| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03939/И |
| Дугаар | 184/ШШ2020/00750 |
| Огноо | 2020-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/00750
2020 оны 03 сарын 05-ны өдөр Дугаар 184/ШШ2020/00750 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б /рд:П/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.О /рд:О/-д холбогдох
Гэм хорын хохиролд 2,831,980 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Атар Өргөө” ХХК-ийн урд замаар явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явахдаа Тоёота алион маркийн 33-88 УНЦ улсын дугаартай машинд мөргүүлсэн. Жолооч Ш.О нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх эмчилгээний зардал болох 1,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан боловч 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс дахин өвдөж Хан-Уул Дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Энх-Ундарга эмнэлэг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Люкс мед эмнэлэг болон Таны Төлөө Бид эмнэлгүүдэд үзүүлж, оношилгоонд орж, хэвтэн эмчлүүлсэн ба 2 сар гэрээр хэвтрийн дэглэм сахиж, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Иймд 2 сарын хугацааны цалингийн алдагдал 1,600,000 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, уг баримтыг дахин гаргуулсны 5,000 төгрөг, баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсний төлбөр 11,300 төгрөг, архиваас баримт гаргуулсны 17,000 төгрөг, томографын шинжилгээ хийлгэсний төлбөр 500,000 төгрөг, хэвтэн эмчлүүлсний төлбөр 200,000 төгрөг, шинжилгээ хийлгэсний 53,700 төгрөг, эм худалдан авсны 344,780 төгрөг, бензин худалдан авсны 30,000 төгрөг, нийт 2,831,980 төгрөгийг Ш.О-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.О нь Н.Б-од эмчилгээний зардал, бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа хэлдэг. 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 17.30 цагийн үед авто тээврийн осол гарган иргэн Н.Бын биед гэмтэл учруулсан гэдэг үйл баримтын тухайд бид маргаагүй. Үүний дагуу Ш.О-өд захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдсан. Осол болсны дараа 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 220,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 67,250 төгрөг, бэлнээр 1,500,000 төгрөг нийт 1,787,250 төгрөгийг өгсөн. Тухайн үед Н.Б нь эмчилгээний зардал 1,300,000 төгрөг болсон үүнийг өгвөл ямар нэгэн гомдолгүйгээр энэ хэргийг дуусгавар болгоё гэсний дагуу Ш.О нь 1,500,000 төгрөгийг өгсөн. Өмнөх зөрчлийн хэрэгт нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлсэн гэх баримтыг хавсарган өгсөн байсан. Шинжээчийн дүгнэлтээр Н.Бын биед тархи доргилт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэх онош тогтоогдсон байсан. Н.Бын гаргаж өгсөн баримтаас харахад хариуцагч Ш.О нь эмчилгээний зардалд түүнээс илүү мөнгө өгсөн нь харагдана. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт нь нэхэмжлэгчийн биед учруулсан гэмтэлтэй хэрхэн яаж холбогдох талаар шалтгаант холбоо байхгүй. Мөн нэхэмжлэгч нь маш олон эмнэлэгт үзүүлсэн гэх боловч яг ямар шалтгааны улмаас нэхэмжлэлд дурдагдсан эмнэлэгт үзүүлсэн нь тодорхой бус, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар тогтоогдохгүй байна. Н.Б өөрөө эмнэлэгт ажилладаг эмч хүн юм байна лээ. Энэ утгаараа гаргаж өгсөн баримт нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 2,831,980 төгрөг шаардсаныг хариуцагч Ш.О бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч ослын улмаас 2 сарын турш ажилгүй байсан хугацааны цалин 1,600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг банкнаас нөхөн гаргуулсан 5,000 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн 11,300 төгрөг, архиваас баримт гаргуулсан 17,000 төгрөг, томографын шинжилгээ 500,000 төгрөг, хэвтэн эмчлүүлсэн 200,000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 53,700 төгрөг, эм худалдан авсан 344,780 төгрөг, бензин худалдан авсан 30,000 төгрөг, нийт 2,831,980 төгрөгийг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад 1,787,250 төгрөг төлсөн, гарсан зардал ослын улмаас болсон нь тогтоогдохгүй хэмээн мэтгэлцжээ.
Хариуцагч Ш.О нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 33-88 УНЦ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Быг мөргөн биед хөнгөн гэмтэл буюу тархи доргилт, баруун зулайн хуйх, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 640 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба талууд энэ талаар маргаагүй байна. /хх-3-4/
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед 1,351,200 төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. /хх-71-74/ Зөрчлөөс учирсан хохиролд Ш.О 1,787,250 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 1,720,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзсан боловч нэхэмжлэгч Н.Б 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцохдоо 1,787,250 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-65/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.
Шаардах эрх хангагдах үндсэн нөхцөл бол нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх явдал юм. Өөрөөр хэлбэл, гарсан зардал нь ослоос авсан гэмтлийг эмчлэхэд чиглэгдсэн бөгөөд өвчний онош, эмчийн бичиж өгсөн эмчилгээ, сувилгааны заалттай нийцсэн байхыг шаардана.
Шалтгаант холбооны зарчим, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед гарсан зардалтай давхцаагүй байх, эргэлзээгүй баримтаар тогтоогдсон зэрэг нөхцөлийг харгалзан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
- Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр компьютер томографийн шинжилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгээр бичсэн заалтын дагуу хийлгэсэн гэж үзэх үндэслэлтэй тул 500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. /хх-11, 42, 74/
- Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр яаралтай түргэн тусламжаар дотор муухайрах, бөөлжих, таталт өгөх зовиураар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, улмаар Энх-Ундарга эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлсний зардал болох 200,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. /хх-10, 40-41, 46/
- Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь нэхэмжлэгч учирсан хохирлоо арилгуулах гарах шууд зардалд хамаарах тул гаргуулах үндэстэй. /хх-7-8, 15/
- Нэхэмжлэгч нь ослын улмаас хөнгөн гэмтэл авсан байсан ба хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. Мэдрэлийн эмчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн эмчилгээ, сувилгааны заалтад “хэвтрийн дэглэм сахих шаардлагатай” гэх боловч хугацааг заагаагүй байна. /хх-42/
Түүнчлэн нэхэмжлэгч “Клемент мед” ХХК-д 2014 оноос лабораторийн эмчээр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эмчилгээ хийлгэн, акттай байсан тухай байгууллагын тодорхойлолтыг хэрэгт гарган өгчээ. Хэрэв нэхэмжлэгч ослын улмаас үүссэн өвчний онош, эмчийн заалтаар 2 сарын турш эмчилгээ хийлгэсэн тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид хамрагдах үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан тохиолдолд түүнд учирсан хохирол нь авбал зохих цалингаас тэтгэмжийг хассан дүнгийн хэмжээгээр байх учиртай. /хх-8, 106/
Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид хамрагдсан эсэх тухай баримтыг гарган өгөөгүй, эмчийн заалтаар 2 сарын турш хэвтрийн дэглэм барих шаардлагтай гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг 2 сарын цалингийн хэмжээгээр хохирсон гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд ажилгүй байсан хугацааны зардалд 1,600,000 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй.
- Хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох хэдий ч улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахад төлсөн 5,000 төгрөгийг зайлшгүй зардал хэмээн үзэхгүй. Түүнчлэн баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн 11,300 төгрөг, архиваас баримт гаргуулсан 17,000 төгрөг, бензин худалдан авсан 30,000 төгрөгийг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-13-15/
- Шинжилгээ хийлгэсэн 53,700 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан боловч ослын улмаас авсан өвчний оношийг тодруулах зорилготой, эмчийн заалтыг үндэслэн хийлгэсэн болох нь тогтоогдохгүй байна. /хх-13/
- Худалдан авсан эм нь ослын улмаас үүссэн өвчнийг анагаахад чиглэсэн эмчийн заалтаар худалдан авсан тохиолдолд шалтгаант холбоотой гэж үзнэ. Гарган өгсөн баримтаас үзэхэд нольпаза гэх ходоод, улаан хоолойн өвчний эм худалдан авсан, бусад эм тариа нь эмчийн заалтаар худалдан авсан болох нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул эм худалдан авсан 344,780 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхив. /хх-10-12/
Дээр дурдсан үндэслэлээр нийт 770,200 төгрөгийн зардлыг төлүүлэх үндэслэлтэй боловч захиргааны хэрэг бүртгэлтийн явцад төлсөн 1,787,250 төгрөгөөс баримтаар тогтоогдсон 1,351,200 төгрөгийн зөрүү 436,050 төгрөгийг төлүүлбэл зохих 770,200 төгрөгөөс хасан тооцох нь зүйтэй. Эрүүл мэндэд учирсан хохирол нь баримтаар тогтоогдсон байвал зохих ба харин бусдаас хөрөнгө олж авах шалтгаан болох ёсгүй юм.
Иймээс хариуцагч Ш.О-өөс 334,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бод олгон, үлдэх 2,497,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн ба зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Оөөс 334,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-од олгон, үлдэх 2,497,830 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР
ШҮҮГЧ А.ЭНХТӨР