Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/00743

 

 

 

 

 

 

 

 

                      2020          03             05  

                                        184/ШШ2020/00743

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ХД” ХХК- д холбогдох,

 

Түрээсийн гэрээний хохиролд 24,770,168 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн төлөөлөгч Р.Ц, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуурхай зар дээр байсан зараар “ХД” ХХК-ийн энэ ажлын байрыг олж, утсаар ярьж уулзсан. Манай байрыг удаан хугацаагаар түрээслэвэл ашигтай байна гэж Р.Ц нь ярьж байсан бөгөөд цахим тоглоомын газар ажилуулахаар 2 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Эхлээд амаар харилцан тохиролцоод бичгээр гэрээ байгуулаагүй, 20 ширхэг компьютер авч ирж суурилуулсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цахим тоглоомын төв ажиллуулахаар бичгээр гэрээ байгуулсан. 2 жилээр ажиллуулах учраас 1 жилийг нь амаар тохиролцсон. Цахим тоглоомын газрын зөвшөөрлийг нь хөөцөлдөж  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. 2 сарын төлбөр 1,500,000 төгрөг, барьцаа 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Мэргэжлийн хяналт, Онцгой байдлаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүсэж, Цагдаагийн гурвалсан гэрээг байгуулаад үйл ажиллагаагаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Р.Цгийн зүгээс тог цахилгаан, усыг дуртай үедээ тасалдаг байсан. Цахилгаан таслах талаар надад урьдчилаад хэлэх боломжгүй юм уу гэж асууж байсан. 00-ын өрөөнд орох боломжгүй болчихдог. Хэлэхээр манай манаач нар хаачихсан юм шиг байна би хэлье гэдэг байсан. Ах дүү нар нь арын хашаанд амьдардаг, орж ирээд яв зайл гэдэг. Би эдний гэрт толгой хорогдоогүй. 2 сард 144,000 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан байна гэсэн. Би яагаад цахилгааны төлбөр ийм гарч байгаа юм бэ гэж асууж байсан.

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүх хэрэглээг таслаад дотоод тоолуураа шалгахад тоолуур явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цахилгаанаа шалгуулахаар Сонгинохайрхан дүүрэгт хандаж үзүүлэхэд баталгаажуулалт хийгдээгүй байна гэж хэлсэн. Энэ талаараа Р.Цд хэлэхэд минийх найдвартай тоолуур гэж хэлсэн. Дараа нь өөр тоолуур авчирсан боловч таарахгүй байна гэсэн. Тэгээд би үйл ажиллагаагаа явуулаагүй. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сар бүрийн 15-нд 300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тоолуураа засаж өгөөгүй байж 53,000 төгрөгийг төл гэхэд нь тоолуураа засаж өгөхийг шаардсан. Надаас ямар ч уучлалт гуйсан зүйл байхгүй. Надад 20 литр ус өгчихөөд 1 тонн усны мөнгө авч байсан. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр намайг ахтайгаа орж ирээд хөөсөн. Байрыг нь засаж өгөөд бүх зүйлээ аваад гарсан.

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахилгааны төлбөр 53,000 төгрөг, алданги 1,900 төгрөг нийт 54,900 төгрөг, 2019 оны 6 сарын түрээсийн төлбөрийн зөрүү 450,000 төгрөг, алданги 54,000 төгрөг, хогны төлбөр 5000 төгрөг тус тус тооцож 563,900 төгрөгийг хүчээр суутгаж аваад түрээсийн гэрээг цуцаллаа гээд миний зөвшөөрөлгүй асуудлыг шийдэж хөөн гаргасан. Гэрээний 4.5-д зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг 1 сарын өмнө харилцан бие биедээ тавьж шийдэхээр заасан бөгөөд гэрээ цуцлах талаар бид тохиролцоогүй. Анх тохиролцохдоо бид гэрээг дор хаяж тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2 жил үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэтэл түрээслэгч тал гэрээний үүргээ зөрчин дангаараа гэрээг цуцлахаар болж үйл ажиллагаа жигдэрч эхлэнгүүт намайг хөөн гаргасан нь миний бие олох ёстой байсан ашиг орлого олох боломжийг үгүй хийж дээр нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг минь хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл авахад гаргасан зардал мөнгө болон намайг нааш цааш тоног төхөөрөмж зөөвөрлөх зэрэг зардал чирэгдэл гаргахад хүргэж хохироогоод байна.

 

- 2019.05.15-2019.06.15 хүртэл авсан түрээсийн төлбөр 750,000 төгрөг, алданги 54,000 төгрөг, нийт 804,000 төгрөг,

- 2019.05.01-2019.05.30 хүртэл тогны төлбөр 53,000 төгрөг, алданги 1900 төгрөг, нийт 54,900 төгрөг,

- Тусгай гэрчилгээ 100,000 төгрөгөөр авсан,

- 2018.12.13-ны падан 460,000 төгрөг, 2018.12.18-ны падан 900,000 төгрөг, 2019.03.04-ний падан 78,000 төгрөг, 2019.01.03-ны падан 91,500 төгрөг, 2019.03.14-ний падан 215,000 төгрөг, 2019.04.23-ны падан 130,000 төгрөг,

- 2018.12.10-ны тээврийн хөлс 100,000 төгрөг, 2019.06.09-ний өдрийн тээврийн хөлс 100,000 төгрөг,

- ширээ салгалт 50,000 төгрөг,

- компьютер камер салгалт 70,000 төгрөг, Нийт 3,153,400 төгрөг.

 

Манай Анар цахим тоглоомын газар нь 1 өдөрт 14 цагаас тасралтгүй ажилладаг 20 ширхэг компьютер бүгд 14 цаг ажиллавал 196,000 төгрөг. Үүнээс 9 компьютерыг хасч 11 компьютерын орлогоор тооцож нэг өдрийн орлого 103,396 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Үүнд:

 

1. 2019.05.01-2019.06.09 хүртэл 45 хоногийн ажил саатуулсан бодит хохирол 1,587,840 төгрөг,

2. 2019.06.09-2019.12.12 сар хүртэл 6 сар 3 хоногийн олох байсан орлогын хохирол 6,746,368 төгрөг,

3. 2019.12.12-2020.12.12 хүртэл аман гэрээгээр тохиролцсон 1 жилийн олох байсан орлогын хохирол 13,282,560 төгрөг. Иймд гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохиролд 24,770,168 төгрөгийг “ХД” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Тайлбартаа цагдаад өргөдөл өгсөн, арга хэмжээ авагдсан гэснийг няцааж Цагдаагийн хэлтээс тодорхойлолт авчирсан, тухайн тусгай зөвшөөрөл нь үйл ажиллагаа явуулах газраасаа нүүсэн бол хуулиараа цуцлагддаг гэжээ.

 

Хариуцагч “ХД” ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслэхээр зар өгсөн. Ажлын байр түрээслэхээр ирж уулзаад цахим тоглоомын газар ажиллуулж байсан нь үнэн. Интернетийг 1 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Бичиг баримт нь асуудалгүй гэж байсан, 2 сарын дараа 200,000 төгрөг хүнд өгсөн чинь луйвардуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээг надаас гуйсан. Хэд хоногийн дараа бичиг баримтуудыг өгөхдөө гэрээг буцааж өгөөгүй. Явцын дунд би өөрөө уян хатан байдлаар хандсан. Би ч мөн тогтвортой хүн ажиллуулах хүсэлтэй байсан. Түрээсийн төлбөрөө буулгаад сарын 750,000 төгрөгөөр түрээсэлсэн. Энхний 2 сарын төлбөрөө өгсөн. Бид 2 цуг явж Санжаа дарга дээр очиж уулзаж байсан. Би хэзээ ч хөөж туугаагүй. 2019 оны 4 сарын үед тогны асуудал үүссэн. Өөрөө надад тог унаад байна гэж хэлэхээр нь би ахтайгаа ирээд засаад өгсөн. Дараа нь дахиад тавиулсан. Компьютерийг бүгдийг нь унтраагаад тогийг нь залгахад 1 компьютер  асаагүй, үүнийг далимдуулж 3 компьютероо засуулсан. Би засварчин авчирч янзлуулсан. Үүнд бухимдаж гэрээгээ шаардахад надад өгөхгүй гэхээр нь би цагдаад хандсан. Тэгээд нэхэмжлэгч өөрөө тоолуурын диск эвдэрсэн гэсэн. Тогны мөнгө их гараад байна гэсэн. Тэгээд шалгуулсан байсан. Явцын дунд тоолуураа авч тавиад хэрэглэж байгаад гарахдаа аваад гарч болно гэсэн.

2018 оны 3 сарын дундуур цайны газрын талаас хүндэтгэх шалтгаан буюу эрүүл мэндийн улмаас уг үйл ажиллагааг 2 тал зөвшилцөн ойлголцсоны үр дүнд зогсоосон. Иймд ломбарданд цайны газрын түлхүүрийг байлгадаг байсан. /цайны газарт 00, угаалтуур шийдэж өгсөн байсан/ Н.Т нь уг нөхцөл байдлыг ойлгохгүй усны хэрэглээг маань хааж боогдуулж байна гэж өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Энэ талаар ломбардны хүнтэй ярилцахад хааяа нэг гарч орох тохиолдолд хаалга цоожтой үед миний хэрэглээг боогдууллаа гэж загнаж намайг элдэв үгээр загнаж байсан гэж эзэн надад хэлж байсан. Усны төлбөр тооцооны хувьд заалтын дагуу харж төлбөр тооцоог бодож авдаг байсан. Н.Тт тогны тоолууртаа эргэлзээд байвал 100м2 талбайд гаднаас тог орж ирж байгаа эсэхийг шалгуулахыг эрчим хүчтэй холбогдох дугаарыг өгч байсан. Эрчим хүчний ажилтан ирж шалгаад гаднаас тог байхгүй хэвийн гэсэн. Миний хувьд гадна талдаа өдөр шөнийн оргил цагийн тоолууртай. Дотор тоолуураа баталгаажуулаад аваа гэж хэлсэн. Тунгалаг хэлэхдээ за тэгье би баталгаажуулж авнаа гэсэн. Хэд хоногийн дараа түрээсээ авах гэхэд Тунгалаг өмнө ярьсан зүйлээ өөрчилж чиний тоолуур болохоор чи өөрөө баталгаажуул, баталгаажуулсны дараагаар л түрээсээ өгнө тогны тооцоогоо хийнэ гэж нэг сар гаран зардал тооцоонуудаа төлөлгүй хүнд хохирол учруулж явж байсан. Тэгэхээр нь би баталгаажуулсан тоолуур өгье гэхэд Тунгалаг надад одоо хэрэггүй ээ, би гарахаар боллоо гэж өөрөө хэлсэн.

Үүний дараагаар 6 сарын 10 нд хорооны хэсгийн цагдаа танай цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг хураасан, шөнө хоногоор хэд хэдэн удаа өгч байхыг нь илрүүлж дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулах эрхээ хаалгуулсан байгаа шүү гэдгийг хэлсэн. Үүний улмаас Тунгалаг нь ажлын байрны гэрээгээ цуцалж гарахаар болсон байсан. Мөн Тунгалаг нь анх орохдоо компаний гэрчилгээ, онцгой байдлын дүгнэлт, ажлын байрны түрээсийн гэрээ зэргийг надаас гуйж авч цахим тоглоомын тусгай зөвшөөрлөө хөөцөлдсөн. Хэд хоногийн дараагаар ажлын байрны түрээсийн гэрээний талаар асуухад нэг заваараа эгч нь канондаад өгнөө гэж хэлээд мартуулж миний гэрээний хувийг өөрийнхөөрөө болгож заалтуудыг өөрчилж шинэ, шинэ заалтууд санаанаасаа нэмж хуурамчаар өөрчилсөн байсан.

Н.Т нь ажлын байрны түрээсийн гэрээг дагаж мөрдөггүй, гэрээний хугацаандаа төлбөр тооцоо хийгдээгүй байсан. 4 сарын 13-ны түрээсийн төлбөрийг 4 сарын 20-нд түрээсийн төлбөр болох 750,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн өгсөн. 250,000 төгрөгийг тогны хүчдэлээс болж процессор эвдэрсэн гэж суутгаж авсан. Гэвч компьютерийн засварчингаар ирж үзүүлэхэд тэжээлийн блог шатсан байна. Энэ бол тухайн компьютерийн эдэлгээ хэрэглээнээс болдог, тогноос болвол конденсатир л шатах ёстой гэж хэлсэн. Дараагийн 5 сард түрээс болон хэрэглээний зардал болох ус, тогны төлбөр хийгээгүй. Би нэхэмжлэгчийг ажиллах бүх боломжоор нь хангаж өгсөн. Энэ хүнийг хөөгөөгүй, гэрээний дагуу сарын өмнө мэдэгдэх ёстой. Амаар мэдэгдсэн. Өөрөө л гарах хүсэлтээ хэлээд яваад өгсөн гэв.

     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч “ХД” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24,770,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болох 24,770,168 төгрөгийн задаргаа болон үндэслэлийг ...Түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүй, түрээсийн гэрээг цуцалсны хохиролд 2019.05.15-2019.06.15 хүртэл авсан түрээсийн төлбөр 750,000 төгрөг, алданги 54,000 төгрөг, нийт 804,000 төгрөг, 2019.05.01-2019.05.30 хүртэл тогны төлбөр 53,000 төгрөг, алданги 1900 төгрөг, нийт 54,900 төгрөг, тусгай гэрчилгээний 100,000 төгрөг, падан 1,874,500 төгрөг,  тээврийн хөлс 200,000 төгрөг, ширээ, компьютер камер салгалт 120,000 төгрөг, нийт 3,153,400 төгрөг, 2019.05.01-2019.06.09 хүртэл 45 хоногийн ажил саатуулсан бодит хохирол 1,587,840 төгрөг, 2019.06.09-2019.12.12 сар хүртэл 6 сар 3 хоногийн олох байсан орлогын хохирол 6,746,368 төгрөг, 2019.12.12-2020.12.12 хүртэл аман гэрээгээр тохиролцсон 1 жилийн олох байсан орлогын хохирол 13,282,560 төгрөг, нийтдээ 24,770,168 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан, хариуцагч талаас ...Н.Т нь түрээсийн гэрээг дагаж мөрдөггүй, гэрээний хугацаандаа төлбөр тооцоог хийдэггүй байсан, нэхэмжлэгчийг ажиллах бүх боломжоор нь хангаж өгсөн. Энэ хүнийг хөөгөөгүй, гэрээний дагуу сарын өмнө мэдэгдэх ёстой. Амаар мэдэгдсэн. Өөрөө л гарах хүсэлтээ хэлээд яваад өгсөн, манай зүгээс яв, гар гэсэн зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж талбарлан мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэг талаас “ХД” ХХК-ийг төлөөлж Р.Ц, нөгөө талаас Н.Т нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатай ажлын байр түрээслэх тухай гэрээг байгуулсан байх бөгөөд /хх 6-8/, талуудын хооронд түрээсийн гэрээг байгуулаагүй гэх маргаан үүсээгүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгчийн төлөөлөгч Р.Ц нь түрээслэгч Н.Тийн эзэмшил, ашиглалтад цахим тоглоомын төв ажиллуулах зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ББУ 1-80а тоот хаягт байрлах 320 м.кв талбайг шилжүүлэн өгсөн, түрээслэгч түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлж байсан үйл баримт нотлогдсон ба түрээсийн гэрээний үүргийг түрээслүүлэгч бүрэн биелүүлээгүй, улмаар гэрээ цуцлагдсанаас хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Т шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 318.5-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдах, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд нэхэмжлэгч талын 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар амаар байгуулагдсан гэх хэлцэл хүчин төгөлдөр бус тул тухайн хэлцлийн үүрэг болон түүнтэй холбоотой хохирлыг шаардах эрхгүй болно.

 

Иймээс нэхэмжлэгчийн аман гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаанд олох байсан ашиг орлогод 13,282,560 төгрөгийг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 21-26 дугаар хуудаст буй зарлагын баримтуудаар үйл ажиллагаа явуулах үед болон нүүдэл хийхэд зарцуулсан зардлыг буюу хохирлыг нотолно гэдэг. Талууд гэрээ цуцлагдсан талаар маргаагүй тул гэрээний үүрэг биелсэн, түрээсийн хугацаанд төлсөн, зарцуулсан зардлыг гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин хариуцагч талаас ...түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй байсан тул гэрээг цуцалсан гэж, нэхэмжлэгч талаас ...хариуцагч үйл ажиллагаа явуулахад саад учруулдаг байсан, тогны асуудлыг шийдвэрлэж өгөхийг сар хүлээсэн, шийдэж өгөөгүй, хариуцагч талын шахалтаар нүүсэн, гэрээ цуцлагдсан гэсэн тайлбарыг гаргадаг ба гэрээний үүргээ аль тал нь зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан асуудал маргааны үндэс болдог.

 

Хариуцагч талын гэрээний хугацаанд зөрчил гаргаж арга хэмжээ авагдан тусгай зөвшөөрлөө хураалгаж байсан, мөн сар бүр төлөх түрээсийн төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй тул гэрээг цуцалж байгаа гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрээнд заасан цаг хугацаанд түрээс болон ашиглалтын зардлаа түрээслэгч буюу нэхэмжлэгч төлж байсан үйл баримт нь түүний тайлбар, ХААН банкны дансны хуулга /хх 99-105/, мөн хариуцагчийн дансны хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгч түрээсэлж байх хугацаанд буюу 2019 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийг, барьцаа 1 сая төгрөгийн хамт нийт 2,500,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 8-нд төлсөн, 3 сарын 16-нд /гэрээнд заасан хугацаанаас 1 хоног хэтрүүлж/ тухайн сарын түрээсийн төлбөрт 750,000 төгрөг төлсөн, 4 сарын 16-нд /1 хоног хэтрүүлж /түрээсийн төлбөрт 350,000 төгрөг төлсөн, /тухайн сард тог тасарсан шалтгаанаар 400,000 төгрөг төлөөгүй суутгасан гэх тайлбартай/, 5 сарын 15-нд түрээсийн төлбөрт 300,000 төгрөг төлсөн /үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөрөө бүрэн төлөөгүй гэх тайлбартай/, цагдаагийн байгууллагаас ...2 дуудлага бүртгэгдсэн, Н.Тт захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд “Ажлын байрны түрээсийн гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйл буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх,  288 дугаар зүйлийн 288.2.3-т заасан ...3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэсэн нөхцөл байдал үүсээгүй тул түрээслэгч буюу нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй гэм буруутай гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас ...хариуцагчийн шахалтаар нүүхээс өөр аргагүй болсон, үйл ажиллагаа явуулахад саад учруулдаг байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ нь хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг ба түрээслүүлэгчийн дарамт шахалт шууд гэрээ цуцлах шалтгаан болохгүй.

 

Хэрэгт авагдсан баримт болох ...2003 онд баталгаажуулсан, 944832 дугаартай дотоод хэрэглээний тоолуур шалгав, гадны хэрэглээ байхгүй, диск сул эргэлттэй болсон байна гэх “Тоолуур, хэмжих хэрэгслийн шалгах ажлын захиалгын болон гүйцэтгэлийн маягт” /хх 14/, “тоолуур болохгүй байна, шалгуулая, өөр тоолуур тавьж үзсэн болоогүй, түрээслэгч өөрсдөө тоолуур тавьж болно, түрээслүүлэгч тоолуураа баталгаажуулж өг” гэх талуудын тайлбар, ...944832 дугаартай тоолуурыг 008 лацаар битүүмжилж 2022 оны 6 сарын 27-ны өдөр хүртэл баталгаажуулав гэсэн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын гэрчилгээ зэргээс үзэхэд талуудын хооронд цахилгааны төлбөр, түүнийг тооцох тоолуурын хэвийн ажиллагааны талаар маргаан үүссэн үйл баримт тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгч буюу түрээслэгч нь хариуцагч буюу түрээслүүлэгчийн хөрөнгө болох ажлын байрыг цахим тоглоомын төв ажиллуулах зориулалтаар түрээслэж үр шим олж авах бөгөөд түрээслүүлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах, зорилгоо биелүүлэхэд нь зориулсан ажлын байрыг шилжүүлэх үүрэгтэй. Түрээслэгчийн үйл ажиллагаа болох РС тоглоом тоглуулах 20, серверийн 2, нийт 22 ширхэг компьютер хэвийн ажиллуулж болох ажлын байрыг түрээслүүлэгч шилжүүлэх, тухайн үйл ажиллагаа явуулахад шаардагдах цахилгааны хэвийн байдлыг гэрээ болон хуульд заасны дагуу хариуцах үүрэгтэй.

 

Түрээслэгчээс тогны төлбөр их гараад байгаа талаар, цахилгааны тоолуур болохгүй байгаа талаар мэдэгдсэн, засах баталгаажуулахыг хүссэн үйл баримт нь түүний тайлбар, түрээслүүлэгчийн ...тоолуур болохгүй байгаа бол өөрөө тоолуур тавьж болно гэх тайлбар, 2018 оны 1 сарын 30-ны өдөр төлсөн тогны төлбөр 105,000 төгрөг, 3 сарын 4-нд төлсөн төлбөр 80,500 төгрөг, 3 сарын 30-нд 122,250 төгрөг, 4 сарын 28-нд төлсөн төлбөр 144,000 төгрөг төлбөр төлсөн тухай банкны хуулга, хэрэглэгчийн дансны тайлан, тоолуурыг шалгуулсан тухай УБЦТС ХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн архивын баримт зэргээр тогтоогдож байна.

Дээр дурдсанчлан түрээслэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, цахилгааны хэрэглээг тооцох тоолуурыг хэвийн байлгах үүргээ түрээслүүлэгч биелүүлээгүй үйл баримт тогтоодсон тул энэ үндэслэлээр, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 294 дүгээр зүйлийн 294.2-т “Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно”, 294.2.1-т “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг түрээслэгч талаас цуцалсан гэж үзнэ.

 

Иймээс гэрээ цуцлагдсанаас хойшхи хохирлын асуудлыг гэрээний үүргээ зөрчсөн тал хариуцах учиртай бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч талын гэрээний үүргээ биелүүлсэн гэх тайлбараа, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан буруугүй болохоо нотлоогүй тул гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг хариуцах болно.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолно гээд ...цахилгааны, түрээсийн, усны, хогны төлбөр төлж байсан, 2019 оны 2 сарын 1-ээс 4 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд үйл ажиллагаа явуулсны орлогоо тэмдэглэж байсан үйл баримтыг тусгасан “Төлбөр тооцооны дэвтэр”, цахим тоглоомын төвийн үний тариф, ажиллах цагийн хуваарийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч талаас тухайн баримтуудыг үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбартай харьцуулан шинжлэхэд тухайн олох байсан ашиг, орлогын тооцоолол үнэн зөв байна.

Үүрэг гүйцэтгэгч буюу “ХД” ХХК нь түрээслэгч Н.Т аж ахуйн үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардагдах үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид буюу Н.Тт цахим тоглоомын үйл ажиллагаанаас зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож болох бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 3,153,400 төгрөгийн шаардлагын хувьд 2019 сарын 5 сарын 15-аас 6 сарын 15 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 750,000 төгрөг, алданги 54,000 төгрөг, нийт 804,000 төгрөг, 2019 оны 5 сарын 1-ээс 5 сарын 30 хүртэлх хугацааны тогны төлбөр 53,000 төгрөг, алданги 1,900, төгрөг, нийт 54,900 төгрөг гаргуулах шаардлагаас түрээсийн байрыг хүлээлгэн өгч гэрээг дуусгавар болгосон 2019 оны 6 сарын 9-нөөс гэрээний хугацаа дуусах өдөр болох 15 хүртэлх хугацааны түрээс 154,000 төгрөг, тоолуурын маргаан үүссэнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй гэх хугацааны тогны төлбөр 53,000 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нийт алданги 55,900 төгрөгийг “ХД ХХК” хариуцах үндэстэй. Үлдэх 2,890,500 төгрөгийн хувьд гэрээний хугацаанд зарцуулагдсан зардлыг гаргуулах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Мөн 2019 оны 5 сарын 1-ээс 6 сарын 9 хүртэлх хугацааны ажил саатуулсан бодит хохирол 1,587,840 төгрөгийн хувьд нэхэмжлэгчээс ...тог тоолуурын асуудалтай байсан тул үйл ажиллагаа явуулахаа зогсоогоод улмаар 6 сарын 9-нд ажлын байрыг хүлээлгэж өгсөн тул энэ хугацаанд олох байсан ашиг, орлогыг нэхэж байгаа гэдэг. Түрээслэгчийг 6 сарын 9 хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, хориглосон үйлдэл түрээслүүлэгч талаас гаргасан үйл баримт тогтоогдоогүй, түрээслэгч түрээсийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан үндэслэлээр энэ хугацааны хохирлыг түрээслүүлэгч хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

Харин 2019 оны 6 сарын 9-нөөс түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2019 оны 12 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулснаар зайлшгүй орох байсан орлого буюу хохирол 6,746,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Тодруулбал, нэхэмжлэгчээс цахим тоглоомын төвийн үнийн тариф, 2019 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар дуусталх хугацаанд үйл ажиллагаанаас орсон орлогын дундажаас түрээсийн төлбөр болон зардлыг хасч тооцсон үнийн дүн болох 6,746,368 төгрөгийн ашгийг РС тоглоомын үйл ажиллагаанаас олох байсан нь үндэслэлтэй.  

 

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Тухайлбал, хариуцагч талаас татгалзсан тайлбараа нотолно гээд нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын утасны яриаг CD-д буулган шүүхэд ирүүлж улмаар үзлэг хийлгэсэн хэдий ч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүй харилцан ярианы бичлэг хийсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д заасны дагуу хууль бус аргаар цуглуулсан учир тухайн нотлох баримтыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй “хамтран ажиллах гурвалсан гэрээ”-ний хуулбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

 

Иймд нэхэмжлэгч Н.Тийн 24,770,168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6,955,268 төгрөгийн шаардлагыг хангаж хариуцагч “ХД” ХХК-д хариуцуулж, үлдэх 17,814,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХД” ХХК-иас 6,955,268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,814,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХД” ХХК-иас 126,234.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ