болов уу гэж бодож байна. Шүүгдэгч мөн Туруунаа гэдэг хүний талаар ярьж байна. Энэ хүн жолооч байдаг. Энэ хүн маань төв агуулахаас шүүгдэгчийн тулгаж авсан их хэмжээгээр бараа гарсан тохиолдолд шүүгдэгчийн агуулахад хүргэж өгдөг. Мөн Дархан, Эрдэнэтийн салбарууд руу явдаг. Энэ тооллогоор 01 дүгээр сарын 26-ны өдөр гэнэт дутсан юм шиг харагдаж байгаа. Шүүгдэгч хэлэхдээ худал хэлээд явж байсан. Амарбат миний барааг тоолж байгаагүй талаар хэлдэг. 01 дүгээр сарын 26-ны өдөр яагаад энэ дутагдлыг мэдсэн бэ гэхээр Амарбатын дээд талын албан тушаалд Тодгэрэл гэдэг хүнийг нэмж оруулж ирээд Амарбатыг хянадаг болгосон. Тэр хүн зах дээр яаралтай гэнэтийг тооллого хийх хэрэгтэй байна гээд над дээр ирсэн. Манай захирлууд ч гэсэн чи хамт явж тооллого хийх ёстой гэсэн учир тооллого хийсэн. Тооллого хийхэд бараа материалын 60, 70 сая төгрөгийн дутагдал гарсан. Яагаад ийм хэмжээний дутагдал гарсан талаар асуухад би айлуудад зээлээр өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид нар хэдий зээлээр бараа өгдөггүй ч гэсэн тухайн өгсөн гээд байгаа айлуудаар байна уу гэдгийг шалгая, үнэхээр зээлээр өгсөн юм бол бид нар очоод авъя гээд очоод тооцоо нийлээд үзэхэд 15.000.000 төгрөгийн барааг айлуудад өгсөн байсан. Үүнийг шүүгдэгчийн дутагдлаас хассан. Шүүгдэгч хугацаа дууссан барааг ярьж байсан. Хугацаа дууссан бараа дээр шүүгдэгчид 10.0000.000 төгрөгийн хугацаа дууссан бараа байсан. Үүнийг шүүгдэгч дээр өр тавьсан зүйл байгаагүй. Энэ хугацаа дууссан гээд байгаа барааг компани өөрөө татан авалтаа хийсэн. Энэ талаар баримт байгаа. Манай компанид хугацаа дууссан барааны утсгалын акт гэж байдаг. Гүйцэтгэх захирлынх нь тушаал бас гардаг. Оросын Марс компани маань хугацаан дууссан барааны устгалын зардлыг өгдөг. 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооллогоор 60.000.000 төгрөг болон 4 айлаас авсан 2.000.000 төгрөгийг нэмээд нийт 62.335.954 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

           Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Мөнгөнцэцэгийн :..Би “Силк Рөүт трейдинг” ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчоор ажилд орсон. Манай байгууллага гадаад улсаас бараа материал импортлож оруулж ирээд Монгол улсын зах зээлд тараадаг үйл ажиллагаа явуулдаг. Би анх ажилд орсон цагаас хойш бараа материалын ерөнхий тооцоо, хяналт шалгалтыг хариуцан ажилласан. Манай компанийн үйл ажиллагааг ярихад бараа материалыг оруулж ирээд төв агуулахад орлогдож хийдэг. Агуулахаас худалдааны төлөөлөгч буюу борлуулагч бараа аваад худалдан авагч нарт бэлэн мөнгөөр бараагаа өгөөд, орой нь ирж компанид мөнгөө өгөх ёстой байдаг. Эрдэнэсүрэн гэгч борлуулагчийн хувьд бол агуулахаас бараагаа тоолж тулгаж аваад Нарантуул худалдааны төвд байдаг манай компаны агуулахад аваачиж байрлуулж байлгаад, худалдан авагч нарт бараагаа өгөх зарчмаар явдаг. Эрдэнэсүрэн бараа матералыг зөв орлогдож тарааж байна уу гэдэг нь талаар теам лидер буюу Амарбат гэдэг хүн сар бүр шалгалт буюу тооллого хийгээд үнэн зөв байгаа эсэх талаар надтай ирж уулзаж тооцоо нийлдэг юм. Эрдэнэсүрэн гэж хүн манай компанид хуучин ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сараас “Нарантуул” худалдааны төвд худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон. Эрдэнсүрэн 04 дүгээр сард ажил авсанаас хойш Амарбат нь сар бүр тооцоо нийлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тоолоход бараа материалын дутагдалгүй байна гэж над дээр ирж тооцоо нийлж байсан. Би ер нь өөрсдөө явж хяналтын тооллого хийнэ гээд Тодгэрэл гээд хэлтсийн даргатай Нарантуул худалдааны төвд орж Эрдэнэсүрэнгийн хариуцсан агуулахад тооллого хийхэд 70.723.360 төгрөгийн олон нэр төрлийн чихэр, шокалад дутсан. Эрдэнэсүрэнгээс бараа чинь дутаад байна, хаана байна гэхэд би борлуулалтаа алдахгүйг үүднээс харилцагч нарт зээлчихсэн байгаа гэсэн. Би зээлсэн эсэх талаар харилцагч нэг бүртэй тооцоо нийлж үзэхэд 15.368.040 төгрөгний барааг зээлээр 14 харилцагч нарт борлуулсан байсан. Дотоод журмаараа уул нь манай байгууллага хүмүүст зээлээр бараа өгөх ёсгүй байдаг юм. Эрдэнэсүрэнгээс 15 сая төгрөгний барааг зээлээр өгсөн байна, үлдэгдэл 55.355.316 төгрөгийг яасан гэхэд ямар нэгэн тайлбарийг тухайн үед хэлэхгүй байсан. Би ажил дээр ирээд орлого оруулсан байна уу гээд бэлэн мөнгөний тооцоог харахад 5.329.587 төгрөгний бараа материалыг зарсан гэж мэдээ өгсөн мөртлөө орлогдоогүй байсан. Энэхүү 5.329.587 төгрөг нь нэг удаагийн дутагдал биш, дутагдал гараад яваад л байсан бөгөөд хуримтлагдсан нь тэр юм байна лээ. Ингээд бараа материал дутсан учир дээд удирдлагуудад танилцуулахад үлдсэн байгаа барааг нь  төв агуулахад тат гэхээр нь буцаалт хийгээд татахад 641.760 төгрөгийн  бараа материал илүү гарсан энэ  мөнгөн дүнг нь өрнөөс нь хасахад эцсийн байдлаар манай компанид Эрдэнэсүрэн нь 60.032.273 төгрөгний хохирол учруулаад байна. Эрдэнэсүрэнтэй манай компанийн захирал болон удирдах бүрэлдэхүүн уулзаад “бараа матералын дутагдлаа хүлээн зөвшөөрч байна уу” гэхээр “би хүлээн зөвшөөрч байна” гэдэг. Тэгэхээр нь “чи энэ  хохирлоо яаралтай барагдуулах юм бол цагдаагийн байгууллага мэдэгдэх шаардлага байхгүй ээ, хохирлоо барагдуулах уу” гэхэд ямар нэгэн хариу хэлдэггүй. Ингээд бид нар цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд өргөдөл өгөөд шалгуулж байх явцад Эрдэнэсүрэн нь компанийн нэр барьж “Нарантуул худалдааны төв”-ийн харилцагч дээр очиж “би ажлаа хийж байгаа, авлагаа аваад явж байна мөнгөө авъя” гээд 1.400.000 төгрөг нэмж авсан байна лээ. Энэ хамгийн сүүлд авсан мөнгийг нь хүртэл манай компани нэмж нэхэмжилнэ, манай компани эцсийн байдлаар 61.432.273 төгрөгийг Эрдэнэсүрэнгээс нэхэмжилж байна гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-н  62-63-р тал/

            Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Мөнхцэцэгийн:...Эрдэнэсүрэн нь халагдах үедээ авлагатай газруудын нэрсийг болон тооцоо нийлсэн актуудыг надад хүлээлгэж өгөөд эдгээр газруудаас авлагатай байгаа мөнгөө аваарай гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн газруудаас авах ёстой мөнгөө авах гэтэл хэд хоногийн өмнө Эрдэнэсүрэн ирээд аваад явсан байсан. Эрдэнэсүрэн нь 4 газраас буюу Нарантуул захын 154 дүгээр лангууны Алтанзул гэх хүнээс 495.000 төгрөг, 206 дугаар лангууны Арнаа гэх хүнээс 1.496.000 төгрөг, 50 дугаар лангууны Батдулам гэх хүнээс 207.360 төгрөг, 201 дүгээр лангууны Баттулга гэх хүнээс 200.000 төгрөг тус тус авсан байна.

          Ингээд нийт 2.303.320 төгрөг авсан байна. Дээрх хохирол нь эдийн засгийн шинжилгээнд тусгагдаагүй. Манай компанид 60.032.274 төгрөгний хохирол учруулсан дээр нэмээд...нийт 62.335.594 төгрөгний хохирол учраад байна гэсэн  …гэх мэдүүлэг /2-р хх-н  25-26-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Т.Шинэсарын: ... Би “Силк Рөүт” ХХК-н санхүүгийн албаны даргаар 2013 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байна. Анх үүсгэн байгуудагдсан үеэс ажиллаж байна. Санхүүгийн алба 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Нягтлан бодогч нарын тухайд бренд брендээр нь нягтлан бодогч нар авдаггүй, харин бараа материал, мөнгөн хөрөнгө, авлага өглөг гэсэн гэсэн чиглэлд хувааж ажилладаг юм. Эрдэнэсүрэн бараа материал авахаар бол өмнөх өдрийн орой операторуудад авах барааныхаа тоо ширхэгийг өгдөг, үүнийг оператор хүлээн авч захиалгын дагуу агуулахаас ачилтын падааныг хийж няравт хүлээлгэж өгдөг. Нярав хүлээн аваад маргааш өглөө нь барааг нь Эрдэнэсүрэнд хүлээлгэн өгч ачуулдаг. Өдөр өдрөөр нь оператууд тухайн өдрийн ачилт, борлуулалтын талаарх мэдээг санхүүгийн албанд ирүүлснээр үүнийх нь дагуу санхүүгийн программ дээр тайланг нь оруулдаг. Операторууд орой нь дүн мэдээг борлуулагч нараас хүлээж аваад тайлангаа маргааш өглөө нь нягтлан бодогч нарт өгдөг. Операторууд бол эхний ээлжинд борлуулагч нартай харьцдаг анхан шатны хүн юм.

          ...Миний бодлоор энэ их хэмжээний мөнгийг нэг дор аваагүй байх урьдны саруудад бага багаар авсаар байгаад цугларсан нь энэ байх. Сарын дүн мэдээ, тооллогын дүн санхүүгийн албанд буруу ирдэг байсан байх.

Одоогийн “Нарантуул” худалдааны төвийн борлуулагч нэг сарын хугацаанд “Нарантуул” худалдааны төв дээр 100 орчим сая төгрөгийн барааг эргэлдүүлж байгаа гэсэн …гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч П.Мөнхцэцэгийн: ...Би энэ компанид 2013 оны 07 дугаар сараас хойш ажиллаж байна. Бид нар дотроо брендээрээ өөр байдаг бөгөөд Эрдэнэсүрэн ахын ажилладаг байсан “Марс” бренд 2015 оны 09 дүгээр сараас хойш би ажиллаж байна. Оператор гэдэг бол орос программ дээр ажилладаг юм. Манай байгууллага гар утасны компьютертэй холбогдсон тусдаа аплейкашентай, уг аплейкашенийг борлуулагч нар ашигладаг ба тухайн борлуулагч барааныхаа захиалгыг гар утасныхаа аплейкашенаар өгөөд, тухайн мэдээлэл нь компьютерт ирээд бид нар тухайн захиалгыг нь падаан болгож боловсруулдаг. Уг падаан болгож боловсруулдаг. Уг падаан захиалгынх нь дагуу барааг нь борлуулагч нарт өгдөг, бас гар утасныхаа аплекашнаар хэдэн бараа зарсан талаарх мэдээг нь хүлээн авч хэдэг төгрөг тушаах ёстой зэргийг нь хянадаг. Тэгэхдээ бид нарт ямар нэгэн мөнгө тушаадаггүй, кассанд өгсөн мөнгөний хэмжээг нь аплейкашенаар өгсөн мэдээтэй нь тулгаад маргааш нь санхүүгийн алба руу өгдөг юм.

Тухайн программ дээр ажиллахад зарсан барааны талаарх мэдээлэл хасагдаж үлдэгдэл нь өөрт нь харагддаг бас бид нарын зүгээс хэдэн ширхэг бараа үлдэж байгаа талаар хэвлэж өгдөг байсан. Тухайн борлуулагч хэдэн төгрөгний барааны үлдэгдэлтэй байгаа талаар тим лидер гэж хүн нь хяналт тавиад бас барааг нь очиж тоолох ёстой байдаг юм. Эрдэнэсүрэн ахын тим лидер нь Амарбат ах байсан. Тэр хүн үлдэгдэл барааны жагсаалтыг нь авч явж тооллогыг хийдэг байсан гэсэн…  гэх мэдүүлэг /1-р хх-н  78-79-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Тодгэрэлийн: ...нягтлан Мөнгөнцэцэг, тим лидер Амарбат бид гурав санхүүгээс Эрдэнэсүрэнгийн бараа материалын талаарх мэдээг авахад 100 гаран сая төгрөгний бараа байх ёстой гэж гарсан. Үүний дагуу Нарнтуул худалдааны төв дээр 2016 оны 01 дүгээр сард очиж Эрдэнэсүрэн, Мөнгөнцэцэг, Амарбат нар тооллого хийсэн. Миний хувьд тухайн үед барааны хугацааг нь хянасан. Ингэхэд хугацаа нь дууссан 10 орчим сая төгрөгний бараа гарч ирсэн. Тухайн үед баримтжуулаад гарын үсэг зурсан зурцгаасан. Миний хувьд санаж байгаагаар хугацаа нь дууссан барааг Эрдэнэсүрэн дээр өр болгож бичээгүй байгаагаар нь тоолж аваад өөрсдөө устгалд оруулсан гэсэн…гэх мэдүүлэг /1-р хх-н 80-81-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Х.Алтангулын:..Би “Нарантуул” захын 154 дүгээр лангуунд хүнсний жижигхэн барааны лангуу ажиллуулдаг. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны  03 дугаар сарын 12-нд 400.000 төгрөг, 3 дугаар сарын 13-нд 95.000 төгрөг нийлээд 495.000 төгрөгийг “Силк Рөүт” компанийн борлуулагч  Б.Эрдэнэсүрэн нь ирж зээлээр өгсөн барааныхаа мөнгийг өг гэж хэлээд нэхээд авсан....Тэгээд байж байтал дараа нь “Силк Рөүт” компаний ажилтан гэж хүн ирээд та Эрдэнэсүрэн гэх хүнд хэдэн төгрөг өгсөн бэ Эрдэнэсүрэн нь манайд ажиллахаа больсон байж та нараас мөнгө авсан байна гэсэн. Би Эрдэнэсүрэнгийн мөнгө авсан гарын үсгийг нь үзүүлсэн гэсэн... гэх мэдүүлэг /2-р хх-н 29-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч В.Батбадамын:..  Би “Нарантуул” захын 50 дугаар лангуунд хүнсний жижиглэн барааны лангуу ажиллуулдаг....2016 оны ойролцоогоор 6 сард “Силк Рөүт” компанийн борлуулагч  Б.Эрдэнэсүрэн манай лангуунаас ирж зээлээр өгсөн барааныхаа мөнгийг нэхээд аваад явсан. Тухайн үед Эрдэнэсүрэн нь надаас 207.360 төгрөг аваад явсан. Би Эрдэнэсүрэнг ирэхэд халагдсан гэж мэдээгүй байж байгаад дараа нь компанийнх нь хүмүүсээс мэдсэн гэх  мэдүүлэг ./ 2-р хх-н    30-31-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Жанарбекийн: ...Би “Нарантуул” захын 206 дугаар лангуунд хүнсний жижиглэн барааны бөөнийн төв ажиллуулдаг. Намайг захынхан Арнаа гэж дууддаг. Б.Эрдэнэсүрэн нь “Силк Рөүт” нэртэй шоколад оруулж ирж зардаг компанийн “Нарантуул” захын салбар дахь борлуулагч юм. Эрдэнэсүрэн нь энэ компанид ажилласнаас хойш бид нарт бараа бүтээгдэхүүн зээлээр өгдөг болсон. Урьд нь зээлээр өгдөггүй байсан...Эрдэнэсүрэн нь өөрөө манай лангуун дээр ирээд зээлсэн барааныхаа мөнгийг өг гээд 1.496.000 төгрөг аваад явсан. Тухайн үед Эрдэнэсүрэн нь ажлаасаа халагдсан байсан юм байна лээ. “Силк Рөүт” компаниас хүмүүс ирж уулзсан бөгөөд Эрдэнэсүрэн ажлаасаа халагдсан юм байж ирж мөнгө аваад явсаныг мэдсэн.гэх мэдүүлэг /2-р хх-н 32-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баттулгын: ... Би “Нарантуул” захын 201 дүгээр лангуунд хүнсний жижиглэн барааны лангуу ажиллуулдаг. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны зун ойролцоогоор 7 сард “Силк Рөүт” ХХК-н худалдааны борлуулагч Б.Эрдэнэсүрэн нь лангуун дээр ирээд тооцоогоо шахаж явна өрөө өгөөчээ, бололцоогоороо өгчих гэхээр нь 200.000 төгрөг өгөөд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд маргааш нь “Силк Рөүт” компанаас хүмүүс ирээд Эрдэнэсүрэнд дахин мөнгө өгөхгүй байх талаар мэдэгдсэн  гэх мэдүүлэг /2-р хх-н 32-р тал\

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Сүлд Аудит” ХХК-н 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аудитын зөвлөмж тайлан нь үндэслэлтэй байна.

2. “Сүлд Аудит” ХХК-н 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн аудит зөвлөмж тайлангаар “Силк Рөүт трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26-н хүртлэх хугацааны тооцоог санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд хөндлөнгийн баталгаажуулалт хийсэн байна.

Шинжилгээгээр ирүүлсэн баримтын хүрээнд “Силк Рөүт трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26 хүртэлх хугацааны тооцоогоор бэлэн мөнгө 5.329.858 төгрөг, 75285 тоо ширхэг барааны 70.723.360 төгрөгийн дутагдал гаргасан байна. Үүнээс 14 харилцагчийн тооцоо хийсэн актаар 15.368.044 төгрөг, барааны илүүдэл 641.760 төгрөг, өөр хариуцагчийг дутуу тушаасан 11.140 төгрөгийг тус тус хасч тооцон бараа материалын дутагдлын үлдэгдэл 54..702.416 төгрөг, нийт 60.032.274 төгрөгийн  үнэ бүхий зөрчил дутагдал гаргасан байна.

3. Шинжилгээгээр “Силк Рөүт трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26 хүртлэх хугацаанд санхүүд гаргаж өгч байсан эд хариуцагчийн орлого, зарлагын баримтууд, бэлэн мөнгө тушаасан баримт, тооллогийн бүртгэл, тооцоо бодсон акт, өглөг, авлагын бүртгэл, хариуцагч нартай тооцоо нийлсэн акт зэрэг санхүүгийн баримтуудаар дээрх дутагдал тогтоогдож байна. Харин хувьдаа завшсан эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна.

4. Шинжилгээний явцад нь “Силк Рөүт трэйдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн нь дутагдлын тооцоололыг 2015 оноос эхлэн нэмж шалгуулах хүсэлт тайлбарыг хийсэн болно. Хэрвээ нэмж шалгуулсан тохиолдолд ШШТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т “эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан байх” заалтыг мөрдөж ажиллана. Эдийн засгийн ахлах шинжээч Ц.Оюунтуул гэсэн дүгнэлт /1-р хх-н 88-90-р тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгаар сарын 06-ны өдрийн 174 дугаартай эрүүгийн 201625011110 дугаартай хэрэгт нэмэлт шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК-н 07 дугаар сарын 26-ны өдрийн 167/А адудитын дүгнэлт нь шинжилгээнд тэнцэж байна. Гэхдээ  “Сүлд Аудит ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 26 хүртэлх хугацаанд, харин Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК нь 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацааны тооцоололыг авч  тооцсон зэргээс зөрүү үүссэн байна.

2.Нэмэлт шинжилгээгээр ирүүлсэн баримтын хүрээнд  “Силк Рөүт трэйдинг” ХХК-н  худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэн нь 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01 хүртэлх хугацааны тооцоогоор бэлэн мөнгө 5.329.858 төгрөг, 75.285 тоо ширхэг барааны 70.723.360 төгрөгийн дутагдал гаргасан байна. Үүнээс 14 харилцагчийн тооцоо нийлсэн актаар 15.368.044 төгрөг, барааны илүүдэл 641.760 төгрөг, өөр хариуцагчийн дутуу тушаасан 11.140 төгрөгийг тус тус хасч тооцон бараа материалын дутагдлын үлдэгдэл 54.702.416 төгрөг, нийт 60.032.274 төгрөгийн үнийн дүн бүхий зөрчил дутагдалд гаргасан байна. Харин “Силк Рөүт трэйдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэнгийн хариуцагч контейнерт зээлдүүлсэн барааны мөнгөнөөс өөрөө авсан гэх 1.207.300 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хэрвээ Б.Эрдэнэсүрэн авсанаар тогтоогдвол дутагдалд нэмэгдэж тооцогдох болно.

3.Нэмэлт шинжилгээгээр “Силк-Рөүт трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгч Б.Эрдэнэсүрэнгийн 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд санхүүд гаргаж өгч байсан эд хариуцагчийн бараа материалын орлого, ачилтын баримтууд, бэлэн мөнгө болон харилцахад тушаасан баримт, тооллогын бүртгэл, тооцоо бодсон акт, харилцагч нартай тооцоо нийлсэн акт зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрх дутагдал нь тогтоогдож байна.

4. Шинжилгээний явцад нь “Силк Рөүт трейдинг” ХХК-н нягтлан бодогч, бүртгэлийн ажилтнууд нь Монгол улсын Нягтлан  бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно 7.2-т Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний статистикийн газартай хамтран батална. 7.3-т Аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо мөрдөх баримт, маягтыг энэ хуулийн 7.2-т заасан журамд нийцүүлнэ, 7.4-т Аж ахуй нэгж, байгууллага удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ. 7.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсанаар уг баримт хүчин төгөлдөр болно. 7.6-д анхан шатны баримтын бүртгэлийн дотоод хяналт 19 дүгээр зүйлийн 19.1.4-т эд хөрөнгийн тооллого хийх үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах, 19.1.5-д  эд хөрөнгө  төлбөрийн хүчинтөгөлдөр бус  баримтаар ажил гүйлгээ бүртгэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна.гэх дүгнэлт эдийн засгийн ахлах шинжээч Ц.Оюунтуул /2-р хх-н 5-р тал/    зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч , хохирогчийн мэдүүлэгээс дүгнэхэд  Б.Эрдэнэсүрэн нь “Силк Рөүт Трейдинг ” ХХК-н худалдааны төлөөлөгчөөр” Нарантуул”  захын салбарт  ажиллаж байхдаа 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын 26 хүртэл  тус компаниас  барааг  борлуулахаар хүлээн авсан  атлаа  компанитайгаа  санхүүгийн  хууль тогтоомжинд заасны  дагуу тухай  бүр  нь  хүлээн авсан барааныхаа тооцоогоо  санхүүгийн тайлан, мэдээнд үнэн, зөв гаргаж, тогтоосон хугацаанд  нь тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулаагүй, өр дутагдал  үүсгэн  завшиж үрэгдүүлсэн байна.

 Мөн “Силк Рөүт Трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгчийн ажлаас  чөлөөлөгдсөний  дараа  “Нарантуул”  захын харилцагч нарт зээлээр  өгсөн барааны үнийг компанидаа ажиллаж байгаа  мэтээр  ойлгуулан хуурч  мэхлэн  Б.Баттулгаас  200.000 төгрөг, Х.Жанарбекээс 1.496.000 төгрөг, В.Батбадамаас  207.360 төгрөг,  Х.Алтангулээс 495.000 төгрөг  нийт 2.398.360 төгрөг авсан   байна.

Б.Эрдэнэсүрэнг “Силк Рөүт Трейдинг” ХХК-н худалдааны төлөөлөгчийн ажилд   2014 оны  01 дүгээр сарын  27-ны өдрөөс авч ажиллуулсан “Силк Рөүт Трейдинг ” ХХК-н захирлын  2014 оны  03 дугаар сарын 20-ны өдрийн  № 02 /114  тушаал   байна.  /1-р хх-н  195-р тал/ Иймд Б.Эрдэнэсүрэнг   “Силк Рөүт Трейдинг ” ХХК-н өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг  хүлээсэн этгээд  гэж үзэх үндэстэй байна.

  Б.Эрдэнэсүрэнгийн 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны  орлого, зарлагын баримтууд, бэлэн мөнгө тушаасан баримт, тоологийн бүртгэл, тооцоо бодсон акт, өглөг, авлагын бүртгэл, хариуцагч нартай тооцоо нийлсэн акт  зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг  үндэслэн

 “Сүлд Аудит” ХХК,  “Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК  зэргээр  дүгнэлт  гаргуулснаас  гадна Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засагчийн  шинжээчээр  нэмэлт дүгнэлтийг   гаргуулсан байна. /1-р хх-н 20-21,88-89-р  тал, 2-р хх-н 3-10-р тал/

Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын 26 хүртэл “Силк Рөүт Трейдинг ” ХХК-н худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа 60.032.274 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр завшиж “Силк Рөүт” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг , мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 4 удаагийн давтан үйлдлээр 2.303.320 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч “Силк Рөүт трейдинг” ХХК-д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн  баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус тус  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокуророос түүнийг  үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн ангийг тохирсон гэж үзэв.

  Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2003 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хугацаа дуусч суллагдсан байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр  нотлогдож байна. /2-р хх-н 43, 91-94-р тал/

  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т … хөнгөн  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд  ялаа эдэлж дууссанаас  хойш  нэг жилийн дотор  шинээр  гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан байна. Иймд  Б.Эрдэнэсүрэн нь ялгүй болсон байна.

           Шүүгдэгч Б.Эрдэнэсүрэн  бусдад учруулсан хохирол  төлөөгүй тул   учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн  мөрдөн байцааагч  цагдаагийн ахлах дэслэгч  М.Батмөнхийн  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн    эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн   09-79 УНӨ  улсын дугаартай  хар өнгийн “Хьюндай-Сонота-5” маркийн автомашиныг хохирол төлбөрт  тооцуулахаар  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанд  шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Боржигин гал овогт Бямбадоржийн Эрдэнэсүрэнг бусдын эд хөрөнгийг  завшиж үрэгдүүлсэний улмаас онц  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгийг  залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Монгол улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  150 дугаар зүйлийн 150.3-д  зааснаар Б.Эрдэнэсүрэнгээс  100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 / таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  148 дугаар зүйлийн  148.2-т зааснаар  эд хөрөнгө  хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  4  /дөрвөн/  сарын  баривчлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  57 дугаар зүйлийн  57.1-т зааснаар  Б.Эрдэнэсүрэнд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  150 дугаар зүйлийн 150.3-д  зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар  оногдуулсан  4  /дөрвөн/  сарын  баривчлах  ялыг нэмж нэгтгэн  биечлэн  эдлэх ялыг  нийт  5  /таван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар  тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Эрдэнэсүрэнд оногдуулсан 5 /таван / жил 5 /таван/ сарын  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Эрдэнэсүрэн  нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1-д зааснаар  Б.Эрдэнэсүрэнгээс 62.335.594 / жаран хоёр сая  гурван зуун  гучин  таван мянга  таван зуун  ерэн дөрвөн / төгрөгийг  гаргуулж хохирогч  Хан-уул дүүргийн 2-р хороо Чингисийн Өргөн чөлөө-73-д байрлалтай  “Силк Рөүт Трейдинг”  ХХК-д  олгосугай.   

           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн мөрдөн байцаах тасгийн байцаагч  цагдаагийн  ахлах дэслэгч М.Батмөнхийн 2016 оны  10 дугаар сарын 28-ны өдрийн    тогтоолоор  битүүмжилсэн   09-79 УНӨ  улсын дугаартай  хар өнгийн “Хьюндай-Сонота-5” маркийн автомашиныг төлбөрт тооцуулахаар  Шүүхийн  Шийдвэр Гүйцэтгэлийн албанд  хүргүүлсүгэй.

          8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Эрдэнэсүрэнд  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх авсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн цагдан хорьж  хорих ялыг энэ өдрөөс  эхлэн тоолсугай.

          9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч , түүний  өмгөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Эрдэнэсүрэнд  цагдан   хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                  С.ӨСӨХБАЯР

 

                                                                                     Д.МӨНХТУЯА