| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0809/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/825 |
| Огноо | 2023-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/825
2023 06 09 2023/ШЦТ/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Я.Болортуяа,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******************* эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “**********” ХХК-д даамлын оператороор ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ****************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Н.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б******************* задгай тоот хашаанд байхдаа хохирогч Н.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Батын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******************ны задгай тоот хашаанд байхдаа хохирогч Н.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.А-ын өгсөн “...Би гэртээ байж байгаад хүнээс хоёр даагатай гүү 4 сая төгрөгөөр худалдаж авчихаад наймаа хийсэн хүнээ гэрт хүргэж өгчихөөд харих гээд явж байсан чинь ах Н.Б хашааныхаа хааж байхаар нь би мориноосоо буугаад “Сайн байна уу ахаа” гэж мэндлээд байж байгаад танай дагавар хүүхэдтэй хүүхэн чинь надтай аятайхан харьцсангүй гээд намайг нүүр рүү мөргөсөн, тэгснээ хашааныхаа хаалгыг цоожилчихоод давж гарч ирээд намайг гараараа миний нүүр рүү цохиод би чамайг алчихъя, морины чинь цулбуураас уяад чирүүлчихэд чамайг хэн мэддэг юм гээд гараараа нүүр рүү цохисон, тэгээд би босч ирээд байж байсан чинь Бат ах цагдаад дуудлага өгөхдөө хашаа эвдээд хаячихлаа гээд байхаар нь би үеэл ах Н-д очоод хэлсэн чинь Нн ах цагдаад дуудлага өгсөн. Ээжтэй холбоо барьсангүй, надтай холбоо барьсангүй, үеэл ах Н-тэй нийллээ гээд зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Гэрч Б.Г-гийн өгсөн “...Би тэр өдөр орой охиныхоо эцэг эхийн хуралд суучихаад харих замдаа гадаа цасаар шуураад байхаар нь нөхөр Б руу залгаад хашааны хаалгаа онгойлгоорой гэж хэлээд удалгүй очиход манай нөхөр гарч ирээд хаалгаа онгойлгосон тэгээд би машинаа хашаа руу оруулчихаад шууд гэр рүүгээ орсон. Нээх удалгүй манай нөхөр орж ирээд цагдаа дуудаарай А агсан тавиад байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Э-ын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4696 дугаартай “...Н.А-ын биед зүүн ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын цус харвалт, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Яллагдагч Н.Б-н өгсөн “...Би дүү А-тай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үл ялих зүйлээс болж маргалдаж А-ын биед халдсан. Би А-ын зүүн нүд хамар орчим нь 2 удаа гараараа цохисон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 06 /зургаа/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ****** ургийн овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Н.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 06 /зургаа/ хүртэл сарын хугацаанд төлөхөөр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН