Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00660

 

                                     “ **** **** **** **** ХХК-ийн хүсэлттэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

**** **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1148 дугаар магадлалтай, 

 **** **** **** **** ХХК-ийн хүсэлттэй, 

Нэхэмжлэгч: **** **** **** ****,

Нэхэмжлэгч:  **** **** **** ХХК,

Нэхэмжлэгч:  **** **** ХХК,

Нэхэмжлэгч:  **** **** **** ХХК,

Нэхэмжлэгч:  **** ХХК,

Нэхэмжлэгч:  **** **** ХХК-ийн тус тус нэхэмжлэлтэй, 

Дампуурсанд тооцож, татан буулгуулахиргэний хэргийг 

Хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, нэхэмжлэгч “Бимекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, **** **** **** хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, Ж.Далай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХКүүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн дампуурсанд тооцож, татан буулгуулах шийдвэр гаргуулах хүсэлт гаргасан,нэхэмжлэгч **** **** татварын **** 23,070,455 төгрөг,  **** **** **** ХХК 21,811,689 төгрөг,  **** хулж ХХК 8,376,280 төгрөг,  **** **** дистрибюшин ХХК 5,286,959 төгрөг,  **** ХХК 2,306,780 төгрөг,  **** **** ХХК 4,282,740 төгрөгийг гаргуулахаар тус компаниас нэхэмжилсэн байна. 

2. **** **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэрээрДампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  **** **** **** **** ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч  **** **** **** **** ХХК-ийн хамгаалалтад авсан тэмдэг болон бусад баримтыг  **** **** **** **** ХХК-д буцаан өгөхийг гүйцэтгэгч Б.Золзаяад даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч  **** **** **** **** ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч **** **** **** ****, **** **** Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,470 төгрөг, нэхэмжлэгч  **** ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,000 төгрөг, нэхэмжлэгч  **** **** дистрибюшин ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,550 төгрөг, нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,971 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, нэхэмжлэгч  **** **** **** ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1148 дугаар магадлалаар **** **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хүсэлт гаргагч /хариуцагч/ **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатхяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“ **** **** **** ****” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тул 2017.12.20-ны өдөр **** **** Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Ингээд шүүхээс 2020.04.14-ний өдөр шүүх хуралдаан явагдаж, 2020.04.14-ний өдрийн 966 тоот шийдвэр гарч, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс 2020.01.22-ны өдрийн 1381 тоот захирамж гарч, “ **** **** **** ****" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц. ****ын дансны баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах захирамж гарсан. Үүний дагуу Ц. **** нь Голомт банкны 2205108240 тоот, Худалдаа хөгжлийн банкны 499229815, 450012282 тоот данснуудыг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Дараах 2 үндэслэлээр уг шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ **** **** **** ****” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц. ****ын хувийн дансаар орсон дэлгүүрийн орлогыг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан хуримтлал үүсгэж байсан байдал нь санаатай дампуурлын шинжийг агуулж байх тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэжээ. “ **** **** **** ****” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх үед банкны тавьсан шаардлагын дагуу дэлгүүрүүдэд ашиглагдах пос машины дансыг компанийн үүсгэн байгуулагч, хувь хүний нэр дээр шинэ данс нээж, пос машин ашиглуулж байсан. Энэ тухай “ **** **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр амаар тайлбар өгсөн. Мөн Голомт банкны 2205108240 тоот, Худалдаа хөгжлийн банкны 499229815, 450012282 тоот данснуудыг анх нээсэн огноо, компанийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаатай таарч байхад шүүх уг тайлбарыг үнэлээгүй. Ц. ****ын хувьд өөрийн ашиглаж байсан хувийн дансыг байгууллагын ашиглах пос машины данстай холбож хувьдаа ашигласан зүйлгүй. Тухайн данснуудад орсон орлогыг 100 хувь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулж, худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж байсан. Гэтэл Ц. ****ын компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан Голомт банкны 2205108240 тоот, Худалдаа хөгжлийн банкны 499229815, 450012282 тоот данснуудын хуулгыг хэрэг шийдвэрлэх гол нотлох баримт болгосон хэрнээ уг дансны зарлага хаана, хэрхэн, юунд зарцуулагдсаныг нотлох баримтаар нотлоогүй, мөн уг асуудлаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас уг дансны гүйлгээтэй холбоотой бусад дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн атлаа зөвхөн гүйлгээний утгын үгэнд ач хол ****ол өгч, үндэслэл бүхий хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Нөгөө талаас хүсэлт гаргагч шүүхэд анх хүсэлт гаргахдаа 2015-2017 оны санхүүгийн тайланг улирал бүрээс гаргаж өгсөн. 2016 оны жилийн эцсийн тайлангаас үзэхэд компани нь 1 тэрбум 375 сая төгрөгийн орлого олсноос 1 тэрбум 152 сая төгрөгийн харилцагч байгууллагуудаас бараа худалдан авахад зарцуулж, 313 орчим сая төгрөгийг үйл ажиллагааны зардал, цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашиглалтын зардал, түрээсийн төлбөр, зээлийн хүү зэрэгт зарцуулж, 90 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Уг 1,4 тэрбум төгрөгийн орлогод Ц. ****ын дансаар орсон пос машины орлого 700 гаран сая төгрөг багтсан бөгөөд тайланд тусгасан байгаа. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой байтал шүүгч нь уг үүргээ хэрэгжүүлээгүй хэт нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслээгүй, хууль бус шийдвэр гаргасан.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “ **** **** **** ****” ХХК-ийн татан буулгаж, дампуурсанд тооцох үндэслэлгүй байна гэжээ. Шүүгч нь хууль хэрэглэх эрх бүхий субъектийн хувьд Дампуурлын тухай хуулийн үзэл баримтлал, үр дагавар, ач хол ****лыг бүрэн дүүрэн ойлгоогүй, Компанийн тухай хууль, Дампуурлын тухай хуулийн уялдаа холбоо, нөхцөлт байдлыг үнэлээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна. Хуулийн этгээд нь өөрөө эрх зүйн харилцаанд бие даасан субъект болдог хэдий ч харилцаанд оролцохдоо төлөөлөх этгээдээр дамжуулан оролцож, дангаараа бие даасан шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй онцлог субъект байдаг. Дампуурлын тухай хууль нь ч мөн адил уг онцлог харилцааны нэг хэсгийг зохицуулсан өвөрмөц хууль. Энэхүү хуулийн зохицуулах харилцаанд компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа бус харин төлбөрийн чадвартай эсэх асуудал нь чухал юм. Харин хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн бол компани дампуурсан, татан буугдсан эсэхээс үл хамааран уг этгээд Компанийн тухай хууль, Иргэний хууль, хол ****ох бусад хуульд заасны дагуу эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа. Тухайн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа нь Дампуурлын тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш юм. Өөрөөр хэлбэл шүүхээс хүсэлт гаргасан компанийг төлбөрийн чадвартай эсэхийг хүсэлтэд хавсаргасан баримт болон шаардлагатай бусад нотлох баримтыг үндэслэн тогтоож, төлбөрийн чадвартай бол хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл төлбөрийн чадваргүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ёстой. Ингээд хэргийг шийдвэрлэхдээ Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтална. Уг хуулийн 33.1-д зааснаас үзэхэд дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана гэсэн нэг л агуулга байгаа. Харин 33.1-д заасан шийдвэрийг гаргахдаа 33.1.1-33.1.3-т заасныг буюу дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлээс аль тохирохыг сонгох учиртай. Харин 33.1.1-33.1.3-т хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэсэн зохицуулалт тусгагдаагүй юм. Хариуцагч “ **** **** **** ****” ХХК-ийн тухайд шүүхэд хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хүлээн авч хэрэг үүсгэсэн, дараа нь шүүхээс төлбөрийн чадваргүй болохыг тогтоож захирамж гарган нэхэмжлэгчдийн анхны хурлыг товлосон байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх санал гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдаагүй юм. Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хол ****ох хуулиас үзэхэд шүүхээс “Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6.  **** **** **** **** ХХК нь2017.12.20-ны өдөр шүүхэд хандан, төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргахдаа ...Компанийн санхүүгийн байдал 2016 оны сүүлээс дэлгүүрийн лангуунууд дүүргэх хэмжээний худалдан авалт хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнтэй холбоотой баримт бичиг, орлого зарлагын гүйлгээ бусад санхүүгийн баримтуудад хяналт хийж үзэхэд компани цаашид үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсон байсан. ...Өглөг, авлагатай байгууллага 2017 оны 06 дугаар сараас эхлэн  **** **** **** **** ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандсан ба манай байгууллага барааны үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч нийтдээ 18 шүүхийн болон арбитрын шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. ...Иймд Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551 дугаар зүйлийн 1551.1, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 5, 7, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу дампуурлыг зарлаж, татан буулгаж өгнө үү...” гэсэн үндэслэл заасан байна. 

7. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  **** **** **** **** ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдоогүй тул түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.4-т нийцжээ. Тодруулбал; 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т зааснаар  **** **** **** ****ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/012410 дугаар захирамжаар тус компанийг чадваргүй болсныгтогтоож, энэ тухай Өнөөдөр сонины 2018.11.16-ны өдрийн 221 дугаарт нийтлэн нийтэд мэдээлэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.5-д заасан ажиллагааг явуулжээ. 

8.1. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчдийн анхны хуралдааныг 2018.12.14-ний өдөр хийх талаар нийтэд мэдээлэлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 21 хоногийн дотор **** **** **** хэлтэс татвар 23,070,455 төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотойгоор “ **** **** **** ХХК-аас 21,811,689 төгрөг,  **** хулж ХХК-аас 8,376,280 төгрөг,  **** **** дистрибюшин ХХК-аас 5,286,959 төгрөг,  **** ХХК-аас 2,306,780 төгрөг,  **** **** ХХК-аас 4,282,740 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. 

8.2. Нэхэмжлэгчдийн хурлын 2019.01.09-ний өдрийн шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүхээс Б.Золзаяаг хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасантай нийцсэн байна. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү тогтоолын 8.1-д дурдсан нэхэмжлэгчдээс гадна “ **** **** **** **** ХХК-д хол ****уулан нийт 132,281,443 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн болон арбитрын 18 шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөс 2,635,868 төгрөг төлөгдсөн, 129,645,575 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

10. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/012410 дугаартай төлбөрийн чадваргүй болсныг тогтоох тухай захирамж гарсан өдрөөс хойш хүсэлт гаргагч болон нэхэмжлэгч байгууллагууд, хэрэг гүйцэтгэгч нар  **** **** **** **** ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан 60 хоногийн хугацаанд, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан 30 хоногийн хугацаанд гаргаагүй болно. 

11. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл, өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэлгээний талаарх санал, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн тухай мэдээллийг хавсаргасан байхыг шаарддаг. 

12. Хэрэг гүйцэтгэгчБ.Золзаяа нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд зохих ажиллагааг явуулж, хариуцагч  **** **** **** **** ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг тус компаниас ирүүлсэн санхүүгийн баримт, хэрэгт цугларсан бусад байгууллагаас ирүүлсэн лавлагааны хариу, хариуцагчийн үйл ажиллагаанд болон санхүүгийн тайланг үндэслэн“...хариуцагч / **** **** **** **** ХХК/-ийн төлбөрийн хэрэгсэл болон өр төлбөрийн харьцаа нь төлбөрийн чадвар хангалтгүй гэсэн үзүүлэлтийг харуулж байна, .../компани/ гадны эх үүсвэргүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй, ...анхан шатны баримтуудыг хэрэг гүйцэтгэгчээс удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй учраас хариуцагчийн тайлагнасан санхүүгийн 2015, 2016, 2017 оны 2 дугаар улирлын тайлан, анхан шатны баримтуудад тулгуурлан санхүү, эдийн засгийн тооцоог хийх, судлах, дүгнэлт, гаргах баримтуудыг харьцуулах боломжгүй байна, ...хариуцагч байгууллагын удирдлага хэвийн ажиллах нөхцөл байдлыг хангах талаар санаачлагатай ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлыг засах, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй, ...хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон үндсэн шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон, ...өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ аваагүй нь удирдлагын үйл ажиллагаанаас шууд хамаарсан, ...шүүхийн 18 шийдвэр байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрч байгаа нь удирдлагын зүгээс шүүхэд дампуурлын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлүүлэх хүсэл сонирхол байсныг үгүйсгэхгүй... гэж дүгнэсэн байна. 

12.1. Энэ тогтоолын 12-т бичигдсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.3-т заасан тусгагдвал зохих хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүхээс түүнийг үндэслэснийг буруутгах боломжгүй. 

13. Анхан болон давж давж заалдах шүүх Б.Золзаяагийн шүүхэд ирүүлсэн **** **** **** **** ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц. ****ын эзэмшлийн Голомт банк дахь 2205108240 тоот дансаар 2015.11.18-ны өдрөөс 2017.06.30-ны өдрийн хооронд 116,857,679 төгрөгийн орлого орж, 116,849,647 төгрөгийн зарлага гарсан,Худалдаа хөгжлийн банк дахь 499229815 тоот дансаар 2014.11.01-ний өдрөөс 2017.06.30-ны өдрийн хооронд нийт 508,840,576 төгрөгийн орлого орж, 508,838,486 төгрөгийн зарлага гарсан, мөн банк дахь 450012282 тоот дансаар 2014.11.01-ний өдрөөс 2017.06.30-ны өдрийн хооронд нийт 88,263,399 төгрөгийн орлого орж, 88,263,399 төгрөгийн зарлага гарсан баримтуудыг компанийн үйл ажиллагаатай хамааралгүй гэж үзэх боломжгүй, Ц. ****ын дансанд орсон компанийн мөнгөн хөрөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулах, хуримтлал үүсгэх зэргээр захиран зарцуулсан үйлдлийг компанийг санаатай дампууруулах шинжийг агуулсан гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

14. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-33.1.3-т зааснаар хариуцагч өөрөөхариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчидхэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт шүүхэд ирээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана. 

Хуульд заасан гол урьдчилсан нөхцөл бий болоогүй байхад хуулийн этгээдийг дампуурсанд тооцох, улмаар татан буулгах шийдвэр гаргах нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан зохицуулалтыг зөрчинө. 

15. Дээр дурдсанаар хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд  **** **** **** **** ХХК-ийг дампууруулах үндэслэл үүсээгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв. 

16. Анхан болон давж заалдах шатны шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хуулийг зөрчөөгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлт, хууль хэрэглээ оновчтой болсон, шийдвэр гаргасан үндэслэлээ тодорхой дурдсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. **** **** Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00966 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1148 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,хүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатынгаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаахүсэлт гаргагч /хариуцагч/  **** **** **** **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД