Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/813

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2023       8        15                                2023/ШЦТ/813

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би даргалж,

нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

улсын яллагч С.Бичинхүү,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунбат,

хохирогч “Натурал грийн фүүдс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

хохирогч Х.Г /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905004680177 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, “Даадаа групп” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 3 гудамж, 103в тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 901 дүгээр байр 109 тоотод оршин суух, урьд

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хураан, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хуулийн тэгшитгэлд хамрагдан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 435 дугаартай захирамжаар суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг бүрэн эдэлж дуусгавар болгосон, Б.Д, Регистрийн дугаар: ***********/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Д нь

-Иргэн О.Б, Н.Х нартай танилцаж, тэдэнд “би хамар Ганболдтой найз, наадах чинь Төмөрлөгийн үйлдвэрээс гарахдаа 150 тн арматур аваад гарсан гэсэн, би чамд 1 тн төмрийг нь 1,500,000 төгрөгөөр аваад өгөх үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бичиг баримт ашиглан хуурч, О.Биас “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаарын данс руу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 330,727,600 төгрөг шилжүүлснээс 200,727,600 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирогч О.Бд 200,727,600 төгрөгийн,

-“Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Х.Гы Хан-Уул дүүрэг дэх Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн 10,310,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 450014142 дугаартай дансанд шилжүүлэн авч хохирогч Х.Гд 10,310,000 төгрөгийн,

-“Стандартын дагуу бэлтгэсэн чанарын шаардлага хангасан 100 тонн адууны түүхий махыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд иргэн Ч.Цын Ц.Янпилаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/11-15 тоотоос шилжүүлсэн нийт 96,520,000 төгрөгийг өөрийн “Даадаа групп” ХХК-ийн Хаан банкны 5173154843 дугаарын дансаар шилжүүлсэн авч Ч.Цад 96,520,000 төгрөгийн,

-2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Натурал грийн фүүдс” ХХК-ийн захирал Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Бао Дэ гэгчид “Монгол Улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 150 тонн адууны мах экспортлож өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Халгайтын 2 дугаар гудамжны 88 тоотоос ажлын хөлсний урьдчилгаа 57,650,000 төгрөгийг “Даадаа групп” ХХК-ийн 499260746 тоот дансаар шилжүүлэн авч 57,650,000 төгрөгийн,

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат иргэн Х.Дг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт оторлож явах үед нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортлож байгаа хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 498 тооны хонь, 200 тооны ямааг худалдан авах нэрийдлээр залилан мэхэлж улмаар 66,820,000 төгрөгийн,

-Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Долгорбаярыг “Таван толгой түлш” ХХК-иас зарласан хүнс нийлүүлэх тендерт оролцуулна, тендерийн хорооны гишүүн” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 19,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Иргэн Ё.Баас “Монгол Ардын намын шугамаар цахилгаан түгээх станцын салбарт удирдах албан тушаалтнаар томилуулж өгнө, намд хандив өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд өөрийн болон бусдын дансыг ашиглан 72,200,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу бусдаас нийтдээ 523,727,600 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.

Энэхүү хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүү 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 321 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1905004680177 дугаартай эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч С.Бичинхүүгээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатаас: “Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж хохирол нөхөн төлүүлэх байр суурьтай оролцоно. 4 хуудас баримт гаргаж өгнө. Энэ нь шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ зарцуулан зардлын баримт байгаа” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс: “Миний үйлчлүүлэгч зарим үйлдэл дээр гэм буруугийн талаар маргаж байгаа, тиймээс маргаж байгаа үйлдлийн тухайд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор цагаатгах байр суурьтай оролцоно. Зарим үйлдлийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.

Мөн хохирогч О.Б “...Би Даадаа группд нийтдээ 330,727,600 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 107,250,000 төгрөгийн 65 тн арматур төмөр авсан. Бодит хохирол нь 223,477,600 төгрөгийг авахаар нэхэмжилж байгаа. Нийт надад учирсан хохирол мөнгө нь 461,993,749 төгрөг болж байгаа. Шүүгдэгч Б.Дд мөнгөө өгч алдсаны улмаас 3 хүнтэй 2.5 хувийн хүүтэй гэрээ хийж 150,600,000  төгрөгийг зээлээр авсан. Авах үндэслэл нь яалтчгүй би бүх мөнгөө өгөөд алдсан учир барилга зогсонги байдалтай байсан. Зээл аваад 24,100,000 төгрөг төлсөн. Шүүх хурал зарлагдсанаас хойш нааш цааш явсан зардал гарсан. 5 жилийн хугацаанд миний дутуу баригдсан барилганаас үл хөдлөх хөрөнгийн татвар гээд 63,000,000 төгрөгийн хохирол үүсээд байгаа. 8 дугаар сарын 01-нээс миний бүх данс битүүмжлэгдсэн. Энэ хэрэг үүсэх нөхцөл нь П гэх хүнийг таньдаг байсан. П прокурорын туслах болохоор нь итгэсэн. П хэлэхдээ Д манай найз байдаг. Хүрэлсүхийн хуурай дүү. Уул уурхай дээр дэд сайд болох гээд бэлтгэгдэж байгаа. Хууль сахиулах байгууллагад ажилладаг хүнд хэн байсан ч итгэнэ. П тэр хүн Дарханд ирэх гэж байна. Дарханд ирэхээр нь биечлэн уулзъя гэсэн. Тэгээд П би манай охин бид 3 явсан. Гэрээ хийх болсон бичиг баримт надад байхгүй байсан учир охиноороо хийлгэсэн. П гэрээг гараараа бичсэн. Би тэр гэрээн дээр гарын үсэг зураагүй. Мөнгө шилжүүлэхээс өмнө Паас асуусан. Мөнгө шилжүүлэх нь хэр баталгаатай вэ? гэхэд баталгаатай гэсэн. Мөнгө шилжүүлэхээс өмнө шүүгдэгч Б.Д хэлэхдээ мөнгө чинь бэлэн бол бүх зүйл бэлэн асуудалгүй гэдэг. Мөнгө ороод ирэхэд төмөр ачихад бэлэн гэсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш оочер дугаар гэж байдаг та эрт мөнгөө өгсөн бол эрт таны дараалал болно. Та одоо мөнгөө өгчихөөд одоо ачигдана гэж байхгүй. Ингэж хүлээгээд 10 гаруй хоног болсон. Зарим арматур нь Дарханд байдаг. Зарим нь байдаггүй. Үлдсэн байхгүй арматурыг Улаанбаатраас татаад авсан нь дээр юм байна гэсэн. Тэгэхэд П миний таньдаг хүн байгаа тийшээ яриад холбоод өгье гэсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэх гэтэл Б.Дгийн данс гарч ирсэн. Б.Дгийн данс байна болох юм уу гэхэд холбогдох хүнийг нь Б.Д мэдэж байгаа гэсэн. Тэгээд дараагийн мөнгөө шилжүүлсэн. Тэгээд эхний вагон арматур ачигдсан. ...Төлбөрөө хийнэ үү, вагонд ачигдсан байна гэсэн. 30,000,000 төгрөг дутаад байна гээд тээврийн зардалдаа авсан. Улаанбаатар хотод ирээд Б.Дтэй уулзсан. Бид хоёр Улаанбаатар менежмент дээр очсон. 2 давхарт гараад хүнтэй уулзаад ирье гэсэн. Би үүдэнд нь хүлээсэн. Удалгүй гарч ирээд вагоныг чинь ачуулаагүй байна. Мөнгө шилжүүлсэн байна гэж хэлсэн. Тэгээд төмөр зам дээр очиж явах зардлыг нь асууя гэсэн. Дараа нь ажил дээр очоод гэрээ хийе гэсэн. Тэгээд та надад 180,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Одоо үлдэгдэл нь 340,000,000 төгрөг байна. Надаас бэлэн тээврийн зардал 900,000 төгрөг авсан. Та энэ мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгээд Б.Д Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй утсаар ярьсан. 65 тн арматур ачигдсан уу гэж лавлаж асуухад ачигдсан гэж хэлсэн. Хаана явж байгаа вэ, энэ хүн миний ажил дээр ирчихсэн байна, гээд Салхит өртөөн дээр байна. Маргааш очно гэнэ гэсэн. Дараа нь бас Птай утсаар ярьж бүх зүйлийг тайлбарлаж хэлсэн. Тэгээд маргааш нь асуусан Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь яасан бэ, гэхэд очиж байгаа гэж уурласан. Улаанбаатар нь яасан бэ гэхэд ачигдсан гэж хэлсэн. Тэгээд хүлээсэн хоёулаа худлаа болсон. Тэгээд Птай холбогдоход наад хүн чинь миний гараас гарахгүй гэдэг юм ярьдаг. Гэрт нь хайсаар байгаад ирсэн. Эмэгтэй дүү нь бололтой хүн байсан. Б.Дгийн гэр мөн үү гэхэд мөн гэсэн. Тэгээд гэрт нь ороод хүлээсэн. Би ахад чинь мөнгөө алдчихаад явж байна, уулзчихаад явья гэсэн. Тэр эмэгтэй дүү нь манай ах мөнгөтэй тань шиг хүнээс мөнгө авахгүй гэсэн. Тэгэхэд 2 залуу орж ирээд гар гэсэн. Эгч нь мөнгөө алдчихаад авах гэж байгаа хүн байна. Айл дээрэмдэх зорилготой орж ирээгүй гэсэн. Дараа нь 2 цагдаа ороод ирсэн айл яагаад хүндрүүлээд байгаа юм бэ гэсэн. Би үнэнээ хэлсэн. Удаагүй Б.Д гаднаас 2 залуутай орж ирээд надаас мөнгө нэхлээ гэж уурлаад гал тогооны өрөөнөөс хутга аваад ороод ирсэн. Нөгөө 2 залуу нь хутгыг нь болохгүй гээд авсан. Намайг айлгасан уу? алах гэж байсан уу? мэдэхгүй. Уламбаяр гэх хүнд мөнгийг чинь алдчихаад байна. Мөрийтэй тоглоомчин, луйварчин байсныг нь мэдээгүй. Тэгээд ээж дээр нь очоод уулзахад 2 өрөө байр, машиныг зараад ав гэсэн. Би хүний мэдэлд байгаа зүйлийг мэдэхгүй. Тэр арматур төмрийг чинь П авсан. Чамайг хэнч биш юуч биш болгож чадна гэх мэтээр намайг үг хэлүүлэхгүйгээр загнаж хашгирсан. Одоо ингээд яв 10 сарын ихээр хятад хүмүүс ирнэ. Тэндээс би махны мөнгө авна тэгээд мөнгийг чинь өгье. Тэр болтол чимээгүй явж бай гэсэн. 11 сард утас дуугарсан. Данс руу чинь мөнгө хийх гэж байна гэсэн. 50,000,000 төгрөг явуулна гэсэн. Би баярлаад хөдөөнөөс орж ирээд Голомт банк дээр ирсэн. Мөнгө нь орж ирээгүй. Тэгээд хэлсэн чинь 2,3 цагийн дараа орно гэсэн. Хүүхдийн зууд байдаг Голомт банкны салбар дээрээс Ариунзаяа гэх охиноор шилжүүлсэн. Тэгээд олоод авахгүй гэсэн. Би очиж асуухад ямар ч тийм зүйл байхгүй байсан. П руу утсаар ярьсан. Нэг вагон арматурыг чамайг авсан гэж хэлсэн. Тэгэхэд худлаа ярьж байна. Наад хүн чинь шоронд байхад нь гаргаж авч чадсан буцаагаад хийж чадна гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад өгөхөөс өөр аргагүй болсон. Цагдаад өгөөд удаагүй байтал би өөрөө дуудагдсан. 65 тн арматурын мөнгийг буцааж өгөхөөр би өртэй болсон. Өрийн дарамтад орсон. Зарах гэхээр зарж чадахгүй. 5 жилийн хугацаанд хэцүү байдалтай байна...” гэж,

Хохирогч Х.Г “...2019 онд анх уулзсан. 10,300,000 төгрөгийг ажил бүтээж өгнө гэж хэлэхэд нь өгсөн. 3,500,000 төгрөг авсан байгаа...” гэж,

Хохирогч “Натурал грийн фүүдс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “...Манайх Натурал Грийн фүүдс гээд Сонгиохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэлийн үйлдвэр байгаа. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Даадаа групптэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. 300,000 кг адууны махыг гаргана гэх гэрээ байдаг. Эрдэнэтөгс гэх өмнө нь хамтарч ажиллаж байсан. Махны кодтой зөвшөөрөлтэй ийм компани байна гэсэн. Даадаа группын оффис дээр манай захирал Эрдэнэтөгс нар очиж уулзаад энэхүү гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 57,650,000 төгрөгийг Даадаа группын Худалдаа хөгжлийн банкны 499260746 тоот данс руу шилжүүлсэн. Бид Б.Дгээс хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна” гэж,

Шүүгдэгч Б.Д: “...Иргэн Б гэдэг хүний мэдүүлэг нь энэ бүх хавтаст хэргийн эхлэл нь байгаа. Энэ хүний мэдүүлэг дээр зарим нэг худлаа зүйл байгаа. Анх надад Орхон аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.П гэдэг хүн надтай фэйсбүүк чатаар холбогдож байсан. Манай нэг найз байгаа, надтай холбоотой хүн барилга барьж байгаа гэсэн миний дүү арматур өгөөч гэдэг хүсэлт надад тавьсан. Би арматур мэдэхгүй, танайх Дундговь аймагт барилга барьж байгаа, танайхыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гэрээнээс олж харлаа арматур төмрийг шийдэж өгөх боломж байна уу, надад туслаач гэсэн хүсэлт тавьсан. ...Тэгээд бид нар Дархан хотод очиход орой уулзсан. Тэр үед анх Бийг харсан. Б, Хонгорзул, П 3 ирсэн. П гэдэг хүн Хонгорзул Даадаа групп хоёрын хооронд хийж байгаа гэрээг а4 бичгийн цаасан дээр буулгаж би тамга дарж, Хонгорзул иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргаж гарын үсгээ зурсан. Тэгээд энэ 3 хүн буцаж явсан. Би маргааш нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ажиллаад гэрээгээ баталгаажуулаад Даадаа группийн Голомт банкны данс болох 1415124948 гэдэг данс руу Хонгорзулаас 180,000,000 төгрөг 2 хуваагдаж 90,000,000 төгрөгөөр 2 удаа орж ирсэн байдаг. Түүнээс би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тохирсон хүмүүстээ 90,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд 90,000,000 төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гэрээг баталгаажуулаад, шууданд хийж явуулсан. Үүнээс хойш 9 хоногийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхний нэг вагон арматурыг Эрдэнэт хот руу хүргүүлсэн. Энэ вагоны зардал 475,000 төгрөг болсон байдаг. ...Энийг нь би Улаанбаатар төмөр зам, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зохих дансанд шилжүүлж, вагоныг Эрдэнэт хотод хүргүүлсэн. 2 хоногийн дараа Хонгорзул над руу яриад Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ирсэн арматур төмөр дутуу ирлээ гэдэг зүйл хэлсэн. Тэгээд би Дарханы төмөрлөгийн үйлдэрийн Цолмон гэдэг хүн рүү ярьсан. Тэгэхэд би тань руу эргээд холбоо барья тийм зүйл байхгүй гэдэг зүйлийг хэлсэн. 30 минутын дараа над руу ярьсан. Бид ажлын хэсэг гаргахаар болсон. Танай барилгын талбай дээр очиж шалгая та байгаа юу? гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод байна. П гэдэг хүн хүлээж авна гэж хэлээд явуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ажлын хэсэг удахгүй очсон байх. Птай барилгын талбай дээр арматурыг тоолсон. Ямар нэгэн зөрүүтэй зүйл гараагүй байсан. Улаанбаатар төмөр зам ч хэлсэн, Дарханы төмөрлөгийн үйлдэр ч хэлсэн бүгд стандартын дагуу байна. Захиалагч компанийн хүн нь буруу тоолжээ, туршлагагүй хүн байсан гэдэг тайлбарыг Хонгорзул, П хоёр надад хэлсэн. Үүнээс хойш дараагийн арматурыг явуулах ёстой байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс холбогдоод бид арматур нийлүүлэх боломжгүй болсон гэж хэлсэн. Мэдээж бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа учраас миний хэлсэн үг биш П энэ хоёр хүний хооронд ярьсан яриа юм шиг байна лээ. ...Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн холбогдох хүмүүстэй өөрийн компанийн нэрээр гэрээгээ хийсэн. Тухайн гэрээнд график байгуулж авах, өгөх зэрэг зарим асуудал дээр яг тохиролцсон зүйл байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гэрээ хийхдээ Б гэх хүнд арматур төмөр нийлүүлнэ гэдэг зүйл дурдаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс Даадаа групп арматур төмөр 1,375,000 төгрөгөөр худалдаж авна гэсэн гэрээ байсан. Тэр арматурыг цааш нь би хэнд яаж өгөх асуудал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал биш. Тийм учраас би гэрээний дагуу үүргээ гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс энэ хүн танай компанитай холбоогүй хүн байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр надад тоот дүнгээс 3 хувийн хөнгөлөлт өгсөн. Дээрээс нь манайтай гэрээ хийсэн захирлын 2,5 хувийн хөнгөлөлт өгсөн. Нэмээд надад зах зээлийн ханшнаас 5.5 хувийн хөнгөлөлттэйгээр нийлүүлсэн. Би тэр хөнгөлөлтөөс ашиг олох боломжтой гэсэн тооцоог хийсэн. Тэгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс манай арматурыг дамлаж байгаа юм байна гэдэг асуудал ярьсан. Б гэдэг хүн Эрдэнэт хотод мөнгө хүүлдэг үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шүүх дээр асуудал нь очсон. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын нэг нь энэ хүнтэй мөнгөний асуудалтай байсан юм байна. Надаас өмнө нь энэ Б гэдэг хүн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур авах гээд хөөцөлдөхөөр өгдөггүй байсан. Б гэдэг хүний арматур авъя гэсэн санал хүсэлтүүд байна. Гэтэл та гарч ирээд аваад өгчихсөн. Манай ажлын хэсэг Эрдэнэт хотод очиж таны дутуу байна гэдэг санал дээр очиж ажилж ирээд захиралд хэлсэн байна. Ингээд танайхтай цаашид арматур нийлүүлэхгүй гэдэг асуудлыг хэлсэн. Тэгвэл өгсөн мөнгөө буцаагаад авчихъя. Наад хүмүүсээс чинь мөнгө авсан байгаа гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр учраас Сангийн яам буцааж мөнгө гаргах асуудлыг шийднэ гэж ажилтан нь хэлсэн. Гэвч бид нар гэрээг цуцлах асуудлыг амаар мэдэгдсэн боловч бичгээр хийсэн зүйл байхгүй. Үүний дараа Бтай уулзсан тэгэхэд тийм зүйл байхгүй гэж хэлсэн. ...Тэгээд би Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү албан бичиг явуулсан. Хавтаст хэрэгт мейлээр явуулсан албан бичиг байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхний удаад явсан 165,000,000 төгрөг, тэрнээс Бь бид хоёрын хооронд хийсэн 139,000,000 төгрөг арматур нийлүүлээд үлдэгдэл мөнгөө эхний татсан вагоноос авья дээрээс нь 5.5 хувийн хөнгөлөлт эдэлчихсэн учраас 165,000,000 төгрөгийн нөатын баримт буцаалт гэж шивэх ёстой байсан. Одоо болтол тэр нөатын баримт шивэгдээгүй. Ийм 3 хүсэлт бичсэн албан бичиг Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү явуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэрээ цуцалсан бид танайд одоогоор нийлүүлэх боломжгүй байна. Цаашид судалж үзье гэсэн хариу ирсэн. Буцаад би хуулийн байгууллагаараа нөатийн баримтаа шивээд баталгаажуулчих, хийсэн гэрээний дагуу үлдэгдэл шилжүүлсэн мөнгийг болон бэлнээр авсан мөнгийг буцааж явуулаач гэдэг хүсэлт явуулсан. Би Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү мейлээр хоёр удаа албан бичиг явуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр сүүлийн албан бичиг дээр хариу өгөөгүй. Тэгээд П, Б нартай хэрүүл болоод сүүлдээ би яахаа мэдэхээ байсан. Нэгэнт ийм зүйл яригдаад болсон зүйл ойлгомжтой байгаа тул Орхон аймгийн иргэний шүүхэд хандсан. Энэ гэрээг хүчингүй болгосон тул өгсөн авснаа буцаая. Дарханы төмөрлөгийн үйлдвэр танайх манайхаас мөнгө авна гэвэл эхний ачуулсан арматур төмрөө буцаагаад өгчих тэгээд тооцоогоо дуусгачихъя гэдэг санал Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гаргасан. Билгүүн гэдэг хуульч манай асуудлыг шийдэж байгаад өгсөн авснаа буцаах шийдэлд хүрсэн. Тэгээд 10 билүү 11 сард Орхон аймгийн иргэний хэргийн шүүхэд манай компани гомдол гаргасан. Хонгорзул хүнтэй гэрээ хийсэн. Нотлох баримтуудад нь гэрээ болон мөнгө шилжүүлсэн баримт зэрэг байсан. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь захиалагч талын буруутай үйл явдлаас болоод ийм нөхцөл байдалд орлоо. Тийм учраас гэрээг хүчингүйд тооцоод өгсөн авснаа буцаая. Тухайн үед манай компани махны экспорт болон дотоодын үйл ажиллагаа хэвийн явж байсан болохоор 300,000,000 төгрөг гаргахад бэлэн байсан. Анх хэдэн төгрөг яаж авч байсан санхүүгийн баримтуудыг даараалалтай нь гаргаж өгч байсан. Экспортод гарсан мах жил болгон улсын статусын тоонд бүртгэгддэг учраас жил болгон заавал мах нийлүүлэх үүрэгтэй. Тухайн үед энэ асуудлыг шийдэгдсэн бол бид өгсөн авсанаа буцаагаад ямарч асуудалгүй дуусах боломж байсан. 4 удаагийн шүүх хурал болсон. 3 удаагийн шүүх хурал болоод явж байхад Б Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Энэ гомдол дээр нь хэрэг үүсчихсэн байгаа учраас Орхон аймгийн иргэний хэргийн шүүх хэрэг нэгтгэх нь зөв юм байна гэсэн. ...Би таньд арматур аваад өгье гээд өөрөө гуйж очоод мөнгийг нь авчихсан юм шиг яриад байна. Би санаатай зориудаар энэ хүмүүсийн мөнгийг авсан асуудал байхгүй. Би сайн хандаж тусалъя гэдэг үүднээс хандсан. Баянгол дүүргийн цагдаагийн Одхүү мөрдөгч дээр 3 удаа мэдүүлэг өгсөн. Болсон бүх үйл явдлыг ярьсан. Одхүү мөрдөгч өөрөө ажил дээр ирээд шалгаад явсан. Бтай мөнгийг нь өгнө гэдгээр уулзахад чи чадахгүй, бүтэхгүй худлаа гэдэг. Одхүү мөрдөгч та мөнгийг нь өгчих гэхэд надаас илүү мөнгө нэхсэн. ...Тэгээд анх энэ хэрэг дээр П бид хоёрыг яллагдагчаар татсан. Бид хоёр яллах дүгнэлттэй танилцаад авсан. Хэсэг хугацааны дараа Улсын ерөнхий прокуророос шуудангаар надад бичиг ирсэн. Пыг яллагдагчаар татсан тогтоолоос түтгэлзлүүллээ гэсэн бичиг ирсэн. Пыг чөлөөлөхөд нь би гомдол гаргасан. Надад хариу ирээгүй. Хавтаст хэрэгт миний өгсөн гомдол байхгүй. П надаас мөнгө төгрөг аваад энэ хүмүүстэй гэрээ хийлгэсэн асуудал байхгүй. Нутгийн хүн учраас яалтчгүй тусалсан. Дараагийн хүн нь Хосбаяр /Х.Гтай холбоотой/ гэдэг хүн би танихгүй. Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн асуудал байгаагүй. Энэ нь ковидын хоёр дахь үеийн хөл хорионы үед манайх хөдөө аж ахуйн сайдаас үүрэг даалгавар аваад улсын онцгой комиссд мах нийлүүлж байсан. Салбар яамнаас ирсэн бичиг нь байгаа. Төв аймагт Ганхуяг гэдэг манай найз байдаг.  Заамрын уурхай дээр олборлоод орхисон шороо байгаа. Тэрэн дээр бид нар ажилах гэж байгаа намайг туслаач гэсэн. Би хамтарч ажиллахаар болоод 15,000,000 төгрөг гаргаж өгсөн. Гэтэл тэр газар нь газраа ашиглуулахгүй гэсэн. Хосбаяр нь надаас мөнгөө нэхсэн. Би бүгдийг нь буцаагаад өгсөн. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс Адьяа гэдэг мөрдөгч дээр шалгагдаад нотариатаар гэрээ байгуулсан. Нотариатаар батагаажуулсан гэрээний хавсралт байгаа. 3,500,000 төгрөг үлдсэн байсан. Би оффис дээр дагуулж ирээд мөнгийг нь бэлэн тоолж өгсөн. Дараа нь эхнэр нь над руу яриад мөнгө нэхсэн. Би тэр үед нь мөнгийг нь өгсөн гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс нь хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ санаатай болон санамсаргүйгээр зарим зүйлийг байхгүй болгочихдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. “Натурал грийн фүүдс” ХХК-ийн Эрдэнэтөгс манай дээр ирж уулзсан. Хятадад ковид гараад манайхаас экспортод гарч эхлэх гэж байхад он сарыг нь санахгүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх махны компанийг дуудсан. Нэг өдөр нэгэн зэрэг Монголоос экспортод гарах бүх махыг ач гэсэн үүрэг даалгавар Хөдөө аж ахуйн сайд өгсөн. Манай компанийн агуулахад 10 машин мах байсан. Бид нар 10 машин махаа ачуулсан. Нэг өдөр зэрэг хэлсэн болохоор тээврийн зардлын үнэ өссөн байсан. Хилээр гарах гэсэн хүлээгдэх шаардлагатай болсон. Тэгээд 5 машин нь буцаж ирсэн. Энэ хүн ирээгүй. Тэр хятад хүн нь орчуулагчтайгаа ирсэн. Манай компанийн бүх бичиг баримтыг үзсэн. Бүх материалуудаа гаргаж өгөөд хэрхэн экспортод гаргадагаа хэлсэн. Бид нар машинуудаа бэлдсэн байгаа гэж хэлсэн. 2 өдөр дараалсан уулзалт хийж манай бүх бичиг баримтыг шалгаж  лавлаж гэрээ хийсэн. Гэрээ хийгээд 57,000,000 төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Махаа манай агуулахад хадгалалуулсан. Машин гарах худлаа болсон. Түр хүлээж байх хооронд зохицуулалт хийгээд өгье гэсэн. Тэр хүн нь Японд амьдардаг. Япон явахаар болсон. Махаа буцаагаад мөнгөө буцааж авна гэх асуудал ярьсан. Хилээр гарсан 10 машинуудын мөнгийг авчихвал хангалттай мөнгөтэй болох байсан. Бид ийм зохицуулалт хийж байгаа гэдгээ хэлсэн. Хүлээж аваагүй. Мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол өгөөгүй байгаа. Энэ нь миний буруу. 10 машинаа явуулахад тээврийн зардал нь 2,500,000-аас 10,000,000 гаруй болсон. Ковидоос болоод манай байгууллага санхүүгийн хүнд байдалд орсон. Энэ байгууллагаас орж ирсэн мөнгө татварт төлөгдсөн. Санхүүгийн баримтаар байж байгаа. Цэрэнбаттай “Натурал грийн фүүдс”-ээс болж гэрээ хийсэн. Тэгээд экспортлох ажлыг нь би хийе гэдэг нөхцөлтэй байсан. Цэрэнбатаас 90,000,000 гаруй төгрөг орж ирсэн. Би Ланд 200 машинаа сайн ломбардад тавиад 30,000,000 төгрөгийн буцаалт хийсэн. Одоо болтол машинаа аваагүй байгаа. Дараа нь цагдаа дээр гомдол өгсөн байсан. Эд нар бүгд гэрээтэй. Ялангуяа хятад хүмүүс хэзээ ч гэрээ хийхдээ судлахгүйгээр гэрээ хийдэггүй. Би бодит байдлыг нуун дарагдуулаагүй. Залилсан зүйл байхгүй. Энэ хүмүүсийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна. Б, “Натурал грийн фүүдс” ХХК, Цэрэнбат бүгд иргэний журмаар хийгдсэн гэрээтэй. Хүлээн зөвшөөрөөд тамгаа дараад мөнгөө шилжүүлсэн. Доржсүрэн дээр манай хүмүүс очоод махны экспорт хийх гэж байгаа гэдгээ хэлсэн. 13,000,000 төгрөг төлсөн. Мах нь дулааны аргаар боловсруулагдаад савлагдаад хадгалагдаж байгаа. Тэр мах экпортлох нь худлаа болсон. Тог тасрахад дээд талын мөс нь хайлаад цаасан хайрцаг нь эвдрээд дахин савлагдахаар болсон байгаа. Дотоодод зарах боломж байхгүй. Энэ малчинд яалтчгүй би өгнө гэж хэлээд хохирол учруулсан. Би гэмшиж байгаа. Нийт 63,000,000 төгрөгийн мал ирснээс 13,000,000 төгрөгийг төлсөн. Би 13,000,000 төгрөгийг хүү нь гэж хэлсэн 63,000,000 төгрөгийг буцаагаад төлнө гэдгээ хэлсэн. Энэ хүний асуудлыг хамгийн түрүүнд шийдэж өгөхүйц хэмжээний асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Долгорбаярын асуудал дээр энэ хүн улсын компанийн тендерт оролцоогүй. “Таван толгой түлш”-ний хувийн багц дээр зарлагдсан тендер байсан. Гутал хувцасны үйлдвэр дээр орсон. Тэр Үүрцайх гэдэг найз нь гутлын тендерт орсон. Би бусад хүмүүсийг сайн танихгүй. Долгорбаяр надаас мөнгө зээлээд тэрийгээ буцаагаад хийсэн. Тэр тендерт ороод гарсан. Машин дотор мөнгө өгсөн гэсэн. Хэрвээ залилан хийсэн бол машин дотор мөнгө авахгүй. Авах ёстой мөнгөө авсан. Би энэ хүнийг 10,000,000 гаруй төгрөгөөр хохироосон зүйл байхгүй. Мөнгө зээлээч гэсэн боломжгүй байна гэхэд тэгээд хэрүүл эхэлсэн. Энэ хүн яагаад худлаа ярьж байгаа гэдгийг ойлгохгүй байна. Болдбаатар гэдэг хүн Говьсүмбэр аймаг дахь салбарын баруун зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээний албаны дарга байж байгаад ерөнхий инженер болсон. Би намд оруулаад өгнө 70,000,000 төгрөг өгчих гэх яриа огт болоогүй. Дундговь аймагт баригдаж байгаа барилга дээр Энхбат гэх хүнээр дамжуулж хөрөнгө оруулалт оруулаад өг гэх хэлбэрээр холбогдсон. Ямар зорилгоор намайг гүтгэж яриад байгааг нь ойлгоогүй. Ерөнхий мэдүүлэг ийм байна. Жил гаруй хугацаанд шүүхийн асуудлаар явсан. Надад ч гэсэн төвөгтэй байна. Аль болох хүмүүсийн хохирлын төлбөрийг төлнө. Шүүх үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэж байна. Тиймдээ ч шүүх рүү энэ хэрэг явна гэхээр нь дэмжиж оролцсон. Шаардлагатай бүх зүйлийг гаргаж өгч байгаа. Залилсан зүйл байхгүй. Энэ хүмүүстэй гэрээ байгуулаад гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй зүйл байгаа. Шүүх цагдаа дээр асуудалтай байгаа болохоор дахин ажил хийх айдастай байна...” мэдүүлгийг тус тус гаргажээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

1. Иргэн О.Бд 329,827,600 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Гэрч Н.Хын “...Би 2013-2017 онд Орхон аймгийн Барилга хот байгуулалт, барилга захиалагчийн албанд хүний нөөц, эрх зүйчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг хүнээр дамжуулан Орхон аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Птай танилцаж ажил хэргийн харилцаатай байсан. Энэ үеэс эхлэн манай ээж О.Б 2006 онд дуудлага худалдаагаар Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт 1000 м.кв газар дээрээ 7 давхар байшин бариулахаар барилгын зураг төслөө батлуулаад барих зөвшөөрлөө авчихаад байсан бөгөөд энэ үед барилгад ашиглах арматурын төмөр бидэнд хэрэгтэй болж тал тал тийшээ л асууж сураглаж байсан юм. Энэ ажлыг хөөцөлдөж явах үедээ Птай хэдэн удаа тааралдаж барилгын ажлаа эхлүүлэх гэж байгаа талаараа хэлж ярьж байсан. Ингээд хувийн маш их ажил байсан тул ажлаасаа гараад хувиараа барилгын ажлаа хөөцөлдөж эхэлсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хот орж барилгын зураг хийсэн компанитайгаа уулзах, барилга барих гүйцэтгэгч олох зэрэг ажилтай ирээд явж байтал П над руу залгаад “сонин сайхан юу байна” гэхээр нь өөрийнхөө ямар ажилтай явааг хэлээд салсан. Гэтэл маргааш нь гэнэт П над руу дахин залгаад “би чамд тус болох хүн олчихлоо, уулзъя” гэхээр нь “надад гадуур явах зөндөө ажил байна” гэсэн чинь орой дахин залгаад “хүрээд ир уулзъя, байгаа газар руу чинь машин явуулъя” гээд байсан тул зөвшөөрөөд Сансарын тунелийн цаана байдаг нэг кафед очиход П өөрөөсөө гадна 2 залуутай сууж байсан. Энэ үед П Дг “энэ найз минь ерөнхий сайд Хүрэлсүхийн ойрын хүн, одоо Сумъяабазар сайдын Уул уурхайн яамны дэд сайдаар томилогдох гээд хүлээгдэж байгаа” мэтээр танилцуулж байсан. ...Яриан дунд нь өөрийнхөө бүтээх гэж байгаа ажлыг ярьсан чинь “хамар Ганболдтой найз, цаадах чинь Төмөрлөгийн үйлдвэрээс гарахдаа 150 тн арматур аваад гарсан гэсэн, би чамд 1 тн төмрийг нь 1,500,000 төгрөгөөр аваад өгөх үү” гэх зэргээр ярьж байгаад салсан. Түүний дараа үнэхээр хямд төмөр олоод авбал гэж бодоод Дгийн өгсөн утас болох 99995472 дугаар руу залгаад “нөгөө төмрийн сураг чимээ байна уу, үнэхээр Дарханы төмөр бол би авчихмаар байна” гэхэд “хамар Ганболд гадагшаа явчихсан байна” гэж байсан. Удалгүй над руу залгаад “чи төмөр авна гээд байсан яасан бэ, хотод ирээд үзэх үү” гэхээр нь П руу утасдаад “нөгөө найз чинь намайг ирээд төмөр хараадах гэнэ, гайгүй байгаа” гэсэн чинь “зүгээрээ, цаадах чинь найдвартай гэдгийг чамд хэлсэн биз дээ” гэхээр нь итгээд Улаанбаатарт ирээд Дтэй утсаар ярьсан чинь “Ганболдын төмрийг манаж байгаа манаач нь архи уугаад алга болчихсон байна” гэх зэргээр ярьсаар байгаад үзүүлсэн ч юмгүй алга болчихоор нь би буцсан. Энэ бүх асуудлыг би ээждээ хэлж ярьж зөвлөж байсан бөгөөд ингэж явахдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт танилтай бол 1 тн төмрийг 1,620,000 төгрөгөөр авч болдог гэнэ гэсэн яриа сонсоод ирсэн. Тэгж байгаад нэг удаа залгаж асуухад “Ганболд 150 тн төмрөө Өмнөговь руу зарчихсан байна, тэр ч худлаа боллоо, чамд би Дарханаас 1 тн төмөр 1.650.000 төгрөгөөр Ганболдтой яриад аваад өгөх үү” гэж асуухаар нь зөвшөөрсөн. Энэ бүх хугацаанд би П, Д нартай ярьж байсан бөгөөд П нь “наад хүн чинь өнөө маргаашгүй сайд болох гэж байгаа найдвартай сайн хүн л” гээд байдаг байсан. Ингээд П 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр надтай ярьж “Д хотоос Дархан руу хүрээд ирье гэнээ, нөгөө төмрийн асуудлыг чинь шийдэх гэж байна” гэхээр нь тэр оройдоо ажил тарсаны дараа П, ээж, бид гурав машинаар Дархан руу гарч шөнөдөө Дархан ороход ирээгүй байсан бөгөөд 22 цагийн орчимд Д ирж Дарханы нэг буудалд буугаад бид гурав дотогшоо орж уулзахад “би хамар Ганболдтой ярьчихсан, эндээс та нарын хүссэн төмрийг авахаар болсон, та нар манай “Даадаа групп” ХХК-тай гэрээ хийгээд мөнгөө махны мөнгө гээд шилжүүлээд байгаарай” гэхээр нь “яагаад заавал танайхаар дамжуулна гэж, яагаад махны мөнгө гэх ёстой юм” гэхэд “би Ганболдтой өөрөө авна гээд ярьчихсан болохоор болохгүй, НӨАТ-ыг би өөрөө зохицуулна” гэж бидэнд ойлгуулсан. Тэгээд шөнө болчихсон болохоор П гараараа “Худалдах, худалдан авах гэрээ”-г “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Д бид хоёрын дунд хийгээд мөнгөө шилжүүлэхээр болж салцгаасан. Бид гурав тэр оройдоо буцаж Орхонд ирсэн бөгөөд маргааш нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай данс руу 180,000,000 төгрөгийг би өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. Энэ өдрийн орой П над руу ярьж “Д Төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийгээд эх хувийг нь над руу явуулчихсан байна” гэхээр нь тэр оройдоо Орхон аймгийн прокурорын газрын үүдэн дээр очиж аваад хартал “Даадаа групп” ХХК, Төмөрлөгийн үйлдвэр хоёрын дунд байгуулсан гэрээ байсан бөгөөд харин 1 тн төмрийг 1,750,000 төгрөгөөр хийчихсэн байхаар нь “яагаад ийм зөрүүтэй байгаа юм бэ” гэсэн чинь наадах чинь үйлдвэрээс гарч байгаа үнэ, цаанаа яриа хийчихсэн, танайд 1,650,000 төгрөгөөр нийлүүлнэ, ямар ч асуудалгүй найдвартай” гэсэн. Үүнээс хойш би байнга барилгын талбай дээрээ зогсоод ямар ч завгүй байсан тул ээжийгээ Дтэй ярьж төмрийнхөө асуудлыг шийд гээд орхисон. Мөнгө төгрөгөө шилжүүлсэнээс хойш 2 хоног хүлээсэн боловч ямар ч төмрийн сураг гарахгүй байхаар нь Д, П нартай ярьсан чинь “одоохон болно, удахгүй очно” гээд байсан. Тэр үед бас П ээжид “Дарханд байхгүй төмрийг Улаанбаатар менежментээс хямд үнээр авч өгнө” гэж итгүүлж байгаад 119,388,000 төгрөгийг бас “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай данс руу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн... Ингээд бас мөнгө төгрөг хэрэгтэй боллоо гээд байхаар нь 30,000,000 төгрөгийг мөн “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш төмрийн сураг чимээ бараг тасарч Дарханы төмөрлөг рүү залгахад танай 65 тн төмрийн мөнгө орж ирэнгүүт ачуулсан, тэр төмөр танайд буусан, дараагийн мөнгө манайд орж ирээгүй юм чинь яахаараа танайх руу төмөр явуулах юм бэ гэсэн хариуг өгсөн.... Ингээд ямар ч төмрийн сураггүй болж ээж 2018 оны 7 дугаар сарын үед Дтэй уулзах, Улаанбаатар менежментээс төмрөө асуух ажлаар хот руу яваад ирэхдээ бүүр айчихсан “алуулах шахлаа, энэ Д чинь бүүр шоронгийн хүн байна шүү дээ, чи юу хийлгэчихвээ гээд Пурэвзагдаас асуусан чинь тийм гэнэ өөрөө гаргаж өгч байсан гэнэ” гэсээр ирсэн. Түүнээс хойш төмөр ч үгүй, Д ч үгүй болсоор өдий хүрч байна... Манай ээж бид хоёр дундаа 1 данс эзэмшдэг бөгөөд “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай данс руу орсон нийт 330,288,000 төгрөгийг би өөрөө банкнаас шилжүүлж өөрийнхөө нэрээр гаргадаг байсан. Одоо нийт шилжүүлсэн 330,288,000 төгрөгөөс 107,725,000 төгрөгөнд 65 тн арматур аваад үлдсэн 223,477,600 төгрөгөө дээрх хүмүүст залилуулчихаад байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-23 дугаар тал),

-Б.Д, Н.Х нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Худалдан авах гэрээ” болох Б.Пын бичсэн гар бичмэлийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр тал),

-Хохирогч О.Бийн “...Би нөхөр Баттулгын хамт олон жил ганзагын наймаа хийж хэдэн төгрөг цуглуулж 2006 онд Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Ш.Отгонбилэгийн гудамжны 1 тоот буюу 1000 м.кв газрыг дуудлага худалдаагаар 34 сая төгрөгөөр худалдан авч эзэмшиж эхэлсэн. Үүнээс хойш санхүүгийн боломж олдохгүй, авсан газар дээрээ барилга барьж чадахгүй байсан бөгөөд бага багаар мөнгө төгрөгөө хураасаар 2018 оны эхээр газар дээрээ барилга барихаар болж Голомт банкнаас зээл авч барилгын талаар судалж эхэлсэн. Надад урьд өмнө барилга барьж байсан туршлага гэх зүйл байхгүй байсан учраас барилга байшин барих санаагаа гэрийнхэн болон ойр дотны хүмүүстээ хэлж ярьж байсан. Хүмүүстэй уулзаад явж байхад хамгийн түрүүнд арматур төмөр хэрэгтэй гээд энд тэндээс авдаг гээд зөндөө олон санаа хэлж байсан бөгөөд энэ үед миний охин Хонгорзул, “ээжээ, би нэг найзтайгаа уулзлаа, аймгийн прокурорын газар туслах прокуророор ажилладаг юм, тэр хүн хямд үнээр арматур олж өгнө гэнээ” гэж анх хэлсэн. Ингээд охиныхоо найз гэх прокурор П гэдэг залуутай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ уулзахад “надад Хонгорзул хэлсэн, би танд тусалъя манай найз “Даадаа групп” ХХК-ийн захирал Д 1 тн арматур төмрийг 1,650,000 төгрөгөөр төмөрлөгийн үйлдвэрээс аваад өгье гэнээ, тэднийх том газруудад 1,620,000 төгрөгөөр нийлүүлдэг гэнэ. Д 1 тонноос 30,000 төгрөг харах юм байна” гээд их үнэмшилтэй ярьсан. Тэр үед төмрийн ханш энэ үнээс арай дээгүүр байсан болохоор би Пад итгэж эхэлсэн. Ингээд “манай найз 2018 оны 6 дугаар сарын 12-ны орой Улаанбаатараас гараад Дарханд ирнэ гэнэ, бүгдээрээ явж гэрээгээ хийх үү, би хамт яваад өгье” гээд Хонгорзулын машинтай Орхоноос гарч шөнө Дархан хотод ирж нэг буудалд орж “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Д гэдэг хүнтэй анх удаа уулзсан. Уулзаад л П тэр Б.Дг магтаад “миний энэ найз Ерөнхий сайд Хүрэлсүхтэй ойрхон байдаг, удахгүй дэд сайд болохоор тохирчихсон байгаа, танд чин сэтгэлээсээ л туслах гэж байгаа юм шүү, танаас мөнгө төгрөг хараад байхааргүй хөрөнгө мөнгөтэй Хятад руу мах гаргадаг том компанийн эзэн” гэх зэргээр магтаад, нөгөө Д нь “би Пыг л бодож танд тусалъя” гэх зэргээр ярьж байгаад гэрээ хийхээр болсон. Ингээд П цаас аваад өөрийнхөө гараар “Худалдах худалдан авах гэрээ” бичиж Н.Х “Даадаа групп” ХХК-ийн хооронд “350 тн арматурыг 1,650,000 төгрөгөөр нийлүүлнэ, урьдчилгаа 180,000,000 төгрөгийг “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай дансанд тушаана, нийт 350 тн арматурыг иргэн Хонгорзул бүрэн хүлээж авсаны дараа үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ” гэсэн гэрээг бичиж Б.Д, Хонгорзул нарын гарын үсгийг зуруулсан. Ингээд л гэрээ хийгээд Д, П хоёр бие биенээ магтаж байгаад салцгаасан. Орой нь би Орхон аймагт ирсэн. Тэгээд маргааш өглөөнөөс 99995472 дугаараасаа байн байн залгаж “урьдчилгаа 180,000,000 төгрөгөө шилжүүл” гээд, нөгөө П бас манай охин руу залгаад “мөнгөө шилжүүлээч” гээд байхаар нь 180,000,000 төгрөгийг “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай дансанд шилжүүлсэн. Тэгээд маргаашаас нь мөнгө шилжүүлсэн юм чинь одоо ачигдаж байгаа байх гээд Д рүү залгахад “таны захисан арматур оочирт орчихсон” гээд 2 хоносон, дараа нь залгахад “зарим арматур Дарханд алга, санаа зоволтгүй” гэж байсан. Тэгтэл П өөрөө над руу залгаад “Улаанбаатарт “Улаанбаатар менежмент” ХХК-д байгаа сураг байна, би захирлыг нь танина танд асууж өгнө” гээд хэсэг хугацааны дараа дахиж залгаад “за эгчээ би ярьчихлаа, надад байгаа үнээс 5 хувь хямдруулж өгнө гэнэ болох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би түүний хэлсэн үгэнд итгээд Улаанбаатараас төмөр авахаар болж “чи надад дансыг нь өгөөч, би мөнгөө шилжүүлчихмээр байна” гэхэд надад нөгөө “Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай дансыг өгөхөөр нь би гайхаад “миний дүү болж байгаа юм уу, дахиад нөгөө найз чинь байна шүү дээ” гэхэд “зүгээрээ наад хүн чинь хөөцөлдөж өгнө” гэхээр нь за нэгэнт прокурор хүн, хуулийн хүн тэгж байгаа бол гээд л 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 119,388,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хооронд би хоёр удаагийн гүйлгээгээр 300,000,000 төгрөгөө шилжүүлчихээд 1 кг ч төмөр олж аваагүй болохоор жаахан сэжиг төрөөд П руу нилээн олон удаа утасдаж төмрөө нэхэхэд янз бүрийн юм ярьсаар хойшлуулж байгаад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 65 тн буюу 107,250,000 төгрөгийн үнэ бүхий төмөр Орхонд ирж би барилга барих хашаандаа буулгасан. Өөрөөр хэлбэл 180,000,000 төгрөг шилжүүлчихээд 107,250,000 төгрөгийн төмөр авсан. Ингээд “ахиад төмөр авах ёстой, дээрээс нь Улаанбаатараас ирэх төмөр юу болсон бэ, мөнгөө л шилжүүлсэн бол ороод ирнэ гэсэн яав” гэхэд бас л “ачигдах гэж байна, олдохгүй байна” гэж хэд хоносон бөгөөд нэг өдөр Д над руу ярьж “Дарханы мөнгө чинь дутуу болохоор ачигдаж болохгүй байна, бүх мөнгөө шилжүүл” гэхээр нь бас яаж бүх мөнгөө өгчих вэ гээд 30,000,000 төгрөгийг тээврийн зардал гэх 439,600 төгрөгийн хамт 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Даадаа групп" ХХК-ийн 1415117948 дугаарын данс руу шилжүүлэхдээ асуусан чинь “та манай данс руу махны мөнгө гээд шилжүүлээрэй” гэж байсан бөгөөд “яагаад” гэсэн чинь “зүгээрээ би НӨАТ-ыг нь авах гэсэн юм” гэж хэлсэн. Ер нь гэрээ байгуулаад л та мөнгө данс руу шилжүүлэхдээ махны мөнгө гэж шилжүүлээрэй гэж байсан бөгөөд яалаа гэж тэгж болох юм бэ, бид эргээд тайлан тооцоогоо юу гэж гаргах уу гээд төмрийн мөнгө гэж шилжүүлж байсан. Тэгтэл Хонгорзул руу ярьсаар байгаад махны мөнгө гээд авчихсан байна билээ. Ингээд нийт 330,228,800 төгрөгийг Д рүү шилжүүлсэн. Тэгээд сүүлийн 30,000,000 төгрөгийг шилжүүлээд л араас нь төмрөө нэхэж эхэлсэн бөгөөд Д, П нар бас л очих гэж байна, ачигдаж байна, Улаанбаатараас гарах гэж байна гэх зэргээр биднийг аргалаад та гэрээнд заасан бүх мөнгөө шилжүүл тэгвэл бүх асуудал бүтэх гээд байна гээд байхаар нь өмнөх төмрөө өгөхгүй байж дахин мөнгө нэхээд байхаар нь өөрийнхөө зүгээс Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагаас асуухад Эрдэнэт рүү төмөр ачсан нэг ч вагон байгаагүй. Тэгээд би санаа зовоод 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөртэйгөө Улаанбаатар хот руу явахаар болж Пад хэлэх гээд утас руу нь залгахад утсаа аваагүй. Тэгээд шууд явсаар байгаад Улаанбаатарт ирээд Д рүү залгаад эгч нь төмрийнхөө араас Улаанбаатарт хүрээд ирлээ, одоо Пын яриад мөнгө авсан “Улаанбаатар менежмент” ХХК-ийн хүмүүстэй очиж уулзах гээд явж байна гэхэд Д сандраад, эгч минь та хаана байна, хамт тийшээ очъё гэсээр байгаад нэг газар уулзаж “Улаанбаатар менежмент” ХХК дээр очиж хамт дотогшоо ороод явж байтал намайг хоёр давхарт үлдээгээд за би захиралтай нь уулзаад ирье гээд ганцаараа цаашаа яваад 1 өрөө рүү ороод удалгүй гарч ирээд, энэ муусайн юмнууд надад худлаа хэлээд байсан байна. Би сая Уламбаяр захиралтай уулзаад бүх зүйлээ тохирчихлоо, одоо санаа зоволтгүй өнөөдөр хоёр вагон ачуулна, хоёулаа захиалгын хуудсаа бөглөж байя гээд нөхөр бид хоёрыг дагуулж гараад тэндээсээ гараад Модны 2-т байдаг ажил дээр нь очиж тооцоо нийлэхэд миний тооцоо яг таарч байсан болохоор надад компанийхаа албан бланк дээр гараараа бичиж тооцоогоо нийлээд “та яг одоо надад өнөөдрийн вагон ачилтын 900,000 төгрөг өг, бас үлдэгдэл 340,275,000 төгрөгөө өг” гэж шаардсан. ...Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн борлуулалтын албаны Солонго гэдэг хүн рүү ярьж “Даадаа групп” ХХК-ийн нэр дээр Эрдэнэт рүү мөнгө шилжсэн үү гээд асуусан чинь ямар ч төмөр манайхаас Эрдэнэт рүү ачигдаагүй, “Даадаа групп” ХХК-иас нэг ч төгрөг манайд орж ирээгүй гэдэг хариуг сонсоод бүүр сандраад “Улаанбаатар менежмент” ХХК руу залгаад асуухад манай дансанд “Даадаа групп”-ХХК-иас ямар ч мөнгө орж ирээгүй юм чинь яалаа гэж танайх руу төмөр ачигдах юм бэ гэдэг хариу өгсөн. Ингээд нөгөө П руу холбогдоод “энэ чинь юу болоод байна аа, дүү минь нэг л худлаа болоод явчихлаа, чи эгчийгээ ямар хүнтэй танилцуулаад хамаг мөнгийг минь авчихсан юм бэ” гэхэд “эгчээ тайвшир, би өөрөө зохицуулж өгнө, наадах чинь миний гараас гарахгүй” гээд сайхан сайхан юм ярьсаар байгаад 2-3 хоносон. Тэгээд Пын ярьсан хэлсэн нь худлаа болж эхэлсэн болохоор арга буюу Улаанбаатар хотод ирж “Улаанбаатар менежмент” ХХК дээр очиж Уламбаяр захиралтай нь уулзъя гээд очтол манайд Уламбаяр гэдэг захирал байтугай ажилчин ч байхгүй гэсэн. Энэ үеэс эхлээд П, Д нарт залилуулсан гэдгээ мэдэж эхэлсэн. ...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн 1209084893 дугаарын данснаас 180,000,000 төгрөгийг 1415117948 дугаарын данс руу, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 119,388,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 900,000 төгрөг, 439,600 төгрөгийг “Даадаа групп” ХХК-ийн дансанд, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөн “Даадаа групп” ХХК-ийн данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ “Даадаа групп” ХХК-д нийт 330,727,600 төгрөгийг шилжүүлсэнээс “Даадаа групп” ХХК-иас 1 вагон буюу арматур төмөр 107,000,250 төгрөгөнд ирсэн. Үлдэгдэл 223,477,600 төгрөгийг авах ёстой. ...Уг хүнд итгэж “Даадаа групп” ХХК-д нийт 330,727,600 төгрөг өгсөний улмаас манай барилгын ажил зогсоход хүрсэн тул Голомт банкнаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөгийг 2.5% хүүтэй авч үүний хүүнд 15,290,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр барилгын зуурмагийн үнэнд 120,000,000 төгрөгийг авч үүний хүүнд 8,811,000 төгрөгийг төлж нийт 24,101,000 төгрөгийн хүү төлсөн. Иймд “Даадаа групп” ХХК-иас 247,578,600 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-43, 50 дугаар тал),

-Гэрч Ц.Оргилболдын “...2018 оны 6 дугаар сард иргэн О.Б гэх хүнтэй гэрээ хийж Эрдэнэт хотын “Есөн Эрдэнэ” захын урд талд “Намсан” нэртэй оффис үйлчилгээний зориулалттай барилгын ажилд карказ угсралтын ажлыг хийхээр гэрээ байгуулж 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр надаар ахлуулсан 12 хүнтэй баг бригад очиход уг талбайд газар шорооны ажил нь хийгдсэн байсан. Бид ажлаа хүлээж аваад бэлтгэл ажилдаа орж ажлаа хийх гэсэн боловч арматур төмөр нь ирэхгүй, нилээд хэд хоног хүлээсэн. Тэгтэл 7 сарын эхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нэг вагон арматур төмөр ирсэн. Ирсэн арматур төмрийг тоолоход тоо ширхэг нь дутаад байхаар нь... Бь эгчээр дамжуулан захиалагчид дутуу байгааг нь хэлсэн. Удалгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс хяналтын тоологч нар гэх 3-4 хүн ирсэн. Хамт тоолоход баримтын дагуу үнэн зөв байсан. ...Маргаашнаас нь ажлаа үргэлжлүүлэхэд ирсэн арматур төмөр нь размер нь таарахгүй байсан ахиад арматур төмөр хэрэг болсон учир захиалагч О.Биас арматур төмрөө яаралтай нийлүүлэхийг шаардаж байсан. Тэгтэл О.Б эгч Улаанбаатар менежментээс арматур төмөр авах гэж байгаа, танай компаниас тавиад өгөх хүн байна уу гэж асуухаар нь манай компанийн захирал С.Нямлхагватай ярьчих гэж хэлсэн. Түүнээс хойш нилээн удаж байгаад арматур төмөр ирсэн. Бид байгаа материалаараа 9 дүгээр сарын 10-ныг хүртэл суурь, зоорь, 1, 2 дугаар давхрын карказ угсралтын ажлыг хийгээд байж байхад О.Б эгч ажлаа зогсооё гээд манай ажилчид буусан. Дараа жил нь үргэлжлүүлэх байсан боловч захиалагч тал ямар нэгэн шийдвэр надад хэлээгүй, чимээгүй болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар тал),

-Гэрч Л.Амараагийн “...Би Улаанбаатар менежмент ХХК-д 2000 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 онд уг компанидаа хүний нөөцийн менежерээр одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн ажил, албан тушаалд Уламбаяр гэх хүн ажиллаж байгаагүй, мэдэхгүй байна. 2018 онд “Даадаа групп” ХХК нь манай компанитай харилцаж худалдан авалт хийж байгаагүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар тал),

-“Улаанбаатар менежмент” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/02 дугаартай “Манай компанид Уламбаяр гэдэг нэртэй хүн 2000-2020 онуудад огт ажиллаж байгаагүй. Мөн “Даадаа групп” ХХК-тай 2018 онд ямар нэгэн ажил үйлчилгээ хийгээгүй болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 73 дугаар тал),

-Гэрч Д.Цолмонгийн “...Анх “Даадаа групп” ХХК-иас манай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д гэрээ байгуулан хамтран ажиллах талаар албан бичиг ирснээс хойш харилцаа холбоо тогтоон танилцсан. Тухайн үед Д өөрөө ирж, би “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг төлөөлж гэрээ хийсэн. Тухайн гэрээг 2018 оны зун манай үйлдвэрийн байрны Хангамжийн хэлтсийн өрөөнд хийсэн. Гэрээгээ бид хөнгөлөлттэй үнээр байгуулсан. Гэрээ байгуулахаасаа өмнө үйлдвэрийн ерөнхий захиралтай уулзаж үнэ хөлсөө ярилцсаны дараа манай Хангамжийн хэлтэс дээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал М.Отгонбаярын цохолттой албан бичгээ барьж орж ирсэн. Тэгээд манайх гэрээ хийсэн. Тэр үед манайх хэдэн хувийн хөнгөлөлттэй гэрээ байгуулсаныг санахгүй байна. 1 тн арматурыг 1,710,800 төгрөгөөр гэрээ хийсэн. Манайх уг нь 1 тн арматурыг 1,820,000 төгрөгөөр зардаг гэхээр манайх 6 хувиар хямдруулж гэрээ хийсэн гэсэн үг. Манайх “Даадаа групп” ХХК-д 65 тн арматур нийлүүлсэн, Орхон аймаг руу вагон захиалж хүргүүлсэн... Манайхаас арматур хөнгөлөлттэй үнээр авах гэрээний хугацаандаа 65 тн арматур худалдаж авсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар худалдаж аваагүй. Хөнгөлөлттэй үнээр арматур худалдан авах гэрээний хугацаа дуусаад дахин хөнгөлөлттэй үнээр арматур авах санал гаргаж байсан, тэр үед нь манайх гэрээний хугацаа дууссан тул танайх манайхаас үндсэн үнээр авах боломжтой гэсэн хариулт өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85-86 дугаар тал),

-Гэрч М.Отгонбаярын “...333.5 тн арматур нийлүүлэхээр гэрээ хийгдсэн. Төлбөр манай компанийн данс руу орсон тохиолдолд арматур төмөр ачуулах үндэслэл болдог. “Даадаа групп” ХХК нь 65 тн /1 вагон/ арматур төмрийн үнэ манай данс руу шилжүүлсэн. Бид үүнийх нь дагуу 65 тн /1 вагон/ арматур төмөр нийлүүлсэн. Манай компани руу дахин мөнгө шилжүүлээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дугаар тал),

-“Даадаа групп” ХХК-ийн эзэмшдэг Голомт банкны 1415117948 дугаартай Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

-“Даадаа групп” ХХК эзэмшигчтэй Голомт банкны 1415117948 дугаартай Дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

- “Даадаа групп” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн хх-2018/47 дугаартай “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 01-03 дугаар тал),

-“Даадаа групп” ХХК-ийн Голомт банкны 1415117948 дугаартай дансанд Н.Хаас мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 04-05 дугаар тал),

-“Даадаа групп” ХХК-ийн нэр бүхий бланк дээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн огноотой “О.Б, “Даадаа групп” ХХК тооцоо нийлсэн” талаар гараар бичсэн баримтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 06 дугаар тал),

-Төлбөр төлсөн баримтууд “Даадаа групп” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Арматурын буцаалт” гэх утгатай О.Бийн Худалдаа хөгжлийн банкны 407266904 дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),

-“Даадаа групп” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Арматурын үнэ” гэх утгатай “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын банкны 2600062642 дугаарын данс руу 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-Б.Пын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед О.Б, Н.Х нарт тус дэм болох санаатай Б.Дг танилцуулж өгсөн. Хонгорзул нь надаас олон удаа гуйж байсан. ...Би ямар нэгэн шан харамж аль нэгнээс нь огт аваагүй. Хонгорзул надаас чи бичиг цаастай ойролцоо байдаг хүн байна, энэ Д бид хоёрын хооронд байгуулах гэрээг чи бичээд өгөөч гээд гуйгаад байсны дагуу Д, Хонгорзул, Б нарын хэлж өгсөнийг бичиж өгсөн. Тэгээд өөрсдөө уншиж үзээд болсон байна гэж гарын үсэг зурцгаасан юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 94-95 дугаар тал),

-Голомт банкны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ГБ110/205 дугаартай “Дансны мэдээлэл хүргүүлэх” тухай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 143-147 дугаар тал),

-Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2019/00578 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/Ш32018/05064 дугаартай захирамж, мөн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 245-246, 2 дахь хавтаст хэргийн 7-9, 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд,

2. Иргэн Х.Гд 10.310.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Энхжаргал Энхтуяа эзэмшигчтэй Хаан банкны 5091187734 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Ганчулуунаас Дд” гэх утгатай 2,800,000 төгрөг шилжүүлсэн баримт/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын хуулбар /2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Х.Гаас Б.Дд “Зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж” гэх утгатай 560,000 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /Х.Гаас Б.Дгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 450014142 дугаартай данс руу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1,950,000 төгрөг шилжүүлсэн баримт, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын хуулбар /Х.Гаас Б.Дгийн ХХБ-ны 450014142 тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ганчулуунаас гэрээний урьдчилгаа” гэх утгаар 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт буюу хохирогч Х.Гаас нийт 10,310,000 төгрөгийг шилжүүлсэн баримтын хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 26-28 дугаар тал),

-Хохирогч Х.Гы “...Миний эхнэр Э.Энхтуяагийн нэр дээр барилга, худалдааны үйл ажиллагаа явуулдаг “Хос-Эрдэнэ комплект” ХХК бүртгэлтэй байдаг. Миний эхнэрийн компани Төв аймгийн Заамар суманд уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл авахаар Уул уурхайн яаманд 2019 оны намар хүсэлт гаргасан. Би өөрөө ээлжийн амралтаа аваад эхнэртэйгээ хамт тухайн ажлыг нь хөөцөлдөж яваад өөрийн найз Э.Ганхуягтай уулзаад эхнэрийнхээ хөөцөлдөж байгаа ажлын талаар хэлсэн чинь Э.Ганхуяг надад нэг танил байгаа, тэр хүн наад ажлыг чинь хурдан бүтээгээд өгч магадгүй гэж хэлээд тэр хүнтэй нь уулзахаар болоод тэр өдөртөө Э.Ганхуягийн танил гэх хүнтэй уулзсан. Э.Ганхуягийн надтай уулзуулсан хүнийг Д гэж байсан. Дтэй уулзаад мөн эхнэрийнхээ хөөцөлдөөд байгаа ажлыг хэлсэн чинь Д ярихдаа миний нэг эгч Уул уурхайн яаманд ажилладаг, мөн Бь орчны яаманд танил байгаа, эхлээд 5 сая төгрөг миний данс руу хийчих, тэгээд ерөнхийдөө төрийн санд тушаах зөвшөөрөл гаргахад ашиглагдах мөнгийг намайг ярихаар миний данс руу хийгээд байгаарай гэхээр нь түүний ярианд итгээд тэр өдөртөө Д гэж хүний дансанд 6,950,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Д улсын тэмдэгтийн хураамж хэрэг болоод байна гээд 3,360,000 төгрөг нэмж авсан. Дгээс зөвшөөрөл юу болж байна гэхээр удахгүй бүтнэ гэдэг. Сүүлдээ мөнгөө авъя гэхээр утсаа авахгүй алга болдог болсон. ...Миний эхнэр уул уурхайн нөхөн сэргээлтийн зөвшөөрөл гаргуулан авах гээд хөөцөлдөж байсан болохоор Д гэж хүнийг зөвшөөрлийг нь даруй хугацаанд гаргаад өгнө гэхээр нь итгээд 10,310,000 төгрөг өгсөн юм. ...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6,950,000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 560,000 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 2,800,000 төгрөгийг Д гэж хүний Худалдаа хөгжлийн банкны 450014142 тоот дансаар шилжүүлсэн. ...2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байж байхдаа Хаан банк орж 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5090488313 дугаарын данснаасаа зарлагын гүйлгээ хийж, банкны теллерээр дамжуулан 5,000,000 төгрөгийг Б.Дгийн Худалдаа хөгжлийн банкны 450014142 дугаарын данс руу шилжүүлэн өгч байсан. Би 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байж байхдаа 2,500,000 төгрөгийг өөрийн эгч Ууганцэцэгээс зээлэн, Ууганцэцэг эгч өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5270498322 дугаарын данснаас Б.Дгийн Худалдаа хөгжлийн банкны 45004142 дугаарын данс руу шилжүүлэн өгч байсан. Тухайн үед манай эгч Булган аймгийн Булган сумын Хаан банк орж банк хоорондын гүйлгээ хийж теллерээр дамжуулан шилжүүлсэн. Би 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байж байхдаа 2,810,000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5091187734 дугаарын дансны мобайл банкийг ашиглаж Б.Дгийн хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэн өгч байсан. Шилжүүлэн өгч байсан дансны дугаар болон эзэмшигчийг нь санахгүй байна. Нийт Б.Дд 10,310,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ...Би Дд мөнгө өгөхийн тулд эгч Ууганцэцэгээс мөнгө зээлсэн байсан юм. Манай эгчид ямар нэгэн компани байхгүй, хөдөөний хүн, Булган аймагт байдаг. Д надаас мөнгө авчихаад өгөхгүй байхаар нь би Ганхуягт чи Дтэй намайг танилцуулсан, би чамд итгэсэн тэгтэл Д гэдэг хүн чинь мөнгө авчихаад өгөхгүй байна гэж хэлж байгаад Ууганцэцэг эгчээс зээлж авсан 5,200,000 төгрөгийг Ганхуягаар өгүүлсэн. Манай эгч бол уул уурхайн нөхөн сэргээлт хийлгэх гэж мөнгө өгөөгүй, надад мөнгө зээлсэн, хөдөөний хүн болохоор мэдүүлэг өгөхдөө андуурсан байх. Д надаас авсан мөнгөнөөсөө 3 сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өгсөн. 5,200,000 төгрөгийг нь Ганхуяг өгсөн. Одоо үлдэгдэл 2,210,000 төгрөгийг Дгээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 33-34, 4 дэх хавтаст хэргийн 142, 144-145 дугаар тал),

-Гэрч Э.Энхтуяагийн "... Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийг авах зорилгоор Б.Д гэх хүний данс руу бага багаар мөнгө хийсээр байгаад нийт 10,310,000 төгрөгийг шилжүүлсэн. Анх миний нөхөр Х.Гд түүний найз Хуягаа гэх залуу Б.Дг зуучилж танилцуулсан. Уг хүн нь уул уурхайн нөхөн сэргээлтэд ажилладаг гэж тухайн үедээ ойлгосон байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Д гэх хүнтэй холбоо барьж юу болж байгаа талаар асуутал одоо удахгүй, асуудал байхгүй гэдэг зүйлийг манай нөхөр Х.Гд хэлдэг байсан. Манай нөхөр Ганчулуун нь нэг өдөр над руу залгаад нөгөө хүн чинь уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн мөнгийг тушаагаагүй байна гэж хэлж байсан. ...Манай нөхөр Ганчулуун ер нь бол мөнгө шилжүүллээ гэж хэлдэг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),

-Гэрч Э.Ганхуягийн “...Ганчулуун гэдэг хүн Уул уурхайн яаман дээр Заамар суманд зөвшөөрөл гаргаж өгөх хүн байна уу гэж асуухаар нь би Д гэдэг хүнтэй танилцуулж, зуучилж өгсөн. 2019 оны 8 сард байх, тэгэж санаж байна... 2019 онд Төв аймгийн Зуунмод суманд Ганчулуун Д бид гурав уулзахад Ганчулуун нь Дд зардал гэж 10,000,000 төгрөг өгсөн ба 3,000,000 төгрөгийг нь төрийн сангийн дансанд шилжүүлсэн гэсэн. Үлдсэн 5,000,000 төгрөг нь урсгал зардалд зарцуулагдсан гэж хэлсэн. Би зуучилж танилцуулсан гээд төрийн санд тушаасан 5,000.,000 төгрөгийг нь төлөхөөр болж цувуулан Ганчулууны эгч Ууганцэцэгийн дансанд 5,200,000 төгрөгийг төлсөн байгаа" гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 71-73 дугаар тал),

-Х.Г, Б.Д нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар тал),

-Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04/419 дугаартай “...яамны Төрийн сангийн дансанд 2019- 2020 онд “Хос-Эрдэнэ комплекс” ХХК болон иргэн Батсайханы Дгийн нэрээр 3,750,000 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй болно” гэх утга бүхий албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 116 дугаар тал),

-Монгол Улсын Бь орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1556 дугаартай “Хос-Эрдэнэ комплект” ХХК нь газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх авах тухай хүсэлт ирүүлж байгаагүй болно” гэсэн утга бүхий албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 120 дугаар тал) зэрэг нотлох баримтууд,

3. Иргэн Ч.Цад 96,520,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Хохирогч Ч.Цын “...Манай танидаг хүн маань намайг ажил дээр байхад яриад гадагшаа мах гаргахуу, найдвартай хүн байгаа, чи тэр хүнтэй яриад махаа өгвөл өг гэхээр нь би “за тэгье” гээд дугаарыг нь аваад ярьсан. Тэгэхэд Энхтуяа над руу залгасан юм. Тэр хүнтэй анх удаагаа л утсаар ярьсан. Надтай яриад 99995472 гэсэн дугаартай утсаар яриад очоод гэрээгээ хийчих, ерөнхийдөө болчихлоо, хороололд манай гэрийн тэнд байдаг гээд нэг утасны дугаар өгсөн юм. Би тэр өгсөн дугаар луу нь яриад үдээс хойш 4, 5 цагийн үед тэр хэлсэн газар нь очсон. ...Би хэлсэн хаягийн дагуу явж очоод “Даадаа” гээд хаягтай өрөөнд ороход Батсайханы Д гэдэг хүн байсан ба тэр хүн өөрийгөө би энэ компанийн захирал гэж танилцуулсан. Бид хоёр танилцаад махаа гаргах хугацаагаа ярилцаад гэрээтэйгээ танилцаад гэрээгээ байгуулсан. Тэр Д нэг контейнер мах буюу 96,520,000 төгрөгийг манай “Даадаа” ХХК-ийн дансанд урьдчилан байршуулах ёстой, урьдчилгаа мөнгө байршуулахгүй бол гэрээ байгуулахгүй гэсэн юм. ...Гэрээн дээр заасан мах гаргах хугацаа болоод би залгасан чинь, арай л болоогүй байна, хэд хоног хүлээж байгаарай, эсвэл мэргэжлийн хяналтаар явж байна гээд л янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би сэжиг авч эхлээд энэ хүн ер нь болохгүй тал руугаа орчихлоо доо гэж бодоод анх ярьсан Энхтуяад байдлыг хэлсэн. Энхтуяа “би нөгөө Дтэй яриад лавлаад тодорхой асуугаад өгье” гээд тухайн үедээ дор дор нь надад хариу хэлж байсан. ...Манай хүү Чимэдбавуу хөөцөлдөж байж 30,000,000 төгрөг авсан байсан. ...Монгол Хятад хоёрын хооронд мах гаргах зөвшөөрөлтэй компани байдаг.  ...Монгол Хятад хоёрын хооронд “Жей Икс Си Эс” компанийн хувийг эзэмшдэг гэсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 176-177 дугаар тал),

-“Даадаа групп” ХХК-ийн Хаан банкин дахь 5173154843 дугаартай хуудас данснаас Цэрэнбат Чимэдбавуу эзэмшигчтэй Хаан банкин дахь 5890865699 дугаартай данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн баримт (4 дэх хавтаст хэргийн 5 дугаар тал),

-Хамтран ажиллах гэрээний хуулбар (4 дэх хавтаст хэргийн 6 дугаар тал),

-Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 50/5571 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /Данс эзэмшигч “Даадаа групп”-ийн дансны хуулга/ (4 дэх хавтаст хэргийн 35-41 дүгээр тал),

-Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 50/9632 дугаартай албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 71 дүгээр тал),

-Гэрч С.Энхбатын “...Би Д гэх хүнийг танина. Би 2019 онд Дундговь аймагт жижиг барилга барьж байсан бөгөөд хамтарч барих зорилгоор танилцаж байсан. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би яагаад тэр хүнээс мөнгө авсан бэ гэхээр, миний барилга барьж эхэлсэн газар бага хэмжээний хийсэн ажлын мөнгө гэж 45 сая төгрөг авсан. Би өөрөө хөрөнгө мөнгө байхгүй тул өгсөн. Байр ашиглалтад орохоор би 2 байр авахаар болсон. Одоо ямар нэгэн гэрээ хийж ажил эхлээгүй байгаа бөгөөд тэр үед нь гэрээ хийх бодолтой байгаа. Өмнө нь өөр ямар нэгэн зүйл хамтарч хийсэн удаа байхгүй. Бидний дунд өөр ямар нэгэн асуудал байхгүй. Байр барьсан хойно байраа авах бодолтой байгаа. Миний уг газар нь Дундговь аймаг Сайнцагаан сумын 7 дугаар багийн Залуус хороололд байсан. Уг газрын гэрчилгээг 2019 онд Дгийн компани нэр дээр нь шилжүүлж өгсөн байгаа. Тэгэхгүй бол мөнгө өгөхгүй байсан юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 79-80 дугаар тал),

-Гэрч Ц.Янпилын “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай аав Цэрэнбат над руу залгаад 5173154843 дугаарын данс руу махны экспортын урьдчилгаа гээд 13,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/11-15 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5890565390 дугаарын данснаас интернет банк ашиглан 13,000,000 төгрөгийг аавын надад өгсөн 5173154843 дугаарын данс руу шилжүүлсэн. Хүлээн авагч нь “Даадаа групп” гэсэн данс байсан. Мөн аавын хэлсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 83,250,000 төгрөгийг аавын надад өгсөн “Даадаа групп”-ын 5173154843 дугаарын данс руу шилжүүлсэн энэ мөнгийг мөн өөрийн гэрт байхдаа интернет банк ашиглаж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ утга дээр адууны мах экспортын урьдчилгаа төлбөр гэж бичээд шилжүүлсэн. Би нийт 96,250,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 135 дугаар тал) зэрэг нотлох баримтууд,

4. БНХАУ-ын иргэн Бао Дэ-д 57,650,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын “...Натурал грийн фүүдс ХХК нь 2019 оны 6 дугаар сарын дунд үеэс эхлэн адууны мах худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гаргахаар бэлтгэж эхлэн 10 дугаар сарын 27-ны өдөр болоход манай компани нь 300 тонн адууны мах нөөцлөн бэлтгэсэн байсан юм. Тэгээд Хятад улс руу гаргахаар нөөцөлсөн байсан махнаасаа 150 тонныг гаргахаар болоод махны эрх квот байхгүй болохоор гаргах боломжгүй болоод махны квот хайж байх үед ...Бао Дэ захирал “Даадаа групп” ХХК-ийн захирал Д гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Жамсранжавын гудамж 3, Тайм центр 4-р давхар 5 тоот өрөөнд очиж уулзан 300 тонн махны квот гаргуулахаар харилцан тохироод урьдчилгаа 150 тонн махны квотны үнэ болох 57,650,000 төгрөгийг “Даадаа групп” ХХК-ийн 499260746 гэх дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд тэр үеэс хойш махны квот гаргаагүй, дээрээс нь одоог хүртэл махны квотны урьдчилгаанд өгсөн 57,650,000 төгрөгөөс төлөлт ерөөсөө хийгдээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

-Гэрч Г.Эрдэнэтөгсийн “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Натурал грийн фүүдс” ХХК-тай хамтран ажилладаг Дашдэмбэрэл гэх ах над руу залгаад “Натурал грийн фүүдс” ХХК-д түр хугацаагаар гадуур дотуур явах, бичиг баримт бүрдүүлэх, яам тамгын газраар явах ажлыг нь хөөцөлдөж өгөөч гэж санал тавьсан. Тэгэхээр нь би тухайн үед зөвшөөрсөн. Тэгсэн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Натурал грийн фүүдс” ХХК-ийн адууны махыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гаргах квот “Даадаа групп”-д байна, тэр квотыг нь “Натурал грийн фүүдс” ашиглаж махаа гаргах гэж байгаа тул гэрээ хийх хэрэгтэй байна гэж надад хэлсний дагуу би “Даадаа групп” ХХК дээр явж очсон. Тухайн үед “Даада групп”-ын ерөнхий захирал Д, “Натурал грийн фүүдс” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Бао Дэ, зуучлагч Өлзий-Учрал бид 4 байсан. Тэгээд тухайн үед аман хэлэлцээр хийгээд “Даада групп” ХХК-д 600 тонн мах гаргах квот байна, 300 тонн махны квотыг танай “Натурал грийн фүүдс” ХХК-д өгч болно гэж Д гэх хүн хэлсэн. Тэгсэн “Натурал грийн фүүдс”-ийн захирал Бао Дэ нэмээд нөгөө 300 тонн махны квотоо манайд өгчих гэж гуйсан. Тэгсэн Д манай үйлдвэрийн дарга одоо ажил дээрээ ирнэ, тэгэхээр нь танай үйлдвэрийг үзэж байгаад үлдсэн 300 тонн махны квотоо өгөх эсэхээ шийдье гэж хэлсэн. Тэгээд тэр дороо “Натурал грийн Фүүдс” ХХК руу явж очсон. Тухайн үед үйлдвэрийн дарга нь ирээгүй. Тэгээд Д манай “Натурал грийн фүүдс” ХХК-ийн үйлдвэрийг үзээд бид нарт итгэл үнэмшил төрүүлсэн. Тэгээд үйлдвэр дээр хамтран ажиллах гэрээг хоёр талын санал хүсэлтийг багтаан би гэрээг нь компьютер дээр шивж гүйцэтгэн хоёр талын захирлаар гарын үсэг зуруулаад тамга даруулсан. Гэрээний дагуу “Натурал грийн фүүдс” ХХК-ийн зүгээс нийт 57,675,000 төгрөгийг “Даада групп”-ын данс руу хийсэн. Тэгээд одоог хүртэл Даадаа группын зүгээс огт мах гаргаж өгөөгүй залилсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 84 дүгээр тал),

-“Даадаа групп” ХХК-ийн “Натурал грийн фүүдс” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар (5 дахь хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

-“Натурал грийн фүүдс” ХХК, “Даадаа групп” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар (5 дахь хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

-“Даада групп” ХХК-ийн 499260746 тоот данс руу 57,675,000 төгрөгийг шилжүүлсэн баримт (5 дахь хавтаст хэргийн 7 дугаар тал),

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1012 тоот “...Монгол Улс БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын холбооны албатай тохиролцсон протоколуудын дагуу мах экспортлох эрх авсан аж ахуйн нэгжүүд...” гэсэн албан бичиг, хавсралтын хамт (5 дахь хавтаст хэргийн 68-70 дугаар тал),

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1284 тоот “...Сайле фүүд монголиа” ХХК нь БНХАУ-руу 2019 оны 12 сард дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах 300 тн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 75 тн, 2020 онд дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах 2120 тн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 540 тн экспортлох зөвшөөрөл тус тус авсан байна...” гэсэн албан бичиг (5 дахь хавтаст хэргийн 72 дугаар тал),

-Гаалийн ерөнхий газрын 03-2/3047 тоот албан бичиг, хавсралт (5 дахь хавтаст  хэргийн 141-144 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар,

5. Иргэн Х.Дд 66,820,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Хохирогч Х.Дгийн “...Би 2020 оны 11 сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Уул хад аргантай гэх газарт оторлож явахдаа ээжийн ахын хүүхэд болох Энхбаттай утсаар холбогдоод хонь ямаа үхэр зарах гэсэн юм гэж хэлсэн. Энхбаттай ярьснаас хойш 15 орчим хоногийн дараа над руу залгаад “Миний танил Дундговь аймгийн төвд барилга барих гэж байгаа компанийн хүн мал авна гэж байна, бэлэн мөнгөтэй хүн. Хонь нас харгалзахгүй 90,000 төгрөг, ямаа нас харгалзахгүй 110,000 төгрөгөөр авна гэж байна” гэж хэлэхээр нь би “малаа заръя” гэж хэлэхэд Улаанбаатар хотоос Д гэх хүн нь 4 том машин /шалаанз/ явуулаад манайхыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байхад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирээд хонь нь төлөг, эм хонь, эр хонь холигдоод нийт 498 тооны хонийг 1 ширхгийг нь 90,000 төгрөгөөр, ямаа нь шүдлэн эм ямаа, эр ямаа холигдоод нийт 200 тооны ямааг 1 ширхгийг нь 110,000 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үед Энхбат манай гэрт байж байгаад Д гэх хүнтэй ярьж мөнгийг нь яах талаар асуухад маргааш мөнгийг нь өгнө гэж хэллээ гэсэн. Би Энхбатад “наад хүн чинь мөнгөө өгөх юм байгаа биз дээ, найдвартай биз дээ” гэхэд Д найдвартай гэж хэлээд би малаа өгөөд явуулсан. Тэрнээс хойш Д гэх хүнтэй холбогдоогүй. Тэгээд 2021 оны хавар 4 билүү 5 сард 10 сая төгрөгийг Д гэх хүн нь надад өгсөн” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 146 дугаар тал),

-Гэрч С.Энхбатын ... 2020 оны 11 сарын сүүлээр манай үеэл Доржсүрэн “мал зарна, мал авах хүн байна уу” гэхээр нь би барилгын ажлаар танилцсан Дгээс “мал авах уу” гэсэн чинь Д “авъя” гэж хэлээд 498 тооны хонь, 200 тооны ямаа өгсөн. Д болохоор тэр үед мал хилээр гаргах зөвшөөрөлтэй, Хятад улс руу гаргадаг гэж хэлж байсан. Өмнө нь Улаанбаатар хотод Д гэх хүний ажилладаг “Даадаа групп” гэх ажлын байран дээр очсон чинь надад Д өөрийнхөө ширээн дээр байсан тайлангаа харуулж байсан. Тэр тайлан дээр нэлээд хэдэн тэрбум төгрөг бичигдсэн тайлан байсан. Тэгээд мах хилээр гаргадаг юм байна гэж бодсон. 698 тооны бог малыг Д гэх хүний явуулсан 3-4 том шалаанз машинд ачуулаад явуулсан. Би мөнгийг нь Д гэх хүнээс хэзээ өгөх талаар асуухад Д 7 хоногийн дараа мах хилээр гаргачихаар нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд 7 хоног өнгөрөөд холбогдсон чинь мөнгө орж ирээгүй байна, удахгүй гэж хэлээд тэгээд 7 хоногт 1 удаа залгахаар удахгүй гэж хэлдэг байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй 1 жил болж байна. Д гэх хүнтэй ярих болгонд манай компани Хятад улсаас авлага зөндөө байгаа, мөнгө ирэхгүй байна, орж ирэхээр нь өгнө гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 148 дугаар тал),

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/645, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/1046 тоот албан бичгүүд (6 дахь хавтаст хэргийн 167-168 дугаар тал),

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 203 дугаар тал) зэрэг нотлох баримтууд,

6. Иргэн Э.Долгорбаярт 19.500.000 төгрөгийн хохирол урчуулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Хохирогч Э.Долгорбаярын “...2021 оны 8 дугаар сарын эхээр өмнө нь Солонгост амьдарч байхад танилцаж байсан найз Шинэ-Од над руу залгаад “манай нэг найз байна, “Таван толгой түлш” ХХК-ийн хүнс нийлүүлэх тендерийн хороонд нөлөөтэй гэнэ, ажил авах уу, чи нэг уулзаад үзээч” гэж хэлээд цаг өдрөө тохироод энэ цаг хугацааны хавьцаа 25-р эмийн сангаар дээш өгсөөд “Хан хотел” гэх газрын хажуугийн оффисийн 4 давхарт анх очиход Шинэ-Од, Д нар сууцгааж байсан... Дтэй анх танилцаж байхад би өөрөө хүнс нийлүүлэх тендерийн хороонд байгаа, уг тендерийн ахлахаар нь танил эгч болох цагаан толгойт эгч хэн гэлээ Мөнхөө гэж билүү хүний нэр хэлээд утсыг нь өгөхгүй байсан. Танай компанийн материал шаардлага хангаж байвал материалаа аваад ир, нийтдээ 347 сая төгрөгийн тендер байгаа үүнийг авъя гэж хэлсэн. ...Д над руу утсаар яриад “тендерийн хорооныхонтой яриад тохирчихлоо, эхний ээлжинд 6,500,000 яаралтай өдөр аваад ир, цайны цагаар аваад ир” гэсэн. Би тэр үед нь Дд 10 сая төгрөгөөс илүү өгч чадахгүй гэдгээ хэлсэн... Ингээд би мөнгө төгрөг хайж хэсэг явж байгаад хэд хоногийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны хавьцаа би найз Үүрцайхын хамт очоод бэлнээр 9,000,000 төгрөгийг Дд өгсөн. Би өөртөө бэлнээр байсан 5,000,000 төгрөгийг өгч Үүрцайхаас 4 сая төгрөгийг авч нийлүүлээд 9 сая төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байх оффис дээр нь өгсөн. Д мөнгө авснаа та 2 одоо материалаа хурдан бэлд, би нөгөө ярьсан хүмүүстэйгээ уулзаж мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Энэ өдрийн маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Д над руу яриад “үлдэгдэл 1 сая төгрөгөө өг, яаралтай хийчих эсвэл данс руу хийчих” гэж ярьсан. Мөн Шинэ-Од би наадах 1 сая төгрөгийг чинь авна гэж над руу яриад байхаар нь Дгийн яриад байсан Баднаанямбуу гэх хүний Хаан банкны данс руу 1 сая төгрөгийг би хаана явж байснаа санахгүй байна, интернет банкаараа шилжүүлсэн. Би Шинэ-Одыг яагаад тэгж яриад байгааг нь ойлгоогүй... Ингээд 10 сая төгрөг өгчихөөд байж байхад нилээн хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын эхээр юм болов уу, Д над руу дахиж утсаар яриад 2,000,000 төгрөг хэрэгтэй байна, тендерийн ажлыг хийхэд чинь мөнгө хэрэг болчихоод байна гэхээр нь би 11 дүгээр хорооллын хойшоогоо 100 айл явах зам дагуу байх Хаан банкны гадаа өөрийнхөө 06-39 УНЭ улсын дугаартай SAI маркийн автомашин дотор Дд 2,000,000 төгрөгийг хүлээлгэж өгөхөд манай 2 дүү болох Жавзандулам, Гомбобаатар нар хамт явж байсан... Д хүмүүс мөнгө нэхээд байна дахиж  мөнгөний хэрэгцээ гарчихлаа 1 сая төгрөг өгчих гээд байхаар нь би Наран молл дотор байдаг АТМ-ээс 1 сая төгрөг бэлнээр гаргуулж аваад Дд бэлнээр өгсөн. Энэ үед найз Ундрахбаяр хамт явж байсан юм. Салаад явж байхад 1 цагийн дараа Д “уулзая” гээд дуудаад байхаар нь Засгийн газрын ордны хойд талд байх арктай байрны дунд очиход “би бенз машинаа засуулж байна, ахиад мөнгө хэрэгтэй байна, би нөгөө хүмүүстэй чинь хоол унд иднэ, 1,500,000 төгрөг өг” гэхэд нь би 1,500,000 төгрөгийг машиндаа сууж байхдаа өөрийнхөө Голомт банкны 3455114866 дугаартай данснаас Баднаанямбуу гэх хүний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ үед би ганцаараа өөрийнхөө машинтай явж байсан. Энэ өдрөөс хойш нөгөө тендер нь зарлагдахгүй удаад байсан тул хүүтэй мөнгө хүнээс авсан мөнгөө чамаас авмаар байна, Дашцэрээн одоо больё” гэхэд “ямар ч боломжгүй ээ, тэр хүмүүс уурлаад мөнгө өгөхгүй байна, дуугүй наадахдаа ороод наад ажлаа авахаа бод” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сар хавьд тендерийн материал шалгаруулах хугацаа дуусаад би өөрийнхөө тооцоог гаргуулахад 100 гаруй сая төгрөгийн алдагдалтай болж таараад ирэхээр нь Дтэй би утсаар яриад “тэнэг л хүн энэ тендерийг авна, өрөнд орсон алдагдалтай зүйл хийхгүй, банкинд байршуулах баталгааны мөнгө ч алга” хэлэхэд дуугүй зүгээр өгчихөө гэж хэлэхээр нь би байршуулсан мөнгө ч үгүйгээр материалаа сонгон шалгаруултад явуулчихаад байж байсан. Д надад хандаж угаасаа энэ тендерт шалгарах компани байхгүй байна гэж байна, тэгэхээр хэсэг хүлээе, гэрээ байгуулж магадгүй гэсээр хугацаа авсаар байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын сүүлчээр байсан шиг санаж байна, би Д болон Үүрцайх нартай 45-р сургуулийн ажлынхаа гадаа уулзахад “одоо чи үлдсэн мөнгөө өгөхгүй бол хүмүүст худлаа ярьсан болчихоод байна, чамайг ахин ажил хийлгэх боломжгүй болгосон ч би чадна шүү, ахиж тендер авч чадахааргүй болгоно шүү, мөнгө төгрөгөө өгөхгүй бол гээд байхаар нь Үүрцайх миний Хаан банкны 5075366564 данс руу 4 сая төгрөг шилжүүлээд, би Дгийн данс руу чинь хийчихье гэхэд “үгүй ээ, би бэлнээр авна” гээд 45-р сургуулийн зүүн талд байрлах Хаан банкны 1 давхарт байрлах АТМ-ээс 4 сая төгрөгийг бэлнээр аваад буцаж гарч ирээд Хаан банкны баруун талын зогсоол дээр Дгийн бенз машинд хүлээлгэж өгсөн. Үүрцайх сургуулийн хашаанд машиндаа байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр байсан шиг санаж байна Хүүхдийн 100-гийн кофе бене дотор 1,000,000 төгрөгийг Дгийн Баднаанямбуу гэх данс руу шилжүүлж өгсөн. Энэ өдрөөс хойш тендерийн ажил ч худлаа болоод би Дгээс мөнгөө нэхэхээр гадаад дотоодын өвгөчүүлийн дэвсгэр янхан, чи муу луйварчин, энэ тэнд өр ширтэй, солиотой мэдрэл муутай авгай, би чамаас энэ мөнгөнүүдийг аваагүй гэж харааж зүхдэг, мөн хүн амьтан явуулаад янз бүр болгоно шүү гээд байхаар нь би айгаад сүүлдээ мессэжээ уншихаа байсан... Би 19,500,000 төгрөгийг Дд өгсөн. Надад байгаа нь 10,500,000 төгрөгийнх нь баримт байна. Би дээрх Дд өгсөн мөнгөнүүдээ хүмүүсээс өндөр хүүтэй зээлсэн учраас уг хүүний мөнгийг нэхэмжилж 30 сая төгрөг нэхсэн өргөдөл гаргасан. Учир нь би хүмүүсийнхээ хүүг мөнгөтэй нь өгөх гэж орлогын мөнгийг өгөөд дуусгасан учраас ингэж мэдүүлэг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 135-138 дугаар тал),

-Гэрч М.Ганбаатарын “...Энэ тендерийн үнэлгээний хороонд Даш Мөнхөө гэх хүмүүс ажиллаагүй, манай байгууллагад Д, Мөнхөө гэх хүмүүс ажилладаггүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 239 дүгээр тал),

-Гэрч Э.Лхамсүрэнгийн “...Миний хувьд дээрх тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Д, Мөнхөө гэх хүмүүс ажиллаагүй...” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 244-245 дугаар тал),

-Гэрч Ш.Нарангэрэлийн “...8 дугаар сарын 31-ны өдөр Долгорбаяр дахиад над руу утсаар яриад надад дахиад 7 сая төгрөгийн хэрэг болчихлоо “Таван толгой түлш” ХХК-иас тендер авах гэж байгаа юм гэхэд нь би 7 сая төгрөгийг Хаан банкных нь дансаар шилжүүлж өгсөн. 7 хоногийн хугацаа өнгөрөөд би Долгорбаяраас 15 сая төгрөгөө авах гэтэл нөгөө ажил бүтээж өгнө гэсэн хүмүүс маань намайг хойшлуулаад байнаа, жоохон удах юм шиг байнаа, таны мөнгийг би сургуулийнхаа үдийн цайны мөнгөнөөс буцааж өгье гэхэд нь бид хоёр маргалдсан... Надад ярихдаа хүнд тендерийн урьдчилгаанд өгөөд алдчихлаа гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 147-148 дугаар тал),

-Гэрч Д.Жавзандуламын “...2021 оны 8 дугаар сараас манай төрсөн эгч Долгорбаяр нь “Таван толгой түлш” ХХК-иас хүнсний тендер нийлүүлэх ажил авч өгнө гэсэн гэх Д гэх хүнтэй утсаар яриад холбогдоод яваад байдаг байсан. Энэ Д гэх хүнийг би 2021 оны 9 дүгээр сард Сансарын home plaza-н зогсоол дээр манай эгчийн машинд орж ирж суугаад буухад нь анх харж байсан. Би юу ярьж байсан талаар нь сайн санахгүй байна. Дараа нь өдрийг нь сайн санахгүй байна эгч Долгорбаяр 11 хороололд хүнд мөнгө өгөх хэрэгтэй байгаа гээд яриад байсан ба эгчтэй хамт би машинд явж байхад 11-р хорооллын Хаан банкны харалдаа Д гэх хүн машинд орж ирж суугаад эгчээс мөнгө авч байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь сайн санахгүй байна. Д мөнгөө авчихаад “за найз нь яръя” гээд буусан. ...сар өдрийг нь сайн санахгүй байна ... Хүүхдийн 100-гийн Наран молл дэлгүүрийн кофе шоп руу эгч орсон. Би гадаа нь машинд сууж байсан. Дтэй уулзнаа мөнгө өгөх ёстой гэж хэлээд буусан. Эгчийг би Дд хэдэн төгрөг өгснийг, өгөлцөж авч байсныг нь хараагүй. Эгч машинаас гарч ирээд бид хоёр үргэлжлүүлээд ажлаа хийгээд явсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал),

-Гэрч Г.Үүрцайхын “...2021 оны 8 дугаар сарын 10-ны хавьцаа байсан шиг санаж байна. Нэг өдөр Долгорбаяр намайг дуудаад “Модны 2”-т байрлах Дгийн оффис дээр очно гээд хамт очсон. Тэгэхэд Д нь “Таван толгой түлш” ХХК-д ажил авч өгнө, материал бүрдүүлж өгнө гэж ярьж байсан. Би өөрөө ажлын гутал үйлдвэрлэдэг бөгөөд тухайн үед “Таван толгой түлш” ХХК-д гутал нийлүүлэхээр ажил хийж байсан юм... Долгорбаярын ярьж байгаа асуудал бол үнэн. Долгорбаяр нь тендерт шалгарахын тулд надаас мөнгө зээлж авсан. Энэ өдөр 4,000,000 төгрөгийг надаас зээлсэн. Дараа нь буюу 2021 оны 9 дүгээр сарын сүүл хавьцаа Долгорбаяр нь надаас 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Нийт би Дтэй холбоотой асуудал дээр Долгобаярт 8,000,000 төгрөгийг зээлсэн. ...Дгээс тендер гаргуулах гэж байгаа гэдэг асуудалд нь би 8 сая төгрөг л зээлсэн. ...Долгорбаяр нь Дд нийт хичнээн төгрөг өгснийг би мэдэхгүй. Би хүний дансны асуудлыг мэдэхгүй. Би “Хан хотел” гэх оффис дээр нь Долгорбаяртай хамт 2 удаа очиж байсан. Манай 11-р хороололд байдаг оффисын орчимд Долгорбаяр, Д нар уулзаж байна гэж байсан...” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 169-170 дугаар тал),

-Хохирогч Э.Долгорбаяраас гаргаж өгсөн Голомт банкны дансны хуулга (7 дахь хавтаст хэргийн 153-155 дугаар тал),

-“Таван толгой түлш” ХХК-иас 2021 онд зарлагдсан “Хоол хүнсний бусад бараа материал худалдан авах”-аар зарлагдсан ТТТХХК/202102005 дугаартай цахим тендерийн материал (6 дахь хавтаст хэргийн 246-250, 7 дахь хавтаст хэргийн 01-96 дугаар тал),

7. Иргэн Ё.Бт 19,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтуудаас:

-Хохирогч Ё.Бын гэрчээр өгсөн “...Би өөрөө Багануур зүүн өмнөд бүс цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ын Говьсүмбэр аймаг дахь салбарт нь 2003 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна... 99995472 дугаарын утсаар Д гэх хүн байна, их олон жил ажилласан байна, танай салбарын дарга чинь шилжээд явсан орны хүн томилогдоогүй юм байна, чи их олон жил ажилласан учраас мэргэжил, туршлага, болж байна чамайг энэ албан тушаалд тавихад болж байна тиймээс чи анкетаа өгөөрэй, чамайг МАН-ын шугамаар анкетыг чинь ирэхээр нь албан бичиг төв компанид чинь явуулж энэ оны 12 дугаар сард шийдэж өгч болно гэсэн... Тэгснээ томилогдохоос өмнө намд хандив өгөх нь тодорхой байгаа, 20,000,000 төгрөг бэлд гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарынхаа 06-наас хойш Д миний гар утас руу хэд  хэдэн удаа яриад “чамайг ерөнхийдөө судалж үзлээ. Амарбаясгалан даргын гарын үсэгтэй албан бичиг гарахад бэлэн болсон. Өнөөдөр хандиваа яаралтай өгвөл энэ долоо хоногт асуудал нь шийдэгдэнэ, тамга, гарын үсэг зураад явахад бэлэн болсон” гэсэн. Би ингээд Дтэй ярьж явсаар байгаад 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ах Пүрэвдаваа руу яриад “би нэг хүнтэй яриад бизнес хийх гэж байгаа юм. 20 сая төгрөг зээлээч гээд ...шууд Дгийн хэлсэн Баднаанямбуу гэх хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн... “Амарбаясгалан даргатай хамт байна ш дээ, замын дундаас буцах байсан бол яах гэж яриулсан юм бэ, чиний өмнөөс баахан хүнтэй уулзсан, одоо яах юм энэ асуудлаа нэг мөсөн дуусга одоо томилогдох албан тушаалд чинь дахиж нэмж мөнгө өгөх хэрэгтэй нийтдээ 100 гаруй сая төгрөг болох байх шүү” гэхээр нь би “ерөөсөө бүтэхгүй байна больё буцаагаад өгсөн 20 сая төгрөгөө авъя” гэхэд Д намын сан хөмрөгийн дансанд мөнгө орсон байгаа учраас мөнгө гаргах боломж байхгүй тийм тоглоомтой юм юу байх вэ” гэсэн. Мөн Д нь асуудал чинь шийдэгдсэн байхад одоо хандивыг нь хийхгүй бол наад албан тушаал дээр чинь ажилтай байх үгүйг би шийднэ шүү гэсэн... Ингээд би нийтдээ 72,200,000 төгрөгийг Дгийн явуулсан дээрх данснуудад шилжүүлж хийсэн...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 36-38 дугаар тал),

-Гэрч Ё.Пүрэвдаваагийн “...Би өөрийн дүү Болдбаатарын хэлсэн данснууд руу тухайн үед дандаа интернэт банк ашиглаж мөнгөө шилжүүлдэг байсан... 68,500,000 төгрөг авахдаа ажил хийж байгаа, мөнгө дутаад байна гээд байхаар нь би түүнийг бизнес эрхэлж байгаа юм байна гэж бодоод мөнгө өгөөд байсан юм. Тэгтэл манай дүү цаанаа өөр хүнд залилуулж байсан байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-Гэрч Л.Алтангэрэлийн “...Б.Д надаас 5,000,000 төгрөг 2020 оны 11 дүгээр сард зээлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ Б.Дгийн “Даадаа” гэдэг компанийх нь эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансанд /дансыг нь мэдэхгүй байна/ “Алтангэрэлээс зээлэв” гэсэн утгатайгаар нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан. Дараа нь мөнгө буцааж төлөхгүй байж байгаад 2021 он гараад 3,500,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 1,500,000 төгрөгийг нь Б.Д нь 5990159953 дугаарын данснаас миний эзэмшлийн 172400053007 дугаартай дансанд шилжүүлж байсан... Би дээрх дансны эзэмшигчийг огт танихгүй...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

-Гэрч О.Баднаанямбуугийн “... Манай нөхөр Б.Д нь Даадаа группийн ерөнхий захирал ажилтай. Даадаа групп нь барилга угсралт, махан бүтээгдэхүүн гадаадад гаргах болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Би Хаан банкны 5516013791 гэсэн данс ашигладаг бөгөөд манай нөхөр заримдаа ажилдаа миний дансаар мөнгө оруулж гаргаж байдаг. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 сая, 10 саяар нийт 20,000,000 төгрөг орсон бас 2021 оны 01 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг орсон. Энэ юуны мөнгө орсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр миний дансаар мөнгө оруулаад гаргаж байдаг учраас нээх тоогоогүй. Би ч юун мөнгө болох талаар нь асуугаагүй. Би ер нь нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй юм. Манай нөхөр миний дансны интернэт банкны нэр нууц дугаарыг мэддэг учир өөрөө буцаагаад хэрэглэх юмандаа хэрэглэсэн байх, би юунд зарцуулсан талаар нь мэдэхгүй байна... Манай нөхөр Ё.Б гэх хүнээс мөнгө авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 60 дугаар тал),

-Гэрч Ц.Дүгэрсүрэнгийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Дгийн хувийн компани болох “Даадаа групп” ХХК-нд харуул хамгаалалтын ажилтнаар орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Дгийн компанид бүртгэлтэй ажиллаж байна... 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний өөрийн ашигладаг Хаан банкны 5108206175 дугаартай дансанд 5990159953 дугаартай данснаас 200,000 төгрөгийг 16:18 цагт “boldoos” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна... Би өөрөө таамаглахдаа надад хэн нэгэн хүн юм захиад би үнийг нь авах гэтэл мөнгө нь дутсан болохоор өөрөөсөө 10,000 төгрөг нэмээд байж магадгүй л гэж бодож байна. Түүнээс биш энэ мөнгөний талаар ерөөсөө санахгүй байна, надад хүмүүс мөнгө өгч ийш тийшээ архи дарс захидаг байсан болохоор нь би түүнийг нь авч ирж өгдөг байсан...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 62-64 дүгээр тал),

-Гэрч Б.Ганбаатарын “...Д нь машиндаа 2021 оны 3 сарын үед гэж санаж байна, манай авто сэлбэгийн газраас өөрийн машиндаа амортизатор, моторын лаб, кропны лаб зэрэг багцаагаар 3,000,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг зээлээр авсан юм. Тэгээд тухайн зээлж авсан сэлбэгийнхээ мөнгийг бага багаар буюу 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр төлж байгаад 2021 оны 5 сарын үед надад 200,000 төгрөгийн төлбөртэй үлдсэн. Тухайн үед Д мөнгөө өгөхгүй маш их удаад, мөн миний утсыг авахгүй байхаар нь би гэрийнх нь гадаа буюу 11 дүгээр хорооллын гадаа хүлээж байгаад Дтэй уулзаад бага зэрэг маргалдаад мөнгөө нэхтэл өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 5 сарын 26-ны өдөр миний Хаан банкны 5028207645 дугаарын данс руу 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 5990184185, 5750312601 дугаарын данснуудаас нийт 1,000,000 төгрөгийн орлого орсон. Гэтэл Д над руу залгаад за нөгөө мөнгөний чинь 1,000,000 төгрөгийг би сая хүнээр хийлгэчихлээ шүү одоо бага мөнгө үлдсэн юм чинь битгий байнга залгаад байгаарай гэж хэлж байсан. Тухайн үед би тус 1,000,000 төгрөгийн гүйлгээний утгыг би анзаараагүй. Тэгээд сая гүйлгээний утгыг хартал 5990184185 дугаарын данснаас орсон 500,000 төгрөг нь Ё.Б “хандив” гэсэн утгатай орсон байна...” гэх мэдүүлэг (9 дэх хавтаст хэргийн 123 дугаар тал),

-Банкны харилцах дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл (9 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.Дгийн хувьд хохирогч О.Б, Ч.Ц, БНХАУлсын иргэн Бао Дэ нартай гэрээ байгуулж, хамтран ажиллана гэх нэрийн дор, хохирогч Х.Г, Э.Долгорбаяр, Х.Д, Е.Болдбаатар нартай ямар нэг гэрээгүйгээр үгээр болон үйлдлээр төөрөгдүүлэн, хуурч, өөрийгөө амжилттай яваа бизнесмен, удахгүй яам тамгын газарт эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдох гэж байгаа мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, гадаад улс руу мах, махан бүтээгдэхүүн эскпортлох эрхгүй, зөвшөөрөлгүй атлаа зөвшөөрөлтэй мэтээр, мөн аливаа тендерийн хороонд хамаардаггүй байж тендерийн хорооны гишүүн мэтээр, бусдыг албан тушаал ахиулах нэрээр зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатаас: “...Бтай гэрээ байгуулж тэр өдрөө 180,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн 180,000,000 төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлээгүй нь дансны хуулгаар харагддаг. 90,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, 12,000,000 төгрөгөөр захиран зарцуулаад явсан. Тэр дотор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн зүйл байдаггүй. 6 дугаар сарын 18-ны өдөр 119,000,000 төгрөгийг Улаанбаатар менежментийн арматур төмөр гэх утгаар Биас шилжүүлж аваад 6 дугаар сарын 19-ний өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү шилжүүлсэн байдаг. 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 107,514,770 төгрөгийн 65 тн арматурыг нийлүүлсэн. Нөатын татвар нь тухайн үнийн дүнгээс 10,715,000 төгрөг. Нийтдээ 118,329,120 төгрөг нь арматур төмөртэй холбоотой Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гүйлгээ хийсэн баримт байгаа. 286,000,000 төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр лүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ мөнгө шилжсэн баримт байхгүй. Мөнгө шилжүүлсэн тохиолдолд арматур төмөр нийлүүлнэ гэж гэрээн дээр бичигдсэн байгаа. Энэ байдал нь тухайн гэрээний бодит байдлыг нуун дарагдуулж байна. Тэгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүтэхээргүй болсон. Улаанбаатар менежментээс арматур нийлүүлнэ гэж П холбогдсон. Пын өгсөн данс нь Даадаа группийн данс өгсөн. 111,200,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэх тооцооны баримт байгаа. Ийм байдлаар Бийн хохирлын хэмжээ 330,727,600 төгрөгийг хэд хэдэн гүйлгээгээр шилжүүлэн авсан. Үүнийг дотор нь задлахын бол 180,000,000 төгрөг, 119,388,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 439,600 төгрөг, 900,000 төгрөгөөр өгсөн. Үүнээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн НӨАТ-ыг тооцсон байгаа 118,329,120 төгрөг. 2-р хавтаст хэргийн 177 хуудаст авагдсан баримт байгаа. Үүний зөрүүг тооцохын бол 222,398,480 төгрөг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгсөн гэдэг нь нотлох баримтаар худал болох нь харагдаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт захисан байгаа үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол гаргахгүй байна гэх мэтээр  үлдэгдэл мөнгө авч байсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Улаанбаатар менежментийн нэрийг барьж мөнгө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан шууд хохиролоос гадна хор уршиг хохирогчид учирсан. Эдгээр нэхэмжлэлийн асуудлыг шүүхээр шийвдэрлүүлэх хүсэлттэй байгаа. Эдгээр хор уршгийн зардлууд баримтаар бүгд авагдсан байгаа. Дутуу баригдсан барилга нь үргэлжлээд явах боломж байхгүй. Татварт сүүлийн 3 жилийн хугацаанд 63,000,000 төгрөг төлж байгаа. Шүүгдэгч Б.Д нь арматур төмөр авсан тэр мөнгийг нь өгнө бусад төлбөрийг өгөхгүй гэдэг. Гэтэл энэний цаана хүнийг ямар хэмжээнд хохироож бодит хохирлоос гадна хор уршиг гэх зүйл үүссэн. Шүүгдэгч Б.Д нь миний дансыг чөлөөлж өгөөч хүмүүсийн хохирлыг төлөх гэж байна гэсэн. Шүүхээс дансыг нь чөлөөлсөн. Нэг төгрөг ч хохирол төлбөр төлөөгүй. Нийтдээ 461,000,000 төгрөг хор уршиг учирч байна. Мөн 815,134 төгрөгийн зардал нь Улаанбаатар хотод шүүх хуралдаанд ирээд хойшлогдоод буцаад явсан өмгөөлөгчийн болон хохирогчийн зардал байгаа. Шүүхээс миний үйчлүүлэгч Бд  учирсан хор уршгийн зардлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэж гэм буруугийн талаар дүгнэлтээ танилцуулсан үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “хохирогч О.Б, Ч.Ц, БНХАУлсын иргэдтэй бодит байдлаар гэрээ байгуулсан, давагдашгүй хүчин зүйлийн улмаас уг гэрэний үүрэг биелэгдээгүй, гэрээний эрх зүйн маргаан, П гэгчийг энэ хэрэгт ямар нэг оролцоо байна гэж харж байгаа. Тиймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж Пыг татан оролцуулах хүсэлттэй байна. Хохирогч Х.Гы хувьд хохиролтой холбоотой мэдүүлгээ хэд хэдэн янзаар өгч байгааг шүүх анхааран үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар хохирлыг гаргуулж өгнө үү. Гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул хохирогч О.Бь, Бао Дэ, Ч.Ц нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх утга агуулгатай тайлбар гаргаж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцсэн боловч хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна.

Прокуророос шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж залилах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл зөв, тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт дараах хохирол, хор уршгийг учруулсан байна гэж үзлээ. 

-Хохирогч Р.Б шүүгдэгч Б.Дд нийт 329,827,600 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 118,329,120 /НӨАТ нэмэгдсэн дүн/ төгрөгийн арматур төмрөө авсан, 1,500,000 төгрөг Б.Дгээс буцаан төлжээ. Ингээд үлдэгдэл 209,998,480 төгрөг дээр шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгчтэйгөө ирж, буцсан зардалд баримтаар 976,330 төгрөгийг зарцуулсан байх тул уг зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэж үлдэгдэл төлбөр дээр нэмж нийт 210,974,810 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг шүүгдэгчээс гаргуулахаар,

-Хохирогч Х.Г шүүгдэгчид нийт 10,310,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч буцаан авсан мөнгөн дүнг хэд хэдэн янзаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж 3,110,000 төгрөгийн хохирол, хор уршгийн үлдэгдэлтэй байгаа гэж үзэж уг мөнгийг гаргуулахаар,

-Хохирогч Ч.Ц шүүгдэгчид нийт 96,250,000 төгрөг шилжүүлснээс 30,000,000 төгрөгийг буцаан авсан байх тул үлдэх 66,250,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар,

-Хохирогч “Натурал грийн фүүдс” ХХК-иас шүүгдэгчид нийт 57,650,000 төгрөг шилжүүлсэнээс хохирогч өнөөдрийг болтол 1 ч төгрөгийн хохирол аваагүй байх тул 57,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар,

-Хохирогч Х.Д шүүгдэгчид 66,820,000 төгрөгийн үнэ бүхий хонь, ямааг /амьдаар нь/ өгч, үүнээс 10,000,000 төгрөгийг хохирол буцаан авсан байх тул үлдэгдэл 56,820,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар,

-Хохирогч Э.Долгорбаяр шүүгдэгчид нийт 19,500,000 төгрөгийг бэлэн болон бусаар шилжүүлэх хэлбэрээр мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ хохирлоос 1 ч төгрөг буцаан аваагүй байх тул 19,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар,

-Хохирогч Ё.Б шүүгдэгчид нийт 72,200,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг хохирлоос 1 ч төгрөг буцаан өгөөгүй байх тул 72,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “Бидний хувьд хохирлоо бүрэн төлүүлэх зорилготой байгаа. Шүүгдэгчийг хохирлоо төлөх байх гэж нэлээдгүй хугацаанд харсан. Гэвч хохирол төлбөр төлөх идэвхтэй үйлдэл хийгээгүй байгаа. Миний хувьд хохирлоо төлөх хэмжээний тодорхой бизнестэй хүн гэж шүүгдэгчиийг харж байна. Шүүх эрүүгийн хариуцлагыг хуульд заасны дагуу оногдуулахад татгалзах зүйлгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Нэгэнт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учир шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, одоо эдийн засаг сэргэж бизнес үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөд явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэж,

Хохирогч О.Б “Одоог болтол төлөгдөөгүй байгаа хохирлыг удахгүй төлчихнө гэхэд итгэх зүйл алга. Миний хувьд торгох ял өгөөд л толгойг нь илээд явуулмааргүй байна” гэж,

Хохирогч Х.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б нараас “Хэлэх санал хүсэлт байхгүй” гэж тус тус тайлбар гаргасан болно.

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрт ашигтай байдал бий болгох гэм буруугийн санаатай хэлбэрээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Дгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хураан, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хуулийн тэгшитгэлд хамрагдан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 435 дугаартай захирамжаар суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс нийт 486,504,810 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Бд 210,974,810 төгрөгийг, хохирогч Х.Гд 3,110,000 төгрөгийг, хохирогч Ч.Цад 66,250,000 төгрөгийг, хохирогч “Натурал грийн фүүдс” ХХК-д 57,650,000 төгрөгийг, хохирогч Х.Дд 56,820,000 төгрөгийг, Э.Долгорбаярт 19,500,000 төгрөгийг, хохирогч Ё.Бт 72,200,000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хохирогч О.Б гэмт хэргийн улмаас учирсан хор уршийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор,  эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН