| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/90 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/90
2023 08 29 2023/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн................... дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.О
Хохирогч М.М
Иргэний нэхэмжлэгч, гэр Д.А
Шүүгдэгч Г.А нар оролцов.
Монгол улсын иргэн, ..... оны...........дүгээр сарын .......-ны өдөр ......... дүүрэгт төрсөн,.........настай, ............., яс үндэс халх, ...........боловсролтой, ...........мэргэжилтэй, .............. дүгээр сургуульд ............. ажилладаг, ам бүл ........, ............. хамт, Улаанбаатар хот, ........... дугаар хороо, ............. дүгээр гудамжны .........тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Г-н А /РД:......../
Шүүгдэгч Г.А нь 2023 оны ....... дугаар сарын .......-ны өдрийн ........... цагийн орчимд ........ дүүргийн ....... дүгээр хороо, ........... хэсэгт “.............” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж, Д.А-н жолоодож явсан, М.М-г тээвэрлэн урдаас хойш чиглэлд чигээрээ зорчиж явсан улсын дугааргүй, “.............” маркийн мотоциклыг мөргөж осол гаргасны улмаас М.М-н эрүүл мэндэд “зүүн өвдөг, зүүн тойгны арын эвэр /шөрмөс/-ний урагдал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “.......... оны ...... дугаар сарын ........-ны орой Хуцаагийн гудамжнаас төв чиглэлтэй засмал замаар явж байгаад “Соронз” дэлгүүрийн зогсоол руу орох гээд ертөнцийн зүгээр баруун талаас нь зүүн гар тийш эргэх үед гэрлэн дохио улаан ассан байсан саад учруулах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул эргэх үйлдэл хийсэн, энэ үед замын урд хэсгээс чигээрээ гэрлэн дохионы уулзвар дээрээс мотоцикльтой мөргөлдсөн. Тэр даруйдаа машинаасаа буугаад түргэн тусламж дуудсан. Тухайн үед би эрүүл байсан. Осол маш хурдан болсон болохоор тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхээ мэдэхгүй байна би болон зорчигч хамгаалах бүсээ зүүсэн байсан. Миний анхаарлыг сарниулах зүйл байгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Уг тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. М-н эмчилгээний зардалд 703.100 төгрөг, А-н эмчилгээний зардалд 303.550 төгрөг болон мотоциклийн хохирол 1.515.800 төгрөг мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлуудыг төлсөн. Баримтаар нотлогдсон хохирлоо цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 99/
Хохирогч М.М-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тэр орой 23 цагийн үед А-р гэртээ хүргүүлэхээр мотоциклийнх нь ард суугаад явж байсан бөгөөд “......” дэлгүүрийн гэрлэн дохион дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд чигээрээ яваад уулзвар дөнгөж өнгөрөөд л зүүн гар талаас суудлын автомашин ирээд мөргөсөн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд зүүн хөлийн зөөлөн эдийн няцрал, шөрмөсний сэмрэл гэсэн. Эмчилгээний зардал гэж 703.100 төгрөг төлөгдсөн. Би тухайн үед Улаанбаатар хотод “Дүнз Хаус” ХХК-нд туслах ажилтнаар өдрийн 80.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан бөгөөд хөл гэмтсэнээс хойш ажилдаа явахгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, шүүх хуралдааны тэмдэглэл/
Иргэний нэхэмжлэгч, гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би өөрийн эзэмшлийн “............ маркийн мотоцикльтой найз М-г суулгаад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Соронз” дэлгүүрийн уулзвараас урдаас хойш чиглэлд гарах үед саарал өнгийн “..........” маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөлгүйгээр эсрэг урсгалаас орж ирээд мөргөчихсөн. Миний биед зүүн хөлийн тавхай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд мотоциклийн хохирол болох 1.515.800 төгрөг, мөн эмчилгээний зардал гэж 303.550 төгрөг авсан. Надад А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй бөгөөд уг мотоциклийг худалдаж аваад нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Би тухайн үед барилга дээр туслах ажилтнаар өдрийн 60.000 төгрөгөөр ажиллаж байсан ба 14 хоногийн цалин хөлс болох 840.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Найз А-н хамт түүний эзэмшлийн машинтай Сургалтын задгайд айлд оччихоод буцаад “Соронз” дэлгүүр талын авто зогсоол руу эргэх гээд үйлдэл хийж байгаад өөдөөс эсрэг урсгалд ирж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Тухайн мотоциклийг ирж байгааг бид хоёр хараагүй, тулаад ирсэн хойно нь хараад тормоз гишгэсэн боловч ирээд мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
Иргэний нэхэмжлэгч Э.Х-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.А нь 281.000 төгрөг, М.Мнь 233.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 33/107, 33/108 дугаартай албан бичгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх зардлуудыг яллагдагч Г.А-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү”гэжээ (хх-ийн 17, 22)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 33/107, 33/108 дугаартай албан бичгээр “иргэн Д-н А /РД: / нь гэмтлийн оношоор нийт 281.000 төгрөгийн, иргэн М-н М /РД: / нь нийт 233.000 төгрөгийн үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан” гэжээ /хх-ийн 14, 19/
Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаагаар “Жолооч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Гурав. Жолоочийн үүрэг 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
-Жолооч Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн” гэжээ /хх-ийн 79/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай дүгнэлтээр “М.М-н биед зүүн өвдөг, зүүн тойгны арын эвэр, /шөрмөс/ урагдалтай, өвдөгний үений үе зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шөрмөсний урагдал гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /хх-ийн 42-43/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаартай дүгнэлтээр “Д.А-н биед зүүн талын тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, шилбэ, баруун талын тохойны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 54-55/
“.........” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 7 сарын 02-ны өдрийн 192 дугаартай Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ болон гэрэл зургийн үзүүлэлтээр “............. маркийн мотоцикльд 1.515.800 төгрөгийн эвдрэл хохирол учирсан байна...” гэжээ /хх-ийн 65-74/
“Хорин Бугатын даваа” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ..............улсын дугаартай “.........” маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоо /хх-ийн 78/,
“.........” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан тодорхойлолтоор “Мөнхсаруул овогтой Мөнхтулга нь 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн цагийн ажил хийж байсан нь үнэн болно”гэжээ /хх-ийн 199/
“...........” ХХК-ийн ажилтны тодорхойлолтоор “М овогтой М нь тус компанид 2023 оны 5 дугаар сарын 28-ны эхлэн цагийн ажил хийж байгаад хүндэтгэн үзэх шалтгаан, бэртэл гэмтлийн улмаас 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд өдрийн 80.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Энэхүү тодорхойлолтыг ажилтны хүсэлтээр гаргасан бөгөөд үүгээр байгууллага хариуцлага хүлээхгүй болно” гэжээ. /хх-н 201/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-6, 9/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор “Бүртгэлийн 684 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 7/
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “..........0.00 хувьтай” гэжээ /хх-ийн 164/
Иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...Х овгийн Г-н А ........... регистрийн дугаартай, Улаанбаатар хот, ............. дугаар хороо, ........... гудамжны ........... тоотод оршин суудаг” гэжээ /хх-н 104, 112/
Шүүгдэгч Г.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 106-114, 142, 153-163/
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар “шүүгдэгч А нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 233.000 төгрөг болон 281.000 төгрөгийг төлсөн” талаархи баримт /хх-ийн 213-215/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас “Toyota Sai” 26-17 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...............” ББСБ ХК-ийн өмч” гэжээ /хх-ийн 143/
Шүүгдэгч Г.А нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /105/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулж, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Ань 2023 оны ..... дугаар сарын ........ны орой 22 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ......... дүгээр хороо, ........... хэсэгт “..........i” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж, урдаас хойш чиглэлд чигээрээ хөдөлгөөнд оролцож байсан Д.А-н жолоодож явсан “............” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг мотоциклийн зорчигч М.М-н эрүүл мэндэд “зүүн өвдөг, зүүн тойгны арын эвэр /шөрмөс/-ний урагдал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч М.М-н “Багануур дүүргийн ......... дүгээр хороо, “Соронз” дэлгүүрийн гэрлэн дохион дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд чигээрээ явсан бөгөөд уулзвар дөнгөж өнгөрөөд л зүүн гар талаас суудлын автомашин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “Соронз” дэлгүүрийн уулзвараас урдаас хойш чиглэлд гарах үед саарал өнгийн “...........” маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөлгүйгээр эсрэг урсгалаас орж ирээд мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-н “.........” дэлгүүр талын авто зогсоол руу эргэх гээд үйлдэл хийж байгаад өөдөөс эсрэг урсгалд ирж байсан мотоцикльтой мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч М.М-н биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 180 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.А-г МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, осол гарсан газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч М.М-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.А-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-н эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн Д.А-н эзэмшлийн улсын дугааргүй “Honda CRB-125” маркийн мотоцикльд 1.515.800 төгрөгийн эвдрэл гэмтэл учирчээ.
Шүүгдэгч Г.А нь хохирогч М.М-н эмчилгээний зардалд 703.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.А-н эмчилгээний зардалд 303.550 төгрөг мөн мотоциклийн эвдрэл гэмтлийн хохиролд 1.515.800 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн Г.А нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох нийт 514.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-н 214-215/,
Шүүх хуралдаанд хохирогч М.М-с “2 сарын хугацааны цалин хөлс болох 4.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг”,
Мөн иргэний нэхэмжлэгч Д.А-с “14 хоногийн цалин хөлс болох 840.000 төгрөгийг” тус тус нэхэмжилсэн ба хохирогч М.М-н ажиллаж байсныг тодорхойлсон баримтууд нь зөрүүтэй, он сар тодорхойгүй, иргэний нэхэмжлэгч Д.А нь энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хохирогч М.М нь цаашид эмчилгээний зардлаа болон цалин хөлсөө, иргэний нэхэмжлэгч Д.А нь цалин хөлстэй холбоотой зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Иймд шүүгдэгч Г.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс Г.А-г гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах. Шүүгдэгчийг ялаас чөлөөлөх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Мөн шүүх эрх мэдлийнхээ хүрээнд боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогч талаас тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Г.А нь “урьд ял шийтгэлгүй, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн эмчилгээний зардалд 703.100 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 303.550 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 1.515.800 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 514.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.1 дэх заалтад зааснаар шүүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ....“энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч Г.А-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нотлох баримтын хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлуудыг төлж барагдуулж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал (иргэний нэхэмжлэгч нь мотоцикль жолоодох эрхгүй байсан), шүүгдэгчийн хувийн байдал (.......................) зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Г-н А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.А нь хохирогч М.М-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 703.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 303.550 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 1.515.800 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 514.000 төгрөгийг төлснийг тус тус дурдаж, хохирогч М.М нь цаашид эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө, иргэний нэхэмжлэгч Д.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Г.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА