Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

 

 

    2023        7           27                                  1036     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Намуун,

хохирогч Д.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2303 00000 0263 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж Натурын гүүрний зүүн талын замд “Toyota Prius” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч Д.Нарангэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Явган хүний гарц дээр зам тавьж өгөөгүй миний буруу. Намайг уучлаарай.” гэв.

 

           Хохирогч Д.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “5 дугаар сарын 24-ний өдөр 24 цаг дөхөж байхад Натурын замд осол болсон. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ... УНЭ Приус маркийн машин дайрсан. Тухайн тээврийн хэрэгслийг Б.Б жолоодож явсан. Энэ ослоос болж миний биед умдаг ясны баруун доод салааны хугарал, баруун мөр өргөгч булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, баруун атгал эмгэг ясны няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зүүн шилбэ, шагайны үеийн урагдал, үүдэн, баруун зүүн дээд, 1, 2, 3 дугаар шүдний сулрал, зүүн өвдөг, шагайн үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэн, эрүү, уруул, зүүн өвдөгний цууралт гэмтэл гэж тогтоогдсон. Эмнэлгээр яваад 2 сарын турш хэвтрийн дэглэм сахиж байгаад саяхнаас босож явж эхэлсэн. Хагалгаанд ороогүй. Хөдөлгөөнөө хязгаарлаад, хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн. Өчигдөр имрайд харуулсан. Хариу нь гарахаар явж болох эсэх талаарх хариу гаргана гэж хэлсэн. Би гэртээ хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх гэж байсан боловч хэвтэх шаардлагагүй  болоод мөн намайг сахих хүн байгаагүй. Жолоочид гомдолтой байгаа. Миний эмчилгээний зардлуудыг жолоочоос гаргуулах хүсэлтэй байна. Имплант шүд хийлгэх шаардлагатай байгаа. Эмнэлгийн эхний үед гарсан зардлууд, мөн эгч ажлаасаа чөлөө авч намайг 2 сарын турш сахисан. Эгчийнхээ ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж байна. Би энэ зун хэлний курст явах төлөвлөгөөтэй байсан боловч чадаагүй тул хохиролтой байна.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас,

/хавтаст хэргийн 3 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хавтаст хэргийн 5-10 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/хавтаст хэргийн 15-16 дахь тал/

 

Хохирогч Д.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натурын замд гүүрний зүүн талын явган хүний гарцаар ганцаараа гарах гэж яваад Цагаан өнгийн Toyota Prius-20 маркийн ... УНЭ автомашинд мөргүүлээд газар унасан. Би явган хүний гарцтай хэсгээр хойноосоо урагшаа чиглэлд ганцаараа гарч яваад зам гараад дуусах гэж байхад буюу 1 дүгээр эгнээд мөргүүлсэн. Тухайн машин нь баруунаас зүүн чиглэлд явж байсан. Би машины баруун урд хэсгээр мөргүүлээд газар шидэгдэж унасан юм.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 24 дэх тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6872 дугаар “1. Д.Нарангэрэлийн биед умдаг ясны баруун доод салааны зөрүүгүй хугарал, баруун мөр өргөгч булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, баруун атгаал, эгэм ясны эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн шилбэ, шагайн үений шөрмөсний урагдал, үүдэн баруун, зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал, зүүн өвдөг, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэн, эрүү, уруул, зүүн өвдөгт зулгаралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 46-47 дахь тал/

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 39462784 дүгээр “...Уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 57 дахь тал/

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”,

/хавтаст хэргийн 87-88 дахь тал/

 

“Toyota Prius” маркийн 6205 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хавтаст хэргийн 68 дахь тал/

 

            Хохирогч Д.Нарангэрэлээс гарган өгсөн хохирлын баримт,

/хавтаст хэргийн 91-97 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирлын баримт зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч  Б.Б 2023 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж Натурын гүүрний зүүн талын замд “Тоёота приус” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, болон 3.4-т заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Нарангэрэлийг мөргөн эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол  учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б.Б “Шүүгдэгч Б.Б.Бийн хувьд гэм буруу дээр маргаагүй.” гэх,

             Хохирогчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн “Зам тээврийн ослын хор уршиг хэзээ яаж илрэхийг мэдэхгүй. Зам тээврийн ослоос болж хүний биед учирсан гэмтэл зовуурь хэдий хугацааны дараа ямар байдлаар илрэхийг хэн ч тодорхойлох боломжгүй.  Хохирогчийн хувьд сэтгэл зүйн хувьд учирч байгаа хохирол, мөн эмэгтэй хүн цаашид бүхий л насанд туршдаа хүүхэд төрүүлэхэд хүндрэлгүй төрж чадах эсэхэд эргэлзэн зовж шаналж байгаа. Мөн эрүүл мэндийн хувьд хохирсон. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаа байнгын айдас түгшүүртэй байх болсон. Сэтгэл гутралд өртөх, нийгмийн амьдралд оролцоход асуудал үүсэх үр дагаврууд үүсэж байгаа. Замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч чадахгүй айдастай байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс уг журам дагаж мөрдөж байгаа. Энэ хуулийн 5 дугаар бүлгийн 40 дүгээр зүйлд заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг хийлгэж дүгнэлт гаргана гэсэн заалт байдаг. Энэ журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтарч батална гэж заасан.  Энэ журам 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ гэсэн боловч өнөөдөр энэ журам гараагүй байна. Өнөөдөр шинжээч эмчийн дүгнэлтээр энэ хүний биед учирсан хүндэвтэр гэмтлээр хор уршгийг ярьж байгаа болохоос маш олон эрхтэнд гэмтэл зовуурь үүссэн. Түүнээс гадна хөдөлгөөнгүй 2 сар хэвтэрт байсан. Өөрийн гэсэн орлого байхгүй, 19 настай хүн сэтгэл санаа хохироод байж байна. Энэ журмаар ч гэсэн бид сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх саналтай байгаа. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтууд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт. Өөр илүү дутуу баримт гаргаад энэ жолоочоос мөнгө авах гээд байгаа зүйл биш. Бодит байдал ийм байна. Ганц төрсөн эгчтэйгээ байдаг. Эгч нь ослоос болж ажлаа хийхгүй асарч байсан. Иймд хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлж өгнө үү. Шүүгдэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд зааснаар нээлттэй үлдээнэ үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамдинсүрэнгийн гудамж Натурын гүүрний зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Нарангэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч Б.Б.Бий гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Д.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутай болох нь 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх15-16/, шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Явган хүний гарц дээр зам тавьж өгөөгүй миний буруу. Намайг уучлаарай.” гэх, хохирогч Д.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “5 дугаар сарын 24-ний өдөр 24 цаг дөхөж байхад Натурын замд осол болсон. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад .. УНЭ Приус маркийн машин дайрсан. Энэ ослоос болж миний биед умдаг ясны баруун доод салааны хугарал, баруун мөр өргөгч булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, баруун атгал эмгэг ясны няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зүүн шилбэ, шагайны үеийн урагдал, үүдэн, баруун зүүн дээд, 1, 2, 3 дугаар шүдний сулрал, зүүн өвдөг, шагайн үеийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэн, эрүү, уруул, зүүн өвдөгний цууралт гэмтэл гэж тогтоогдсон.” гэх мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6872 дугаар дүгнэлт /хх46-47/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 39462784 дүгээр дүгнэлт /хх57/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын гаргасан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх87-88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч Д.Нарангэрэлийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.Бэр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос гарган өгсөн нотлох баримтаар тогтоогдож буй 1.240.840 төгрөг, мөн Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 680.000 төгрөгийг  шүүгдэгч төлсөн байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж буй 356.504 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

 

Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилж буй шүдний эмчилгээ хийлгэх имплант, сувгийн эмчилгээ, бүрээс хийлгэх эмчилгээ болон хамрын эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа боловч шүүх урьдчилсан тогтоож шүүгдэгчээр төлүүлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүд, хамар эмчлүүлэх зардал болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Б.Бэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх,

Хохирогч өмгөөлөгч Б.Намнансүрэн “Улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна уу? Үйлдсэн гэм буруу дээр тохирсон ял шийтгэл мөн үү гэдэг дээр учир дутагдалтай байна. Торгуулийн ялын санал оруулж байна. Цаашдаа залуу хүүхдийн гэм хорын асуудал дээр эмчилгээний зардал дээр тусалж дэмжээд өгөөрэй гэж хэлэхийг хүсэж байна. 1 сая төгрөгөөр торгуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “Б.Б-ийн хувьд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа  гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт ирээгүй байсан. Шүүхийн шатанд хохирлын баримт ирсэн. Нарангэрэлийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Шүүгчийн туслахтай ярьж хохирлын данс байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Сүүлд Нарангэрэлтэй холбогдож хохирол төлбөр төлсөн. Б.Б-д оногдуулах торгох ялын байдлаас хамааран хохирол төлбөр төлөх боломж тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг аль аль тал нь ойлговол зүгээр юм уу гэж хэлмээр байна. Хуульд заасан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 356.504 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Нарангэрэлд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай. 

 

6. Хохирогч Д.Нарангэрэл нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Б.Б-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                           

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ