Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/507

 

   2023         07          31                                    2023/ШЦТ/507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 2311000000907 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төвийн 1 давхарт байрлах Мобиком ХХК-ийн үзүүлэнгийн Самсунг А14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 629,100 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2311000000907 дугаартай хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2023 оны 05-р сарын 08-ны өдөр 08 цагийн үед би ажил дээрээ ирээд хяналт тавиад гомдол гаргасан хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэж байсан. Тэгсэн 15 цаг 10 минутын орчимд манай ажилтан надад гар утас алга болсон талаар мэдээд хэлсэн. Өглөөний ээлжийн хүмүүс гар утсыг гаргаж тавьсан байх ёстой гэж хэлээд хяналтын камер шүүж үзэх гэхэд төв байгууллага руу захиалга өгч байж шүүх боломжтой тул шүүх боломжгүй байсан. Манай зааланд байсан үзүүлэнгийн гар утаснаас Самсунг A14 маркийн 699,000 төгрөгөөр зарагддаг байсан гар утас алдагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр хуудас/

Гэрч ТАгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "... Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 08 цагийн орчимд ажил дээрээ ирсэн байсан. Тэгээд би ажил дээрээ өрөөндөө суугаад ажилчдаа хяналт тавина мөн гомдол гаргасан хүмүүсийг хүлээн шийдвэрлэж байсан. 15 цаг 10 минутын орчимд манай ажилтан мэдээд надаа хэлсэн. Өглөө ээлжийн хүмүүс гаргаж тавьсан байх ёстой гэж хэлсэн. Тэгээд хяналтын камер үзэх гэхэд бичлэгийг хуулж авахын тулд төв байгууллага руугаа захиалга өгдөг. Тэгээд өнөөдөр шүүх боломжгүй гэсэн гэдэг хариу өгсөн. Самсунг A14 гэх загварын гар утас байх ёстой байсан. Тухайн гар утас нь манайд 699.000 төгрөгөөр зарагддаг. Тухайн гар утасны! ІМЕІ 351429920402670 гэсэн дугаарын imei кодтой байсан. Манай ажил руу орж ирсэн хүн 170-175 см өндөртэй бор арьстай гэдэстэй. 35-40 насны орчим байсан. Өмссөн хувцас хар ногоон өнгийн хүрэм, цагаан подволк өмссөн, цагаан үдээстэй кет өмссөн байсан" гэх мэдүүлэг /хх-н 12-13 дугаар хуудас/

Гэрч БПийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "...: Би 2023 оны 05 дугаар 08-ны өдөр 13 цагийн орчимд ажил дээрээ ирсэн байсан. Тэгээд би ажил дээрээ өрөөндөө суугаад ажилчдаа хяналт тавина мөн гомдол гаргасан хүмүүсийг хүлээн шийдвэрлэж байсан. Тэгсэн гэнэт 15 цаг 50 минутын орчимд манай заалны үзүүлэн дээр байсан гар утас алга боллоо гэж манай нөгөө ахлах ажилтан хэлсэн. Тэгээд очоод үзсэн тухайн гар утаснууд дунд нэг утас байхгүй суурь нь үлдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Самсунг А14 гэх загварын гар утас байх ёстой байсан” гэх мэдүүлэг /хх-н 16-17 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ЧД1-23-466 дугаартай “Самсунг А14 маркийн гар утас 629.100” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 35-37 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 23-27 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-н 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Дий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төвийн 1 давхарт байрлах Мобиком ХХК-ийн үзүүлэнгийн Самсунг А14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 629,100 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди худалдааны төвийн 1 давхарт байрлах Мобиком ХХК-ийн үзүүлэнгийн Самсунг А14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 629,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2023 оны 05-р сарын 08-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд манай ажилтан надад гар утас алга болсон талаар хэлсэн. Өглөөний ээлжийн хүмүүс гар утсыг гаргаж тавьсан байх ёстой гэж хэлээд хяналтын камер шүүж үзэх гэхэд төв байгууллага руу захиалга өгч байж шүүх боломжтой тул шүүх боломжгүй байсан. Манай зааланд байсан үзүүлэнгийн гар утаснаас Самсунг A14 маркийн 699,000 төгрөгөөр зарагддаг байсан гар утас алдагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр хуудас/,

гэрч ТАгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "... 15 цаг 10 минутын орчимд манай ажилтан гар утас алга болсон мэдээд хэлсэн. Өглөө ээлжийн хүмүүс гаргаж тавьсан байх ёстой гэж хэлсэн. Самсунг A14 гэх загварын гар утас байх ёстой байсан. Тухайн гар утас нь манайд 699.000 төгрөгөөр зарагддаг. Тухайн гар утасны! ІМЕІ 351429920402670 гэсэн дугаарын imei кодтой байсан. Манай ажил руу орж ирсэн хүн 170-175 см өндөртэй бор арьстай гэдэстэй. 35-40 насны орчим байсан. Өмссөн хувцас хар ногоон өнгийн хүрэм, цагаан подволк өмссөн, цагаан үдээстэй кет өмссөн байсан" гэх мэдүүлэг /хх-н 12-13 дугаар хуудас/,

гэрч БПийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "...Би 2023 оны 05 дугаар 08-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд манай заалны үзүүлэн дээр байсан гар утас алга боллоо гэж манай нөгөө ахлах ажилтан хэлсэн. Тэгээд очоод үзсэн тухайн гар утаснууд дунд нэг утас байхгүй суурь нь үлдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Самсунг А14 гэх загварын гар утас байх ёстой байсан” гэх мэдүүлэг /хх-н 16-17 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ЧД1-23-466 дугаартай “Самсунг А14 маркийн гар утас 629.100” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 35-37 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 23-27 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-н 33-34 дүгээр хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Дий гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Мобиком Корпораци ХХК-ний эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Дий энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Дий бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Мобиком Корпораци ХХК-д 629.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь Самсунг А14 загварын гар утсыг биет байдлаар эргүүлэн өгсөн /Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-н 33-34 дүгээр хуудас/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БДийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг  мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ОТГОНЦЭЦЭГ