| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 110/2025/0034/З |
| Дугаар | 221/МА2025/0682 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0682
А.Х*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ш.А*******, өмгөөлөгч А.С*******
Нэхэмжлэгч: А.Х*******
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Ш.А*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болох тухай” А/151 дүгээр захирамжийн А.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Х*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А***
Гуравдагч этгээд Ш.А*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 110/2025/0034/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Х*******гаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дүгээр “Захирамж хүчингүй болох тухай” захирамжийн А.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ш.А*******, өмгөөлөгч А.С******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна
2002 оны Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох Цэнгэл сумын Засаг дарга асан Т.Т*******ий 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/118 дугаар захирамжаар тухайн үеийн байдлаар сумын ерөнхий төлөвлөгөө бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд нэхэмжлэгч А.Х*******д дуудлага худалдааны анхны үнээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Гэвч 2016 оны ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон Цэнгэл сумын Засаг дарга /асан/ Х.М******* нь өмнөх Засаг даргын үед гарсан захирамж холбогдох хуульд нийцээгүй буюу сумын ерөнхий төлөвлөгөө бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад хууль бусаар олгосон болохыг олж тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримталж эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг маргаан бүхий актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон.
Энэхүү байдлыг Цэнгэл сумын газрын даамал асан Т.Н*******, одоогийн газрын даамал Б.Б*******, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн асан /одоо даргаар нь ажилладаг/ Ж.Е******* нар гэрчилж мэдүүлснээс гадна хэрэгт цугларсан Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/91, 7 дугаар сарын 27-ны өдрийн А/105, 12 дугаар сарын 20-ны өдрийн А/176 дугаар захирамж, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл, газрын бирж дэх дуудлага худалдаа явуулсан талаарх баримтууд, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олон нийтийн цахим сүлжээ фейсбүк платформд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нийтэлсэн зар, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03/103, 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/105 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3-02/704 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг дуудлага худалдаанд оруулсныг нэхэмжлэгч А.Х******* нь лавтай сайн мэдэж байсан бөгөөд тэрбээр уг дуудлага худалдаанд оролцохоор материал бүрдүүлсэн боловч тодорхой шалтгаанаар хасагдсан болох нь тогтоогджээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаар албан бичгийн хавсралт иргэн А.Х*******н ашиглаж буй 64 м.кв газар болон ойр орчмын сансрын зургийг Google earth программаар 2019, 2021, 2024 онуудын байдлаар харуулсан байна. Үүнээс үзэхэд 2019 оны байдлаар маргаан бүхий газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй хоосон газар байжээ.
Нэхэмжлэгч А.Х******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/91, 7 дугаар сарын 27-ны өдрийн А/105, 12 дугаар сарын 20-ны өдрийн А/176 дугаар захирамж, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, 0000384330 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг акттай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй, зөвхөн маргаан бүхий актыг тухайн үед гарсан байсныг мэдээгүй гэж маргадаг.
Үүнээс дүгнэвэл зөвхөн маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргээгдэх боломжгүй юм.
Эцэст нь хэлэхэд, шүүх холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хуулийн зорилго, агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хууль бус эрх ашиг хамгаалагдах ёсгүй.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Х*******н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Б.А***аас шүүхэд гаргасан 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/105, 6 дугаар сарын 3-ны өдрийн 01/116 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлсэн, тийм ч учраас шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, мөн бодит байдалд сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/176 дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч, гуравдагч этгээд Ш.А*******д эзэмших эрх олгосон 70 м.кв газарт нэхэмжлэгч А.Х*******д 2016 оны А/118 дугаар захирамжаар анх эзэмшил үүсч, улмаар 2 давхар үл хөдлөх хөрөнгө барьж, түүндээ амьдарч байгаа болох нь шүүхийн үзлэг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021, 2024 оны google earth болон сансарын зургаар, мөн нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосон одоогийн маргаан бүхий захирамжийг тухайн үед А.Х*******д огт мэдэгдэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрч Цэнгэл сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н*******ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон талаар шийдвэрт хангалттай зөв дүгнэжээ.
Давж заалдах гомдолд дурдсанчилан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан, мөн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03/83, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мөн оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр албан бичгээр А.Х*******д эзэмшүүлсэн гэх 64 м.кв газар кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, уг газартай холбоотой хувийн хэрэг нээсэн талаарх нотлох баримт байхгүй болохыг тодорхойлсон боловч шүүхийн үзлэгийн явцад авсан фото зургаас үзэхэд хэдий нь тухайн газарт гудамласан байшин баригдсаны дунд хэсэгт нэхэмжлэгчийн барьсан байшин байршиж байх тул хариуцагчаас энэхүү хэсэгт газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, мөн нэгж талбарын газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлахдаа энэхүү бодит нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны ялагчид эрхийн доголдолгүй, эрх зүйн ямар нэгэн маргаангүй, түүнчлэн бусдын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй газарт газар эзэмших эзэмшүүлэхээс бус ийнхүү нэхэмжлэгчийн олон жилийн турш амьдарч байгаа газрыг дуудлага худалдаагаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус болно.
Тиймээс энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримталж маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгчээс дуудлага худалдаа явуулах болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжтай тус тус маргаагүй ч өөрт нь газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн эрх нь сэргэх үр дагавартай тул “…зөвхөн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх боломжгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
2.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж тус тус заасан.
Шүүхийн шийдвэрт сумын Засаг даргын маргаан бүхий 2016 оны А/151 дүгээр захирамжийн хүрээнд “...Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй байхад тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нэхэмжлэгчид ямар үндэслэлээр эзэмшүүлэх захирамж гаргасан, ямар шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй болох мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлийн зурагт “жижиг сууцны хороолол”-ын бүсэд хамаарагдаж байгаа уг газрыг үйлчилгээний зориулалттай, дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх газар гэж үзсэн үндэслэлийг тодруулахгүйгээр, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргахдаа хариуцагч захиргааны байгууллагаас нарийвчлан шинжлэн судлаагүй...” гэх зэргээр үндэслэлтэй дүгнэсэн байх тул гуравдагч этгээдийн “...тухайн үеийн байдлаар сумын ерөнхий төлөвлөгөө бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд нэхэмжлэгч А.Х*******д дуудлага худалдааны анхны үнээр эзэмшүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2025/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ш.А*******, түүний өмгөөлөгч А.С******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН