Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1037

 

 

 

 

 

 

    2023        07          28                                 1037

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

              шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

              улсын яллагч З.Хүслэн,

              хохирогч Ж.Л,

              шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-т холбогдох эрүүгийн 2306 02796 2255 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, ....

 

              Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Л-тай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгө нь 145.500 төгрөг байсан. Наадмын өмнө 100.000 төгрөг өгсөн. ” гэв.

              Хохирогч Ж.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны .... тоотод 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Н орой 6 цаг 40 минутын үед ирээд гадаа сигналдаад байхаар нь гарсан. Тэгээд удаан уулзаагүй байсан. Нэлээн уусан уйлаад байсан. Тэгээд та намайг бага байхад зоддог байсан гэж хэлсэн. Манай ганц ахтай ээж нь суугаад энэ 1 дүгээр ангийн хүүхэд ирж байсан. Би уйлаад байхаар нь дээшээ суу, цай уу гэж хэлсэн. Гэтэл нөхөр тогтохгүй байна. Нэг хүнтэй суугаад хүүхэдтэй болсон чинь шоронд орчихлоо гэж уйлаад байсан. Тэгээд нэхэж байгаад машинтайгаа дэлгүүр явж архи авсан. Тэр архийг бид бүгд уусан. Тэгээд дахин гарах гээд машины түлхүүр авах гээд байхаар нь би өгөхгүй байсан. Гэтэл үгэнд орохгүй маргалдаад байсан. Тэгэхээр нь би чаддаг юм бол намайг зодохгүй юу гэж хэлсэн. Арай ч намайг зод, яах гэж ингэж байдаг юм. Чи эсвэл дуудлагын такси дуудаад яв гэж хэлсэн. Гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд маргалдаж байгаад намайг алгадсан. Нэлээн согтуу байж хөл дээрээ унахгүй яваад байсан. Түлхүүрээс болж маргаан, зодоон болсон. Намайг үстэж авахаар нь би алгадсан. Үстэх гэж би хувцаснаас нь цаашаа түлхсэн. Биед нь хумсны сорви ч үлдээгээгүй. Тэгээд үснээсээ зулгаалцсан. Би үсээ дээш нь чанга шуусан байсан чинь зулгаагаад тавьдаггүй. Тэгээд зодолдсоор байгаад ахынд орсон чинь дээр гарч суучхаад буухгүй би дийлэхгүй байсан. Дээр гарч суугаад, үстэж аваад 2, 3 удаа цохисон. Өрөөсөн нүд харагдахгүй байсан. Тэгээд дийлдэхгүй байхаар нь бэр цагдаа дуудсан. Даралт их өндөр бууж өгөхгүй байгаа. Нүд, толгой эрээлжлээд байгаа. Даралтын эм нэг сар уу гэж хэлсэн. Би хүүхэдтэйгээ хоёулаа байдаг. Хүү эмчилгээний зардлыг гаргасан. 140.000 гаран төгрөг гарсан. Бусад нь НӨАТ-ын баримт гардаггүй. Хувийн такси барьж байсан. Би өөрөө Т.Н ирэх байх гэж 4 хоног харсан боловч ирээгүй. Тэгээд 4 дэх хоногийн өдөр түргэн дуудаж Гэмтлийн эмнэлэг явсан. 140.000 төгрөгийн эмчилгээний баримт байгаа. Бусад зардал баримтгүй байгаа. Нэг өрөөсөн ээмэг алга болсон. Ажилгүй байсан 6 өдрийн цалин, мөн би өдөрт 70.000 төгрөгийн орлоготой байсан. Би ажилгүй 1 сар байсан. Энэ хугацааны орлогоо нэхэмжилж байна.” гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 13-ны хагас сайн өдөр өглөө 06 цагийн үед Т.Н манай гэрийн гадна ирсэн. Гэрийн гадаа машинтай сигналдаад байхаар нь би гарсан чинь Нандиа нэлээд халамцуу байдалтай байсан. Тэгсэн чинь шөнөжин уусан юм шиг байна билээ. ...Тэгээд манайх руу ороод Соёрхол нэртэй архийг бид нар уусан. Ингээд “манай нөхөр асуудалд орчихсон” гээд л уйлаад байсан. Өөрөө согтуу байж архи уугаад байсан. Би түрхэн зуур унтаж байсан чинь надаас машины түлхүүр асуугаад байсан. Тэгээд Чимгээ эгч шал угааж байсан чинь Нандиа алив би арччихъя гээд арчсан. Тэгээд л надаас машиныхаа түлхүүрийг л авах гээд асуугаад уурлаад байсан юм. Би болохоор согтуу хүнд машины түлхүүр өгөөд яах юм гэж бодоод өгөхгүй байсан юм. Тэгсэн чинь Нандиа “түлхүүр өгөөдөх, би өөрийгөө мэдэж байна” гээд намайг алгадаад авсан. Тэгээд бид хоёр зууралдаад Нандиа намайг үсдээд, цохиод байсан. Намайг үсдээд доош нь дараад хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний нүд хавдчихсан. Эрдэнэчимэг голоор ороод бид хоёрыг салгаад цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 26 дахь тал/

              Гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хажууд нь байхад Н гэдэг хүн Л-аас машиныхаа түлхүүрийг авах гээд байсан. Л согтуу хүнд түлхүүр өгөхгүй гэдэг шалтгаанаас болоод Л-ыг Нандиа цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад нэгнийгээ цохиод байсан. Тэр хоёр орон дээр гараад Н дээр нь гарчихсан л Л-ыг цохиод байсан. Тэгээд босоод ирсэн чинь Л-ын нүд хавдчихсан байсан. Би боль гээд дундуур нь орж салгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

              /хавтаст хэргийн 28 дахь тал/

              Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6541 дугаар:

              “1. Ж.Л-ын биед зүүн дээд, доод зовхи, нүдний алимны салст, хамрын нуруу, зүүн хоншоор, хацар, шанаа, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

              /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

               

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

              /хавтаст хэргийн 45 дахь тал/

 

              Иргэний үнэмлэхийн лавлагаа             /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

               Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч нь Т.Н нь 2023 оны 05 дугаар сарын  13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Лхагважавтай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Т.Н нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Л-тай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан шүүгдэгч Т.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгө нь 145.500 төгрөг байсан. Наадмын өмнө 100.000 төгрөг өгсөн. ” гэх,   хохирогч Ж.Л-ын шүүх хуралдаанд өгсөн “...маргалдаж байгаад намайг алгадсан. Нэлээн согтуу байж хөл дээрээ унахгүй яваад байсан. Түлхүүрээс болж маргаан, зодоон болсон. Намайг үстэж авахаар нь би алгадсан.” гэх, хохирогч Ж.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид хоёр зууралдаад Н намайг үсдээд, цохиод байсан. Намайг үсдээд доош нь дараад хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний нүд хавдчихсан. Эрдэнэчимэг голоор ороод бид хоёрыг салгаад цагдаад дуудлага өгсөн юм.” гэх /хх26/, гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад нэгнийгээ цохиод байсан. Тэр хоёр орон дээр гараад Н дээр нь гарчихсан л Л-ыг цохиод байсан. Тэгээд босоод ирсэн чинь Л-ын нүд хавдчихсан байсан.” гэх мэдүүлгүүд /хх28/, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6541 дугаар дүгнэлт /хх16-17/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь хохирогч Ж.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

              Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

              Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

              Иймд шүүгдэгч Т.Н-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Хохирогч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн /хх35/ бөгөөд нотлох баримтаар тогтоогдож буй 145.500 төгрөгөөс шүүгдэгч Т.Н нь 100.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 45.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

              Харин хохирогч Ж.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул гэм хорын хохиролтой бусад холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Т.Н-ээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

             Шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

              Шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил ял шийтгэхээр шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

.             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ээс 45.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Л-т олгосугай.

              5. Хохирогч Ж.Л нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Т.Н-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н нь хохирогч Ж.Л-т гэм хорын хохиролд 100.000 төгрөг төлсөн, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.  

              7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

              8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

             

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ